Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайхан мэдээ

Энэхүү фельетон нь меламин агуулаагүй, бодит баримт нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй, консервант нэмээгүй, хүний эрүүл мэндэд хоргүй, бас ашиггүй….УМХГ-ын байцаагчийн тодорхойлолтоос

Муу мэдээнд дурладаг улсыг бүр гайхах юм. Хүүхдийн эндэгдэл, бурхан болоочийн эзлэх хувь зэргийг тоолж улсынхаа эзлэх байрыг ухраах хэрэг хэнд байна аа. Баримтыг өөрчлөхгүйгээр өөр өнцгөөс нь тоолбол хамаагүй сайхан мэдээ гарна шүү дээ. Ухаандаа “Өнгөрөгч онд манай орны 2,600.000 иргэн нас бараагүй” сайхан статистик байж л байна.

Мөнгөний ханшийг очиж очиж өнгөрсөн оны мөн үетэй ухрааж харьцуулан олон түмний сэтгэлийг булингартуулах хэрэг алга. Түүний оронд монгол төгрөгний ханш ирэх оныхтой харьцуулахад 50 хувиар чангарсан баярлууштай баримт бэлэн байхад.

Ер нь өнөөгийн бидэнд зориулж хэлсэн болуу гэмээр “Өнгөрснөө ярьдаг ард түмэн хоцрогдож ирээдүйгээ харсан улс хөгждөг” гэсэн эртний Грегийн мэргэн үг ч бий.

Манайхан бензиний үнэ өсч байна хэмээн бухимдахын оронд “Хойтонгийн өдий үеийг бодоход шатах тослох материалын үнэ 80 хувиар хямд” байгаад баясч яагаад болохгүй билээ?

Манайх ардчиллын жишгээр дэлхийд тэргүүлэх боломжгүй гэдгийг бодолцоод нийт ардчиллын төлөө тэмцэгчдээ хүн амдаа хуваагаад үзэх гэсэн чинь… урдаа тэгтэй бутархай тоо гараад болдоггүй ээ. Тэгвэл нэг шударга ёсонд ногдох шударга ёсны төлөө тэмцэгчийнхээ тоог гаргаад ирэхээр тэргүүлэх эгнээнд шууд орчихож болж байна.

Гэмт хэргийн салбар их онцлогтой. Дандаа буурсан үзүүлэлт чухал байдаг. Гэхдээ энэ салбарын тоо бүртгэлийг сайхан байлгах арга бас бий юм аа. Хулгай хийсэн хүний тоо өсч байгаа сөрөг үзүүлэлтийн оронд “хулгай хийдэггүй хүний тоо эрчимтэй буурч буй” статистикийг ашиглаж яагаад болохгүй гэж.

Муу мэдээг сайхан болгоод зогсохгүй, сайн мэдээг ч улам гоё болгох учиртай. Манай тамирчид олимпоос хоёр алт, хоёр мөнгөн медаль авлаа. Бид ч баярлаад л бие биедээ яриад байлаа. Тэгсэн чинь саяхан нэг хүнд “ Манайх хоёр алт олимпоос аваад. Мөн сайхнаа” гэтэл урдаас “тэгээд яачихаав” гэдэг байгаа. Энэ бол бид мэдээг улам сайжруулах тал дээр цаг алдсаны жишээ л дээ. Хоёр алт, хоёр мөнгөн медалиа АНУ, Хятадтай харьцуулаад авч үзвэл манай улс их хойгуур орж байна. Гэвч үлийн цагаан оготно тутамдаа харьцуулаад үзэхээр дэлхийд гуравт, цианиднатрит хордсон талбайдаа хуваагаад үзэхээр бидний урдуур гишгэх амьтан гарахгүй байгаа юм. Хувцсаа угааж өмсөж байж гоё харагддаг шиг мэдээг цаг тутам, минут тутам сайжруулж байж сонсголтой яруу, сэтгэл хөдлөм байдлаа хадгалдаг номтой.

Ер нь юмыг өөрийг нь сайжруулахын оронд холбогдох мэдээллийг сайжруулдаг арга нэн эртнээс улбаатай. Эдийн засагчид эрт дээр үеэс үүнийг нээгээд ард түмнээ жаргуулахад хэрэглэж ирсэн юм. Тэд “нэг хүнд ноогдох хүнс”-ний хэмжээ багасаад ирвэл “нэг хүнсэнд ноогдож байгаа хүн”-ий тоо өссөн гэдэг мэдээ тайлан гаргадаг, малынх нь тоо цөөрөөд ирэхээр толгойных нь оронд хөлийг нь тоолоод олон болгочихдог байж. Үнэн хэрэгтээ сайн, муу юм гэж байдаггүй харин сайнаар ба муугаар мэдээлэгдсэн юм л байдаг гэдээг. “Сүүнд хор байжээ” гэсэн өгүүлбэрийг “Хоронд сүү байжээ” болгож өөрчлөөд нэг унш даа, бараг л сайн мэдээ болчихож гэм.

Ер нь социализмын хүнд бэрх жилүүдийг манай ард түмэн “сайхан мэдээ”-ний хүчээр давсан юм шүү. “Ам нээвэл микрофоноо нээ” гэж өвөг дээдэс сургасан тул социалист, капиталист хоёр системийн хүнээ жаргаах аргачлалын ялгааг хэлээд өгчихье. Нарийндаа бол хүн л өөрийгөө жаргаана уу гэхээс хүнийг очиж жаргаадаг төр, нийгэм гэж байгаагүй юм л даа, гэхдээ яахав. Социализм бол “ард түмэн ирээдүйд ингэж жаргана, тэгж цэнгэнэ” гэж ухуулж жаргаадаг. Харин капитализм бол “ирээдүйтэй харьцуулахад чи ийм жаргалтай, тийм цэнгэлтэй байна” гэж ойлгуулдаг. Нэг хэсэг нь “жаргах юм байна”, нөгөө нь “жаргаж байгаа юм байна” гэж тус тус бодуулдаг ийм л онцлогтой.

Та нар аягүй сироозны юм ярьж байхад инээх гээд байх юм. Мэдээг сайхан болгох аргачлал хүн төрөлхтний амьдралыг гэрэл гэгээтэй болгож ирсэн түүхтэй юм шүү. Наад захын жишээ хэлэхэд бид чинь “Миний амьдрах хугацаа төдөн жилээр хорогдлоо” гэж тоолдоггүй, “амьдарсан жил минь төдөөр нэмэгдлээ” гэж тооцох аргачлалаар явдагтаа л жаргалтай байдаг аа. Ямрав даа, жанжин минь.

2009.11.17

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *