ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-тай хамтран “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.
Хурлын нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээр хотжилтын үйл явц хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх замаар хот суурин газрын тогтвортой хөгжлийг хангах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийг даван туулах чадварыг сайжруулахад шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх нь шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, онц чухал дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах, хот суурин газрын тогтвортой хөгжлийг дэмжихэд ихээхэн ач холбогдолтой билээ. Энд хүрэлцэн ирсэн та бүхэн хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцэж, харилцан туршлагаа солилцон, цаашид хот суурин газарт тулгамдаж буй асуудлыг шийдэх чиглэлд шинжлэх ухаанч үнэтэй санал зөвлөмж өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.
Олон улсын хуралд НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Япон, БНСУ, ОХУ, Хятад, Монгол Улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна.
Эрдэмтэн, судлаачид “Гамшгийг тэсвэрлэх чадвартай хот” үндсэн хуралдаан, “Газар хөдлөлт ба бусад байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал”, “Гал түймэр болон бусад үйл ажиллагаатай холбоотой ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт салбар хуралдааны хүрээнд илтгэл хэлэлцүүлж байгаа юм.
Хурлаар хэлэлцүүлэгдэж байгаа илтгэлүүдийн дэвшүүлсэн саналыг нэгтгэн хот, суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэрийг гаргах аргазүйг тусгаж өгөх нэгдсэн зөвлөмж гаргана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.