Categories
мэдээ нийгэм

“Шонхор” баг бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа

Энэ сарын 20-нд зохион байгуулсан “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Шонхор” баг бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Уг тэмцээн нь аймгийн хэмжээний ЕБС-иудын ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, тэдний тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой болдгоороо онцлогтой.

Тэмцээнд 17 сургуулийн 120 сурагч тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээнийг гарааны өмнөх ажиллагаа, мэдлэг сорих тест, усанд нэрвэгдэгчийг аврах, эмнэлгийн анхны тусламж, хүч тамирын дасгал, химийн хордолтын цэг зэрэг таван цэг, хоёр саад бүхий зайд зохион байгуулав. Тэмцээний нийлбэр дүнгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Шонхор” баг тэргүүлж, Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн “Десант” баг дэд байр, Зүүнбүрэн сумын “Аврагч” баг гутгаар байрт шалгарчээ. Мөн Сүхбаатар сумын 1 дүгээр сургууль, Спортын сургууль, Сайхан сумын Ерөнхий боловсролын сургууль тус тус тусгай байр эзэлсэн амжилт гаргалаа.

Тэмцээнд байр эзэлсэн багуудад үүрд хадгалагдах цом алт, мөнгө, хүрэл медаль, бэлэг дурсгалын зүйлс мөн нийт баг тамирчид болон багш нарт дурсгалын зүйлс гардуулан өглөө.

Аймгийн аварга шалгаруулах эл тэмцээнийг аймгийн ОБГ, аймгийн БСУГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөр, аймгийн Улаан загалмай хороо хамтран зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *