Жан Жак Руссо “Нийгмийн гэрээний тухай эргэцүүлэл” зохиолдоо “Их санаархалтай ямар ч удирдагч эрх мэдлээ хуульчилж, захирах захирагдах ёсыг үүрэг болгон хувиргаж чадаагүй тохиолдолд дарангуйлагч болж чаддаггүй” гэжээ. Зөвхөн цэргийн эргэлт гэх мэтийн хүчирхийллээр л дандаа дарангуйлагч тодордог юм биш. Гитлер, Муссолини мэтийнх нь чөлөөт ардчилсан оронд шударга сонгуулиар төрийн эрх авсан. Нээлттэй нийгмийн оройд гарч ирсэн олон удирдагч шат дараалсан арга хэрэглэсний дараа жинхэнэ дарангуйлагч болж зарим нь цуст махчин болон хувирдаг. Ардчилсан тогтолцоо өөрийгөө хамгаалах механизмгүй сул дорой байвал дарангуйлагч төрөх магадлал үргэлж нээлттэй байдаг. Олны дэмжлэг, нийтийн сонгуулиар улс орны толгойд гарсан удирдагч шат дараалсан үйлдлийн эцэст дарангуйлагч болон хувирдаг процессийн нийтлэг ерөнхий схем гэвэл:
1. Танил тал, ах дүү хамаатан садан, найз нөхдөөрөө дамжуулан өөрийн овог отгийг байгуулна. Үүнийгээ хээл хахууль, арын хаалга, сүрдүүлэг, барьцаалах, дарамтлах, худалдаж авах зэрэг олон аргаар өргөжүүлнэ. Энэ нь гагцхүү бүдүүлэг ядуу оронд хэрэглэдэг арга төдий биш. Баян тарган, хөгжингүй, ардчилсан оронд ч элдэв хуулийн цоорхой ашиглан хөнгөлөлт, урамшуулалтыг хэтрүүлэн хэрэглэж болдог. Гэхдээ авлига нь богино хугацаанд ашиглаж болдог тактик болохоос урт хугацааны стратеги биш. Тун итгэлтэй гарын доорх хүмүүсээрээ эдгээрийг хийлгэх, гэхдээ эвгүй болоод ирвэл тэдэндээ бурууг тохож хариуцлагыг нь хүлээлгэн золигт гаргахад бэлэн байх.
2. Нийгмийн эсэргүүцэл дургүйцэл гарахад тэрнийг дарахад бэлэн, хүч хэрэглэхээс буцахгүй бүтэц буй болгох. Пакистаны Мушараф, Конгогийн Мобуту, Угандын Иди Амин зэрэг дарангуйлагчид эхнээсээ цэргийн эрхтнүүд байсан. Юутай ч иргэний төлөөлөгч ч байсан хүчний байгууллагыг хяналтандаа авах хэрэгтэй. Ардчиллын нэр хүнд дарангуйллаас дандаа дээгүүр байдаг юм биш. Үнэндээ хүмүүс эмх замбараагүй байдал үүсэхэд дарангуйллыг илүүд үздэг. Сталин ч, Мао ч үй олон хүнийг хядсан ч гэсэн нийгмийн эмх журмыг сахиж чадаж байсан учир олон түмний ихэнх нь тэднийг дэмжиж байсан. Хүчний байгууллага хяналтанд орж ирэхгүй бол тэдний эсрэг өөр хүчнийг ашиглаж болно. Маогийн их үсрэлт дампуурч үй олон хүн турж үхсний дараа Хятадын арми ч, дотоодын цэрэг ч, тэр байтугай төрийн удирдлага ч түүнийг дэмжихээ больсон. Тэгэнгүүт тэрээр хүүхэд залуучуудыг бүгдийнх нь эсрэг тухиран Соёлын хувьсгал гэгчийг зохион байгуулснаар эрх мэдлээ эргүүлэн авч байсан. Дараа нь хүүхэд залуучуудаа эргэж дарж авсан. Зохион байгуулалттайгаар зориудаар эмх замбараагүй байдал өдөөн буй болгочихоод түүнээ өөрөө дарж авах нь дарангуйлагч болохоор тэмүүлж буй хүний хувьд цус урсгасан ч бай нийгмийн зүгээс талархал дэмжлэг хүлээдэг. Сүүлийн үед энэ аргыг Түрэгийн Эрдоган тун амжилттай хэрэгжүүлж байна. Путин ч ийм аргад дуртай.
3. Дарангуйлагч болохын тулд хүмүүсийн дунд «өөрийн хүн» гэсэн ойлголт буй болгох хэрэгтэй. Дуу шуугиантай том төсөл хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхээр амлах, тэр нь хүн амд тун таалагдан өөдрөг үзэл буй болгосон байх ёстой юм. Ялангуяа энэ нь эх оронч шинж чанартай, нийгмийн дунд хамгийн их бэрхшээл үүсгэж байгаа зүйл рүү хандах ёстой. Энэ нь нийгмийн тодорхой эрүүл саруул хүчний зүгээс үзүүлэх эсэргүүцэл шүүмжлэлийг дарж авахад тун нааштай нөлөө үзүүлнэ. Улс эх орон, нийгэм ард түмнийг аврах хамгаалах, сайн сайханд хүргэх гэж зүтгэж байхад урвагчид, гадны тавиулууд, хорон санаатнууд үүнийг эсэргүүцэж байна гэсэн суртал нэвтрүүлгийг үр дүнтэйгээр тогтмол хүчтэй явуулахад тэд нийгмийн дэмжлэггүй болно. Эдийн засгийг тогтворжуулах, ажлын байрыг олноор нь буй болгохуйц дэд бүтцийн томоохон төслийг дуу шуугиантайгаар зарлах зэрэг нь нийгэмд нөлөөлөх суурь баазыг өргөтгөнө. Удирдагч болсон даруйдаа улс орныхоо өнөөгийн байдлыг гутамшгийн үлгэр дуурайл хэмээн цоллоод, өөрөө тун удахгүй ард түмнээ цэнгэлийн манлайд ааваачина гэж зарлах нь дарангуйлагч болох санаатны эхний мэдэгдэл. Ираны шах Рэзи Пэхлэви улс орноо дор нь өрнөджүүлж 1980 онд Английг гүйцэж түрүүлнэ гэж амалж байв. Гэтэл араас нь гарч ирсэн Хомэйни улс орноо эргэж лалжуулан диваажинд аваачина гэсэн боловч хэт тулгар үзэлт террорист орон болгон хувиргав. Конгогийн Ерөнхийлөгч Мобуту Сэсо Сэко урьдах бүх түүхээ үгүйсгээд шинээр диваажин байгуулахаар шийдэн улсынхаа нэрийг хүртэл өөрчилж, «Заир улс одоо сэхээнд байна, би улсаа эхлээд эмнэлэгт хэвтүүлнэ, тэгээд мэс заслалд оруулна, тэгээд эдгээнэ, удахгүй дэлхийн хамгийн хүчирхэг тамирчин болгоно» гэж ярьж байв. Яг адилхан жишээ ХХ зуунд Орост хоёр удаа тохиосон.
4. Өөрийнхөө дайснуудыг зайлуулах… эсвэл тас тэврэх нь зорьсондоо хүрэх гол арга. Угандын дарангуйлагч Иди Амин хэдэн жил Ерөнхийлөгч байхдаа бүх дайснаа, түүний дотор өөрийн ойр шадар хүмүүсээ хуйгаар нь алж устгасан. Тэрээр 300 мянган хүн цааш нь харуулсан. Харин хөрш оронтойгоо дайсагналцаж байсан учир Танзаны цэрэг орж ирэн түүнийг зайлуулсан. Камбожид Пол Потын дэглэм вьетнамчуудад нам цохиулсан. Иймээс хөрш орнуудтайгаа нөхөрсөг харьцаатай биш бол энэ нь явцгүй арга юм. Гэтэл Чойбалсан, Цэдэнбал нарын дарангуйллын тогтолцоо зөвхөн хүчирхэг хөрш орны дэмжлэгээр тогтож байлаа. Үүний оронд ардчилсан тогтолцооноос дарангуйлалд шилжихийн тулд дайснаа худалдаж аван хараандаа байлгасан нь хамаагүй дээр. Назарбаевтай өрсөлдөж байсан найрагч Сулимановыг Италид элчин сайдаар томилоод тэр чигээр нь мартчихсан. Зимбабвэгийн дарангуйлагч Мугабэ болохоор өөртэй нь сөргөлдсөн болгоныг хажуудаа авчран том албан тушаалд томилж байв. Нэг үгэндээ улс төрийн дайснуудаа хажуудаа авчраад хармайндаа хийчих нь илүү үр дүнтэй.
5. Нийгмийн дайсан буй болгож (байхгүй бол шинээр бодож олох) түүнтэй тууштай тэмцэх хэрэгтэй. Сталин, Чөрчилл, дө Голл, Рүзвэльт нар аугаа удирдагчаар түүхэнд тодорсон гол шалтгаан нь нацист Герман, түүний толгойлогч Гитлер юм. Макэдоны Александр, Чингис, Наполеон нар цэргийн гарамгай жанжид, гэхдээ улс орноо дайнаар өргөжүүлэн томсгосноор үндэсний баатрууд болсон. ХХ зуунд төрсөн дарангуйлагчдын хагас нь түрэмгийлэл, эсвэл эх орноо хамгаалсан дайн байлдаанд оролцсоноор ард түмэндээ хайрлагдаж байв гэсэн судалгаа ч бий. Путины алдар гавьяаг өргөн авч яваа гол хүчин зүйл нь түүний хөрш орнууд руугаа түрэмгийлэл үйлдсэн, газар нутгийг нь булааж авсанд оршино. Гэвч орчин үеийн ертөнцөд дайн байлдаан түрэмгийллээр алдарших нь эгзэгтэй, осолтой. Тэтчэр Фолкландын арлын төлөө Аргентинтай байлдсанаар үнэлэгдсэн бол түүнээс тун удалгүй Тони Блэйр Ирактай байлдсанаар нэр хүнд нь шууд унаж байв. Иймээс дайн байлдаан хийлгүйгээр улс оронд нь заналхийлэгч аль нэг гадны улсыг, эсвэл тодорхой хүчин болон хүнийг харааж загнан ард түмнээ зоригжуулах нь хавьгүй хялбар мөртөө аюулгүй арга юм. Хүйтэн дайны үед Хятадын аюул гэдгийг буй болгон ард түмнээ байнга сэрэмжлүүлж байсан нь Монголд тогтож байсан дарангуйллын дэглэмийг бэхжүүлэх гол учиг байлаа. Хойд Солонгос ч АНУ ба түүний гарын бээлий Өмнөд Солонгосыг зүхэхийн зэрэгцээ байлдвал эх орноо хамгаалж дөнгөнө гэсэн суртал нэвтрүүлгээр дэглэмээ хадгалсаар ирсэн. Камбожийн Пол Потын дэглэм вьетнамчуудаар, Аргентины цэргийн дэглэм англичуудаар, Вэнэсүэлийн Чааваасын дэглэм америкчуудаар, Кубын Кастрогийн дэглэм мөн америкчуудаар, Азэрбаджаны дэглэм армянчуудаар, Иран, Саудын Араб бие биенээрээ, Түрэг дахь Эрдоганы дэглэм күрд үндэстнээр… гэх мэтээр ард түмнээ айлган дэглэмээ авч явсаар ирлээ.
6. Дарангуйлагч болохын тулд юун түрүүн өөрийн орны иргэдийн дийлэнхийнхний оюун санаа зүрх сэтгэлийг нэг тийш нь чиглүүлж, итгэл үнэмшлийг нь олж авах ёстой. Чухам ингэж байж бат ар талтай болж чадна. Ингэхийн тулд юун түрүүн чөлөөт мэдээллийн урсгалыг хяналтандаа авах ёстой, учир нь чухам түүгээр л янз бүрийн хүчтэй шүүмжлэл өрнөдөг. Мэдээллийн хэрэгслэлийг Гитлер, Эрдоган нарын нэгэн адилаар өөрийн дэглэмийг магтан сайшаасан суртал нэвтрүүлгийн хүчирхэг машин болгон хувиргах ёстой юм. Мянмарын цэргийн хунт мэдээллийн хэрэгслийг хуйгаар нь хааж байсан нь орчин үеийн ертөнцөд үл таарах мулгуу арга болно. Ардчилсан сонгуулиар гарч ирсэн удирдагч дарангуйлагч болохдоо арай ухаалаг олон янз арга хэрэглэдэг. Увайгүй сэтгүүлчдийг худалдан авч өөрийгөө тойруулаад тэднээрээ гүтгэлэг, дайралт, доромжлол, гуйвуулга хийлгэн үүний дараа эрх мэдлээрээ далимдуулан шүүх цагдаа цэрэг зэргээр дарамтлан мэдээллийн хэрэгслийг айлган номхруулах Путины арга гэж байна. Өөртэй нь сөргөлдсөн болгоныг мэдээллийн хэрэгслээр гүтгэн авлига, татвар зэрэгт холбож аваад дараа нь шүүхийн болон хүчний байгууллагаар сүрдүүлэх, шийтгэх түүний аргыг олон газар дуурайн давтаж байгаа. Хэрэв үнэ өртөг хамаагүй гэж үзвэл Италийн Бэрлүсконигийн шиг улс орондоо байгаа хамаг хүчирхэг мэдээллийн хэрэгслийг өөрийн хувийн өмч болгож байгаад түүгээрээ хамгаалуулах болон дарамтлуулах арга бий. Дарангуйлагч болохоор санаархаж буй хэн ч гэсэн мэдээд авчихмаар нэгэн судалгааны хачирхалтай үр дүн байна. 2007 онд Би Би Сиээс 14 оронд олон мянган хүнээс авсан судалгаагаар хүн амын 40 хувь нь нийгмийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мэдээллийн хэрэгслийг чөлөөт мэдээллээс илүүд үздэг юм байна. Мэдээллийн хэрэгслийг хянах, бүр илүү дээр нь өөртөө эзэмших нь маш чухал.
7. Дарангуйллын тогтолцоонд хамгийн хүчтэй үйлчилдэг механизм нь үзэл суртал гэхээсээ айдас байдаг. Хүмүүний өөрийгөө хамгаалах нийтлэг зөн совин нь юун түрүүн айдас. Дарангуйлагч дээрх олон шат дараалсан арга хэмжээ авсны дараа нийгэмд айдас буй болгох явдлыг алхам алхамаар чангалсаар бололцооны хэрээр эцэст нь тулгана. Нийгмийн тодорхой тун цөөн хэсэг айдаггүй. Тэднийг юун түрүүн үзэл суртлын утгаар буруутган гутаана. Дараа нь элдэв гэмт хэрэгтэй холбогдуулж гүтгэн айлгана. Эцэст нь нийгмээс тусгаарлана. Энэ бол олон түмнийг айлгах үзүүлэн тоглолт юм. Үүнийг нь олон түмэн үнэмшсэн ч, эс үнэмшсэн ч гол нь айдастаа баригдан сөрдөггүй. Зарим нь амаа хамхина, олонх нь нэмж дэвсэнэ. Нийгэм яг л сургуультай зуудаг нохой шиг болон хувирдаг. Иймээс л үүний дараа дарангуйлагч дараалсан шударга сонгууль явуулаад ч айдастай нийгмийн дэмжлэг хүлээн сэнтийдээ үхэн үхтлээ хадагддаг аж. Хүмүүсийн дийлэнх нь яагаад Путиныг, Модурог, Лукашенког, Чаушеског, Пак Жон Хиг, Мугабэг, Маркосыг, Мубаракийг, Асадыг нийтийн сонгуулиар дэмжин улираан сонгоод байдгийн нууц энд бий.
8. Дарангуйлагч болохын тулд өөрийн байр суурийг зөвтгөсөн үзэл суртлыг зохион буй болгох хэрэгтэй. Үүнд мөнгө ёстой хайран биш! Бүхий л түүхийн турш бүх дарангуйлагчид өөрийн засаглалыг хуульчилж байсан. Нэн эртний бүдүүлэг омог отгийн толгойлогчид улс төрийн төдийгүй шашин мөргөлийн удирдагч болж өөрсдийгөө бурхан, хувилгаан, шидтэн гэж заралж байв. Дундад зууны үед арай соёлжоод өөрийн засаглалыг албажуулахын тулд мөнгө цаас, цаг хугацаа идэвхи хүч заран байж сүм хийд босгох болжээ. Энэ нь уламжлагдан улам боловсон болсоор Францын Луи хаанууд сүрлэг ордон хөшөө дурсгал босгож (Өлсгөлөн хүмүүс талх нэхэн жагсахад «талх байхгүй бол тэдэнд бялуу өг» гэж хатан хаан Мари Антонити хэлж байв) байсан бол Наполеон Парисыг хүчирхэг гүрний нийслэл болгон зассан. Их Петр газар мундсан юм шиг Хойд мөсөн далайн захад өөрийн нэрээр нэрэлсэн Санкт Петербург хотыг хүний хүүрэн дунд (хотыг байгуулахад хэдэн зуун мянган хүн үхсэн гэдэг) босгожээ. Сталин Москваг цоо шинэчилсэн. Мэдээж бүгд үргүй зардал. Орчин үед ч шинэ хот, хөшөө дурсгалыг ямар ч тооцоогүйгээр олноор үйлдэн үзэл сурталд ашиглах нь дарангуйлагчдын дуртай тоглоом. Анвар Садатын эзгүй цөлд босгосон ч хүн ирж суурьшдаггүй «10р сарын 24ний нэрэмжит» аварга хот, Нигерийн эрхтнүүдийн шинэ нийслэл босгохоор төлөвлөн тийш татсан мянган км ланжгар хурдны зам (мөнгө хүрээгүй учир шинэ нийслэл баригдаагүй) зэрэг нь үүний наад захын жишээ. Иргэд нь хэдэн саяараа өлсөж үхэж байхад байгуулсан Ким Ир Сэний бунхны өртөг тэрбум доллар. Зөвлөлтийн харьяат асан дунд Азийн орнуудын нийслэлийн төвийн барилга бунхан хөшөө дурсгалыг хараарай, хайран мөнгө? Английн VIII Хэнри хаан бүр даварч эхнэрээсээ салах гэснийг нь Ромын пап зөвшөөрөөгүйгээс тэндээс тусгаарлан Англикан гэх цоо шинэ шашны урсгал зохион буй болгосон байдаг. Орчин үед маоизм, сталинизм гэх мэтийн нэг хүнийг тахин шүтэх загвар буй болж эхэлсэн. Угсаатны ялгарал, шашин болон хэлний ондоо байдалд түшиглэн өөрийн үндэстнийг нэгтгэх маягаар үзэл суртал явуулж өөрийнхөө хуульчлагдсан удирдагч болохыг баталгаажуулдаг арга өдгөө ялангуяа Африкт их өргөн дэлгэрсэн. Тодорхой үзэл санаатай өөрийнхийгөө сөргүүлэн тавьж хавьгүй илүү дээр болохыг сурталдан үнэмшүүлж түүнээ хуульчилдаг арга байна. Үүнд фашизм, нацизм, коммунизм багтана. Улс үндэстэнд учрах аюул гэгчээр нийгмийг сурталдан нэгтгэж түүнээ хуульчлах ёс байна. Зөвхөн удирдагч л тухайн нийгмийг чиглүүлэн авч явж чадна, өөр хэн ч чадахгүй учир төрийг үе удам дамжуулан залгамжлах ёстой гэсэн суртлаар дарангуйллаа үргэлжлүүлэх хуультай орон бол Хойд Солонгос. Энэ маягийн хуульчлагдсан төр нэлээд халдвартай бололтой. Эдгээрийн аль нь ч байлаа өнөөгийн нийгэмд үүнийгээ хуулийг шинээр зохиох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох зэрэг соёлтой арга хэрэглэдэг. Хамгийн өргөн хэрэглэгддэг арга нь Үндсэн хуулийг шинээр хийх, өөрчлөлт оруулах, зарим заалтыг хасах нэмэх гэх мэт. Эрдоган, Си Жиньпин, Путин, Уго Чааваас, Лукашенко, хуучин зөвлөлтийн дунд азийн орнуудын тэргүүн нар, Латин Америк, Африкийн толгойлогчид… гээд орчин үеийн маш олон удирдагч энэ аргаар төрийн тэргүүнээс үнэмлэхүй дарангуйлагч болон хувирсан. Үүгээрээ далимдуулан юун түрүүн шүүх эрх мэдлийг өөртөө бөөгнөрүүлдэг. Улмаар дамжуулан хүчний байгууллага, мэдээллийн хэрэгслэл, шашин, улс төрийн нам бүлэг, олон нийтийн байгууллага зэргийг хяналтандаа авдаг. Ийнхүү өөрийн өмч маягийн хувийн улс оронтой болдог ажгуу. Нэгэнт тодрон дарангуйлагч болчихвол цааш нь нийгмээ хэрхэн авч явдагийг Жоорж Орвэл 1948 онд бичсэн «1984» зохиолдоо маш тодорхой дүрсэлсэн юм. Тийм нийгэмд хоригдсон ард түмэн тэндээсээ мөд гарч чаддаггүйг түүхийн сургамж батална.
Жич: Фатали Могаддам, Микал Хэм, Шэри Бөрман, Жозэф Райт, Эжэ Төмөлхуран, Фрэнсис Фукуяама, Жэрад Даймонд, Баринтон Мүүр, Филип ба Поол Коллинз, … гэх мэт зохиолч, социологич, түүхч, психологич, философичдын нэлээд бүтээлээс санаа аван үүнийг бичлээ. 2008 оны тавдугаар сарын 27-нд миний бие “Наадам болохгүй, найр болно” гэсэн өгүүлэл бичиж хэвлүүлсэн. Би үзмэрч, мэрэгч төлөгч биш, гээд байдал тэр тал руугаа чиглээд байгаа нь аль ч эрүүл саруулаар сэтгэдэг хүнд илэрхий болж байв. Сарын дараа “долоон сарын нэгэн” болсон. Анхаарууллаа шүү, сүүлд нь намайг буруутгав аа!?
2019.9.20