Зүүн гараас И.Берхмаер, А.Атталах
Дэлхийн сав, баглаа боодлын олон улсын байгууллага Австрийн Вена хотод байдаг. Тус байгууллагын дэд ерөнхийлөгч, Ливаны Ерөнхий сайдын зөвлөх А.Атталах, ерөнхий нарийн бичгийн дарга И.Берхмаер манай оронд арваад хоног ажиллаад ирэх баасан гаригт буцна. Дээрх төлөөлөгчид НҮБ-ын Аж үйлдвэрийн байгууллагын байгууллагаас ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд иржээ.
-Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцана уу?
-Монголын нүүдлийн соёл иргэншил, түүх, олон талт нөхцөл нь маш сонирхолтой байлаа. Улаанбаатар хот өндөр хөгжилтэй, хөдөө орон нутаг нь маш сайхан байгальтай нь харагдсан. Бид мах, сүү үйлдвэрлэдэг болон зарим сав баглаа боодлын компаниудтай танилцсан. АПУ компанийн савлагаа дэлхийн өндөр түвшинд хүрсэн, тэр бүү хэл миний нутаг Ливанд ч байхгүй технологийг харсан. Мах, сүү боловсруулах технологи өндөр байгаа нь сүпермаркетуудаар явахад анзаарагдсан.
-Бүгд л сайхан сав баглаатай байна уу?
-Үгүй шүү. Бид Хүчит шонхор захын задгай махны бөөний худалдааг хараад үнэхээр шоконд орсон. Эрүүл ахуйн доод түвшинд худалдаа хийж байна.
-Та бүхний айлчлалын зорилго?
-НҮБ-ын Аж үйлдвэрлэгчидтэй хамтраад сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, мах үйлдвэрлэгчдэд зориулсан олон улсын түвшинд хэрхэн сав баглаа боодлын маркетинг, менежмэнт, үнэлгээг хэрхэн хийх талаар зөвлөгөө өгөх, мөн Монголын сав баглаа боодлын холбоог Дэлхийн сав баглаа боодлын байгууллагад элсүүлэх асуудлаар ирсэн.
-Төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзсан уу?
-ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, дэд сайд Ж.Сауле, ЭМЯ-ны төлөөлөгч, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын төслийн зохицуулагч Г.Мөнхболор, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Болдбаатар нартай уулзсан. Тэд нааштай хүлээж авсан.
-Та бүхэн ирсэн зорилгоо биелүүлсэн үү?
-Давуулан биелүүлсэн гэж бодож байгаа. Монгол дахь НҮБ-ын Аж үйлдвэрийн байгууллагын төлөөлөгчид уулзалтуудыг маш сайн төлөвлөж, их хэмжээний мэдээлэл авсан завгүй өдрүүд байлаа.
-Айлчлалын дүнгээс монголчууд юу хүлээх вэ?
-Бид Монголд ажилласан тайлангаа хүргүүлнэ. Бид Монголд сав баглаа боодлын түвшин ямар байгааг тодорхойлсон. Хүнсний бүтээгдэхүүнд хэрэглээд байгаа цэнхэр хуванцар савнуудын асуудлыг хэрхэн шийдэх арга замыг олно. Мөн олон улсын түвшинд ямар туршлага байгааг та бүхэнд зөвлөмж хүргүүлнэ. Зөвлөмжийг хэрэгжүүлснээр жижиг, дунд үйлдвэр хөгжихөд тус болох байх. Бидэнд асуудлыг шийддэг шидэт саваа байхгүй болохоор нэг амьсгаагаар асуудлыг шийдэхгүй. Гэхдээ зөвлөмжийг хэрэгжүүлснээр нэг алхам урагшилна.
-Та бүхэнд ямар шийдэл байна?
-Бидний үзэж буйгаар сав, баглаа боодлоо дотооддоо үйлдвэрлээд улмаар экспортлох бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Дэлхий дахинд хуванцар сав баглаанаас татгалзаж байхад манайд эсрэгээрээ шинэ бүтээгдэхүүн гарах тусмаа хуванцар сав хэрэглэх нь нэмэгдэж байна.
-Дэлхий дахин ч хуванцар савнаас татгалзаж чадахгүй л дээ. Гол нь хэрэглэсэн саваа дахин боловсруулах асуудал. Хэрэглэсэн сав чинь дараагийн бүтээгдэхүүний түүхий эд. Энэ нь байгаль орчинд ээлтэй, хаягдлын менежмэнтийн асуудал. Дэлхийн хог хаягдлын байгууллагын бодлого бол хаягдлыг дахин боловсруулах. Австрид хог хаягдлыг дахин боловсруулах том бизнес. Монголд ч энэ орон зай байгаа гэж харж байна.
-Бид сав баглаа боодлоор хятадуудтай өрсөлдөж чадах болов уу?
-Ливан улс танайхтай ижил төстэй. Гурван сая хүн амтай. Тэгээд танайд сав, баглаа боодлын түүхий эд ховор болохоор өрсөлдөхөд эргэлзээтэй.
-Танай байгууллагад элсэх нь манай экспортод нөлөөлөх болов уу?
-Дэлхийн сав баглаа боодлын байгууллагад элссэнээр дэлхийн сав, баглаа боодлын стандартад суралцана. Бас манай байгууллагын шагнал байдаг. Түүнийг хүртсэнээр тухайн бараа, бүтээгдэхүүнийн сав баглаа боодол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө. Мөн энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бидэнд бусад оронд мэргэжилтэн бэлдэх томоохон төсөл бий.
-Ямар шагнал байх вэ?
-Компаниуд, оюутнуудын дунд зарладаг хоёр төрлийн уралдаан байдаг.
-Оюутнууд яагаад олоцох гэж?
-Сав баглаа боодлын чиглэлээр суралцаж байгаа оюутнууд дизайн, үйлдвэрлэлээр оролцдог.
-Энэ уралдаанд яаж оролцох вэ?
-Эхлээд дотооддоо энэ хоёр төрлийн тэмцээнийг зохион байгуулах ёстой. Шалгарсан нь олон улсын тэмцээнд оролцоно.
-Танай байгууллагад манай улсыг хэн төлөөлөх вэ?
-Монголын сав, баглаа боодлын нэгдсэн холбоо төлөөлөх болов уу.
-Эхний ээлжинд бид ямар алхам хийх хэрэгтэй вэ?
-Сав баглаа боодлыг шалгаж, хянадаг лаборатори байхгүй байгаа нь өөрөө асуудал. Ийм лабораторийг байгуулснаар хүнсний аюулгүй байдлын чанарын шаардлагыг хангана. Дээр нь байгаль орчинд учруулах хөнөөлийн хэмжээг тодорхойлно. Заавал олон лаборатори байгуулах шаардлага байхгүй. Салбарын үйлдвэрүүд нэгдэж байгуулж болно.
-Жишээлбэл?
-Бяслаг үйлдвэрлэгч компаниуд дундаа нэг лаборатори байгуулаад ашиглаж болно.