Categories
мэдээ нийгэм

Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчин, дур мэдэн барилга байгууламжийн хийц бүтээцийг өөрчлөх, аврах зам гарцыг хаах зэрэг зөрчил гаргаж байгаа нь урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг шуурхай унтраахад хүндрэл учирч, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдалд хүргэж байна.

Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга байгууламж ашиглахыг хориглоно гэж хуульчилсан.

Барилга байгууламжийг барих ажлыг гүйцэтгэхдээ хууль, тогтоомжоос гадна “Өндөр барилгын төлөвлөлт” /Барилгын норм ба дүрэм БНбД 31-17-10/, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал /БНбД 21-01-02/, “Барилгын зураг төсөл зохиох галын аюулгүйн норм” /БНбД 21-02-02/ болон бусад галын аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм, нормативын баримт бичгийн холбогдох заалтуудыг дагаж мөрдөх ёстой.

Түүнчлэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14-д зааснаар Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хариуцлагын арга хэмжээ оногдуулдаг тул аж ахуй нэгж, хуулийн этгээд, иргэд Монгол Улсын хууль, тогтоомж, галын аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм, нормативын шаардлагыг хангаж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *