Хошин элэглэлийн “Пароди” хамтлагийн ахлагч Ж.Булган-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сайхан намаржиж байна уу. “Пароди” хамтлагийн уран бүтээл ойрд олон нийтэд хүртээл болсонгүй. Жаахан завсарлага аваад байна уу даа?
-Сайхаан. Танай сонины уншигчдад бас энэ өдрийн мэндийг хүргэе. Сургуулиа төгсөөд элэглэлийн чиглэлээр нэлээд хэдэн жил ажиллалаа. Ганцаараа, дараа нь Нямка, Анхаа хоёртойгоо хамтлаг байгуулаад цөөнгүй уран бүтээл хийлээ, бие даасан тоглолтууд ч тавилаа. Сүүлд телевизийн ажилд голдуу оролцож явна. Монголын нөхцөлд нэг уран бүтээл, эсвэл 1-2 цагийн тоглолт хийлээ гэхэд 21 аймаг, сумдаараа яваад дуусдаг. Гадаадынхан шиг биш. Тэгэхээр хажуугаар нь ахуй амьдралаа бодохоос аргагүй юм. Бүхий л уран бүтээлчид адилхан шүү дээ. Бид гурвын хувьд бас л ийм замаар явж байна. Нямхүү маань FM ажиллуулаад, Анхбаяр маань хувиараа юм хийж байна. Гэхдээ СТӨ, “UB паласе”-д болдог тоглолтуудад байнга оролцдог.
-Тэгвэл уран бүтээлийн санаагаа хөгжүүлээд л яваа юм байна, тийм үү?
-Төлөвлөсөн зүйл бий. Хамтлагийн 10 жилийн ой ч угтаж байна. Шинэ тоглолтын санаа гаргачихсан. Гэхдээ бүрэн бүтэн болгочихоод ярихгүй бол болдоггүй.
-“Пароди” хамтлагийнхны элэглэлийн дүрүүд үзэгчдэд аль хэдийнэ хоногшсон. Одоо харин шинэ дүрүүд хэр гарч ирэх бол?
-Байлгүй яахав. Уран бүтээлдээ тусгачихаар шинэ дүрүүд нийгэмд маш олноор гарч ирж байна. Жишээ нь, сонгууль дөхөж байна. Улс төрийн амьдрал ч буцалж байна. Тэр дунд бид ч бас бодож, харж байна. Компанийн охин компани гэдэг шиг намуудад ч бас охин нам гарч эхлээд байна. Болд, Батзандан нар байна. Бас Баасанхүү гээд уран бүтээлийн шинэ дүрүүд байна шүү.
-Шинэ дүр бүтээх ажил амаргүй байх. Өмнөх дүрүүдийг шинээр гаргаж байх үеийн сонин хачин сонирхол татаж байна?
-Анхбаяр маань сэтгүүлч, дуучдыг, Нямхүү улстөрчдийг, би яруу найрагч, жүжигчид, дуучдыг голдуу элэглэдэг. Нямхүү гэхэд Жаргалсайхан гуайн сонгуульд хажууд нь нэг сар явсан болохоор дүрийг нь гаргахад амар байсан. Ерөнхийлөгч Баттулга, Бат-Үүл нарыг бол бүгдээрээ ярилцаж сууж байгаад л хийж байсан. Зарим дүр маш амархан ордог, зарим нь бүр хэцүү. Жишээ нь, “Чингис”-ийн Жаргалсайхан ахыг элэглэхэд маш хэцүү байсан. Ойлгогдохгүй, жаахан л юман дээр гацаад байдаг. Гэтэл “Харанга”-ын Лхагваа ахыг элэглэхэд нэг их зовоогүй. Мэдээж зуун хувь дуурайна гэж юу байхав. Гадна төрх, дууны өнгө, характер зэрэг зэрэгцэж явдаг. Оюутан байхад Хайдав багшийн урдаас нь харж суугаад л хичээл заалгаж явсан учраас их амархан орсон. Гэхдээ бүх дүр тийм биш. Амархан элэглэсэн гэхээс хэцүү нь олон.
-Танай хамтлагийн уран бүтээлээс улстөрчдийн дүр тод санагддаг. Салбараас нь шалтгаалж байна уу, олон нийтэд хурдан хүрдэг юм шиг. Улстөрчидтэй холбоотой паян олон гэж дуулсан. Уншигчидтай хуваалцвал сонин болов уу?
-Сонгууль ч дөхөж байна. Энүүхэндээ гэхэд сонгуультай холбоотой паян бий шүү /инээв/. Нэрийг нь хэлээд яахав. 2016 оны сонгуулиар Нямкаг маань хамгаалалтад авч байсан удаатай. Намын штаб дээрээ ажиллуулаад, хаашаа ч явуулахгүй. Нөгөө нам нь Нямкаг аваад сөрөг пиар хийчих вий гэсэн дээ тэр. Ер нь сонгууль болохоор манай хамтлагт янз бүрийн санал олон ирдэг. Гэхдээ бид ёс зүйгээ бодож тэр бүхнээс татгалздаг. Ер нь манайх уран бүтээл хийхдээ голтой л байхыг хичээдэг. Жаахан хашир талдаа. Түүнээсээ болоод ч тэр үү, уран бүтээл хийхдээ баригддаг хандлагатай. Үзэгчдийг татах гээд үнэт зүйлээ алдаж болохгүй. Биднийг сайшаах нь ч бий, муулах нь ч бий. Гол нь бид нийгэмд буруу ойлголт төрүүлчихгүй юмсан, ахмад үеийнхэн бидэнд үлгэр дуурайл болоод ирсэн. Бид ч үүнийг үргэлжлүүлэх ёстой. Нийгэм хэдий хувьсаж байгаа ч гол үнэт зүйлээ алдаж болохгүй гэж боддог.
-Хошин урлагт нийгмээрээ шүүмжлэлтэй хандах нь бий. Олон нийт шүүмжлэх болсныг та юу гэж хардаг вэ?
-Биднийг дөнгөж сургууль төгсөж байх үед 2002 онд хошин урлаг ид цэцэглэж байсан. Батзаяа ах, Чаминчулуун эгч, Сосорбарам ах, Туяа эгч, талийгаач Баачка ах гээд л мэргэжлийн акулууд авч явсан. Тэдний халааг “Шинэ үе продакшн”, “Маск”, “X түц” гээд одоогийн том хамтлагийн жүжигчид үргэлжлүүлсэн. Тэр үед олон нийт ч сайхан хүлээж авсан. Одоо ч хүлээж авч байгаа. Яахав, ямар нэгэн зүйл хугацаа нь удаан үргэлжлэхээр нэг зүйлээ давтаад байна уу гэж шүүмжилдэг. Хоёрдугаарт, залуус маань өмнөх том акулуудаасаа тодорч гарч ирэхэд хэцүү. Яг тэр хүмүүс шиг урлагийн амьдралд олон жилийг туулаагүй. Олон жил явж энэ урлагийн сайн мууг мэдэж, хүнд муулуулж магтуулж байж олон нийтэд танигддаг. Гэтэл манай залуус их л хурдан олны танил болох гэж яардаг болов уу гэж харагддаг. Одоогийн нийгэм ч өөрөө хурдтай болж. Том хамтлагуудын жүжигчид нь “Би мундаг од болчихъё” гэж тухайн үед бодож байгаагүй. Яг л урдахаа хийж байсан. Тэгж л ард түмэн мэддэг болсон. Одоогийн залуус шүүмжлэлд өртөөд байгаа нь жаахан этикгүй байна. “+18” гэхэд “Манай уран бүтээлийг 21-ээс дээш наснынхан үзнэ” гэсэн ч бусад нь түүнд захирагдахгүй. Мэдээж ардчилсан нийгэмд юу ч хийж болох байх л даа. Жаахан ичих нүүр, ёс зүй, ахмад үе, аав ээжээсээ эмээх явдал дутуу байна. Заавал тэгж “ширлэж” болохгүй.
-Хошин урлаг нийгмээ түүчээлж, олон нийтэд сэдэл санаа өгөх ёстой юу?
-Угаас СУИС-д сурч байхад л багш нар тэгж заадаг байсан. “Та бүхэн нийгмийнхээ урд хөтөч болох хүмүүс шүү” гэж. Хошин урлагийнхан маань энэ үүргээ биелүүлж яваа л гэж боддог. Хошин шог үзээд гарахад “Нээрээ тийм шүү. Энэ чинь бараг би байна, ингэж болохгүй юм байна” гэж хүнд ухаарал өгч байна. Гэхдээ хүнийг уйлуулах амархан, инээлгэх хэцүү гэдэг.
-Тэгвэл элэглэлийн урлаг манайд хөгжиж байна уу. Мэдээж танай хамтлаг энэ урлагийн гол төлөөлөл. Үргэлжлүүлэх залуу үе нэг их дуулдахгүй байна уу?
-Элэглэлийн урлаг хошин урлагийн нэг төрөл. Өөрийнхөө түвшинд хөгжиж яваа гэж би хардаг. Мэдээж ОХУ, дэлхий шиг гэж хэлж чадахгүй. Бидний үе өнгөрөхөд дараагийн үе залгаж авна. Хамгийн гол нь хожим хойно залуучууд ярихдаа тэдээс тэдэн оны үед “Пароди” хамтлагийнхан төлөөлж явсан юм байна лээ гэж хэлэгдэх байх. Хошин урлаг гэх том тогоонд чимх давс болж яваа гэдэгтээ эргэлзэхгүй байна. Нямхүү, Анхаа хоёр маань жүжигчний мэргэжилтэй хүмүүс. Би бол дуулаачаар төгссөн, уртын дуучин мэргэжилтэй. Одоо 50 гарчихаад уртын дуу дуулбал яадаг бол /инээв/.
-Уртын дуугаар уран бүтээл гаргаж байв уу?
-Үгүй. Би бодоод л байдаг юм. Формтой байсан дээрээ хэдэн дуу бичүүлдэг байжээ гэж боддог л юм. Одоо яахав багш дээрээ очоод дасгал уншихад тэр үеийнх шигээ форм байхгүй болсон. 2002 онд сургуулиа төгсчихөөд 2006 онд анхны бие даасан тоглолтоо хийх үеэр багш дээрээ хоёр сар дасгал уншихад буцаад формдоо орж л байлаа. Одоо харин сайн хэлж мэдэхгүй юм.
-Уртын дуучин хүн элэглэлийн урлагт хөл тавих болсон нь ямар учиртай вэ?
-Элэглэлийн урлагт бол өөрөө их дуртай байлаа. Гэхдээ элэглэлийн урлаг гэж тухайн үед мэддэггүй. Би анх СУИС-ийн Кино драмын ангид элссэн. Манай тайзны ярианы, гавьяат багш Уртнасан анх намайг “Чи элэглэлийн урлагаар явбал юм дуулгах нь. Пароди гэж элэглэлийн урлаг байдаг юм” гэж анх хэлж билээ. Тэгсхийгээд л өнгөрсөн. Би оюутан байхдаа дотуур байранд амьдардаг. Тэнд уртын дууны ангийнхантай ойр. Манай ордог тайзны ярианы ангитай залгаа Дэлгэр багшийн уртын дууны анги байдаг. Хичээл ороход дэргэдэх ангид уртны дууны уухай сонсогдоод, байсхийгээд л яваад орчихдог. Кино драмын ангид байхад бид семистрийн шалгалтаараа шинэ зүйл эрэлхийлье гээд хүн бүр өөр өөр салбарын номер бэлдэх болсон. Ангийнхан намайг “Булгаа, чи ерөөсөө уртын дуу дуулчихвал яасан юм” гээд л би анх удаа дуулж үзсэн. Дэлгэр багшаар “Эрдэнэ засгийн унага”-ыг заалгаад сураад шалгалтаа өгч байлаа. Тэгээд л улам уртын дуундаа дурлаад хоёрдугаар курсээ төгсөөд уртын дууны ангид орсон. Одоо бодоход бодлогогүй байж.
-Та бас бөх сонирхдог гэсэн. Малчин телевизээр бөхийн “Жудаг” нэвтрүүлэг хөтлөөд багагүй хугацаа өнгөрч байна уу даа?
-Монгол хүүхэд бүр бөхөд дуртай, хайртай байдаг. Би багадаа бөхийн секцэд явдаг барилдаж уралдаж өссөн. Хөдөөний хүүхдүүд тийм л байдаг. Тиймээс монгол бөхдөө их хайртай. Бөхчүүдээ тэгж гэнэ, ингэж гэнэ гэхэд өмөөрөх сэтгэл төрнө. Малчин телевизэд “Жудаг”, “Шуудан тосъё” нэвтрүүлэг хөтөлдөг. Фэйсбүүкийн “Жудаг” гээд групп бий. “Малчин” телевизийн захирал Жаргал, “Жудаг” группийн админ Батбаяр найзтайгаа бөхийн мэргэжлийн хүмүүс биш ч гэлээ бөхөд сэтгэлтэй учир группээрээ, нэвтрүүлгээрээ дамжуулж монгол бөхийнхөө сайхан уламжлалыг түгээе, олон нийтэд зөв хандлага төрүүлэхийг хичээдэг.
-Тэгвэл дэмждэг бөхтэй биз?
-Би Архангайх. Нутгийнхаа бөхчүүдийг дэмжинэ. Яг л булхайгүй, хурдан шуурхай барилддаг бөхийг ч дэмждэг. Санжаадамба аваргаас эхлээд Оюунболд аварга, аймгийн арслан Зоригтбаатар, өсөх идэр начин болсон Цэрэнтогтох, уран барилдаанаар үзэгчдийг шуугиулдаг Баасанхүү харцага гээд нэрлэх бөхчүүд бий.
-Ижий, аав тань Архангайн уугуул хүмүүс үү?
-Аав маань Архангайн Эрдэнэмандал сумынх. Ээж бол Өмнөговийн Баян-Овоо сумын уугуул. Аав Цогтцэцийд цэргийн алба хааж байхдаа ээжтэй танилцаад гэр бүл болсон хүмүүс. Би ах дүү долуулаа. Манайх бол дөрвөн хүүхэдтэй. Гурван охин, нэг хүүтэй. Том охин оюутан болчихсон, бага хүү маань нэгдүгээр ангийн сурагч байна даа.
-Хошин урлагийн хүнтэй ярилцсаных уншигчдад маань инээд бэлэглэхийг хүсч байна?
-“Малчин” телевизтэй хамтарч ажилладгийнх хөдөө малчидтайгаа их уулзана. Нэвтрүүлэг бэлдэх, арга хэмжээ хөтлөх өөр томилолттой явахад ч малчид маань “Өнөө орой элэглэлийн тоглолтоо тавьчихаач” гэж их хүсдэг. Би өөрөө хөдөөний хүүхэд учраас малчидтайгаа ойр явах их сайхан. Тийм ч болохоор малчны хотон дундаас хөгтэй, хөөртэй явдал их гарна. Телевизийнхээ ажлаар нэг удаа нутагтаа явж байлаа. Хамаатныхаа айлд буулаа. Дээд хотных нь гадна олон хүн бужигнаад явчихлаа. Гэрийн эзэн Батбилэг тун удалгүй тэр бужигнаан дундаас ирээд хэлж байна. “Дээд хотонд мал амины хэрэг болжээ” л гэж байна. “Юу гэсэн үг вэ” гэсэн чинь “Хуц хурга, ухна ишиг хоёр мөргөлдөж байгаад ухна ишиг үхчихлээ” гэсэн дээ. Малчид маань сайхан хүмүүс шүү дээ.
Б.ЭНХЗАЯА