Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарханы замын хөдөлгөөнийг төлөвлөсний дагуу арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлийн ажлыг зургадугаар сарын 17-ноос эхлүүлсэн билээ. Улмаар долдугаар сарын 15-наас эхэлж зарим замыг хэсэгчлэн хааж, зам шинэчлэлийн ажлыг явуулж байна. Үүнтэй холбоотойгоор шороон замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч нарт багагүй хүндрэл тулгарах болов. Хэсэгчлэн хаасан хэсгүүдэд Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтсээс есөн албан хаагчийг гурван автомашинтайгаар 24 цагаар хөдөлгөөнт эргүүлд гаргаж байгаа аж.

Мөн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг хяналт шалгалт хийж байна. Анх түр ашиглаж байгаа шороон замын арчилгаа сар гаруй хоцорсон. Энэ үед бороо их орж, зам ихээр эвдэрсэн тул авто тээврийн осол багагүй гарч байсан аж. Харин хөдөлгөөнт эргүүл ажиллах болсноор жолооч нарыг хянах хяналт сайжирч дэг журманд орж эхэлсэн хэмээж байна. Гэхдээ замын эвдрэлээс шалтгаалж жолооч нар автомашинаа эвдэх, ялангуяа өмнөх автомашинаас хангалттай зай барьж яваагүйгээс салхины шилээ чулуугаар цуулах явдал түгээмэл гарч байгаа аж. Үүнд жолооч нар ихээхэн бухимдаж байгааг хэлсэн. Түүнчлэн, Дарханы замд тоос их босч байгааг анхааруулав. Хөрс нь суларсан тул бороо орсон ч ганц хоногийн дараа л цагаан тоос дэгдэж эхэлдэг. Сүүлийн сар гаруйн хугацаанд бороо хур бага байсан тул тоос дэгдэлт улам бүр нэмэгдэх болжээ. Хамгийн гол нь ОХУ-аас ачаа тээврийн том оврын авто машинууд олноор зорчдог. Тоосжилттой, үзэгдэх орчин хязгаарлагдмал замд жолооч нар ачааны урт автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад өмнөөс гарч ирсэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх эрсдэлтэйг анхаарууллаа. Мөн жолооч нар бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож болохгүй. Тэр дундаа үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдалтай зам дээр тоормосын гэрэл бүрэн бүтэн, шатаагүй байх нь чухал аж.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил удаашралтай явагдаж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 1-ний байдлаар ажлын гүйцэтгэл 4-6 хувьтай байгааг мэдээлсэн. Энэ нь зуны бороо уснаас ихээхэн шалтгаалсан гэдгийг албаны хүмүүс тайлбарлаж байна. Харин одоо ажлыг нэлээн эрчимжүүлсэн аж. Хугацаандаа ашиглалтад оруулна гэдгийг хэлэв. Өнөөгийн байдлаар ажлын явц 28 орчим хувьтай байгаа аж. Замыг нийт таван хэсэгт хааж засвар, шинэчлэлийн ажил явагдаж байгаагаас 2, 4 дүгээр хэсгийн ажил хоцрогдолтой байгааг хэлэв. Энэ талаар Зам, тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ “Хоцрогдлыг арилгуулах шаардлагууд өгсөн. Энэтхэгийн зөвлөх компани өдөр тутмын хяналтаа тавиад явж байна. Төлөвлөсний дагуу арваннэгдүгээр сарын 1-нд хөдөлгөөнийг нээх болно” гэв.

Нэн тэргүүнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, үзэгдэх орчин муу, осол аваар их гардаг есөн цэгийг засварт оруулж байгаа аж. Их засварын дараа Дархан-Улаанбаатарын зам 8 метрийн өргөнтэй, 5 см-ийн хучилттай, цементээр бүрхсэн хоёр үе суурьтай болох аж. Олон улсын санхүүжилтээр хийгдэж байгаа учир энэхүү зам засварын ажилд Энэтхэгийн ICT компани өдөр бүр хяналт тавьж байна. Дарханы зам засвар, шинэчлэлийн ажлыг таван компани гүйцэтгэж байгаа юм.

Г.БАТЗОРИГ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *