Categories
мэдээ цаг-үе

Алдагдсан боломжийг эргүүлэх алхам

Монголчуудад гараа сунгадаг улс орнуудын тэргүүн эгнээнд явдаг Япон улс байтугай бусад улсын хөрөнгө оруулагчдыг итгэлийг монголчууд бид алдаж, нүүр буруулахад хүргэснийг хэн хүнгүй мэднэ. Чин сэтгэлийг эхэнд тавьж, нарийн судалгаанд цаг зарж, итгэж болох юм гэж үзсэний дараа л япон хүн шийдвэрээ гаргаж, гараа сунгадаг. Энэ бүхнийг манай төрийн бодлого, хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал, хувь хүмүүсийн увайгүй үйлдэл үргээхэд хүргэжээ. Японы хувьд төр засаг нь тогтвортой биш л дээ. Парламент нь ч, засаг нь ч бүрэн эрхийнхээ хугацааг дуусгахгүй, тарж л байдаг. 72 жилийн хугацаанд ганцхан удаа л парламент нь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан байдаг. Японд парламент тарах, шинээр бүрдэх бол нэг их шинэ сонин зүйл биш. Өндөр ёс зүйтэй улс орон учраас алдаа гаргалаа гэж үзвэл өршөөл гуйн бөхийж, өөрсдөө огцорчихдог. Гэхдээ энэ улсын парламент нь ч, засаг нь ч солигдлоо ч төрийн бодлого тогтвортой үргэлжилсээр байдаг. Япончуудын амьдралд дарга солигдох, парламент нь цаг бусаар унах нөлөөлөхгүй. Дараа нь гарч ирсэн хэнбугай ч улсынхаа бодлогыг үргэлжлүүлж ажиллаад л явна. Тиймээс бидний хариуцлагагүй, худалч, ёс зүйгүй, хэлснээсээ буцдаг нь Засгийн газар, парламент нь солигдох бүртээ сайд, дарга нар нь дур дураараа яриад эхэлдэг нь тэдний хэм хэмжүүрээр ойлгоход бэрх л дээ.

Алдсан итгэлийг олж авах хэцүү. Манай улсын үе үеийн Ерөнхий сайд нар алба ажлаа авмагц хамгийн түрүүнд Японд бадар барин очдог. Гэлээ гээд хөрөнгө оруулагчдад таатай байх нөхцөл үүссэнгүй. Улсынхаа эдийн засагт хамгийн чухал нөлөөтэй уул уурхайгаа л дээдэс, доодосгүй дарамтална, зүхнэ. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид энэ бүхэнд хэлэх үгээ бардаг. Хөрөнгө оруулагчдыг үргээдэг хачин үйлдлийн эсрэг тууштай үгээ хэлж, бодлого ярьдаг хүн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар. Тиймдээ ч энэ сарын 18-23-ны хооронд Япон улсад ажлын айлчлал хийхдээ хоёр улсын парламентын бүлгийн даргын хүрээний уулзалтаас гадна “Уул уурхайн хөрөнгө оруулалтын форум” зохион байгуулсан нь цагаа олсон, айлчлалаа илүү үр дүнтэй болгохыг зорьсон хэрэг байлаа. Энэ нь хөрөнгө оруулагчдыг алдсан монголчуудын алдагдсан боломжийг эргүүлэх эхний алхам болсон гэж үзэж болох юм.

Форумыг Мэжи Кинэнкан ордонд зохион байгуулсан нь ч ач холбогдол өгснийх. Мэжи Кинэкан ордон нь Мэжигийн хааны үед баригдсан бөгөөд 1947 оноос хуримын ордны үүрэг гүйцэтгэж байжээ. Форум болсон өдөр ч олон хос хуримаа хийж байсан юм. Харин одоо бол уламжлалт хуримын арга хэмжээнээс гадна дотны томоохон зочдыг хүлээж авах, ач холбогдол өгсөн өндөр хэмжээний арга хэмжээг зохион байгуулдаг болжээ. Японы түүхэнд Мэжигийн үе гэж гардаг. Тэгвэл тэр Мэжи хаан энэ ордонд 1888 онд Үндсэн хуулийн төсөл хэлэлцэхэд өөрөө оролцож байжээ.

Энэхүү Мэжи Кинэнкан ордонд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монгол, Японы парламентын бүлэг, Япон улсын Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам Японы газрын тос, байгалийн хий, металлын үндэсний корпораци JOGMEC хамтран зохион байгуулсан форум боллоо. Гурван зуу гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, Монголд хөрөнгө оруулах талаар энэ өдөр ярилцав. Өнгөрсөн хугацааны алдаа, оноо, одоо байгаа нөхцөл байдал, ирээдүйд хэрхэн хамтрах талаараа ярилцлаа, илтгэлдээ ч дурдаж байна. Япончууд дүрэм журмыг ягштал барьдаг улс. Тиймээс дүрэм зөрчигсдөд дургүй. Тэд хэр баргийн газар хөдлөлт, байгалийн гамшигт барьц алдахгүй. Энд тэнд байгалийн гамшиг болбол үүргэвчээ үүрээд хэний ч заавар зөвлөгөөгүй, тэгэх л ёстой хэмээн хувийн бэлтгэлээ базаан үүргэвчээ үүрэн явж очдог. Үүнийгээ гавьяа байгууллаа гэж рекламдахгүй, ингэх л ёстой гэж ханддаг нэгдмэл цул ард түмэн. Тийм хүмүүс байнга дүрэм зөрчиж, хэнэггүйтдэг, стандарт барьдаггүй, ямар ч юмыг оромддог, хувьдаа л болж байвал, улсаа боддоггүй монголчуудад итгэл алдрах үе байсан биз. Дээр дурдсан, форумыг зохион байгуулагч JOGMEG байгууллага нь газрын тос байгалийн хийг тогтвортой урт хугацаанд хангах үүрэг бүхий Японы үндэсний газрын тосны корпораци болон өнгөт металл эрдэс баялгийн тогтвортой нийлүүлэлтийг хангах Металл олборлолтын агентлагийн чиг үүргийг нэгтгэх замаар 2004 онд байгуулагдсан. Тус байгууллага Монгол Улстай асуудал тодорхой болсон тохиолдолд хөрөнгө оруулахад бэлэн, хамтрах боломжтой гэж байлаа. Форумд оролцогч зарим компанийн төлөөлөл Оюу толгойн гэрээний талаар тодруулж байсан. Цуцлах гэж байгаа юм биш биз гэж асуусан. Харин Уул уурхайн сайд Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой энэ гэрээг үргэлжлүүлнэ. Засч сайжруулах зүйл бий гэж хариулсан. Гэрээг сайжруулах саналыг Рио Тинтод тавьсан гэлээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Оюу толгойн гэрээний талаарх дээрх асуултад мөн хариулахдаа” засч сайжруулж Монголын ард түмэнд өгөөжөө өгөх тал дээр ажиллана. Зөвхөн нэг тал илүү ашигтай байж болохгүй. Хоёр тал хоёулаа гэрээний үр дүнд адилхан ашиг хүртэх ёстой” гэсэн юм.

ЯПОНЧУУД МОНГОЛ УЛСЫГ СОНИРХЛЫН ГАДНА ҮЛДЭЭГЭЭГҮЙ

Форумд шинэ, шинэ хөрөнгө оруулагчид, томоохон компаниуд ихээр ирсэн нь анхаарал татав. Энэ нь Монголыг сонирхлын гадна хаячихаагүйг хэлээд байх юм. Гэвч өнөөх л олон жилийн өмнөөс сонссон тогтворгүй төр засаг, хэзээ ч, яаж ч өөрчлөгдөхөд бэлэн хууль эрх зүйн үл ойлгогдох таагүй орчны талаар үгс хөврөх юм. Хөрөнгө оруулагчдыг татахыг хүсэх хэрнээ үргээдэг үйлдэл хийж ирсэн нь, тэр нь засагдаагүй явсаар өнөөг хүрснийг анхааруулж байна. Японы хөрөнгө оруулагч томоохон компанийн төлөөллүүд зайгүй суусан танхимд Д.Сумъяабазар сайд илтгэл тавилаа. Салбарынхаа хөгжлийн бодлого, манай улсад байгаа боломж бололцоогоо ярилаа. Манай улсын байгалийн баялгийн арвин нөөцийг Японы өндөр технологиор боловсруулж дэлхийн зах зээлд гаргая гэсэн саналаа хэлэв. Товчхондоо манай байгалийн баялагт япон технологиор нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд гаргахад хамтран ажиллахыг хүслээ. Энэ нь түүний хэлсэн хамтран ажиллаж, хамтдаа хожъё гэсэн санаа юм.

Хоёр улсын 1990 оноос 2018 оны хооронд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 23.9 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг дэлхийн зах зээл дээрээс татаж чаджээ. Үүнээс уул уурхайн салбарт 17.5 тэрбум ам.доллар нь татжээ. Тэр дундаа Монгол, Японы гадаад худалдаа 544 сая.ам.доллар бол хөрөнгө оруулалт 372 сая. ам доллар байна. Форумаар Монголын талаас автозам, төмөр зам, эрчим хүч, нүүрс угаах үйлдвэр гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгааг танилцуулсан юм. Форумд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас гадна УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захрал П.Ганхүү, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал нар оролцож, уул уурхайн чиглэлд ямар хөрөнгө оруулалт оруулах боломжтой, Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар танилцуулсан. Форумын үеэр болон албан уулзалтын үеэр Японы тал Монголоос газрын ховор элемент, нүүрс авах сонирхлоо илэрхийлж байлаа. Таван толгойн IPO гаргахад хөрөнгө оруулаач гэсэн Монголын талын саналыг Японы тал сонирхлын гадна үлдээсэнгүй. Мөн айлчлалын үеэр Д.Сумъяабазар сайд шохойн чулуунаас пластик хуванцрыг орлох бүтээгдэхүүн гаргаж авах технологи эзэмшигч компанитай санамж бичигт гарын үсэг зурсан.

Монгол Улс Үндсэн хуулиндаа Баялгийн сан байгуулахаа тусгаж байгаа бөгөөд энэ нь уул уурхайн салбар тогтвортой хөгжихөд чухал ач холбогдолтой болж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын форумаас гадна ажлын айлчлалын үеэр нэлээдгүй уулзалтууд боллоо. Эхний өдөр уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар албаны төлөөллийн хамт Японы Жайка олон улсын байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөлтэй уулзаж, Таван толгойн кокосжсон нүүрсийг нэмүү өртөг шингээж, Японд экспортлох талаар санал солилцсон юм. Жайка олон улсын байгууллагатай байгуулсан 2013 оноос уул уурхай, байгалийн нөөцийн салбарын ажилчдын чадавхыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж ирсэн төсөл ирэх онд дуусгавар болох юм. Энэ төслийн хугацааг сунгах талаар талууд ярилцлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар Таван толгойн IPO гаргахаар бэлтгэж байгаа болон өмнөд хөршөөрөө дамжуулан Япон, Солонгост борлуулах ажлын хүрээнд хүнд даацын машин техникийг сайжруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж экспортлох боломжтойг танилцуулсан юм. Жайка олон улсын байгууллага энэ салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэв. Японы хамтын ажиллагааны банкны төлөөлөлтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд уулзах үеэрээ “Японоос их хэмжээний хөрөнгө оруулалт авч чадвал Улаанбаатарын автозамын түгжрэл болон нийтийн тээврийн асуудлыг цогц шийдсэн метро барих төслөө хэрэгжүүлэх боломжтойг ярилаа. Уулзалтын үр дүнд уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг банкаар дамжуулахгүй салбар бүрт шууд зээл авах боломжийг судалж үзэхийг мөн онцолсон шүү. Д.Сумъяабазар сайд Монгол, Японы парламентын бүлгийн даргын хувьд Японы парламентын гишүүдтэй уулзахдаа талууд эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар хамтарч ажиллах, одоогийн харилцааг үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал солилцлоо. Япон улс 72 жилийн дараа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар ярьж буй цаг үед Монгол Улс ч бас Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярьж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд нэг л удаа парламент нь бүрэн эрхээ дуусгаж байсан тухай дээр дурдсан. Манайхан УИХ-аа тарааж арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ард нийтийн санал асуулгатай хавсран дахин сонгууль явуулах юм болоод баахан ярьсан. Япон ч бас ирэх арваннэгдүгээр сард ээлжит бус парламентын сонгууль явуулахаар бэлдэж байгаа юм. Айлчлалын үеэр хөрөнгө оруулалтын форумаас гадна хоёр талын уулзалтууд болсон нь үр дүнтэй байв. 2013 онд байгуулсан иж бүрэн түншлэлийн, 2017 онд баталсан дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцов. Айлчлалын хоёр дахь өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Японы зөвлөхүүдийн танхимын дарга А.Санто, Тус улсын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхав. Энэ үеэр сайд Д.Сумъяабазар хатагтай А.Сантог Монголд айлчлахыг урьсан юм. Мөн өдөр Токио хотын дарга Ю.Киокэтэй уулзсан юм. Хатагтай Ю.Киокэ Монголын хог хаягдлын талаар ихэд сонирхон асууж байсан. Япон улс хог хаягдлыг багасгаж, дахин боловсруулах чиглэлд үр дүнтэй ажиллаж байгааг хэлж, Монгол Улс ч энэ тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн байсан юм. Нэг үгээр хог хаягдлын менежмэнтийг сайжруулах тал дээр Япон улс Монгол Улсад тусалж болохоо илэрхийллээ.

ХАРИЛЦАН АШИГТАЙ ТӨСЛҮҮД ДЭЭР ХАМТАРЪЯ

Ажлын айлчлалын баг бүрэлдэхүүнд явсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү Японы бизнес эрхлэгчдэд стратегийн төслүүдээ форумын үеэр танилцуулж, ахисан түвшний түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжтойг онцлов. П.Ганхүү ”Япон улс манай улсад эрчим хүчний салбарт маш их хөрөнгө оруулалт хийсэн. Одоо хөгжлийнхөө харилцааг шинэ шатанд гаргаж харилцан ашигтай төсөл хэрэгжүүлж, хамтаръя. Нүүрс боловсруулах, газрын ховор элемент, ашигт малтмалын чиглэлээр эцсийн бүтээгдэхүүүн болгодог өндөр технологийг нэвтрүүлж, нэмүү өртөг шингээж хөгжих боломжтой гэж харж байгаагаа хэлсэн юм. Мөн нүүрс боловсруулах, зэс хайлуулах болон мөнгөний төслүүдээ танилцууж, зэсийн хайгуулаас эхлээд хамтарч ажиллах боломжтойг дурдсан. Зуны олимпийн 32 дахь наадам ирэх онд Японы Токио хотноо болохтой холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү Монголын дугуйн холбооны ерөнхийлөгчийн хувиар Японы Олимп хариуцсан сайд хатагтай Хашимото Сейкотой уулзаж, олимпийн наадамд тамирчдын бэлтгэл хангах болон хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтын үр дүнд хоёр улсын дугуйчид хамтран бэлтгэл хийх талаар ярилцав. Энэ хүрээнд Монголд олон улсын стандартад нийцсэн дугуйн цогцолбор төв барих ажлыг шат дараатай хамтран хэрэгжүүлэх боломжийг хөндсөн юм.

ЗӨӨЛӨН БОДЛОГО

Монгол Японы хандивлагчийн уулзалтаас эхлээд хэдэнтээ Японд албан болон дээд хэмжээний айлчлалд явж байсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Уул уурхайн сайдын дээрх уулзалтуудад оролцохдоо хэд хэдэн асуудлыг хөндөж ярьж байлаа. Сүүлийн үед япончууд улс хоорондын эдийн засаг хамтын, ажиллагаанаас гадна зөөлөн хүчний бодлогод анхаарах болжээ. Бүх зүйл мөнгөөр хэмжигддэггүй. Хүн хоорондын харилцаа, хоёр ард түмэн илүү ойр дотно болох олон боломж байгааг ярьж байсан юм. Тухайлбал, хүүхэд, эмэгтэйчүүд, залуусын асуудалд ч харилцан хамтрах сонирхлоо илэрхийлсэн. Аялал жуулчлал гэхэд Японы талаас Монголд аялах боломж илүү байхад Монголоос Япон руу аялахад тулгардаг бэрхшээлүүдийг багасгах хэрэгтэй байгаа гэлээ. Ирэх онд болох Токиогийн олимпийг үзэх сонирхолтой олон монгол залууст аялах боломж олдоосой гэж М.Оюунчимэг гишүүн хэлсэн юм. Уулзалтын үеэр хоёр улс хамтран дэлхийн брэнд гаргая гэсэн санал солилцлоо. Монголын эмэгтэйчүүдийг нийгэмд эзлэх байр суурь, чадавхыг нэмэгдүүлэхэд Японы тал анхаарч ажиллах боломж байгаа, залуу парламентчдыг туршлага судлуулах чиглэлээр хамтрах боломжоо уулзалтын үеэр ярив. Сүүлийн үед Монголоос суралцах оюутны тоо, тэр дундаа IT чиглэлээр суралцагсад, ажиллагсад нэмэгджээ. Японы өндөр настныг асрах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Тиймээс тэдний эрх зүйн орчны талаар ч анхаарах шаардлага бий болж байгаа аж. Энэ удаагийн ажлын айлчлалаар бадар барьж, мөнгө гуйсангүй, хамтын ажиллагаан дээр суурилсан, хамтдаа хөгжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, хамтдаа хожиход л чиглэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *