Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагч эмэгтэй албан хаагчдаар Азид тэргүүлж байна

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй албан хаагчдын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендерийн үндэсний холбоо, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж байна. Чуулганд БХЯ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1300 гаруй мөрдэстэй бүсгүйчүүл оролцож байна.

Чуулга уулзалтад ЗХШТ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат эмэгтэй цэргийн албан хаагчид, хууль сахиулагчдын эрх зүйн байдал, нийгэмд эзлэх байр суурийн талаар илтгэл тавьж, чуулганд оролцож буй байгууллага бүрийн төлөөлөгч, эмэгтэй албан хаагчид үг хэлж үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар чуулганы үйл ажиллагаанд оролцож, цэргийн албанд тэсвэр, тэвчээр, хатуужил гарган, Монгол Улсынхаа төлөө зүтгэж буй эмэгтэй албан хаагчдад баярлаж талархаж буйгаа илэрхийлж баяр хүргэсэн юм. Тэд чуулганд оролцогч төлөөлөгчдийн хамт Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэлээ.

Өнөөдөр төрийн алба хааж буй эмэгтэй цэргийн албан хаагчдын 17 хувь нь зэвсэгт хүчинд, 9.8 хувь нь хилийн цэрэгт, 19 хувь нь онцгой байдлын албанд, 14 хувь нь цагдаагийн байгуулллагад, 28.6 хувь нь шүүхийн шийдвэр биелүүлэх албанд ажиллаж байна.

Цэрэг, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагуудад ажиллаж буй эмэгтэй албан хаагчдын тоо өсөн нэмэгдэж байгаа нь тэдний нийгмийн хамгааллыг тусгайлан авч үзэх шаардлагатай байгааг харуулж буйг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тавьсан илтгэлдээ онцолж байлаа. Үүнээс гадна манай эмэгтэй цэргийн албан хаагчид Энхийг дэмжин сахиулах олон улсын үйл ажиллагаанд амжилттай оролцож байна.

2006 оноос хойш манай улсын 645 эмэгтэй офицер, ахлагч нар НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицероор болон цэргийн багт үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь НҮБ-ын шугмаар ажиллаж буй дэлхийн 126 улс орноос нийт энхийг сахиулагчдын тоогоор 25, эмэгтэй цэргийн албан хаагчдын тоогоор 17, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаар манай улс Ази тивдээ тэргүүлж байна.

Манай улсын хамгийн анхны эмэгтэй энхийг сахиулагч бол ЗХЖШ-ын Энхийг дэмжих хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа Н.Нямжаргал юм. Тэрээр 2006 онд ахмад цолтой байхдаа НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эмэгтэй цэргийн алба хаагчдын зам мөрийг гаргаснаа чуулганы үеэр хэлж байлаа. Түүхэн бөгөөд хариуцлагатай нэр хүндтэй албанд нэг жил үүрэг гүйцэтгэжээ. Н.Нямжаргал анх 1995 онд Батлан хамгаалах Их сургуульд цэргийн радио холбооны инженерээр элсэн орж байснаас хойш 24 дэх жилдээ алба хааж байна.

Өнөөдөр болж буй мөрдөстэй бүсгүйчүүдийн анхдугаар чуулганы үеэр чуулганд оролцож буй төрийн байгууллагууд эмэгтэй албан хаагчдынхаа ажил үйлсийн түүхэн мөчүүд, гавьяа зүтгэлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн болон, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн гаргасан байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *