Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Автозамчдын 30 дугаар байр, “Монполимент” группийн байранд энэ сарын 10-нд гал гарсан билээ. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар гагнуур хийсэн иргэд алдсаныг тогтоогоод байгаа юм байна. Энэ талаар тодруулгыг ОБЕГ-аас авах гэсэн ч тайлбар өгөхөөс эрс татгалзсан юм. Бид “Монполимент” группийн хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.
-Галын шалтгааныг танай байгууллагаас яаж харж байна вэ?
-Манай оффист туслах лифт барьж байгаа юм. Гүйцэтгэгч компанийн хоёр ажилтан гадна талын фасадны угсралт хийхдээ гагнуур хийсэн юм билээ. Гагнуур хийх явцдаа л гал алдчихсан юм байна гэж ойлголоо. Бууж ирэхэд нь ч асуухад “Бид хоёр гагнуур хийж байгаад гал алдчихлаа” гэж хэлж байсан. Гүйцэтгэгч компанийн хариуцлагаас шалтгаалж гал гарлаа гэж харж байна.
-Гагнуур хийж байсан ажилчид түлэгдсэн үү. Гал гарах үед барилгад хэдэн хүн байсан бэ?
-Хоёр засварчин аюулгүйн олсоор бууж ирсэн. Нэгнийх нь хувцас түлэгдсэн байна лээ. Бусдаар бол эрүүл мэнд нь хэвийн байна. Энэ барилгад 1000 гаруй хүн ажилладаг. Бүгд л оффистоо байсан байх. Галын дохиоллын систем ажиллах үед тог цахилгаан бүрэн унтардаг. Ажлын байран дээрээ байсан иргэд урсдаг шатаар бүгд амжиж гарсан. Цөөн хэдэн хүн угаартсаныг түргэний тэрэг ирээд авч явсан. Хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй.
-Гал оффисын дотогш нэвтэрсэн үү. Энэ барилгыг ямар материалаар хийж гүйцэтгэсэн бэ?
-Барилгын гадна фасаднаас эхэлж гал гарсан байх магадлалтай талаар би яриандаа дурдсан. Гал оффисын дотор тал руу ороогүй. Их хэмжээний утаа орж ирсэн гэх мэдээлэл байгаа. Барилгын материалын тухайд чанартай, шаардлага хангасан учраас гал дотогшоо орсонгүй бага хохирол амслаа гэж ойлгож байгаа.
-Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид дуудлага өгснөөс хойш хэдэн минутын дараа ирсэн бэ?
-Гал команд дуудлага өгснөөс хойш гурваас дөрвөн минутын дараа л ирсэн. Ийм олон хүн ажилладаг оффистой газар галын аюулгүй байдлыг хангасан гарцтай байх ёстой. Бидэнд нийслэлээс төлөвлөж олгосон гарц байдаг ч ашиглаж чадахгүй байна. Хажуу талын барилга хашаа татаад хогийн бункерээ тавьчихсан байна. Үүний цаана галын хор цэнэглэх худаг байгаа. Галын осол аюул тулгарсан үед үүнийг ашиглаж чадсангүй. Гал газар авч оффис бүхлээрээ галд автсан бол учрах хохирлыг тооцоолох аргагүй. Гал командын машин барилгын урд талаар тойрч нэгээс хоёр минутын хугацаа алдсан байх. Энэ барилгын гарц чөлөөтэй байсан бол галыг бага дээр нь дарах боломжтой байсан байх. Учирсан хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагын хүмүүс гаргах байх.
-16 давхарт үйл ажиллагаа явуулдаг ресторанаас гал гарсан гэх хүмүүс байна. 16 дугаар давхарт ямар байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Үгүй. Гадна фасадын засварын ажил явуулж байсан компанийн хариуцлагатай холбоотой асуудлаас шалтгаалж гал алдлаа. Гагнуурчид ч “Гал алдчихлаа” гэж хэлж байсан. Галын шалтгааныг Онцгой байдлын ерөнхий газраас тодруулах гэсэн ч тайлбар хийсэнгүй. “Монполимент” группийн байр суурийг тодруулахад гадна фасадны ажил гүйцэтгэж байсан компанийн ажилчид гал алдсан байж болзошгүй гэх тайлбарыг хэлж байна.
О.ДАШ