Categories
гадаад мэдээ

АНУ, Хятад худалдааны асуудлыг түр хойшлуулах уу?

Иран, Саудын Арабыг тойрсон элдэв асуудал өрнөж буй энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп АНУ, Хятадыг зөрчилдүүлээд буй худалдааны асуудлаар гэнэтийн мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байна. Тэрбээр “Ойрын нэг жилийн хугацаанд Хятадын талтай уг асуудлаар ахиц гарах нь бараг боломжгүй зүйл. Гэхдээ энэ нь муу мэдээ биш. Харин ч эсрэгээрээ сайн талтай” гэжээ.

Д.Трамп ерөнхийлөгчид нэр дэвшихээр кампанит ажлаа эхлүүлж байх үеэсээ л хоёр улсын хооронд худалдааны дайн зарлах талаараа нэг бус удаа хөндөж байсан. Учир нь Хятад улс АНУ-аас жилд хагас наяд ам.доллар хулгайлдаг гэж тэрээр мэдэгдэж байсан юм. Гэвч ачир дээрээ хоёр орны худалдааны тэнцвэрт бус байдал дээрхтэй харьцуулахад арай бага тоотой байгаа билээ.

Д.Трамп үүрэгт ажилдаа орсон даруйдаа худалдааны асуудлаар гэрээ байгуулж энэхүү зөрөөг улам танахаа мэдэгдсэн. Харин Хятадын хувьд өнгөн тал дээрээ гэрээ хийхээс цааргалахгүй байсан ч гэрээ хэлэлцээний явц нь удаашрах төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл, талууд гэрээгээ нэг сэргээж, нэг хэсэг тасалдуулж байсан нь саяхан. Хэдий тийм ч хоёр орны худалдааны эргэлт нэмэгдсээр байгаа гэнэ.

2018 оны эхээр Д.Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмнэ гэж мэдэгдсэн. Хятадын тал ч хариу мэдэгдэл хийхдээ хэмжээгээ багасгаж байв. Улмаар хоёр орны хооронд худалдааны дайн өрнөсөн нь дэлхийн зах зээлд хүндхэн цохилт болсон. Учир нь эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх хоёр гүрэн ийн зөрчилдсөн нь дотоодын төдийгүй дэлхийн зах зээлд ч халтай байх нь мэдээж.

Өнгөрсөн онд АНУ, Хятадын худалдааны эргэлт инерцээрээ өссөн үзүүлэлттэй ч таналт нь сүүлийн 10 жилд гараагүй амжилтыг үзүүлж, 323 тэрбум ам.долларт хүрсэн гэдэг. Харин он гарснаар бага зэрэг буурчээ. Эхний долоон сарын хугацаанд худалдааны эргэлт 13 гаруй хувиар унасан байна.

Хятадын тал мэдээж зарим нэг тал дээр буулт хийхэд бэлэн байсан. Гэхдээ Трампын шаардаж буй шиг хэмжээнд бус. Тиймээс шинэ гэрээ хэлэлцээ хийх асуудал мухардалд орсон. АНУ-ын төрийн тэргүүн Хятадад шахалт өгснөөр татвар ногдуулах бараа бүтээгдэхүүнээс өөр бараа бүтээгдэхүүнд ч татвар ногдуулах вий гэсэн айдас бас байв. Гэхдээ Трамп дээрх арга хэмжээг авснаар Хятадын тал ямар ч байсан өвдөг сөгдөхгүй гэдгийг маш сайн ойлгосон билээ.

Хятад-АНУ-ын хооронд худалдааны тэнцвэрт байдлыг бий болгох нь Трампын эдийн засгийн хөтөлбөрийнх нь чухал хэсгийн нэг болоод буй. Өнгөрсөн мягмар гаригт тэрээр мэдэгдэл хийхдээ “Хятадууд 2020 онд АНУ-д болох сонгуульд намайг ялагдахыг дотроо хүсч байгаа. Тиймээс гэрээ хэлэлцээг удаашруулж байна” гэжээ. Тэрээр цааш нь “Миний бодож байгаагаар гэрээ хэлэлцээ болох нь болно. Гэхдээ сонгуулийн өмнө, эсхүл сонгууль болж өндөрлөсний дараахь өдөр байх. Сонгуулийн дараа бол хатуу гэрээ байгуулагдах нь мэдээж. Би дахин сонгогдвол уг асуудалд хатуу байр суурьтай хандах болно” гэжээ.

Трамп дээрх мэдэгдлийг хийснээр нэг сумаар хоёр туулай буудах бололтой. Өөрөөр хэлбэл, гадаад болон дотоод бодлогоо ийн шийдвэрлэж буй нь энэ. Тэрбээр дэмжигчдэдээ хандан “Хэрэв Хятад шинэ гэрээг 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл байгуулж чадахгүй бол дараа нь бүх юм эсрэгээрээ эргэнэ. Америкчуудын эрх ашгийг өөрөөсөө ч илүү хамгаалах болно” гэж мэдэгдсэн.

Хятадын хувьд АНУ-тай гэрээ байгуулах хугацааг Трампын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болтол удаашруулах нь нэг талаас, өөрсдийнхөө нөхцөл байдлыг хөнгөлөх, нөгөө талаас хүссэн хүсээгүй түүнийг сонгуульд ялалт байгуулахад нь дэм болох талтай гэж үзэж байна. Ямартаа ч Д.Трамп хоёр улсын хоорондох худалдааны дайныг шийдвэрлэх асуудалд түр завсарлага авах бололтой.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *