Categories
мэдээ цаг-үе

Ярослав Кубера: Монгол Улс байгалийн баялгаа экспортлох бус, боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох нь чухал


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Бүгд Найрамдах Чех улсын Парламентын Сенатын дарга Ярослав Кубера бизнесийн төлөөлөгчдийн хамтаар Монгол Улсад есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 2-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХын дарга Г.Занданшатар нартай уулзсан юм. Айлчлалын талаар Ярослав Кубератай ярилцлаа.


-Монгол оронд ирлээ. Сэтгэгдэл ямар байна…

-Бид айлчлалын эхний өдрөөс л нутагтаа ирсэн мэт өндөр сэтгэгдэлтэй байна. Ер нь ч тэгээд ийм сэтгэгдэл төрөх болов уу гэсэн бэлтгэлтэй ирсэн дээ.

-Таны айлчлал ямар зорилготой вэ. ямар асуудлуудыг авч хэлэлцэх гэж байна вэ?

-Сүүлийн үед Чехэд нэг цуу яриа тараад байсан. Тодруулбал, Монголд урьд өмнө нь тавьж байсан бидний анхаарал суларч байгаа гэсэн яриа гарсан л даа. Тийм биш, харин ч эсрэгээрээ байгаа гэдгийг харуулах гэж айлчлалаа хийж байна. Манай хоёр улс зөвхөн 1990-ээд оноос хойш хамтын ажиллагаатай болсон юм биш. Олон жилийн хамтын ажиллагааны уламжлалтай. Чехословак гэх улс байснаас эхэлж одоог хүртэл үргэлжилж байна.

Монголчууд ч бидний бараа, бүтээгдэхүүнийг сайн таньдаг байлаа. Би одоогийн бараа бүтээгдэхүүний эргэлт дээр сэтгэл хангалуун бус байгаа. Тиймээс энэ эргэлтийг урьд өмнөхөөс ч илүү өндөр түвшинд хүргэх бодолтой ирлээ.

-Монгол, Чех хоёр улс эртний найрамдалт харилцаатай байсан улсууд. 1990-ээд оноос хойш хамтын ажиллагаа буурсан. Цаашид хоёр улс аль салбарт харилцан ашигтай ажиллах боломжтой гэж та харж байна вэ?

-Монгол Улс ашигт малтмалаар баян орон. Хэд хэдэн орд газрыг манай мэргэжилтнүүдийн тусламжтай илрүүлж байсан түүхтэй. Монгол Улс ашигт малтмал, байгалийн баялгаа экспортлох бус, боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох нь чухал. БНЧУ-ын дэвшилтэт техник, технологи, ноу-хаугаа ашиглан Монгол Улсад туслах боломж бий. Хэдийгээр би улстөрчдийн урилгаар айлчилж буй боловч, бизнес эрхлэгчдийг дагуулж явахыг илүүд үздэг. Чехийн бизнес эрхлэгч дунд Монгол орныг сонирхсон хүмүүс маш их байсан. Онгоцонд багтахгүй их хэмжээний хүмүүс цуг явахаар бидэнд хандсан шүү. Ихэнх нь багтаагүй. Мөн энэ айлчлалаар зөвхөн эдийн засаг бус улс төрийн асуудлыг ч ярина. Монгол Улс өдгөө Үндсэн хуулиа шинэчлэхээр ажиллаж байна. Энэ талаар онгоцны буудал дээр буугаад УИХ-ын гишүүдтэй ярилцах үед мэдсэн. Энэ талаар мөн ярилцах байх. Мэдээж бид Монголын иймэрхүү дотоод асуудалд оролцохгүй. Гэхдээ өөрсдийн туршлагаас хуваалцна.

-Эрдэнэтийн овооны ордыг нээж, нөөцийг нь тогтоох ажлыг анх Чехословакийн геологичид хийж гүйцэтгэсэн байдаг юм билээ. Хоёр орон уул уурхайн салбарын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Энэ салбарт та бүхний сонирхол хэр байна…

-Мэдээж бидэнд сонирхол байсаар байгаа. Манай айлчлалын бүрэлдэхүүнд явж буй сенатын гишүүн өмнө нь Монголд геологи хайгуулын төслөөр ажиллаж байсан. Манай геологичид хайгуул, судалгаа хийх туршлага арвинтай. Тиймээс энэ салбарт хамтран ажиллах бүрэн бололцоотой. Манай геологичидийн чадвар яагаад өндөр түвшинд байдаг вэ гэхээр Чех улс ашигт малтмалаар ядуу улс. Тиймээс орд газрыг илрүүлэхийн тулд нэлээд хүчин чармайлт гаргаж байж амжилтад хүрдэг.


-БНЧУ-д 9000 гаруй монгол иргэд ажиллаж, амьдарч байна. Эдгээр олон мянган залуус хоёр орны харилцааны гүүр болж буй. Тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр байгуулсан баримт бичгийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх талаар ярилцсан уу?

-Энэ асуудлыг хөндсөн. Яг одоо Монголын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчид манай улсад энэ асуудлын хэрэгжилт дээр ажиллаж байна. Мөн яг одоо БНЧУ-ын Засгийн газар Монгол Улсад эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүлэх талаар хэлэлцэж байна. Манайд ажиллаж, амьдарч байгаа монгол залуус сайхан амьдарч байгаа. Тэд нартай холбоотой ямар нэг хүндрэл бэрхшээл гардаггүй. Хоёр улсын иргэд ч нэг нэгэндээ найрсаг ханддаг. Тиймээс манай компаниуд монгол ажилчдыг ажиллуулах хүсэлтэй байдаг.

-Манай хоёр орон олон жилийн өмнөөс ажиллах хүчээ харилцан илгээж байсан уламжлалт түүхтэй. БНЧУ-ын визтэй холбоотой гомдлууд их байдаг. Визний асуудлыг илүү хөнгөвчлөх, түргэн шуурхай үйлчлэх боломж байхгүй юу?

-Чех Европын холбооны улс. Хүссэн хүсээгүй Европын холбооны улсуудад үйлчилдэг дүрмийг дагадаг. Зарим нэг дүрэм нь бидний сэтгэлд нийцдэггүй ч дүрэм бол дүрэм. Бичиг хэргийн ажил удаашралтай байдаг гэж сонссон. Чех улс Европын орон, Шенгений орон учраас Шенгений кодексийг баримтлах ёстой. Шенгений кодекс гэх дүрмийн дагуу визний мэдүүлгийг 10 хоногийн дотор шилжүүлэх ёстой гэж заасан байдаг. Харин манай элчин сайдын яам ажлын хоёроос тав хоногийн дотор шийдвэрлэдэг. Тиймээс шуурхай үйлчилж байгаа гэж манай элчин сайд хэлсэн.

-1955 оноос эхлэн БНЧУ-ын их, дээд сургууль болон техник, мэргэжлийн сургуульд манай орны залуус суралцаж байсан. Нуулгүй хэлэхэд сүүлийн жилүүдэд оюутан солилцоо багасчээ. Чех улс оюутан солилцоог хэр дэмжих вэ?

-Чехэд суралцаж буй монгол оюутны тоо хангалтгүй байна. Тиймээс би нутагтаа буцаж очоод энэ талаар ярина. Оюутан солилцоог нэмэгдүүлэх талаар хөөцөлдөнө. Манай оронд суралцаж, боловсрол эзэмшсэн хүмүүс Монголд олон байдаг юм билээ. Заримтай нь уулзаж ярилцсан. Аль намын Засгийн газар байсан ч боловсрол хамгаас чухал. Бүх зүйл хурдацтай хөгжиж байна.

-Ирэх онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Ойн хүрээнд ямар ажлууд төлөвлөж байна вэ?

-Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээтэй, хүндэтгэлтэй тэмдэглэнэ. Энэ ойн арга хэмжээ бэлтгэлийн шатанд явж байгаа. Улаанбаатар болон Прагад соёлын арга хэмжээ хийх байх. Гол нь спортын арга хэмжээг бид чухалчилна. Учир нь хүүхэд, залуучуудад хөдөлгөөн дутагдаж байна шүү дээ. Монголд хоккейн мөсөн талбай барих талаар ярилцсан.

Манай дасгалжуулагчид монгол хүүхдүүдэд хоккей тоглохыг сургачихвал ирээдүйн дэлхийн аваргаар Монголын шигшээд манай шигшээ баг ялагдахыг үгүйсгэхгүй (инээв). Мөн манай хоёр орон техник, технологи, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах бүрэн боломж байна. Манай айлчлалын бүрэлдэхүүнд БНЧУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч яваа. Энэ талаар ярилцах байх.

-Хоёр орны гадаад худалдааны эргэлт 15 орчим сая ам.дол¬ларт хэлбэлзэж байна. Үүнийг өсгөх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж, бололцоо бий юу?

-Худалдааны эргэлт дээр сэтгэл дундуур байгаа. Зайлшгүй сайжруулах шаардлага тулгарсан. Үйлдвэрлэгчдийн оролцоо маш чухал байна. Компаниуд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ямар бололцоо байгаа талаар мэдээлэл хомс байгаа бололтой. Тиймээс тэдэнд Элчин сайдын яам мэдээлэл өгч ажиллана.

-Манай хоёр улс социалист орон байсан. Танай улсад ардчилал хэр суурьшиж байна вэ. Та манай ардчиллыг ямар шатандаа явж байна гэж харж байгаа вэ?

-Монгол Улс ардчиллаа бэхжүүлж, хөгжүүлэхээр хичээж байна. Нэг маргаан бий. Өнгөрсөн 30 жил богино хугацаа. Эдгээр он жилүүдэд хийсэн, бүтээсэн зүйлс хангалттай байна уу гэдэг дээр маргаан гарсаар байна. Миний хувьд яараад хэрэггүй гэж бодож байна. Аливаа хөгжлийг бодож, болгоомжтой явуулах хэрэгтэй. Жишээ нь, Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал яригдаж байна. Үүнийг батлах гэж яарах шаардлага байхгүй. Урт удаан хугацаанд үйлчлэх хууль шүү дээ. Тиймээс анхааралтай хандах хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *