-ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛИЙНХАА АМИН СҮНС БОЛСОН ПАРЛАМЕНТЫН ТОГТОЛЦООНООС ТАТГАЛЗЪЯ ГЭЖ БАЙГАА НЬ ТАНГАРГААСАА НЯЦСАН НОЦТОЙ ҮЙЛДЭЛ МӨН-
МУИС, Хууль зүйн сургуулийн профессор, доктор, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийн гишүүн О.Мөнхсайхантай ярилцлаа.
-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс төслөө татаж авлаа. Энэ нь ямар үр дагавартай шийдвэр вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.4-т зааснаар УИХын чуулганаар урьдчилж тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр үзэл баримтлалтай төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох бөгөөд бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно гэж заасан. УИХын 62 гишүүн өргөн мэдүүлж, нэгдүгээр хэлэлцүүлэг хийсэн төсөл бол урьдчилан тогтсон ганц төсөл. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлийн төсөл, саналыг наадмын дараа өргөн мэдүүлсэн ч УИХ Ерөнхийлөгчийн уг төслийг хэлэлцээгүй, харин дээрх хуулийн заалтын дагуу саналын түвшинд харгалзаж хэлэлцээд явсан. 62 гишүүний төслийг хэлэлцэх явцад Ерөнхийлөгч төслийг саналын түвшинд харгалзан үзсэн. Тиймээс Ерөнхийлөгч төслөө татаж авсан ч энэ нь УИХаас хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжсэн төсөлд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.
-Ерөнхийлөгч төсөл, саналаа татсан шалтгаан нь УИХ-ын гишүүдийн төсөлд тусгаж өөрчлөөгүйтэй холбоотой гэж байна.
-Ерөнхийлөгчийн хувьд УИХын хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжсэн энэ төслийг дорвитой өөрчлөлт болсонгүй гэж үзсэн учир төслөө татаж авлаа гэх зүйлийг хэлчих шиг боллоо. Гэтэл, өнгөрсөн сар хагасын хугацаанд Ерөнхийлөгчөөс гаргасан санал, төслийг тусгах Зөвшилцлийн ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулан байгуулсан. Ерөнхийлөгчийн төсөл, саналаас маш их зүйлсийг 62 гишүүний төсөлд тусгасан. Тухайлбал, байгалийн баялгийг ашиглах зарчим, энэ дотроо байгалийн баялгийг төрийн нийтийн өмч гэж заах, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх агуулгатай ард нийтийн санал асуулга явуулахыг хориглох, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүний хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоох, нам байгуулах гишүүдийн доод хэмжээг тогоох, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, хотын статусыг тодотгох зэрэг саналыг төсөлд тусгасан байна. Мөн Ерөнхийлөгч 62 гишүүний төслийн шүүхтэй холбоотой бүх заалтыг хасах санал гаргаад, бас энэ чиглэлээр хоёр заалттай төсөл өргөн барьсан. Үүнээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг заах, Шүүхийн сахилгын хороог бие даалган байгуулж, шүүгчийн хариуцлага, олон нийтийн итгэх итгэлийг дээшлүүлэх, шүүхийн тойргийн журмаар байгуулах гэсэн гурван заалтыг Зөвшилцлийн ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХын чуулган дэмжсэн. Энэ гурван заалтын талаар ЕТГын дарга З.Энхболд “Боломжийн дундын хувилбар. Монгол Улсын Ерөнхийлөгч ерөнхийд нь зөвшөөрч байгаа. Шүүхийн маш чухал шинэчлэл болно. Үүнийг аль болох хурдан хэрэгжүүл” гэж УИХын нэгдсэн болон байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн. Томоор харах юм бол Ерөнхийлөгчийн саналууд маш их тусгагдсан.
-Гишүүдийн тоог нэмэх, бүрэн эрхийн хугацааг сунгах гэх зэргээр саналуудаа илэрхийлсэн ч тусгагдаагүй гэж байна л даа.
-ЕТГ-ын даргын зүгээс УИХын гишүүдийн тоог 108, УИХын болон ИТХын бүрэн эрхийн хугацааг таван жил болгосонгүй, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд заасангүй гэж хэлж байна. Хамгийн гол нь эдгээр саналыг иргэдийн дийлэнх дэмжихгүй байгаа. УИХ-ын гишүүд эдгээр саналыг дэмжиж, төсөлд тусгагдаагүй нь иргэдийнхээ санаа бодлыг харгалзсан хэрэг. Мөн Ерөнхийлөгч давхар дээлийг тайлсангүй гэж байна. Гэтэл УИХаас дэмжсэн төслөөр бүрэн зогсоож давхар дээлийг бараг тайлсан. Зөвхөн Ерөнхий сайд, дөрөв хүртэлх Засгийн газрын гишүүн УИХын гишүүн байж болохоор тусгасан. Түүнчлэн, УИХаас сая дэмжсэн төслөөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч УИХруу оруулахыг үүрэг болгосон заалтыг тодорхой болгосон. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуулиа л Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болсон. УИХаас томилогдсон Ерөнхий сайд нь өөрөө бие даагаад УИХруу Засгийн газрын гишүүдийн нэрсээ оруулъя гэж байгаа нь кабинетын зарчмыг хангах чухал алхам боллоо.
Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрыг тогтвортой байлгах заалт оруулсангүй гэсэн. Энэ бол ор үндэсгүй зүйл. Одоогийн Үндсэн хуулиар Засгийн газрын огцруулах дөрвөн төрлийн боломж байдаг. Түүнийг нэг болгон цөөлсөн. УИХ-аас сая дэмжсэн төслөөр УИХ-ын 1/4-ээс доошгүй гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг санаачилсан бол гурав хоногийн дараа арав хоногийн дотор хэлэлцэж, УИХ-ын нийт гишүүний олонхоор шийдвэрлэхээр зааж байна. Ерөнхий сайдыг огцруулсан бол 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой гэсэн заалт орсон. Хэрэв энэ хугацаанд Ерөнхий сайдаа томилж чадаагүй бол УИХ өөрөө тарах юм. Энэ батлагдсанаараа Засгийн газрыг тогтвортой болгох чухал ач холбогдолтой. Парламентын болон хагас Ерөнхийлөгчийн тогтолцоотой улсын дийлэнхэд нийт гишүүний буюу туйлын олонхоор Ерөнхий сайдыг огцруулдаг. Жишээлбэл, Швед, Португаль, Бельги, Эстон, Литва зэрэг улсад ийм чухал зохицуулалт байна.
-Ерөнхийлөгчийн зүгээс засаглалын хэлбэрийг ард түмнээс асуух хэрэгтэй гэж байна. Хуулийн хүрээнд боломжтой юу?
-Ийм асуултыг ард нийтийн санал асуулга руу оруулах боломжгүй. Үндсэн хуулийн болон бусад хуулийн үндэслэлийг хэлье. 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал нь парламентын тогтолцоо. Парламентын тогтолцоог өөрчлөх буюу үүнээсээ татгалзах эсэх асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт биш, харин шинэ Үндсэн хуулийн асуудал. Парламентын тогтолцоог өөрчлөх агуулгатай Ард нийтийн санал асуулга явуулахыг Үндсэн хууль зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль өөрөө өөрийгөө устгах асуудлыг санаачилж хийхийг Ерөнхийлөгчид ч, УИХ-д ч зөвшөөрөөгүй хэрэг. Үндсэн хуулийн 68.2-т зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар л Ард нийтийн санал асуулга явуулж болохоор заасан. Мөн, Үндсэн хуулийн 32.2-т заасны дагуу “Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж энэ Ерөнхийлөгч тангараг өргөсөн атлаа уг Үндсэн хуулийнхаа амин сүнс болсон парламентын тогтолцооноос татгалзъя гэж байгаа нь тангаргаасаа няцсан ноцтой үйлдэл мөн. 2018 оны намрын чуулганы нээлтэд бас ийм зүйл хэлсэн, өнөөдөр үүнийгээ бодит үйлдэл болгож байгаа нь төрийн тэргүүн буюу үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд байж болохгүй алхам.
Үүний зэрэгцээ, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хууль гэсэн гурван хуулиар Ард нийтийн санал асуулгыг явуулдаг. Үндсэн хуулийн асуудлаарх Ард нийтийн санал асуулгыг зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулиар л явуулна. Парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэсэн асуулт асуух Ерөнхийлөгчийн санаачилга нь уг журмын хуулийг процедурын болон агуулгын талаас нь ноцтой зөрчиж байгаа юм. Процедур талаасаа гэвэл Засаглалын хэлбэрийг асуух төслийн талаар иргэдийн санаа бодлыг огт сонсоогүй, судалгаа хийгээгүй, хэлэлцүүлээгүй, холбогдох байгууллагаас санал аваагүй зэргээс үзэхэд уг тогтоолын төсөл нь төслийг боловсруулахад тавих журмын хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийж, УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас дээш дэмжлэг авч байж Ард нийтийн санал асуулга явах боломж бүрдэнэ. Засаглалын хэлбэрийн асуудлаар ийм процесс огт хийгдэхгүй тул Ард нийтийн санал асуулга руу шууд орно гэж байхгүй. Нөгөө талаар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдэх, эсвэл Үндсэн хуулийн 35-аас илүү хувийг өөрчлөх агуулгатай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах, эсхүл Ард нийтийн санал асуулга руу оруулахыг хориглочихсон. Тэгэхээр засаглалын хэлбэрийг өөрчилнө гэдэг нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдэж байгаа учраас үүгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй. Дээрээс нь энэ нь шинэ Үндсэн хуулийн асуудал учраас Үндсэн хуулийн нийт зүйлийн 35 хувиас хэтэрч, агуулгын хувьд хориглогдож байгаа юм. Тэгэхэээр өнөөгийн хууль тогтоомжийн хүрээнд парламентын засаглалаас татгалзах асуудлаар Ард нийтийн санал асуулгаар явуулах хориотой. Ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулж болно. Гэхдээ энэ нь саяын журмын хуулийн дагуу л явна. Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг дангаар нь бариад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярьж болохгүй.
-Парламентын засаглалаасаа татгалзах нь зөв үү?
-Парламентын засаглалаас татгалзах ямар ч үндэслэл, судалгаа байхгүй. Парламентын засаглал бол манай улсын аюулгүй байдлын баталгаа. Ерөнхийлөгчийн засаглалтай болвол Ерөнхийлөгч гэсэн нэг субьект Монгол Улсын хувь заяаг шийдвэрлэх хэтэрхий том эрх мэдэлтэй болно, иргэд хянаж чадахгүй байдал руу орох өндөр эрсдэлтэй. Тэр хүчтэй Ерөнхийлөгчийг гадны нэг улс эсвэл эдийн засгийн ашиг сонирхолтой нэгэн зүй бусаар нөлөөлөх юм бол Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халтай. Ийм л шалтгаанаар 1992 оны Үндсэн хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн засаглалаас татгалзсан байдаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй буюу Монгол Улсын хувь заяаны асуудлыг парламентаараа ил тод хэлэлцэж, олонхоорооо шийдэж байя, энэ нь аюулгүй байдлын баталгаа юм гэдэг үзэл баримтлал зөв байсан нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд харагдлаа. Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах олон асуудал парламентаар хэлэлцэгдээд саармагжиж байсан жишээг хэлж болно. Дээрээс нь парламентын тогтолцоо өөрөө ардчилалын баталгаа. Ардчилал урт хугацаанд хэрэгжсэн 20 гаруйхан улс байдаг. Үүнээс ганцхан АНУ л Ерөнхийлөгчийн засаглалтай. АНУ нь Британиас өвлөн авсан хараат бус шүүх, хүчтэй парламенттай төдийгүй холбоо мужийн түвшинд эрх мэдлийг хатуу заагласан, энэ нь бусад улсад байхгүй ихээхэн өвөрмөц нөхцөлтэй учраас энэ засаглал ажиллаж байгаа гэдэг. Бусад буюу урт хугацаандаа ардчилсан дэглэмтэй улсууд парламентын тогтолцоотой юм. Парламентын тогтолцоо нь ардчиллыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй төдийгүй эдийн засаг, хүний эрхийг хамгаалахад маш чухал үр нөлөөтэй гэдгийг олон судалгаанаас харж болно. Тодруулбал, эдийн засгийн хувьд өндөр хөгжсөн, хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан, авлигалыг маш сайн бууруулсан, хамгийн ардчилсан эхний 30 улсыг аваад үзэхэд гуравны хоёроос илүү нь парламентын тогтолцоотой байгаа. Иймд бид парламентын засаглалаа бэхжүүлж, төлөвшүүлж, үүнийхээ үр шимийг хүртэх ёстой. Түүнээс бүх зүйлийг шинээр эхлэх шаардлагагүй.
-Ардчилсан намын зүгээс ч өөрсдийн саналаа татсан гэдгээ илэрхийлсэн. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ардчилсан намын санал гэж байхгүй. Харин Д.Эрдэнэбат гишүүн АН-ын зөвлөлөө төлөөлөөд саналаа өгсөн. Тэндээс цөөнгүй саналууд тусгагдсан. Жишээ нь, газрын хэвлийн баялгийн орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлж, татварын хувь хэмжээг тогтоохтой холбоотой саналуудыг АН-аас авч, төсөлд тусгасан. Мөн УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаа зөрчиж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах саналыг ч авсан. Д.Эрдэнэбат гишүүн саналаа татсан байсан ч нэгэнт дэмжигдээд тусгагдсан заалтуудыг өөрчлөх ямар нэг хууль зүйн үр дагаваргүй. АН-ын гишүүдээс өөрсдөө оролцоод явсан нь энэ процессоор гарсан үр дүнг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулахдаа хэрхэн явуулах юм бэ. Зүйл, заалт бүрээр үү, эсвэл ерөнхийд нь үү?
-УИХ-ын хоёрдугаар хэлэлцүүлгээр 57-гоос доошгүй гишүүдийн саналаар дэмжигдсэн төслийн эхийг дэмжинэ, дэмжихгүй гэдгээр л иргэд саналаа өгнө. Түүнээс зарим заалтыг дэмжинэ, дэмжихгүй гэдгээр санал хурааж болдоггүй юм. Үндсэн хууль бол цогц систем учраас тэр. Хоорондоо уялдаа холбоотой зарим заалтыг нь дэмжээд, заримыг нь дэмжихгүй байна гэдэг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдэх учраас УИХ-аар хэлэлцэж өндөр босго давсан төслийн эхийг дэмжих эсэхийг л асууна.
-Дэмжихгүй гэчихвэл яах вэ?
-Энэ нэмэлт, өөрчлөлтийг иргэд дэмжихгүй бол одоогийн Үндсэн хууль хэвээрээ үлдэнэ. Гэхдээ энэ нэмэлт, өөрчлөлтийг оруулах зайлшгүй шаардлага бий. 62 гишүүний өргөн барьсан төсөл дээр Ерөнхийлөгч, Ардчилсан нам болон бусад нам, олон нийтийн саналыг тусгаад УИХ-ын 57-гоос доошгүй гишүүн дэмжчихээд байгаа энэ төсөл нь парламентын тогтолцоог бэхжүүлж, Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэх тун дорвитой өөрчлөлт болно гэж үзэж байна.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ажлын дэд хэсгийн гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт маш олон чухал өөрчлөлт хийж байгаа. Дээр хэлсэнчлэн Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай ажиллуулахад энэ нэмэлт, өөрчлөлт маш том алхам болж байна. Давхар дээлийг хязгаарлаж, Засгийн газрыг эмхлэн байгуулах журмыг тодорхой болгож байна. Засгийн газрыг огцруулах хэтэрхий өргөн боломжийг хязгаарлан, одоогийнхоос илүү өндөр босго тавина. Ерөнхий сайд өөрт нь бодлогын асуудлаар итгэл хүлээлгэхийг УИХ-руу оруулж, үүнийг нь нийт гишүүдийн олонхоор шийддэг болох нь. Хэрэв дэмжээгүй бол шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох, томилж чадахгүй бол УИХ-ыг тараах байдлаар зохицуулж байна. Энэ нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах чухал заалт болно. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглож байна.
Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж байгаатай холбоотойгоор гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулсан маш чухал хоёр өөрчлөлт орж байна. Нэгдүгээрт, УИХ-ын 4/1-ээс доошгүй гишүүдийн санаачилгаар Хянан шалгах түр хороо байгуулж, нийтийн ашиг сонирхолд тодорхой асуудлаар бодитой, үндэслэлтэй дүгнэлтийг УИХ-ын гишүүд гаргаж тавих, түүнийг олон нийтэд хүргэх боломжийг нээсэн. Энэ нь олонх нь шийдвэрээ гаргаж цөөнх нь хяналт тавина гэсэн парламентын засаглалын зарчмыг бэхжүүлж байгаа юм. Үүнээс гадна төрийн аудитыг хараат бус байх үндсийг тавьж өгсөн. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх аудитын байгууллагыг хараат бусаар ажиллах зохицуулалтыг Үндсэн хуульд оруулж өгч байгаа юм. Энэ зохицуулалт орсноор төрийн санхүү, төсвийн гүйцэтгэлд тавих хяналт сайжирна. Мөн Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг зургаан жилээр нэг удаа томилохоор боллоо. Ерөнхийлөгчид Үндсэн хуульд байхгүй эрхүүдийг органик хуулиар нэмж өгдгийг болиулж, зөвхөн үндсэн бүрэн эрхийг нь хуулиар зааж өгч байна.
Түүнчлэн УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг чанаржуулах, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулахтай холбоотой өөрчлөлтүүд орж байна. Жишээ нь, хуулийг 20-хон гишүүн батлах боломжтой байсан бол 39-өөс доошгүй гишүүдийн саналаар баталдаг болж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хагас жилд тутамд 50-иас доошгүй ажлын өдөр чуулдаг байсан бол 75-аас доошгүй болгож нэмэгдүүлэн, байнгын ажиллагаатай парламентын шинжийг хангаж байна. УИХ-ын гишүүдийн эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгосон. Ерөнхий сайдыг томилоогүй 45 хонох, эсвэл огцруулчихаад 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилохгүй байх тохиолдолд УИХ өөрөө тардаг болно. Энэ нь УИХ-ыг хариуцлагажуулах чухал ач холбогдолтой. Намуудад дотоод ардчилалтай, хөрөнгө орлогын эх үүсвэр нь ил тод байх үүргийг хүлээлгэж байна. Ингэснээр сүүлийн гурван парламент дамжиж хэрэгжээгүй намын шинэчлэл явагдана.
Сонгуулийн тухай хуулийг 2016 оны сонгуулиас хоёр сарын өмнө өөрчилж байсан. Өнгөрсөн 27 жилийн турш сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуулийг шинээр баталж байж. Үүнийг зогсоох зорилгоор УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн хуулийг шинээр батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хатуу хориглож байна. Энэ тохиолдолд иргэдийн сонгох, сонгогдох эрхийн баталгаа сайжирна.
-Шүүх засаглалд ямар өөрчлөлтүүд оров?
-Гурван чухал өөрчлөлт орсон. Шүүхийн ерөнхий зөвлөл гэх байгууллагыг Үндсэн хуульд байгуулсан. ШЕЗ нь шүүгчдийг хуульчдаас шилж сонгох зэрэг ажлыг хийдэг. Энэ байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг сүүлийн 27 жил дөрвөн удаа өөрчилсөн. Өөрчлөхдөө Хууль зүй, дотоод хэргийн сайд, Дээд шүүхийн дор, эсвэл Ерөнхийлөгчийн нөлөөнд оруулах зэргээр урвуулан ашиглаж байсан. Үүнийг зогсоож ШЕЗ-ийг тал талын төлөөллийг оруулсан байдлаар бүрдүүлэхээр Үндсэн хуульд зааж өгч байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 49.5-д ШЕЗ 10 гишүүнтэй байна. Тавыг нь шүүгчид ардчилсан зарчмаар сонгоно. Үлдсэн тавыг нь нээлттэйгээр нэр дэвшүүлж, хуульд заасны дагуу томилно. Эдгээр нь даргаа дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахтай холбоотой ШЕЗ-ийн үйл ажиллагааны тайланг Дээд шүүхэд хүргүүлнэ гэж заасан. Ингэснээр шүүхийн хараат бус байдал бэхжинэ.
Дараагийн чухал өөрчлөлт бол шүүгчийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр сануулах, огцруулах зэрэг шийтгэл ногдуулах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргах Сахилгын хороог бие даалган байгуулж байна. Энэ нь өнөөдрийн шүүгчийн хариуцлагын үр нөлөөгүй тогтолцоог өөрчилнө. Шүүхийн хариуцлагын тогтолцооны тогтвортой байдлыг хангаснаар залгамж чанар, үр нөлөөг нь сайжруулна. Шүүгчийн хариуцлагын тогтолцоонд ШЕЗ маш ихээр оролцдог байсныг ч таслан зогсоож байгаа. Гуравдугаарт, шүүгчдийг тойргийн журмаар буюу аймаг, дүүрэг дундын шүүхийг байгуулах боломж олгож байгаа нь эдийн засгийн хувь үр нөлөөтэйгөөс гадна иргэдийн шударгаар шүүлгэх эрх, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг хангах, шүүхийг дагнан байгуулахад чухал нөлөөтэй юм.
-МАН дангаараа Үндсэн хуулийг өөрчилж болох уу, тийм эрхтэй юу?
-Одоо хийгдэж буй нэмэлт, өөрчлөлт нь 1992 оны үетэй адилхан үндэсний хэмжээний зөвшилцөл, ойлголцолд тулгуурлан гарч ирсэн гэж хэлж болно. Төслийг өргөн барьсан 62 гишүүн дотор МАН-ын гишүүд олонх байгаа ч үүнд АН-ын нэг, МАН-ын нэг гишүүн гарын үсэг зурсан байдаг. Уг төсөл нь сүүлийн 20 жил яригдаж, 2011, 2012, 2015 онуудад өргөн баригдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн агуулгыг тусгагдсан, хамгийн их судлагдсан, мөн сүүлийн гурван жил иргэдийн санаа бодлыг сонсож боловсруулагдсан. Төслийг өргөн барьснаас хойш бараг гурван сар гишүүд тойрогтоо очиж иргэдийн санаа бодлыг сонссон, судлаачдын, иргэний нийгмийн, улс төрийн намуудын санал, шүүмжийг сонсож зохих өөрчлөлт оруулсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргасан санал, төсөл, Ардчилсан намаас гаргасан саналыг олон талаас нь хэлэлцэж хамгийн боломжит хэмжээнд тусгасан. УИХ-д ардчилсан нам олонх байхад боловсруулагдаж 2015 онд өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн агуулгын дийлэнхийг одоогийн 62 гишүүний төсөлд тусгасан тул нэг намын төсөл гэж гарах нь утгагүй. Нөгөө талаар МАН нь парламентын засаглалаа бэхжүүлэхийн тулд ард түмнээсээ асууж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж амлаж 2016 оны сонгуульд оролцоод, УИХ-д 65 суудал авсан нь иргэдийн зүгээс уг асуудал дээр дэмжсэн гэсэн үг. Гэхдээ, зөвхөн парламентын засаглалаа бэхжүүлэх зарим өөрчлөлт хийхийг иргэд дэмжсэн гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хуулийн 69.1-д заасны дагуу УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тул энэ босгыг давсан нэмэлт, өөрчлөлтийг оруулах нь хууль ёсны бөгөөд Үндсэн хуульд нийцсэн юм. УИХ өөрөө дөрөвний гурваар эцэслэн батлах боломжтой ч уг төслийн Ард нийтийн санал асуулга руу оруулахаар шийдвэрлэв. Уг санал асуулгаар иргэд дэмжсэн тохиолдолд уг нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавихгүй, гарын үсэг зурахгүй, Үндсэн хуулийг Цэц ч хянахгүй эцэслэгдэнэ.