Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 3628 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ

Он гарсаар Монгол Улсын хэмжээнд эхний 8 сард нийт 3628 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 162 хүн амь насаа алдаж, 57 хүн гэмтэж бэртэн, 26050 толгой мал, амьтан хорогдож, 31.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Учирсан хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны болон бусад байгууллага, орон нутгийн иргэд нийт 24575 хүн, 4613 автомашин ажиллаж, 1049 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 44.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 13.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Тээврийн хэрэгслийн ослын 53 удаагийн дуудлагаар 337 хүн, 73 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 64 хүний амь насыг аварч, 76 хүнд тусламж үзүүлсэн.

Цогцос гаргах 15 удаагийн дуудлагад нийт 297 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 18 цогцсыг ослын голомтоос гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Харин аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 162 хүн амь насаа алдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15%-аар өссөн байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *