Categories
мэдээ цаг-үе

Урлаг судлаач, багш М.Аминаа: Хүмүүс “Монголынхоо урлагийг судлахгүй юм уу, өвөөгийнхөө “Өвгөн хуурч”-ийг тайлбарлаач” гэж асуух нь бий!


“Синдром Арт шоу”. Ийм этгээд, сонин нэртэй урлагийн лекц дуулиан шуугиантайгаар саяхан болоод өнгөрлөө. Монголд урьд өмнө нь болж байгаагүй уг арга хэмжээг Урлаг судлаач М.Аминаа хэмээх “бие жижигтэй ч бэлчээр томтой” нэгэн бүсгүй зохион байгуулсан юм. Дүрслэх урлаг , дизайны “Анима” сургуулийн багш тэрээр Төрийн соёрхолт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэн гуайн зээнцэр гэдгийг хэлэхэд илүүдэхгүй санагдана. Бидэнд хэдийнэ танил болсон “Өвгөн хуурч” бүтээлийг зурсан, зураач Ү.Ядамсүрэн гуайн Монголын урлагт оруулсан үнэтэй хувь нэмрийг нэрлэвэл баршгүй. Харин түүний үр удам ийнхүү үйл хэргийг нь тасралтгүй үргэлжлүүлэн, хөгжүүлж яваад талархах сэтгэл төрснийг нуух юун.


-Магадгүй ярилцлага бүхэн таны өвөөгийн талаар асууж эхэлдэг байж мэднэ. Учир нь алдар нэртэй хүний үргэлжлэл байна гэдэг нэг талаараа их хүнд ачаа байх. Гэхдээ энэ удаа урлаг судлаач, багш М.Аминаагийн талаар илүү ихийг мэдмээр байна?

-Монголын хамгийн анхны Ардын зураач Үржингийн Ядамсүрэн гэдэг том хүний нэрээр манай гэр бүлийнхэн овоглож явдаг. Монголын зураач, урчуудын эвлэлийн тулгын чулууг тавилцсан түүхэн хүний үргэлжлэл байна гэдэг сэтгэл зүйн хувьд их том ачаа болдог нь үнэн. Тийм гайхамшигтай хүний үр удам муу амьдрах, муу нэртэй явах нь зохисгүй. Миний өвөө 1986 онд таалал төгсөж, 1991 онд би төрсөн. Тиймээс би өвөөгийнхөө өвөр тоглож өсөөгүй л дээ. Гэвч би түүний гэргий, Монголын зээгт наамлын урлагт хувь нэмрээ оруулсан Люня эмээгийнхээ өвөр дээр өссөн. Өвөөгийн уур амьсгал одоо ч манай гэр бүлд мэдрэгддэг юм. Түүний эдэлж хэрэглэж асан зүйлс, ховор нандин цуглуулгууд, захиас үгс гээд л. Өвөөгийнхөө бий болгосон дэг сургуулийн дагуу манай гэр бүл бүгдээрээ урлагийн хүмүүс, зураач нар байдаг. Оросын зохиолч И.С.Тургеневийн “Эцэг, хүү” зохиолд “Нэг үеийнхэн алддаг, тэр алдаагаа дараа үеийнхэндээ захиж хэлдэг ч дараа үеийнхэн нь суралцдаггүй, өөр өөрийнхөөрөө алдсаар л байдаг” гэж гардаг. Тэгэхээр би бас л нэг дараа үеийнх нь алдаа гаргаж яваа төлөөлөл юм л даа. Огт алдаа гаргалгүй, цагаан цаас мэт амьдарч, өвөөгийнхөө нэр төрийг өргөж явна гэж угаас байхгүй шүү дээ. Аминаагийн хувьд гэр бүлээсээ авсан зүйл маш их. Хар нялхаасаа л урлагийн тогоонд буцалж өссөн хүний хувьд сэтгэл зүй, үзэл бодол гээд яг л урлагийн хүн шиг төлөвшсөн. Өвөөгийн хувьд их намуухан, төлөв төвшин, тогтуун хүн байсан бол би эсрэгээрээ. Их сахилгагүйн дээр яг л өөрийнхөөрөө амьдардаг. Ямар сайндаа л 10-н жилээ төгсчихөөд их сургуульд оролгүй бүтэн нэг жил анархист маягаар амьдарч байх вэ дээ. Дэврүүн сэтгэлтэй, эмоци ихтэй, ямар нэг хайрцагт баригдахгүй гэсэн үзэлтэй, амьдарлынхаа зарчмыг эрх чөлөөтэй тал руу нь дөвийлгөж явсан цаг үе надад бий. Урлагийн нөлөө энд маш их.

-Өвөөгийнхөө бүтээлийг хэзээ судлах вэ. Ажиглаад байхад дандаа дэлхийн энтэй уран бүтээлчдийг танилцуулж, бүтээлийг нь судалсан харагддаг?

-Хүмүүс яг ингэж асуудаг. Монголынхоо урлагийг судлахгүй юмуу? Өвөөгийнхөө “Өвгөн хуурч”-ийг задлаад тайлбарлаач гэх мэтээр. Гэтэл хүн хамгийн сайн мэддэг, хайрладаг зүйлээ нандин байлгахыг хүсдэг. Монголын урлагийг дэлхийд таниулах, өвөөгийнхөө уран бүтээлийг судална гэдэг багаар бодоход докторын зэрэг хамгаалсны дараа яригдах их чухал асуудал юм. Миний хэтийн зорилго гэж болно.

-Аминаа зураг зурдаг уу.Эмэгтэй хүнд урлаг гэдэг их харгис гэж би сонссон юм, энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Элэнц хуланц, эмээ өвөө, ээж аав, ах дүүс гээд бүгд зураач. Би л ганцаараа зурдаггүй. Ямар сайндаа манай гэрийнхэн “Зурж чадахгүй болохоороо зураг шүүмжлэх гээд урлаг судлаач болчихлоо” гэж шоглодог юм. Би ээжийнхээ сургуульд нэг жил зургийн ангид нь суралцсан л даа. Надад зургийн авьяас байсан ч судлал тал нь илүү их сонирхол татсан. Уран зургийн ертөнц надаар дутахгүй шүү дээ. Леонардо Да Винчи, Ван Гог, Микеланжело төрчихлөө. Гэтэл тэд нарыг үзэх үзэгчдэд тайлбар хэрэгтэй. Би зураач, зураачдын бүтээл, үзэгчдийг холбох гүүр байхыг илүүд үзсэн юм л даа. Эмэгтэй хүнд урлаг “харгис” гэдэг нь үнэн. Би үүнийг хувийнхаа амьдрал дээр мэдэрсэн. Амьдрал зохиож үзээд 100 хувь гэр бүлийнхээ амьдралд цаг гаргах их хэцүү байлаа. Тиймээс хэн нэгнийг илүү их гомдоохоосоо өмнө, мөн залуу байгаа учраас урлагаа сонгосон доо.

-Таныг тун удахгүй ОХУ И.Е.Репиний академид суралцахаар явна гэж дуулсан?

-Репиний академи бол миний мөрөөдөл. Миний ээж Репиний академи, өвөө Сурриковын академийг төгссөн. Эмээ, эмээгийн дүү Туяа зураач мөн л Репиний академийг дүүргээд ирсэн. Тиймээс би дөрөв дэх үеийн төлөөлөл болж байна. Удмынхаа, улсынхаа нэрийг өргөхөөс гадна дэлхий нийтэд сонгодог урлагийг утгаар нь авч яваа тус академид сурна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг юм.

-Тантай ярилцахад их гоё, халуун сэтгэл мэдрэгдээд байх юм. Урлаг судлаач болоогүй бол ямар мэргэжилтэй болох вэ?

-Би урлагийг сонгоогүй, урлаг намайг сонгосон гэж хэлэх дуртай. Би 6 дугаар ангидаа хуульч, есдүгээр ангидаа банк санхүүгийн мэргэжилтэй болно гэж боддог байв. Түүнийхээ төлөө ч суралцаж байсан. Гэтэл хүнд хувь заяаны буюу бурхны дуудлага байдаг юм байна билээ. Хүн болж төрснийхөө хувьд хийх ёстой, гүйцэлдүүлэх зүйлс бий. Тэр нь мэдээж бидний дотоод сэтгэлийн хүсэл тэмүүллээс шалтгаална. Надад сонголт байсан. Гэвч би урлагийн хүмүүсийн амьдарлыг харж өссөн учраас тэнд миний орон зай байгааг ухаарч, тэнд би хэрэгтэй гэдгийг мэдэрсэн гэх үү дээ.

-Саяхан таны зохион байгуулсан “Синдром арт-шоу” хэмээх урьд өмнө нь хийгдэж байгаагүй урлагийн цогц арга хэмжээ боллоо. Яагаад энэ арга хэмжээг хийх болсон бэ?

-Лекц гэдэг өөрөө их уйтгартай үг л дээ. Лекцийг аль болох сонирхолтой байлгах гэдэг хүсэл эрмэлзэл манай 10 жилийн түүхийн багшаас улбаатай. Тэр багш маань хичээлээ маш уйтгартай заадаг байлаа л даа. МЭӨ-өөс эхлээд тэддүгээр хуудасны “байжээ” хүртэл хуулаад бич гэх жишээний. Харин азаар нэг удаа өвөөгийн номын санг ухаж байгаад түүхийн маш гоё ном олж уншсан юм. Тэгээд л түүх гэдэг чинь тухайн багшийн зааснаас шал өөр, бүр эсрэгээрээ маш сонирхолтой болохыг өөртөө нээсэн юм. Уншсан түүхээ найзууддаа ярих хүсэл сонирхол төрж эхэлсэн. Мөн өөрөө оюутнуудад багшилж эхэлснээс хойш мэддэг зүйлсээ хүмүүст хүргэмээр болсон доо. Жишээ нь: Хүн алт оллоо гэж бодоход өөртөө хадгалаад л байвал утгагүй. Харин түүнийгээ бусдад түгээвэл хүн бүр ямар нэг зүйлийг бүтээж, бий болгож эхэлнэ. Оюуны баялаг яг л үүн лугаа. Олон хүнд түгээх тусам хамтдаа аз жаргалтай амьдарна.

-Маш олон хүн уг арга хэмжээнд ирсэн. Арт шоуны онцлог нь юу вэ?

-Дээр та хэлсэн шүү дээ. Урьд өмнө нь хийгдэж байгаагүй үйл ажиллагаа гэж. Тэр бол үнэн. 700 хүн ирж арт шоуг маань үзэж, өөрсдийн оюун санаанд хөрөнгө оруулалт хийлээ. Арт шоу маань маш олон төрөлтэй байсан. Урлагийн лекц, модерн бүжиг, богино кино, мексик үндэсний хамтлаг бүжиг, авианы урлаг буюу саунд арт, уран зургийн үзэсгэлэн гэх мэт сонирхолтой зүйлсээр дүүрэн байв. Урлагийн түүхийг уйдаахгүйгээр, унтуулахгүйгээр хэрхэн тавьж болохыг харууллаа. Хамгийн гол нь монголын уран бүтээлчид дэлхийн хэмжээний урлагийг хэрхэн өөрийнхөөрөө мэдэрч, Монголын хөрсөнд буулгасныг тэндээс харсан байх. Үүгээрээ бусад лекцүүдээс онцлогтой байлаа.

-Урлагийн лекцээрээ Винсент Ван Гог, Сальводар Дали, Фрида Кало нарыг онцолсон байсан. Мөн нэр нь ч сонирхол татаж байна?

-Тийм ээ. Нэрний хувьд “дром” гэдэг нь гүйх, хөдөлгөөн гэсэн үг. Ерөнхийдөө сэтгэлийн хөдөлгөөн гэнэт илрэх агшныг хэлж байгаа юм. Зураач нар хорвоо ертөнцийг жирийн хүнээс илүү мэдрэмжтэйгээр хүлээж авдгийнхаа хүчинд урлагийг бүтээдэг. Урлагийг бүтээж байгаа нь энгийн хэв маягт нийцэхгүй, хайрцагнаас гарсан зүйл байдаг учраас “Синдром” гэж нэрлээд,өдгөө ч олон хүний тархины түгжээг мулталж буй тод зам мөртэй уран бүтээлчдийг сонгосон. Ван Гогийн хувьд зураач хүн ямар байх ёстой вэ? гэдгийг харуулсан хүн. Тэрээр өөрийн карьерээ хөөгөөд мөнгөтэй болох замыг сонгож болох байсан ч тэгээгүй. Сайн дураараа урлагт өөрийн амь нас, эрч хүч, амьдарлыг зориулсан. Амьдралынхаа сүүлийн 10 жилд уран бүтээлээ туурвиж, 2000 гаруй зураг зурсан байдаг. Өдөрт 1-2 зураг зурж байсан гэж бодохоор маш их хөдөлмөр, эрч хүч, сэтгэлийн тэнхээ харагдаж байгаа юм. Авьяасаас илүү хөдөлмөр чухал гэдгийг ойлгосон бүтээлч байжээ. Түүний чихээ огтолсон түүх их сонин. Мэргэжил нэгт сайн найз Поль Гогентой урлагийг хөгжүүлэх нэгэн бүлгэм болж, уран бүтээлээ туурвихаар Францын өмнө зүгийн Арль тосгоны шар байшинд хамт амьдрахаар шийдсэн боловч нэг тэнгэрт хоёр наран мандахгүй гэдгийн үлгэрээр хоёр сарын дараа муудалцаж, зодоон цохиондоо хүрч. Угийн сэтгэл хөдлөл өндөртэй, эмзэг мэдрэмтгий Ван Гог найз руугаа сахлын хутгатай дайрснаа гэнэт ухаан орж, гэмшсэндээ өөрийн чихээ огтолсон гэдэг. Тасалсан чихээ өөрийн байнга очиж зураг зурдаг байсан биеэ үнэлэгчдийн газарт аваачин, Рашель нэртэй бүсгүйд бэлэглэсэн түүхтэй. Сальводар Далигийн хувьд өөрийнхөө хувь ертөнцийг олон нийтэд тулгаж чадсан зураач гэдгээрээ онцлог. Тэрээр маш ганцаардмал, нуугдмал байсны дээр маш олон төрлийн авьяастай хүн байсан. Түүний хачин жигтэй үйлдлүүд ардаа маш том филисофитой байдгаараа онцлог. Фридагийн хувьд 18 настайдаа автобусны осолд орж, амьд гарах найдлагагүй гэгдсэн ч сэтгэлийн хатаараа бүхнийг даван туулж чадсан гайхамшигтай эмэгтэй юм. Тэрээр ослынхоо дараа 35 удаа хагалгаанд орсон түүхтэй. Түүний нөхөр мөн л алдартай зураач байсан агаад тэдний хайр дурлалын ээдрээтэй түүхийг ирсэн хүмүүстээ тайлбарлан таниуллаа.

-Нийтдээ хичнээн лекц уншсан юм бэ. Залуухан, эрч хүчтэй ийм урлаг судлаач хүч түрэн орж ирж байгаад талархууштай санагдана?

-Баярлалаа. Сүүлийн хоёр жилд нийтдээ 100 гаруй лекцийг олон нийтэд толилуулсан байна. Анхны лекц маань “Шар хадны өвчтөн зураач”, “Мөөмний түүх” гэх мэтээр олны анхаарлыг татсан сахилгагүй нэртэй байлаа. Сүүлдээ “Урлаг амьдарлын талх уу? Дарс уу?” гэхчлэн олон талын анализтай лекцүүдийг тавьж эхэлсэн. Мөн Монголын уран зургийн галерейтэй хамтран 500 хүнд “Урлагийг ойлгохуй” лекц тавьсан нь үнэхээр олзуурхам амжилт байлаа. Энэ жилийн хувьд Францын дууч бяцхан шувуухай Эдит Пиафын тухай лекц маань хамгийн их сэтгэлд хүрлээ. Эдит Пиаф дэлхийн хоёрдугаар дайны үед өөрийнхөө нэр хүндээр олзны цэргүүдээ аварч гарч байсан түүхтэй. Тэр бүү хэл дайны үед түүний дууг сонссон хүмүүст эх орноо хамгаалах урам зориг орж байсан гэдэг. Энэ бол яах аргагүй урлагийн маш том нөлөө.

-Манай нийгэм өнөөхөндөө хөгжиж буй. Урлагийн лекц тавихад олон нийт хэрхэн хүлээж авдаг вэ. Өөрөөр хэлбэл танхим дүүрч байх юм уу?

-Аливаа улсын хөгжил хоёр зүйл дээр тогтож байдаг. Нэг нь материаллаг нөөц, нөгөө нь оюун санааны нөөц. Манай Монголд уул уурхай, бизнесийн орчин, мал аж ахуй гэх мэтээр материаллаг нөөцтэй. Харин оюуны боловсролын хувьд хөгжиж буй улс учраас хоцрогдсон тал бий. Ер нь бол оюуны нөөц сайтай, гүн боловсролтой байж л тухайн эд баялаг, хөрөнгөө хэрхэн зөв зарцуулахаа ойлгоно. Эдийн засаг, урлаг хоёрыг холбоотой хөгжүүлж, ижил түвшинд байлгаснаар улс орон хөгжингүй төлөвт очно. Жишээ нь, Австрали, Америкт татвар төлөгч нар орлогынхоо 15 хувийг урлагийн байгууллагад хандивласнаар татвараас чөлөөлөгддөг юм билээ. Энэ мэтчилэн системтэй хандвал хөгжлийн явц хурдсах боломжтой гэж боддог. Миний лекц харьцангуй олны анхаарлын төвд байж, эрэлттэй байгаа нь мэдрэгддэг. Түүнийгээ ч сая “Синдром арт-шоу”-гаараа батлан харуулсандаа баяртай байна.

-Европын нэлээдгүй орнуудаар судалгааны ажил хийж аялсан юм билээ. Урлагийн хувьд хамгийн их таалагдсан улс орон аль нь вэ?

-Тийм ээ. Европын Итали, Герман, Серб, Швейцарь, Франц гэх мэт голлох улсуудаар явж, судалгааны ажил хийсэн л дээ. Эндээс Итали улс маш их таалагдсан. Жижиг кафегаас өгсүүлээд л бүхэлдээ урлагийн хот юм. Тиймээс Итали руу хэд хэдэн ч удаа явсан. Хамгийн их догдлуулж, дулаахан мэдрэмж төрүүлдэг нь Оросын Третьяковын галерей юм. Тийшээ орохоор л Шишкин, Васнецов, Репин нарын зураг хараад л баймаар нөмөр нөөлөгтэй, дулаахан мэдрэмж төрүүлдэг дээ.

-Та дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуульд багшилдаг. Оюутнууд чинь танд их хайртай юм билээ. Яаж тэдний хайртай багш болсон юм бэ?

-Би өөрөө залуу хүн учраас зургаан жил л багшилсан туршлагатай. Анх багшилж байхад олон хүндрэл тулгарч байлаа. Би 152 см өндөртэй. Царай нь оюутнуудаасаа ялгарахгүй. Нэлээн өндөр өсгийтэй гутал өмсөж, нүүрээ сайн будаж байгаад л хичээлээ заадаг байсан. Би анхны хичээлээ таван хоног нойргүй сууж байж бэлдсэн юм. Өөрөө их сандруу, айдастай байсан учраас тэр. Гэтэл яг тэр өдөр манай нэг оюутан хичээл дээр босож ирснээ “Тас тавьчихаарай” гээд гараад явж билээ. Эрх мэдэл, сүрдүүлгээр хүүхдүүдийн хайр хүндлэлийг хүлээдэг цаг нэгэнт өнгөрсөн. Бид нар бол багш нараасаа айдаг, зодуулаад, занчуулаад сураад дууссан. Орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ маш өөр болсныг би мэдэрсэн учраас тэдэнтэй найз мэт харилцаж эхэлсэн. Учир нь “Математик бол бүх шинжлэх ухааны хаан юм” гээд итгэлтэй биш хүн хэлчихвэл хүүхэд сонсоод л өнгөрнө. Харин найз нь тэгж хэлвэл “Яагаад?” гэж асууна. Тиймээс би “найз шиг байх” гэдэг зарчмыг баримталдаг юм.

-Багш хүн гэдэг өөрөө үлгэр дуурайл байдаг. Таны хувьд багш нараасаа хэнийг даган дуурайж, хайрлан хүндэлдэг вэ?

-XVI зуунд Буддын шашин Монголд орж ирснээр лам төвтэй үзэл бий болсон. Тухайн үеийн лам багш бол хүүхдийг хар багаас нь хооллож ундалж, ном зааж, ажилд сургадаг хамгийн чухал хүн байсан. Нэг талаас эцэг эх нь лам багш бол ариун гэгээн хүн, нөгөө талаас хүүхдийнх нь зам мөрийг, цаашдын амьдрал, карьерийг нь зааж чиглүүлдэг хүн гэдэг утгаараа маш их хүндэлж дээдэлдэг байжээ. Орчин үеийн багш хүн бурханчлагдан шүтэгдэх гэхээсээ илүү мэдлэгээ дамжуулах үүрэг бүхий хүн байх ёстой болж байна. Миний хувьд олон сайхан багш нараасаа сурч мэдсэн зүйлээ боловсруулж, мэдлэгт хувиргасны үндсэн дээр хүүхдүүдэд дамжуулах үүрэгтэй гэдгээ би ухамсарладаг. Миний хамгийн эрхэм багш бол ээж. Миний ээж “Анима” сургуулийн захирал, зураач Я.Булган гэж эмэгтэй бий. Би сургууль дээр “Захирал аа” гээд гэртээ “Ээж ээ” гэж дууддаг. Намайг багаас минь дагуулж, сургасан даа. Хамтдаа ой модоор зугаалж, сургууль дээр нь өнжиж, тэр бүрийдээ оюуны боловсролыг минь зангидаж байсан юм билээ. Тав зургаан настайгаас минь л боловсролын минь суурийг маш сайн тавьж өгсөн. МУИС-д ороод зураач, урлаг судлаач Болдбаатар багштайгаа учирсан. Тухайн үедээ багшдаа дургүй байлаа. Биднийг хайрцаглаад, боогоод байгаа юм шиг санагдаад их гомдож явсан. Яг дөрөвдүгээр курс төгсөхдөө энэ багшаасаа их зүйл суралцсан гэдгээ ойлгосон юм. Хичнээн үзэл бодлын зөрчилтэй байсан ч маш их зүйлийг сурчээ. Мөн МУИС-ийн Хэрлэн багшийгаа дурдахгүй өнгөрч болохгүй. Хүүхэдтэй нэг бүрчлэн тулж ажилладаг тийм багш ховор. Энэ мэтчилэн олон сайхан багш нар минь байгаа.

-Урлаг судлаач хүнийхээ хувьд энгийн бидэнд ойлгогдохоор хариулаач. Урлаг гэж юу юм бэ?

-Бидний амьдрал тэр чигээрээ урлаг юм. Жижиг гэлтгүй бүх зүйлд урлаг шингэсэн байдаг. Жишээ нь, чупа чупс гээд иштэй чихрийг идэж үзээгүй хүн гэж лав үгүй. Гэтэл тэр чихрийн цаасны дизайныг мань Сальводар Дали гаргасан байх юм. Хүний сэтгэл зүй ямагт урлагаас шалтгаалж байдаг л даа. Гэртээ ямар чийдэн өлгөж, цонхондоо ямар хөшиг татсанаас шалтгаална. Гэр бол хүний тав тух, хамгаалагч цайз байдаг шүү дээ. Гэртээ амар амгалан, айдас хүйдэсгүй байж байгаад гадагшаа нийгэмтэй харилцахад ч урлаг үйлчилж л байдаг. Автобусны буудал ямар байх вэ? Байшин барилга ямар хэв маягтай байх уу? гэдгээс өгсүүлээд нүдээр хүртэж буй бүхэн урлаг юм. Гол нь таны сэтгэл зүрхийг түйвээгээд, онгичоод өөрөөсөө ч нуудаг айдас, стресс, бухимдал, зовлонг чинь гаргаж ирээд анагааж буй нь урлаг. Тиймээс урлагийг ганцхан үгээр “Эм” гэж ойлгож болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *