Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яамны “Нээлттэй өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд боллоо. Эрүүл мэндийн салбарын хамт олон улс, үндэстний үнэт баялаг болсон ард иргэддээ эрүүл мэндийг хамгаалах гол хүч болох эрүүл мэндийн салбарт хийгдсэн нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулцсан юм.
2017, 2018 онуудад нийт 18 эрүүл мэндийн байгууллагын барилгыг шинээр барьж дуусган, ашиглалтад оруулаад байна. 2019 онд 30 эрүүл мэндийн байгууллагын барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Мөн эрүүл мэндийн салбарт олон жил хүлээгдэж, царцаагдсан бүтээн байгуулалт, үйл ажиллагаа нь зогсонги байдалд хүрсэн төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой болгоход онцгой анхаарч байна. Өнөөдрийн өдөрлөгт 5 эрүүл мэндийн байгууллагын макетыг олон нийтэд дэлгэн үзүүллээ.
Өдөрлөгт ирсэн иргэдэд Магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалтын талаарх мэдээлэл, Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоонууд, Сэтгэцийн эрүүл мэнд, Арьс, гоо засал, харшлын эмгэг, осол гэмтлийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, Эх, хүүхдийн эрүүл мэнд зэрэг эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажиллалаа.
ЭМДЕГ-ын эмч, мэргэжилтнүүд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл хүргэж, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн үйлчилгээг үзүүлэв. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад ирүүлсэн иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбар 2019 онд “Инээмсэглэл– Эерэг хандлага” уриаг дэвшүүлэн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгийн ажилтны ёс зүйг чандлан сахиж, “Эмнэлгийн ажилтан – үйлчлүүлэгч – ар гэр” гэсэн 3 талт харилцааг дээдэлж, бие, биедээ хүндэтгэлтэй хандан ажиллаж байна.