Categories
мэдээ цаг-үе

Өмнийн говийн хүчтэнүүдийн магнай Гомбо-Аюушийн Дэмүүл

Хярын гурван алтгана гэж гоё нэртэй газар Дэмүүл арслан төрсөн байдаг. Тэр жил Долгорын Нямаа найрагчтай Дэл Хөнжлийнх нь уулсаар хамт явахад “Дэмүүл арслангийн төрсөн бууц энүүхэн зүүн тийш ойрхон бий” гэж байсан. Өмнийн говийн Манлай, Цогт-Овоо, Дундговийн Өлзийт залгаа учир Говь Шанхын хэц, Дэл Хөнжлийн уулс, Хярын гурван алтгана айлсах нь мэдээж. Хүчит арслангийн нутаг Манлай сумаар дайрч говийн ухаа ягаан уулсыг нь харж явсан байх юм. Хангай газрын хүү надад бодогдох байтугай халх даяар цуутай арслангийн тухай домог мэт яриа тасардаггүй. Олон чиг хүний сэтгэлд ойр байж, Монгол орны хаа ч гэсэн Өмнийн говийн энэ л хүчтэний тухай яригддаг нь сонин. Хуучны өвгөд, Монголын хүчит аварга, арслангууд Дэмүүлийгээ дурсаж байж сая нэг бах нь ханах шиг болдог.

Түүний шулуун шударга, эрмэг зоримог зан, хэнд ч үгээ хэлдэг эрсхэн чанар нь нөхдийнхөө сэтгэлд орших үнэ цэнийг хадгалдаг ч юм болов уу. “Дэнж нь хазайхгүй бол Дэмүүл хүү унахгүй ээ” гэж хориодхон насандаа хэлсэн энэ үг бөхийн ертөнцөд тарни мэт нэршиж үлджээ. Дундговь аймгийн наадамд барилдахаар очихдоо Шарын Доржтовуу гэж аатай бөхийн өмнөөс тэр үгийг хэлсэн байдаг. Доржтовуу нь алдарт Түвдэндорж аваргыг улсын наадмын зургаагийн даваанд унагаж байсан бөх л дөө. Аймгийнхаа наадамд ирж зодоглосон аатай залуу Дэмүүлийг их шөвгийн дөрөвт амласнаа дуулгажээ. Нэг муу үрээтэй морь барианы газар шогшуулж явахад нь Доржтовуу агсал сайхан хүлэгтэй дайрчих шахан дэргэдүүр нь гарахдаа амлаж авснаа гайхуулахад нь дургүй хүрээд дээрх үгийг хэлчихсэн байна. Уг түүхийг хүмүүс бараг л гадарлана. Хамгийн гол нь Дэмүүл хэлсэндээ хүрч түрүүлсэн байгаа юм. Арслангийн бөхийн гараа, олны дундах дуулиан шуугиан тэгж эхэлсэн байдаг.

Жаран нэгэн онд Ардын хувьсгалын 40 жилийн ойн Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадаар 28 бөхөөс 24 давж улсын заан цолыг шууд хүртжээ. Тэр жилийнхээ наадамд Архангайн Түзэлийн Зундуй заантай тунаж барилдаад өвдөг шороодсон байдаг. 1961-1973 оны хооронд амжилтынх нь оргил үе байсан юм. Энэ хугацаанд төрийн наадамд зодоглохдоо есөн удаа шөвгөрч МБАТ-ний спартакиадын цол чимэг олгодог барилдааныг оролцуулаад 11 удаа шөвгөрсөн бахдам амжилт үзүүлсэн. Жар, далаад он бол Хоёр Мөнх ид байсан, Дамдин аварга, Бээжин аварга, Цэрэн аварга ид байсан, мөн Батсуурь аварга хариагүй байсан үе. За тэгээд аваргын дайтай арслангууд гэгддэг Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Уламбаярын Мижиддорж, тэмээ өргөдөг Бямбын Жамъяндорж, Лувсанчимэдийн Сосорбарам, Жамбалын Хайдав, Пүрэвийн Дагвасүрэн нарын домогт хүчтэнүүд монгол бөхийн дэвжээнд нэгэн зэрэг төрж, ир бяраа үзэхэд тэдний дунд Дэмүүл арслан арал заан тодорч, арваннэгэн удаа шөвгөрсөн байх юм. Хамгийн онцгой жил бол төрт ёсны наадмын түрүү бөхөөр шалгарсан жаран есөн оны наадам. Өнөө домогт Хоёр Мөнхийн хасагддаг жил. Дэмүүл заан цолтой зодоглож “азарга” Лхагваа начингаар тав, Архангайн Далайн Жамц арслангаар зургаа, Эрдэнэ-Очир арслангаар долоо давж, их шөвөгт шалгараад наймын даваанд Дамдин аваргад амлуулсан. Үндсэндээ их шөвөгт Дамдин аварга, Мөөеө аварга, Баянаа аварга, Дэмүүл арслан энэ дөрөв үлдэж байгаа хэрэг. Монгол бөхийн магнай болсон гурван дархан аваргатай үлдсэн нь тэр. Тухайн наадамд Дэмүүлийн хувьд хамгийн хэцүү учраа мэдээж Эрдэнэ-Очир арслан. Долоогийн даваанд тэр хоёр тунасан. Хэн давсан нь Хоёр Мөнхийн нэгтэй түрүү үзүүрт хүрэх нь тодорхой байв. Эрдэнэ-Очир гуай Дэмүүлийнхээ уурыг барж, шарыг нь гозойлгож байж хаядаг тухайгаа ярьсан байдаг. Жараад оны сүүлд үед Эрдэнэ-Очир арсланг шороодуулах бөх ховор байсан юм билээ. Баянаа аваргыг хамгийн олон хаясан хүн нь Эрдэнэ-Очир гуайг гэдэг байх шүү.

Ийм л жил Дэмүүл нь Эрдэнэ-Очирыг давж, дараа нь Дамдин аваргыг давснаар арслан цолонд хүрсэн түүхтэй. “Хоёр Мөнх хасагдаад та түрүүлчихлээ. Мөн ч азтай хүн юм аа” гэж наадмын дараа нэг нь асуухад, тийм ээ би их азтай хүн. Гэхдээ хоёр цагийн турш хоорондоо үзэлцсэн хоёр Мөнхийн хэн нь ч миний гарыг нугалах тэнхэлгүй болсон байсан гэж бардам хариулсан байдаг. Ёстой л өөрийнх нь хэлснээр “Одоо л нэг боломж гарлаа. Олон жил махлуулж унаж байсны хувьд хэн давсныг нь баараггүй хаяна” хэмээн хорхой нь хүрч байсан нь үнэн. Улс төрийн хоёр Мөнхийг хасахад Дамдин аварга “Амжилт дээшлэх нь” гэж баярласан бол Дэмүүл гуай машид харамссан юм билээ. Тэр тухайгаа 1995 онд өнгөрөхөөсөө цөөхөн хоногийн өмнө соёлын гавьяат Сүрэнгийн Зэвсэгт ярьсан удаатай. Арслангийн аатай он жилүүдийг өөрөөр нь хэлүүлж түүхийн баримт болгон үлдээсэн нь Зэвсэг сэтгүүлчийн гавьяа мөн.

Сонин болгоход, жаран есөн оны наадмын өмнө Мөөеө аварга лам дээр очиж “Энэ жилийн наадмаар Баянмөнх бид хоёрын хэн нь түрүүлэх вэ” гэж асуусан тухай яриа хөөрөө бий. Өнөө лам нь Мөөеөгийн өөдөөс хараад “Та хоёрын хэн нь ч түрүүлэхгүй юм байна” гэхэд, Баянмөнх бид хоёроос өөр ямар аавын хүү төрийн наадамд түрүүлдэг юм. Чи юу ч мэддэггүй юм байна гэж уурласан гэдэг. Үнэндээ тааварлахын аргагүй сонин түүхтэй наадам болж алдарт хоёр Мөнх хасагдан Монголын говь нутгаас төрийн наадмын түрүү бөх анхлан тодорсон. Энэ л алтан хувь заяа Дэмүүл гуайд оногджээ. Харин дараа жил нь буюу 1970 оны наадмаар Мөөеө, Баянаа хоёр эзгүй байж тааран урьд жилийнх нь түрүү бөх шинэхэн арслан аварга цол бодож ирээд Дагвасүрэн арслангаар долоо даван их шөвөгт шалгараад Бээжин аваргын хөл суйлаанд уначихсан гэдэг.

Өвөг эцэг нь Өлзийтөөр нутагладаг Цоо жанжин гэж тайж хүн байжээ. Аав Гомбо-Аюуш нь бие томтой лагс бүдүүн хүн байсан тухай яригддаг. Тэгэхээр Дэмүүл гуай аавыгаа дуурайсан лагс бүдүүн, гэдэс томтой хүн байсан. Том гэдэстэй нь холбоотой яриа хөөрөө зөндөө л байдаг. Ямар сайндаа “Ийм том гүзээтэй байж та яаж барилддаг байна аа” хэмээн гайхаж асуусан нөхрийн саваагүй асуултад “Миний энэ гүзээ чинь тарган хонины мах, таанын айраг багтдаг гүзээ. Энэ биендээ тохирсон эзэн хүндээ заяасан эрхтэн. Та нарт ийм гүзээ байвал барилдах нь байтугай бааж ч чадахгүй” гэж хэлсэн тухай инээд наргиан сонсогддог. Өмнийн говиосоо хорин настайдаа хот орж ирсэн залуу Жаамаа хэмээх бөхийн засуулынд байж цагдаа хүртэл хийж явсан юм билээ. Тийн явахдаа анхныхаа ханьтай танилцжээ. Анхных нь хань Завхан нутгийн хүн байжээ. Говийн хүнтэй нийлж хоёр хүүхдийг нь төрүүлээд ханийгаа даган Өмнөговь явах гэхэд ээж нь “Том охиноо хүний хүн дагуулан алс говь руу би явуулахгүй” гэж хэлээд явуулаагүй гэдэг. Дэмүүл гуайн хамгийн том охин Соёлтой одоогоос арав гаруй жилийн тэртээ хөөрөлдөж суусан сан. Соёл эгч аавыгаа ёстой нэг элгээ өмөртөл санадаг нэгэн. Багадаа наадам болохыг, ялангуяа аавыгаа Өмнийн говиос барилдахаар ирэхийг нь хоног тоолон хүлээдэг байсан гэх.

“Манайх Сэлбийн гүүрний урд талд байхад аав охиноо санаад гээд холооос дуранддаг байсан гэсэн. Надад анхных нь хүүхэд болоод тэр үү амь шигээ хайртай. Наадмын өглөө аав минь нутгийнхаа бөхчүүдийг “ЗИЛ-130”-ынхаа тэвшин дээр ачаад барилдахаар ирнэ. Тэгээд дүүтэйгээ хуваагаад аваарай гээд даалингаасаа зуутын дэвсгэрт гаргаж өгнө. Аавтайгаа уулзсан тэр өдөр жинхэнэ аз жаргал гэгчийг амталдаг байсан. Наадам тарсны орой бөхийн засуул Жаамаа ахынд очиж аавынхаа өвөрт унтана. Том гүзээг нь тэврээд унтахад аавын хөлсний үнэр одоо бодоход ямар гоё санагддаг байв. Бэтгэртлээ санасан сэтгэл маань тэгж л дэвтэх шиг болдогсон” хэмээн уйлаад ярьж билээ. “Аав ирэхээрээ хол байдаг, их санадаг болоод ч тэр үү надад тэр үеийн үнэтэй гоё чихрийг хайрцаг хайрцгаар нь авч өгнө. Намайг байнга чихэртэй явдаг болохоор хүүхдүүд их найзалдаг байсан” гэх үгс нь ч нэг л дотно санагддаг юм. “Би одоо Цэнгэлдэх орж бөх үзэж чаддаггүй юм. Энэ л зүлэгт ногоон дэнжийг аав минь хотойтол дэвж, энэ хийморьлог дэвжээ аавыг минь алс говь нутгаас нь дуудан надтай уулзуулдаг байсан даа гэж бодоход эрхгүй хоёр нүдний нулимс асгараад ирдэг” гэж билээ.

Тэрээр аавыгаа нэг л удаа баярлуулсан гэж хэлсэн. Ерэн таван онд Улаанбаатар сонины нэрэмжит арслангуудын барилдааны үеэр тухайн үеийн бүхий л домогт арслангуудын хамт аавыгаа урьж нэгэн сайхан цайллага хийжээ. Соёл эгч гэр бүлийнхээ хүний хамт арслангуудын цайллагыг зохион байгуулсан аж. Түүнд аав нь ёстой нэг дэлгэр сайхан баярласан нь илт. “Би ийм охинтой, ийм хүүтэй хүн” гэж байн байн л хэлээд байжээ. “Радио Ганбаа” гэгддэг бөхийн нэрт тайлбарлагч соёлын гавьяат Агвааны Ганбаатар тэргүүтэй хүмүүс онгоцны буудалд дээр хүндэт арслангаа нутаг руу нь гаргаж өгчээ. Тэр жил Дэмүүл гуай жаран насандаа бурхан болсон юм. Өөрийгөө бугуйл сайн хаяж чадна, бөх барилдаж чадна, наймаа хийж чадна гэж хэлж, түүндээ хүрч амьдралаараа баталж ирсэн гэдэг.

Жаран зургааны их үерийн жилийн наадмаар Дэмүүл гуай Бадамсэрээжид арсланг гуйвж унатал нь алгадчихсан юм гэнэ лээ. Зургаагийн даваанд Дорнодын Түвшин гэж цэргийн залуу бөхийг амлаж барилдаад унагажээ. Тэгтэл бөхийн тайлбарлагч Бадамсэрээжид “Дэмүүл унасан” гээд зарлачихаж л дээ. Чухам юунаас болсон юм, ямар чиг л гэсэн Дэмүүлийг унасан гээд хэлчихсэн байна. Тэр жил Түвшин заан болсон л доо. Дэмүүл гуай тахимаа өгчихөөд шууд Бадамсэрээжид арслан дээр очиж “Чи хүнийг давсан байхад унасан гэж зарлалаа. Май үүнийг зарж ид” хэмээн гутлаа сарвайхад “Би хүний хуучин гутал зарж идэхдээ тулаагүй” гэхэд нь “Май тэгвэл үүнийг ав” гээд ахмад арсланг гуйвтал алгадчихаад яваад өгсөн гэдэг.

Маргааш нь Дэмүүлийн гомдлоор наадмын комисс хуралдахад “Би Өмнөговь аймгийн олон зуун мянган хөдөлмөрчдийг төлөөлж наадамдаа барилдаж байгаа нэг муу тостой жолооч. Та нар намайг унаагүй байхад унасан хэмээн луйвардлаа. Дахиад ингэх юм бол би зүгээр өнгөрөөхгүй шүү. Хойтон жилийн наадмаар хутга түрийлж ирнэ” гэж хэлсэн тухай ч яригддаг. Харин тэр жил Баянмөнх аварга зургаагийн даваанд амлахад нь хэрхэн шаралхаж аатай үг хэлснээ ярьсан байдаг.

“Өдий олон хүн дотроос намайг амлаад байхдаа яадаг юм бодоод Өвгөнхүү начин тэргүүтэй бөхчүүд шуудагныхаа зүүн талын уяаг чангалууллаа. Хуруу бүү хэл хумс орохгүй болтол нь чангалаарай. Туулын голын усыг цалгилтал бяр гаргана даа гээд хэлчихсэн нь тэр л дээ. Баянмөнх миний шуудагны зүүн талаас барьвал ганцхан сэжээд хаячихна. Баруун талаас барьвал би дагуулаад гуядчихна” хэмээн өгүүлсэн байдаг.

Ёстой л Туулын усыг цалгилтал аатай барилдаж явсан хүчит арслангийн энэ мэт олон дурсамж дурдатгалыг өгүүлээд барахгүй. Өмнөговь аймгийн төвд ч, төрсөн суманд ч арслангийн хөшөө босч, бараг л жил бүхэн нэрэмжит барилдаан нь болж өмнийн говийн ард түмэн домогт арслангаа хүндэтгэн дурссаар байна. Нутгийнхаа Ламаажав, Пүрэв, Манлайжав, Санжаа, Норов гээд олон бөхчүүдээ дагуулан Төв цэнгэлдэхийн баруун урд хаалгаар халхайтал сүр бараатай орж ирдэг, тугийн мандлын өмнө дэвж шавчихаад Цэнгэлдэхийн урд зүг рүү хамгийн түрүүнд гүзээгээ унжуулан гүйж олныг баясгадаг тэрээр яалт ч үгүй монгол наадмын чимэг байлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *