Categories
гадаад мэдээ

Индонезийн эмэгтэйчүүдийн гэрлэх доод насыг хуульчилжээ

Индонезийн одоогийн хууль тогтоомжид зааснаар охидыг 16 настайгаас, хөвгүүдийг 19 настайгаас гэрлэхийг зөвшөөрдөг байна. Тэгвэл тус улсын парламент насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг бууруулах зорилгоор эмэгтэйчүүдийн гэрлэх доод насыг 19 болгон нэмэгдүүлжээ. Индонезийн Төлөөлөгчдийн танхимын цахим хуудаст дурдсанаар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэрлэлтийн тухай хуулийг шинэчлэн найруулах талаар санал нэгдсэнийг онцолсон байна. Индонез улс нь насанд хүрээгүй сүйт бүсгүйн тоогоор дэлхийд наймдугаарт бичигддэг байна. Энэ талаар “Girls Not Brides” байгууллагаас мэдээлжээ. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн гаргасан тайланд Индонезид охидын 14 хувь нь 18 наснаасаа өмнө, нэг хувь нь 15 наснаасаа өмнө гэрлэдэг гэжээ. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь ядуурал, нийгмийн дэг журам, ёс заншил, шашны номлол аж. “Girls Not Brides”-ийн Гүйцэтгэх захирал Рейчел Йейтс “CNN”-д өгсөн ярилцлагадаа “Индонезийн парламентын шийдвэр нь охид, хөвгүүдийн амьдралд адил боломж олгохыг хүлээн зөвшөөрөх эерэг алхам болж байна” гэв.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *