Categories
мэдээ цаг-үе

Уухааны БАТБААТАР: Нямын Цэгмид багш маань Богд хааны дүрээ надад өвлүүлсэнд би ихэд бэлгэшээдэг

Монгол Улсын гавьяат жүжигчин Уухааны Батбаатартай ярилцлаа.


-Сайн байна уу. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас хуваалцахгүй юу. Хамгийн сүүлд “37 дугаар точик” уран сайхны кинонд дүр бүтээсэн байв уу?

-Он дамжиж нэг уран бүтээл хийсэн нь “37 дугаар точик” кино байлаа. Бас Ангараг гээд продюсертай хамтраад нэг киноны зураг авалтыг Дарханд хийгээд ирлээ. Одоо “Богд хаан 2”-ын зураг авалт үргэлжилж байна. Уран бүтээл арвин сайхан байна. Би Өвөрхангайн Арвайхээрийн хүн. Нутгийнхаа тухай, арвагар хээр морины тухай түүхэн киноны зохиолын санаа гаргаад С.Пүрэвсүрэн зохиолчтой хоёр талаас ярьж байгаад кино зохиолоо гаргачихсан байна. Санхүүжилтээ босгох гэсээр намартай золгочихлоо. Уг нь хавар, зуны зурагтай кино байсан юм. Зохиолд маань 1700 оны үед Манжид дагаар орохын өмнөх монголчуудын амьдрал, монгол ахуй, өвгөд, жудгийн талаар өгүүлэх юм. “37 дугаар точик”-ийг ард түмэн нэлээд сайн мэдэж байгаа.“Пантастик” продакшны найруулагч Тамирын бүтээл. Социализмын үеэс дамнуулаад 2000-аад оны үеийг харуулсан үйл явдалтай 20 ангит уран сайхны кино хийсэн. Сайн уран бүтээл болсон. Миний дүр бол Батлан хамгаалах яамны хурандаа байж байгаад тушаал буурч хорооны цагдаагаар очиж ажилладаг. Тухайн үеийн ээдрээтэй байдлаас болж албан тушаал өөрчлөгдөж байгаа. Сүүлд нь Батлан хамгаалахын сайд болдог идэр насны батлан хамгаалах салбарын хүний дүрийг бүтээсэн. Залуучуудтай хамтарч ажиллахад их сайхан байлаа. Үзэгчдийн сэтгэлд хүрсэн уран бүтээл болсон болов уу.

-Орчин цагийн уран бүтээлийн дүрүүдийг тань үзэгчид андахгүй ээ. Гэхдээ бас социализмын үеийн сайхан уран кинонуудын дүрүүдийг ч нэрлэх учиртай. “Их замын тоос” киноны Тулгаагийн дүрийг та хэрхэн бүтээж байв. Дурсамжтай сайхан үйл явдлыг одоо хүүрнэвэл…

-1983 онд би Хүүхэд залуучуудын театрт дагалдан жүжигчнээр орж ажилласан юм. 1984 оны өвөл Цэлмэгсүрэн найруулагч кино хийнэ гээд Кино үйлдвэрээс дуудсан. Анх удаа пробонд орж байгаа нь тэр. Тухайн үед жүжигчний мэргэжлийг гүйцэд мэдэрсэн гэхэд хэцүү. Ахмад жүжигчдийг хараад л “Ингэж тоглодог юм байна” гэдэг санаа авч байснаас биш номын дуу сонсоогүй байсан үе. Пробын үеэр “Ингэвэл зүгээр юм биш үү, дүрээ ингэж гаргавал яасан юм бэ” гэсэн илүү долоон юм ярьсан маань найруулагчид таалагдсан бололтой, тэнцсэн. Тэгээд хамгийн эхлээд Санзайд зураг авч байлаа. Д.Төмөрбаатар гээд ахмад жүжигчин байсан. Д.Төмөрбаатар ах намайг Долоон буудлын дэлгүүр дагуулж ороод “За миний хүү найруулагчдаа нэг юм ав” гээд дэлгүүрээс нэг юм авахуулж билээ. Зураг авалтын талбай дээрээ очтол найруулагч, бүх хүмүүс суучихсан зохиолынхоо талаар ярилцаж байна. Нөгөө юмаа ч барилаа. Тэр сайхан жүжигчдийн барааг харж хамт тоглох боломж олдсонд их талархдаг. Эхний нэг хоёр хоёр өдөр учраа олохгүй явлаа. Нэг хөгтэй болсон нь найруулагч “Батбаатарын харцыг авчих” гэж байна. Би бодохдоо “Миний харцыг авах юм байна” гээд л бэлдээд байлаа. Тэгтэл зураг дуусчихлаа. Асуутал миний харцанд байгаа жүжигчний тоглолтыг авах байсан байж. Бас нэг удаа нүцгэн биеэ цасаар угаадаг хэсэг байдаг юм. Уг нь жүжигчдэд 100 гр спирт өгч биеийг нь арчуулж байгаад зурганд оруулдаг. Тэгсэн ахмадууд маань спиртээ өөрсдөө уучихаад усаар биеийг нь арчаад оруулчихсан байх жишээтэй.

-“Их замын тоос” бол жолооч нарын амьдралыг харуулдаг сайхан уран бүтээл. Ер нь тэр үеийн кино бүтээл үзэгч олонд хамгийн их сэтгэгдэл үлдээсэн. Киноны үйл явдал, жүжигчдийн үг яриа цаанаа л наалдацтай байдаг?

-“Их замын тоос” кино яах аргагүй нийгмийн захиалгат бүтээл.Жолооч нарын 60 жилийн ойд зориулж гарсан кино шүү дээ. Жолооч нарын амьдрал ямар байдаг, ар гэртээ яагаад анхаарч чаддаггүй ажилладаг, бас салан палан нөхөд хэр их байдаг, зарим нь бүр ажлаа далимдуулаад юм гүйлгэдэг гээд л жолоочийн амьдралыг харуулдаг. Тэр үеийн уран бүтээлүүд чинь ахуйтайгаа их ойрхон байсан. Жишээ нь, ахмад алтан үеийн жүжигчид өөрсдөө малчин ахуй, монгол ахуйд ойрхон өссөн байдаг. Яриа хэллэг ч тэр чигээрээ л байж. Тийм учраас бидэнд өнөөдөр маш үнэтэй харагддаг, үргэлж үзмээр санагддаг нь тэр. Өнөөдрийн бид нар ахуйгаасаа их холдож байна. Их хотжиж байна. Морь унадаг хүн байна уу гэхэд “Унаж чадна” л гэнэ. Хөдөө очоод зураг авахаар оцгоноод, эмээл дээрээ суух суулт, шогшиж явахдаа, давхиж байхдаа яах ёстойг мэддэггүй. Эмээл хазаараа яаж барих вэ, хаанаас нь яаж мордох вэ, морины ааш аягийг яаж мэдэх талаар одоогийн залууст ойлголт алга. Ахуйгаасаа холдоод ирэхээр малчин залуугийн тухай кино хийх гэхээр л худлаа харагдаад байгаа юм. Тиймээс монгол ахуйг залууст багаас нь суулгах шаардлага харагддаг. Сонсох нь ээ, Японы арван жилийн сургуульд хүүхдүүдэд эхний гурван жилд япон хүн ямар байхыг заадаг гэсэн. Монголд ч гэсэн монгол хүн ямар байх ёстой, яаж сэтгэж байсныг, нүүдэлчдийн амьдрал ямар байсныг зааж сургаасай гэж боддог. Ганц урлагийн салбарт ч биш.

-“Эцсийн шийд”жүжгийн Богд хааны дүрийг тань үзэгчид сайн мэднэ. Та ч нэгэн ярилцлагадаа Богд хааны талаар кино уран бүтээл хийх мөрөөдөлтэй гэж ярьсан байдаг. Тэр хүсэл зорилгоо биелүүлж байна уу?

-Богд хааны хувьд би маш их бэлгэшээж явдаг дүр. “Эцсийн шийд” буюу Богд хаант Монгол Улс жүжиг дээр Нямын Цэгмид багш маань надад дүрээ өгсөн юм. Монголын жүжигчид дотроос дүр өвлөж байсан тохиолдол байдаггүй юм билээ. Тиймээс энэ дүрдээ би маш их хайртай. Богд хаан бол тухайн үедээ маш сайн уран бүтээл болсон. Ер нь тэр бүтээл дээрээс би маш их зүйлийг сурсан. Гантөмөр гуай, Дамдинсүрэн гуай нар ажиллаж байлаа шүү дээ, тэр бүтээл дээр. Тэд нараас би их юмсан. Багшийн дээдийг төгссөний дараа би тэр уран бүтээл дээр хоёр дахь сургуулиа төгсөх хэмжээний ур чадварыг авсан. Тэр өвгөчүүдээс их юм авсандаа өнөөдрийн би ингээд кинонд гологдохгүй яваад байгаа, миний тэр эгэл дүр бүтээгээд байгаа увдис тэндээс эхэлсэн болов уу гэж боддог.

-“Сэрүүн дуганы мөхөл” кино таны анхны уран бүтээл гэв үү?

-Бид оюутан байхдаа “Мандухай цэцэн хатан” кинонд проб өгч байсан юм. Түүхэн кинонд орчих гээд л. Оюутнууд учраас аваагүй, багш ч өгөхгүй байсан. Тэр үеийн багш нар “Оюутан байж кинонд явна гэсэн ойлголт байхгүй шүү, Батбаатар гуай. Та ч яахав оюутан болохоосоо өмнө гавьяат болчихсон хүн. “Их замын тоос” кинонд тоглочихсон мундаг гавьяат хүн” гээд л үгээр идээд байдаг. Харин төгсөөд Одончимэг бид хоёр “Сэрүүн дуганы мөхөл” кинонд, Золбоот, Энхтуул хоёр маань Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Бүлээн нурам” кинонд хуваагдаад гарч байсан. Оюутны ширээнээс гараад тоглосон анхны кино “Сэрүүн дуганы мөхөл”-дөө маш их хайртай. Дамчаа гуайн анхны найруулсан уран бүтээл нь. Ерөнхийдөө бүх уран бүтээлдээ, дүрдээ хайртай.

-Үзэгчид У.Батбаатар жүжигчний эгэл байдлыг ихээхэн онцолдог. “Би жүжигчин, гавьяат хүн” гээд л цээжээ дэлддэг, ихэрхдэг байдал таниас ер харагддаггүй. Бүр улам илүү даруу, эгэл юм шиг. Энэ багш нарын тань сургаалынх уу?

-Ер нь буурал багш нарын минь буян. Бид нарыг сургаж байсных. Тэднээс бидний авч үлдсэн сэтгэхүй энэ. Оюутан байхад бид чинь аль болох урд нь гарч юмаа хийчих гээд, хамгийн түрүүнд нүдэнд нь үзэгдчих гээд л, камер тавихаар ойрхон харагдах гэдэг хүсэлт залуу хүн хойно байна. Багш нар түүнийг харчихаад л “Ийм хүмүүс “Би”-гээр тоглоод эхэлдэг. Амьдрал дээр их онгироо болдог. Жаахан нэрд гараад ирэхээр намайг хүн мэддэг, би жүжигчин хүн, олны танил хүн” гээд л хүмүүстэй харвцах харьцаа нь өөр болдог. Тийм учраас “Чи тайзан дээр дүрдээ л хаан. Амьдралд бол чи зүгээр боол. Хэнийг ч чи хүндэлж дээдэлж явах ётсой” гэж багш нар маань захиж хэлдэг байсан. Тэрийг л тэр дундаас авч үлдсэн юм.

Тиймээс эцэг эхдээ их үнэнч байх ёстой. Зорьсон зүйлдээ үнэнч, хүний яриаг зөв сонсож, авахыг аваад хаяхыг хая гэдэг дээ. Тэгээд эгэл байх юм аяндаа амьдрал сайхнаар явчихдаг. Сайхан сэтгэл өөртөө байнга төрүүлж байх хэрэгтэй гэж боддог. Хүүхдүүддээ ч гэсэн иймэрхүү байдлаар л хэлдэг. Уран бүтээлч хүний зүгээс тийм зүйлийг үзүүлчих юмсан, тийм дүрд тоглочих юмсан гэж боддог. Оросын сайхан кинонууд бий шүү дээ. “Ийм нэгэн явдал”, “Хорин жилийн хойно”, “Москва нулимсанд дургүй” гээд сайхан кинонууд бий. Инээдтэй, драмтай, эмгэнэлтэй янз бүр байж болно. Тиймэрхүү уран бүтээл хийгдээсэй гэж боддог. Төр засгаас анхаараад ирвэл хийгдэх байх л даа. Ер нь кино урлаг, ялангуяа урлаг гэдэг төрийн захиалгат байх хэрэгтэй гэж боддог. Ерөөсөө хүний сэтгэлд баялаг бүтээдэг салбар бол урлаг шүү дээ.

-Сайхан багш нарынхаа талаар дурсахгүй юу. Урлагийн замд хөтөлсөн Доржсамбуу, Нямын Цэгмид гээд л мундаг хүмүүсийн гараар орсон биз та?

-Үнэхээр би Доржсамбуу багшийн ачаар л урлаг руу орсон. Яагаад гэхээр Багшийн дээдэд уран чадварын шалгалтад тэнцчихээд конкурс өгөхөд орос хэл дээрээ уначихсан. Тэгээд би сэтгэлээр унаад жүжигчин болох худлаа байдаг юм байна гээд сургуулиас гарч явтал Доржсамбуу багштай таарсан. Цаанаас өгсөн бурхны хишиг байсан байх. “Чи яасан” гээд багш асууж байна. “Уначихлаа” гээд толгойгоо гудайлгаад зөрөх гэтэл “Хөөш” гээд араас дуудаад “Нааш ир, намайг дагаад яв” гээд танхимд оруулаад “Чи үнэхээр урлагт дуртай юм бол хоёр жилийн дараа дахиад шалгалт өг. Хоёр жил Хүүхдийн театрт ажиллаж байгаад дахиад хүрээд ир. Болж байна уу” гэлээ. Би ч магнайгаа хагартлаа баярлаад “Тэгье л дээ багшаа” гээд бөөн баяр. Тэгээд Доржсамбуу багш Лхасүрэн найруулагчид зурвас бичиж өгөөд намайг явуулж билээ. Хүүхэд залуучуудын тетарт очиход Лхасүрэн найруулагч “Гэгээ” жүжгийг найруулж байсан. Намайг очсон өдөр жүжгийн олны хэсэгт тавиад л урлагийн салбарт хөл тавьж байсан даа. Тэр үед Доржсамбуу багшийн гэргий Цолмон эгч Хүүхэд залуучуудын театрыг тухайн үед нуруундаа үүрч явсан айхтар уран бүтээлч байлаа. Энэ дашрамд хэлэхэд Цолмон эгчийн гавьяаг төр засаг үнэлмээр санагддаг. Театрыг нуруундаа авч явдаг хэсэгхэн уран бүтээлчид байдаг. Тэр сайхан уран бүтээлчид төр засаг анхаараасай гэж боддог. Тэгж л Доржсамбуу багшийн ачаар Хүүхэд залуучуудын театрт орж, Лхасүрэн багшийн ачаар хоёр жил тэнд дагалдан жүжигчнээр ажилласан. Гавьяат жүжигчин Готов гуай, Жанчивдорж гуайн шавь нь байлаа. Хоёр жил ажиллачихаад Багшийн дээдэд шалгалт өгөхөөр буцаж ороход Жанчивдорж багшийгаа яг дуурайгаад сурчихсан байж билээ. “Ерөн баатрын хөшөө”-г уншдагаар нь уншдаг, гараа өргөдгөөр нь дууриаж өргөж ёсолдог болчихсон. Жигтэйхэн жүжигчин болчихлоо гээд шалгалтад явж ортол Доржсамбуу багш өөрөө авч байсан. Намайг хоёр жил болоод ир гэсэн болохоор номер нэгт нь бүртгүүлээд орсон. Бэлдсэн бүтээлээ уншаад сүрхий юм хийчихсэн хүн гарах гэтэл “Батбаатар аа, чи болохгүй юм байна. Чиний багш чинь хэн бэ” гэхэд “Жанчивдорж” гэтэл “Харин тийм байна. Яг л Жанчивдорж болчихсон байна. За за чи болохгүй юм байна миний хүү. Өөр амьдрал бодсон дээрээ байх аа” гэж байна. Тайзнаас бууж явтал араас дуудаж байна. “Чи нэг өөрийнхөөрөө уншаадах. Тэгээд нэг харъя” гэв. Би ч дотроо ойлгохгүй, уур ч хүрэх шиг. Тэгээд ямартаа ч сэтгэлдээ бодож байгаад гаргахад өөр л болдог юм билээ. Уншаад дуустал “Бид нар сая юу ярьсан бэ” гэж байна. Анзаараагүй гэдгээ хэлтэл “За гар гар” гээд л явууллаа. Анхаарал яаж төвлөрч байгааг шалгаж байсан нь тэр байж. Тэгээд яваад өгсөн. Маргааш өглөө нь хариугаа үзчихмээр санагдаад очоод хартал тэнцчихсэн байна. Тэгж л орсон доо. Доржсамбуу багш маань хоёр жил манай ангийг гардаж байгаад Драмын театрын уран сайхны удирдагчаар явчихсан. Тэнхимийн эрхлэгч Маамхүү багш, Сугар багш маань үргэлжлүүлж биднийг удирдсан. Дипломын ажлаа Мөнхдорж, бас нэг курсийн ажлаа Нямгаваа найруулагч дээр хийгээд бүх мундаг багш нарын ажиллагаануудыг бүгдийг нь үзчихсэн. Ийм ховорхон хувь заяаг хүртстэн дээ. Тэд нараас авч үлдсэн юм байдаг байлгүй дээ гэж боддог. Тийм ч учраас урлагийн бурхдууддаа үргэлж баярлаж явдаг. Багш гэдэг хүний амьдралыг заадаг даа.

-Сайхан ханийнхаа талаар ярихгүй юу. Хүү тань бас таны мэргэжлийг өвлөсөн шүү дээ?

-Манай гэр бүлийн хүн Эрдэнэчимэг гээд бүсгүй бий. Бид хоёр ханилаад 37 жил болж байна. Арван жилээ төгсөөд Хүүхдийн театрт ороод тэнд хоёулаа танилцсан. Тэндээсээ амьдрал үүсгээд дараа жил нь том хүү маань төрсөн. Одоо гурван хүүхэдтэй. Нэг хүү, хоёр охинтой. Ач зээ нийлээд 14-үүлээ болж байна. Сайхан том баг бүрдчихлээ.Мөчир салаа нь цааш салаалаад явах байх. Энэ ургамал мод маань улам сайхан цэцэглэсэн мөнхийн сайхан ургамал байх болов уу гэж боддог юм. Хань минь миний амьдралын уран бүтэлийг ойлгож, байнга зөвлөж шүүмжилж байдаг. Чи тэр хүүхэнтэй худлаа үнсэлцэж байна гэж хүртэл шүүмжилнэ шүү дээ. (инээв). Уран бүтээл дээр хамтдаа л амьдарч байна даа. Миний уран бүтээлийн цаана дандаа гэр бүл маань байдаг. Тэгэхээр би ханьдаа баярлаж явдаг.

Хүү маань ямар ч байсан жүжигчин болсон. Уг нь зураач болох болов уу гэсэн ч жүжигчний амьдралыг сонгосон. Овоо хэдэн жил олон ч уран бүтээл дээр ажиллачихлаа. Уран бүтээлийн төлөвшил нь ерөнхийдөө суусан. Урлагийнхан дотроо хүүг маань хамгийн даруухан нь гэх юм. Би ч “Чи арай даруухан байна” гэж хэлдэг шүү. Хүү маань цаашдаа олон сайхан бүтээл хийх байх. Аавынхаа хийгээгүйг хийх байх гэж найддаг юм. Хоёр охин маань хоёулаа хүүхэд гаргаад гэртээ байна. Нэг нь англи хэлний багш, нөгөө нь “Жигүүр гранд”-д ажилладаг даа.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *