Охид бүсгүйчүүдийн хайртай брэндүүдийн нэг болох “Victoria’s Secret”-тэй холбоотой дуулиан дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхааралд өртөөд байна. Загварын ертөнцийн хамгийн чадварлаг, хамгийн дур булаам загвар өмсөгчдийг шалгаруулж авдаг, босго өндөртэй тус компанийг тойрсон элдэв асуудал одоо ч тасрахгүй байгаа аж.
Өнгөрсөн онд Victoria’s Secret брэндийн маркетингийн албаны захирал Эд Разек “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа загварын шоуны үеэр трансжендер болон plus size загвар өмсөгч алхуулах бодолгүй байгаагаа дурдсан. Үүний дараа тэрээр асар их шүүмжлэлд өртсөн төдийгүй энэхүү шуугианаас болж L Brands компанийн ерөнхий захирал Ян Сингер ажлаа өгч байв. Харин энэ сарын эхээр Бразилийн жүжигчин, трансжендер загвар өмсөгч Валентина Сампайо тус компанид ажиллах болсон нь бодлогодоо өөрчлөлт оруулсны илрэл бололтой. Өдгөө 22 настай В.Сампайо “Victoria’s Secret”-ийн сурталчилгаанд оролцох болсноор тус брэндийн анхны трансжендер модель болж байгаа юм.
“Victoria’s Secret” компани 1995 оноос хойш зохион байгуулж ирсэн “Victoria’s Secret” загварын шоуг энэ жил цуцлах болсноо албан ёсоор мэдэгджээ. Уг шоуг жил бүр зул сарын баярын өмнө зохион байгуулдаг. Дунджаар 800 сая хүн үздэг гэж байгаа. Гэтэл өнгөрсөн онд ердөө 3.3 сая хүн үзсэн нь 2001 оноос хойш эхлэн телевизийн сувгаар дамжуулагдсан загварын шоуны түүхэн дэх хамгийн доод үзүүлэлт болжээ.
Ийм шийдвэр гаргах болсон талаараа “Victoria’s Secret” брэндийн толгой компани болох L Brands-ын гүйцэтгэх захирал Лесли Векснер тайлбар хийсэн байна.
Тэрбээр “Бид Victoria’s Secret-ийн уламжлалт форматыг дахин авч үзэхээр шийдсэн. Урагш тэмүүлж, хөгжин дэвшихэд телевизийн суваг тохиромжгүй болж байна. Бид хөгжихийн тулд хувьсан өөрчлөгдөх ёстой” гэжээ.
Мөн энэ сарын дундуур тус компанид ажилладаг 100 гаруй загвар өмсөгч байгууллагынхаа ажилчдын эсрэг гомдол мэдүүлжээ. Тэд ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлдэг талаар гомдол гаргасан байна. Загвар өмсөгчдийн энэхүү зоригтой алхмыг “Times up” хэмээх феминист хөдөлгөөн дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Загвар өмсөгчид компанийнхаа удирдлагад хандан загвар өмсөгчдөд ажлаа хийхэд нь саад болохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлж өгөх, аюулгүй байдлыг хангахыг шаарджээ.
Жеффри Эпштэйн Д.Трампын хамт
“VICTORIA’S SECRET” БРЭНД БҮТСЭН ТҮҮХЭЭС
1977 онд Калифорни мужийн Сан Франциско хотод Стэнфордын Бизнесийн сургуулийг төгсөгч Рой Рэймонд “Victoria’s secret”-ийг үүсгэн байгуулжээ. Тэрбээр эхнэртээ бэлэг авахаар дэлгүүр орох үед нь ирээдүйн бизнесийн санаа нь төрсөн гэдэг. Рой дотуур хувцасны тасагт ороход “царай муутай” хувцаснууд байснаас гадна худалдагч нь урилгагүй зочин мэт хандаж байсан нь түүнд тун тухгүй санагдсан гэдэг. Үүнийг ажигласан тэрээр эхнэртэйгээ хамт 80 мянган ам.долларын зээл авч, анхны дэлгүүрээ нээж байж.
“Victoria’s secret” алдартай болохын хэрээр хүмүүс Виктория гэж хэн болох, түүний нууц нь юу юм гэж дор бүрнээ гайхаж байжээ. Рой Рэймондын эхнэрийг Виктория гэдэггүй байж. Тэрбээр XIX зуунд амьдарч байсан хатан хаан Викториагийн нэрээр ийн нэрлэжээ. Зугаа цэнгэл хөөсөн Викториа хатан хаан нөхрөө өнгөрснөөс хойш дөчин жил ганцаар амьдарсан гэдэг. Энэ хугацаанд цөөнгүй эртэй нэр холбогдсон аж. Хатан хааны гайхалтай галбирын нууц нь корсет, галбиржуулагч хувцас байсан гэдэг. Тиймээс л Рой Рэймонд компаниа Victoria’s Secret буюу “Викториагийн нууц” хэмээн нэрлэжээ.
ТЭРБУМТАН АГСАН Ж.ЭПШТЭЙН “VICTORIA’SSECRET”-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ҮНЭНЧ НАЙЗ НЬ БАЙЖЭЭ
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, тус улсын ерөнхийлөгч асан Билл Клинтон нарын найз, тэрбумтан Жеффри Эпштэйн шоронд энэ сарын 10-нд амиа хорлосон билээ. Түүнийг хүний наймааны хэрэгт сэжиглэж байв.
Эпштэйнийг бага насны хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашигласан, 25 хүнийг бэлгийн мөлжлөг хийхийг шаардсан зэрэг хэргээр түр саатуулсан байдаг. Тэрээр 1980-аад он “Victoria’s Secret”-ийн үүсгэн байгуулагч Лесли Векснертэй хамтрах болсон агаад түүний үнэнч найз нь төдийгүй зөвлөх нь байсан талаар зарим эх сурвалж онцолжээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР