Categories
мэдээ цаг-үе

Сэтгүүлч, зохиолч, дипломатч Т.Баасансүрэнгийнх

Зохиолч, сэтгүүлч, дипломатч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Тугалхүүгийн Баасансүрэнгийнд өнжлөө. Т.Баасансүрэн гуай Чингэлтэйн эцэст байрлах зуслангийн байшиндаа биднийг урив. Намрын налгархан нар ээсэн энэ өдөр зуслангийнх нь зүг бид давхиад л очлоо. Зуслангийн замыг долоон буудлаас хойш хаасан учир Хайлаастаар тойрсон юм. Ойрд дулаахан байгаа учир эднийхэн зусландаа өнжөөд байгаа гэнэ лээ. Зочин маань биднийг тосч авав. Сэлүүхэн том хашаандаа мод тарьжээ. Тэрбээр хүн ер нь амьдралдаа гурван зүйлийг л хийх ёстой юм билээ. Нэгдүгээрт, үр удмаа үлдээх, хоёрдугаарт, ном бичиж, хойч үедээ амьдралын ухаанаа өвлүүлэх, гуравдугаарт, мод тарих юм. Өвгөн ах нь 50 гаруй ном бичлээ.

Охин, хүү хоёрыгоо хүний зэрэгт хүргэлээ. Ач, зээ, гуч нар маань энэ модны мөчир шиг л салаалан олон болж байна даа гэлээ. Т.Баасансүрэнг гуай гучаа үзээд удаагүй явна. “Энэ чинь л хүний амьдралын хамгийн сайхан мөч шүү дээ. Тэр жижигхэн амьтан бидний хайрыг жинхэнэ татаж байна даа. Ирэх сард гучий минь нэг насны ой болно. Хөгшин бид хоёр ухаан жолоогүй л явна” хэмээн ярихад харцнаас нь баяр хөөр бялхаж харагдав. Зуслангийн хашаанд Т.Баасансүрэнгийн хоёр ахынх нь бас байдаг юм байна. Түүний том ах Монгол Улсын гавьяат барилгачин Т.Мягмар болон Монгол Улсын төрийн соёрхолт, математикийн ухааны академич бөгөөд дунд ах нь МУИС-д насаараа багшилж буй сэхээтэн Т.Жанлав нар аж. Ах дүү гурван гавьяат маань Ховд аймгийн Цэцэг сумаас төрөн гарсан нийгмийн зүтгэлтнүүд. Сутай хайрханы ар хормой, Цэцэг нуурын хөвөөнд төрсөн тэд эхээс 11-үүлээ. Өдгөө тав нь амьд мэнд байгаа аж. Хар багадаа ааваасаа өнчирсөн тэднийг нутгийнхан нь эсэргүүний хүүхдүүд хэмээдэг байсан гэнэ. Ах дүү гурван гавьяаттай цуг бид хашааны голд байрлах өндөр модны сүүдэрт ширээ засан тухаллаа.

ЭЦЭГ ЭХЭЭС ХАЙРЛАСАН НЭР МИНЬ Т.БААСАНЦЭРЭН ЮМ ШҮҮ ДЭЭ

Том ах Т.Мягмар нэгдлийн гишүүн. Айлын том хүү учраас дөрөвдүгээр ангиасаа л сургуулиа орхиж, гэрийнхнээ авч явдаг байж. Т.Жанлав ах нь манай зочныг шүлэг, уран зохиолд уруу татсан нэгэн. Харин өөрөө математикч болжээ. Гэрийн таван хүүг хамгийн том эгч Т.Дуламжав Улаанбаатар хот руу татаж, их сургуульд сургаж өдий зэрэгтэй хүргэсэн дээ гэнэ. Т.Баасансүрэнгийн сургуулийн сурагч болох мөрөөдөл нь тэр үед биелж, Төмөр замын 20 дугаар сургуульд оржээ. Тэндээ сурч байгаад удалгүй дөрөвдүгээр бага сургуульд шилжсэн байна. Шинэ сургуульдаа ороод удаагүй байхад багш нь түүний нэрийг Т.Баасансүрэн гэж буруу тэмдэглэжээ. Уг нь зочны маань эцэг эхээс хайрласан нэр нь Т.Баасанцэрэн гэнэ. Нэр минь буруу байна гэж хэлж чадалгүй Т.Баасансүрэн болсон гэнэ лээ. Бага сургуулиа дүүргээд тэрээр арван жилийн 24 дүгээр сургуульд дэвшин шилжив. Ингээд л сургуулийн амьдрал эхэлж, Т.Баасансүрэн гэдэг хүн 28, дөрөвдүгээр сургуулийн Пионерийн бүлгэмийн зөвлөлийн дарга хийж, үеийнхэн дундаа толгой цохиж эхэлсэн гэдэг. “Аравдугаар ангиа төгсөхөд манай сургуулиас хоёр сурагч алтан медальтай төгссөн. Нэг нь би. Нөгөө нь 50 гаруй жил хувь заяагаа холбосон миний гэргий Ц.Чагнаадорж юм. Ингээд л гэргий бид хоёр Зөвлөлт рүү, Москва хот руу суралцахаар явж билээ” хэмээн бидний хуучилж суухад гэргий Ц.Чагнаадорж гуай цай, цүй бэлдсээр ирсэн юм. Тэрбээр “Баасансүрэн бид хоёр хар багаасаа үерхсэн болохоор зан зангаа авчихсан харцаараа л ойлголцдог болжээ. Манай өвгөн ажлын төлөө төрчихсөн хүн дээ. Ямар ч ажлыг сэтгэлээсээ хийдэг. Бас их шударга хүн. Шударгаасаа болж асуудалд их орооцолддог байсан даа. Намын төв хороонд байхдаа Ю.Цэдэнбал даргыг өмөөрсөн хэргээр ажлаасаа авахуулж байсан хүн шүү дээ” гээд инээвхийллээ. Гэрийн хоёр багана арван жилд байхаасаа л үерхэж, хамт Москва хотод суралцаж, тэндээ хуримаа хийсэн гэнэ. Том хүү нь тэднийг Москва хотод их сургуулийн гуравдугаар курст байхад нь мэндэлжээ.

Ю.Цэдэнбал даргын хамт

АЖЛЫН АНХНЫ ГАРАА МИНЬ “ҮНЭН” СОНИНЫ МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС

Т.Баасансүрэн 1974 онд Москвагийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж ирээд Үнэн сонины газарт сурвалжлагчаар томилогдож байж. Үнэн сонин МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Засгийн газрын төв хэвлэл гэх тодотголтой. Тиймээс сонины ажилтнууд намын төв хороо болоод Засгийн газрын ажилтанд тооцогдож байв. Үнэн сонины нөлөө тухайн нийгэмд маш өндөр байр суурь эзэлж байлаа. Ийм л нөлөө бүхий томоохон байгууллагаас тэрээр ажлын гараагаа эхэлж байж. Цэндийн Намсрай гуай тухайн үеийн Үнэн сонины эрхлэгч нь байв. Түүний талаар Т.Баасансүрэн “Цэндийн Намсрай гэдэг Алтайн нуруу шиг нөмөр түшигтэй, хүн чанарын үлгэр дуйраал болсон эрхэм байлаа” хэмээв. Үнэн сонин мэргэшсэн шилдэг сэтгүүлчдээс бүрдсэн редакц байжээ. Монголын хувьсгалт хэвлэлийн түүхээр дагнаж мэргэшсэн нэрт нийтлэлч, доктор Г.Дэлэг, хэл бичгийн ухааны эрдэмтэн, яруу найрагч Н.Жамбалсүрэн, утга зохиолын шүүмжлэгч С.Жамсранжав гээд олон арван туршлагатай сэтгүүлчдээр тухайн үеийн Үнэн сонин бүрдэж байв. Т.Баасансүрэн мэдээллийн хэлтсээс гараагаа эхэлсэн байна. Хэлтсийн хамтрагч нь Чадраабалын Лодойдамбын нэрэмжит анхдагч шагналыг хүртсэн, Д.Нацагдоржийн шагналт, утга зохиол шүүмжлэгч, сэтгүүлч Бажуудайн Ганбат юм. Т.Баасансүрэн гуай ширээ өөд ширтэнгээ “Эдгээр мундаг хүмүүсээс олон зүйлийг сурч, мэдсэндээ миний бие талархаж, дурсаж явдаг даа” гээд үргэлжлүүлэн “Үнэн сонин олон хэлтэс тасагтай ч Мэдээллийн хэлтсийн бид хэд л торойгоод үлддэг байлаа. Учир нь улс төр, нийгмийн ач холбогдолтой үйл явдлын ихэнх нь үдээс хойш өрнөнө. Зарим нь ажлын дараа болно. Тэр бүгдийг маргаашийн дугаарт нийтлэх учиртай болохоор Мэдээллийн хэлтсийн хэдэн ажилтан, сонины дугаар эрхэлсэн нарийн бичгийн дарга, тухайн үеийн дугаарын удирдагч-коллегийн гишүүний хамт үлдэнэ дээ. Яаруу, сандруу ажиллах тохиолдол байнга. Алдаа мадаг гарчих гээд тун хэцүү. Тийм болохоор олон хүн Үнэн сонины мэдээллийн хэлтэст ажиллахаас шууд татгалздаг байсан юм. Харин манай хэлтсийн дарга Д.Намдагсүрэн гуай бол үгүй. Нүднийхээ шилийг үе үе арчаад л урдаа тавьсан олон хуудсаа уншаад л байна.

Тэгж намбайтал суудаг хүнд чих зөөлөнтэй, хөл хөнгөн цэргүүд хэрэгтэй. Тэр нь Б.Ганбат бид хэд. Манай дарга “Залуус ажлын хүндийг нугална аа. Унаж, тусч байж ажилд суралцдаг юм” ха ха гээд л хөхөрч суух. Одоо эргэж харахад нээрээ л Үнэн сонины Мэдээллийн хэлтэст бидний залуус бусдаас их нухлуулж, товч тодорхой бичихэд суралцсан байдаг юм. Тэр үедээ огт мэддэггүй байж” хэмээн инээмсэглэлээ. Тэрбээр Үнэн сонинд хоёр жил ажиллажээ. Тэнд байх даа МАХН-д гишүүнээр элсэж, олон үйл явдлын амьд гэрч нь болж, явсан байна. Тухайлбал, Эрдэнэтийн бүтээн байгуулалтыг газар дээрээс нь сурвалжлахаар 30 хоног томилолт өвөртлөн очсон анхны сурвалжлагч нь болж байсан гэнэ. Илгээлтийн эзэн тавь гаруйхан залуус оччихсон их бүтээн байгуулалт дөнгөж л эхэлж байхад тэдэнтэй нийтийн байранд хамт байрлаж, цуг ажилладаг байж. Энэхүү томилолтоороо тэрбээр дөрвөн сурвалжлага, тэмдэглэл бичиж нийтлүүлсэн гэнэ.

Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГЫГ ӨМӨӨРЧ, АЖЛААСАА ХУСАГДАВ

Удалгүй тэрээр Намын төв хорооны үзэл суртлын ажил эрхэлсэн нарийн бичгийн даргын туслахаар томилогдож, гурван жил ажиллаж, дараа нь ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцаж, эрдэм шинжилгээний ажил хийсэн байна. 1982 онд түүнийг Намын төв хорооны Соёлын тасгийн эрхлэгчээр томилжээ. Эдгээр он жилүүд бол түүний төржсөн намын дотор ажиллаж байсан үе юм.

“Намын төв хороонд байхдаа та Ю.Цэдэнбал даргыг өмөөрсөн хэргээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан гэсэн. Тухайн үед юу болсон юм бэ” хэмээн салхинд модны навчис хийсэхэд сонсогдох исгэрсэн дуутай уялдуулан асуухад тэрбээр “Нуугаад байх юм алга. 1984 онд Ю.Цэдэнбал даргыг ажлаас нь чөлөөлж, сольсон. Тэгэхэд би тасгийн эрхлэгч байлаа. Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга Д.Цэдэв гэдэг хүн байсан. Тэр үед Увс аймагт зохиолчдын өдрүүд боллоо. Тэнд Орос, Болгар зэрэг орнуудаас нэлээд зохиолчид ирсэн. Ю.Цэдэнбал даргыг чөлөөлөөд 10 орчим хоног л болж байсан байх.

Увс аймгийн Давст суманд биднийг аваачихад Цэдэнбал даргын аавын өвөлждөг Тун мэндийн өвөлжөөний хажууд бид отоглосон юм. Энэ талаар нутгийнхны ярьснаар бол 30-40-өөд оны үед түүхэнд тэмдэглэгдэн үлдэхээр зуд болж, зам харгуй хаагдсан юм билээ. Тэр жил энэ өвөлжөөнд Цэдэнбал даргын аав ирж, өвөлжиж нэг ч малын хорогдолгүй зудыг давчихаад албаны хүмүүст “Тун мэнд өвөлжлөө” гэсэн гэдэг. Тэгээд л энэхүү өвөлжөөг тэгж нэрлэсэн аж. Энэ үед би Ю.Цэдэнбал даргыг их өрөвдөж байлаа. Ю.Цэдэнбал дарга бол 40 гаруй жил Монгол Улсыг удирдсан хүн шүү дээ. Бүхий л амьдралаа Монголын ард түмний төлөө зориулаад насны эцэст нутаг заагдан хөөгдөж, эх орондоо ирэх эрхгүйгээр олон жил болсон шүү дээ. Энэ бодлоо би тухайн үед намын төв хорооны хэлтсийн эрхлэгч Чингэл гэдэг хүнд “Бал даргад Монголын ард түмэн хайртай шүү дээ. Хүндэтгэдэг. Та ч бас арга байхгүй доор нь ажилладаг байсан хүн” гэхэд нөгөөх маань Намын төв хороонд “Тугалхүүгийн Баасансүрэн гэдэг хүн Цэдэнбал даргад хайртай дуртай гээд ярьж явна” гэж намайг матаад удалгүй би Төв хорооны тасгийн эрхлэгчээс халагдсан даа. Тэгээд би Улсын гэрэл зургийн хорооны даргаар томилогдсон юм” гэлээ. Энэ үйл явдлаас хэдэн жилийн дараа Т.Баасансүрэнг цагаатгаж, Сэтгүүлчдийн холбооны орлогч даргаар томилжээ.

Зүүн гараас Т.Баасансүрэн, том ах Т.Мягмар, дунд ах Т.Жанлав нар

ТАВАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРЬСАН НЬ

2000 онд тэрээр Монцамэ-д ирж ажиллав. 2002 онд Вьетнам улс, Монцамэмэдээллийн агентлагуудын хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу Ханойд айлчилжээ. Буцаж явах үед нь Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Ч.Батжаргалтай утас цохиод “Таныг БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулах саналтай байна” гэдгийг дуулгасан. “Энэ мэдээг сонсоод би нэлээн цочирдож билээ. Намайг элчин сайдаар томилох талаар яригдаж байсан уу гэвэл тийм. Гэр бүлийн хүндээ хэлээгүй байлаа. Тэгээд л би Ч.Батжаргал даргад мэдлээ, зөвшөөрч байна гэж шулуухан хариулсан. Ингээд Н.Энхбаяр болон Н.Багабандитай уулзаж, тодорхой үүрэг даалгавар хүлээж авав. Ингээд би Монцамэ-гаас гадаадын улс оронд томилогдсон хоёр дахь элчин сайд болж, Польшид явах болсон юм. Өмнө нь Г.Адъяа гуай Вьетнамд элчин сайдаар ажиллаж байсан юм билээ. Ингээд би 2002 оны арванхоёрдугаар сарын 15-нд Польшийн ерөнхийлөгч Александр Квашьневскийд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Ингээд л миний ажил эхлэв. БНПУ-д ажиллах элчин сайд Балтын гурван орон, Эстони, Латви улсыг хамаардаг байв. Тиймээс би тухайн орнуудын элчин сайдуудтай БНПУ-д уулзаж, тухайн орнуудын удирдагчдад итгэмжлэх жуух бичгээ өргөн барих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ингээд л би гэдэг хүн таван улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьж явлаа даа” гэв. Ийнхүү тэрээр сэтгүүл зүйн талбараас элчин сайд болон томилогдов. Тус албанаасаа ирээд Монцамэагентлагийн даргаар ажиллаж байгаад чөлөөндөө гарчээ.

БИД ТУУШТАЙ ТЭМЦЭГЧ ЧОГСОМЖАВ, ЕРӨНХИЙ САЙД АСАН П.ЖАСРАЙ НАРЫН УДАМ

ТВ9 телевизийн ерөнхий захирал болсон талаар нь түүнээс асуухад “Чөлөөндөө гарсны дараа ТВ9 телевиз намайг урьсан. Хэд хэдэн удаа урьсны эцэст би зөвшөөрч байлаа. Энэ ажлыг аваад зургаа дахь жил рүүгээ орж байна даа” гэв. Одоо тэрээр амралтын өдрүүдээр, аль эсвэл ээлжийн амралтаараа ихэвчлэн ном, зохиолоо бичиж сууна. Ажил бол ажил байдаг. Тэрээр ажлын цагаар номоо бичиж байсан удаагүй гэнэ. Одоо Т.Баасансүрэн С.Буяннэмэхийн зохиолууд дээр судалгаа хийж, дуусчээ. Ирэх сард тус номынх нь нээлт болох гэнэ. Т.Баасансүрэн гуайн өвөг, дээдсийн талаар бид сонирхлоо. Энэ талаар тэрбээр, “Хятадын худалдаачид, тэдэнтэй сүлбэлдсэн хошуу ноён Маньбазарын эсрэг тууштай тэмцсэн Аюушийн хошуу нутаг бол Ховд аймгийн Цэцэг сум шүү дээ. Хятадын худалдаачид Монголын ард түмнийг хүүлж байх үед боссон тэр тэмцлийн ард тайж Чогсомжав гэх хүн байсан. Тэр хүн бол бидний эцгийн талын элэнц өвөг юм билээ. Нэг ёсондоо Ард Аюушийн цаад талд түүний ар тал болж байсан хүмүүс нь бидний өвөг, эцэг байсан гэсэн үг. Тэр тэмцэл зөвхөн хошуу ноёныхоо эсрэг тэмцсэн тэмцэл байгаагүй. Мөлжигч худалдаачдын эсрэг боссон тэмцэл байсан шүү дээ. Энэ тэмцэлд тайж, ноён, лам нар хүртэл оролцож байсан. Энэ талаар би ном хэвлүүлж, гаргасан. Түүхчдээс сонсоход Чогсомжавын тэргүүлсэн хөдөлгөөн, Чогсомжавыг шийтгэх талаар өгүүлсэн түүхийн баримтууд их байдаг юм байна лээ” гээд үргэлжлүүлэн “Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд П.Жасрай гуай бол ээжийн талын ойрын хамаатан гэдгийг бид сүүлд мэдсэн. П.Жасрай гуайг амьд сэрүүн байхад нь уулзахад энэ талаар мэдсэн дээ. Ээж минь Говь-Алтай аймгийн Бугат сумын хүн. Их ойрын хамаатан юм байна лээ” хэмээлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *