Жүдо бөхийн ДАШТ Японы Осака хотод наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 01-ний хооронд болсон бөгөөд үүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй бөхчүүд оролцсон билээ.
Уг тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг л хүрэл медаль хүртсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдыг хариуцлага хүлээн, ажлаа хүлээлгэн өгөхийг шаарджээ.Үүний дагуу Монголын жүдо бөхийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өглөө. Тэд энэ тухайгаа удахгүй албан ёсоор мэдэгдэх аж.
Монголын жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ардын багш, Хөдөлмөрийн баатар Одвогийн Балжинням, туслах дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од , ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, япон дасгалжуулагч Торий Томоо нар ажилладаг юм.