УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Ерөнхий аудитын илтгэлээс 250 орчим төгрөг эргэн төлөгдөх нь тодорхойгүй байна гэж байна. Энэ асуудлыг барагдуулах ямар боломж байна вэ? АСЕМ-тай холбоотой 70 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илэрлээ гээд байсан. Энэ асуудал юу болсон бэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-“Капитал” банк дампуурсантай холбоотой 250 тэрбум төгрөгийн асуудал байгаа. “Капитал” банк дээр Монголбанкнаас эрх хүлээн авагч томилогдоод ажилласан. Авах авлагуудыг эрэмбэлсэн байна лээ. Засгийн газрын оочерыг хойно тавьсан байсан. Эрүүл мэндийн даатгалын сан хадгаламж хэлбэрээр байршуулсан байсан. Бид төлөгдөх асуудлыг хойшлуулсан оочерийг наашлууах асуудлыг тавьж байгаа. Эргэж төлөгдөх магадлалтай эсэхийг Монголбанк илүү хариулах байх.
Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд 1990-1996 онд зээлийн гэрээгүй олгосон 294 тэрбум төгрөгийн асуудлыг бид Засгийн газарт оруулна. Тусгай сангаас олгогдсон зээлүүд байна. Бид Тусгай сангуудын хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан.
Ерөнхий аудитор н.Занданбат:
-Аудитын байгууллага хариуцлага шууд тооцдоггүй. Дүгнэлт гаргаж, зөвлөмж өгч ажилладаг. Шалгалтын явцад алдаа зөрчил гаргавал аудитор албан шаардлага өгдөг. Тухайн албан тушаалтанд холбогдох зөрчлөөс хамаарч дээд албан тушаалтанд нь санал тавьдаг зохицуулалттай.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Төсвийн тогтворжуулалтын санд 207 тэрбум төгрөг нийлүүлсэн байна. Ирээдүйн өв санд мөн нийлүүлсэн байгаа. Төлбөрийн тэнцэл 141.1 сая ам.долларын алдагдалтай байна. Урсгал дансны алдагдал өмнөх оноос нэмэгджээ. Үүний шалтгаан юу вэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Тогтворжуулалтын санд 207 тэрбум төгрөгийн хуримтлалтай. Ирээдүйн өв санд 600 тэрбум төгрөгийн хуримтлал байгаа. Гэхдээ Ирээдүйн өв сангаас өр төлөгдөөд 310 тэрбум төгрөг хуримтлагдаад байгаа. Уг нь хуулиараа энэ мөнгийг корпориаци байгуулж яваад 2030 оноос зарцуулж явах учиртай. Гэхдээ бид холбогдох хуулинд нь өөрчлөлт оруулж, мөнгийг нь олон улсын үнэт цаасанд байршуулж явах юм.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Хөрөнгө оруулалтын хяналтын Сангийн яамнаас хэрхэн хийх вэ? Сүүлийн үед бид хэдэн сантай байна вэ? Эндээс дэмжлэг, тусламж авах иргэдийн тоо цөөрөхгүй байна. Хүнд суртал арилсан уу?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 84.9 хувьтай байгаа. Үүнээс концессийн гүйцэтгэл 95 хувьтай байна. Төсөв батлахда 100 хувийн гүйцэтгэлтэй гэдэг. Газартай холбоотой, тендэртэй холбоотой уддаг асуудал гардаг. Хуулинд өөрчлөлт оруулсан. Хөрөнгө оруулалтад Барилгын хөгжлийн газар хяналт тавьдаг. Засгийн газрын тусгай 29 санд шалгалт явуулсан. Нэлээд зөрчил гарсан. 29 сангаа 22 болгож цөөрүүлэх, үйл ажиллагааг нь нээлттэй болгох зорилгоор төсөвтэй хамт хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байгаа. Ер нь тусгай сангуудаа цөөлж, ил тод болгоно.
Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна.