“Азийн хөгжлийн төлөв 2019” шинэчилсэн тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг танилцууллаа.
2018 оны 6.8 хувиас бага зэрэг буурч, 2019 онд 6.7%, 2020 онд 6.1% болно хэмээн таамагласан байна.
Дотоод эрэлт өсч, уул уурхай болон барилгын салбарууд тэлсэн нь 2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөллөө. Жилийн сүүлийн хагаст БНХАУ-ын эрэлт саарч, мөн дотоод эрэлт нь импортын өсөлтийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт удаашрахаар байна гэж тайланд дурджээ.
АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн гүйцэтгэл төсөөллөөс давсан. 2019, 2020 онуудад Монгол улсын эдийн засгийн өсөлт эерэг хандлагатай байх боловч БНХАУ-ын эдийн засгийн удаашрал нь Монгол улсын экспортын салбарт нөлөөлнө. Хэрэв 2017 оноос хойшхи макро эдийн засгийн таатай байдлыг засгийн газар ашиглаж чадвал энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Монгол улсын эдийн засаг, ялангуяа түүхий эдийн салбар нь гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Иймд бодлогын орон зай, эдийн засгийн нөөцийг бүрдүүлэх боломж олгох үр ашигтай макро эдийн засгийн бодлого баримтлах нь Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Бүтцийн шинэчлэлүүд, ялангуяа банкны салбар дахь бүтцийн шинэчлэлүүд нь чухал хэвээр байх бөгөөд эдийн засгийн өндөр өсөлттэй энэ үед эдгээр асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй юм” хэмээн тэмдэглэв.
Дотоод эрэлтээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсээр байгаа бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжилнэ. Үйлчилгээний салбарын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө өндөр хэвээр байгаа ба хөдөө аж ахуйн салбарын сэргэлт үргэлжлэх төлөвтэй байна.
Инфляц зургаадугаар сарын дунджаар 8.1% байсан бол өсөн нэмэгдэж буй дотоод эрэлт, хүнсний өндөр үнэтэй холбоотойгоор 2019 онд 8.5% байхаар байна. 2020 онд эдгээр хүчин зүйлүүдийн нөлөө харьцангуй бага байх тул инфляци 7.5% болж буурна. 2019 оны эхний хагаст урсгал дансны алдагдал 10.2% болж багассан ба 2020 онд импортын эрэлтээс үүдэлтэйгээр алдагдал нэмэгдэхээр байна. Монгол улсын нэгдсэн төсөв 2019 оны эхний хагаст дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан ба шинээр олгосон зээлийн өсөлт 5.0 хувьтай байснаар нийт зээлийн өсөлт буурсан. Чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувьд хүрч өсчээ.
Монгол улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савлагаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Дотоод эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй байна.