Ураны салбар хөгжвөл Тавантолгойн нүүрсийг хэдэн зуу дахин нугалах эрчим хүний эх үүсвэрийн нөөц манайд бий хэмээн энэ чиглэлийн судлаач ярив. Мөн шатдаг занар эрчим хүчний салбарт “битүү морь” хэмээн зарим нь өргөмжилж байна. Түүнчлэн, нар салхины эрчим хүчний тариф байнга хямдарч, өнгөрсөн жилээс өртөг нь нүүрстэй ижил түвшинд ирчихлээ хэмээн сайрхах аж. Ийн харьцуулагдаж, зарим талаар “адлагдаж” буй ч нүүрс өнөөдөр Монголыг тэжээж байгаа нь ил тод баримт юм. Салбарын яамнаас гаргасан мэдээллээр энэ оны эхний долоон сарын байдлаар уул уурхайн салбараас төсөвт 1.7 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэнээс нүүрсний орлого 788.7 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлж буй нийт орлогын 40 гаруй хувийг энэ гялгар хар чулуу дангаараа бүрдүүлж буй юм.
Манай нүүрсэнд мандаж явсан үе бий. Австралид болсон их үерийн улмаас уурхайнууд нь усанд автаж, 2010-2011 оны үед коксжих нүүрс тонн нь 300 ам.доллар давж байв. Энэ үед манай нүүрс Хятадын нүүрсний экспортод тэргүүлж, үнэ ханш нь ч өсч байлаа. Үнэндээ дээрх нүүрсний үнийн өсөлт, Хятад руу экспортлосон хэмжээгээр Австралийг ардаа хаясан байдалд хэн нэгэн хүний үйл хэрэг онцгойлон нөлөөлсөн хэмээн цохон дурдах боломж байсангүй. Өнгөрсөн хугацаанд нүүрс “өөрийн зөнгөөр” унаж тусч явсаар өнөөдрийн түвшинд ирсэн юм. Хэрэв нүүрс ярьдагсан бол “Чалко”-гийн өрөнд цувуулж ханасан бол төмөр замаа тавьж, угаах үйлдвэрээ барьж “яс амар” гангийн үйлдвэрт хүрэх замыг минь засаад өг гэж “агсамнах” байсан болов уу. Уншихад инээдтэй байж мэдэх ч уг салбарынхан ийн цөхрөнгөө барж “солиорох”-д хүрч байна.
Ойрын хэдэн жил нүүрсний ханш харьцангуй тогтвортой байна. Энэ нь төсвийн орлогыг нэмэгдүүлж, олон хүний аж амьдралыг залгуулж, уул уурхайн салбарт хуруугаа ч дүрж үзээгүй хэн нэгний үмх талханд ч үр шим нь шингэж буй. Тэгвэл байдал энэ хэвээр тааламжтай үргэлжлэх үү. Сингапурын биржийн төлөөлөгчид 2020 оноос коксжих нүүрсний ханш 150 ам.доллар хавьцаа очно гэсэн таамаг танилцуулав. Мөн зарим улсын шинжээч нар ч нүүрсний үнэ унаж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, одоогийн ханшаас 20 гаруй хувиар унаж магадгүй хэмээж буй. Үүн дээр нэмэгдээд, Хятадын орон сууцны хангамж сайжирч, энэ салбарт эрэлт буурснаар орон сууцны төслүүд багасч, гангийн үйлдвэрлэлд нөлөөлж болзошгүй хэмээж байна. Хятадын гангийн үйлдвэрлэл сүүлийн 30 гаруй жил тасралтгүй өсч ирсэн. Гэвч эдийн засаг тасралтгүй өссөний дараа заавал унадаг цикльтэй гэлцдэг. Тэгвэл эдийн засагч нар сүүлийн хэдэн жил энэ уналтыг хүлээж, зөөлөн газардах эсвэл хүчтэй унаж сүйрэх эсэхийг анхааралтай ажиглаж байгааг манай зарим судлаач анхааруулсан. Хэрэв тэдний хэлсэн үнэн бол бидэнд багагүй хүндрэл тулгарах нь дамжиггүй. Түүнчлэн, ОХУ Азийн нүүрсний зах зээл, тэр дундаа Хятад руу нүүрс экспортлох бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж эхэллээ. Уг нь энэ шинэ зүйл биш л дээ. ОХУ-ын Эрчим хүчний сайд А.Новак 6-7 орчим жилийн өмнө “Алс Дорнодын орд газруудаас Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын зах зээлд нийлүүлэх Оросын нүүрсний хэмжээ 2030 онд гэхэд 6-аас 15 хувь болж өснө” хэмээж байв. Мөн “Таамаглаж буй хэмжээний олборлолтыг ихэсгэхэд Хятадтай хийх эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн хэмжээгээр нөлөөлнө” гэж мэдэгдсэн удаатай. Ер нь ОХУ-ын Кемерово мужид тус улсын нийт нүүрсний нөөцийнх нь 75 хувь бий гэдэг. Үүний араас Якут, Туваагийн нүүрс “сумлагдаж” мэдэхээр байна. Энэ бүхэнтэй зэрэгцээд бас нэг таагүй мэдээлэл гэвэл ирэх оноос манайх бондын томоохон дүнтэй өр төлбөрүүдээ төлж эхлэнэ. Тиймээс бидэнд илүү их мөнгө хэрэгтэй.
Дээрх бүхнийг хамж базвал товчхондоо, манайд занар, уран, нар салхины эрчим хүчний хязгааргүй нөөц нь байгаа ч бидэнд ойрын ирээдүйд нүүрснээс өөр найдах, итгэл хүлээлгэх “түнш” алга хэмээн ойлгож болно. Иймээс уг салбарыг зөнгөөр нь мөлхүүлэхээ зогсоож, аятайхан аваад явчих ур ухаан гаргах цаг иржээ. Дээр Хятадын эдийн засаг, гангийн салбартай холбоотой таагүй баримтууд дурдсан ч нааштай мэдээллүүд бас бий. Хэдийгээр тус улсын барилгын салбарын өсөлт буурч болох ч дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжих эерэг хүлээлтүүд байна. Зөвхөн тус улсын орон нутгийн засаг захиргааны санхүүжилтээр 2.1 их наяд юанийн төсөл зарлагджээ. Үүнийг дагасан гангийн хэрэглээ байна. Мөн Хятадын төв, зүүн хэсэгт байдаг гангийн үйлдвэрүүдийг баруун тийш шилжүүлэх ажил эхлээд явагдаж байна. Төвийн бүсэд хүн ам олноор суурьшсан, үүнийг дагаад байгаль орчны нөхцөл байдал хүндэрсэн зэрэг шалтгаанаар хүнд үйлдвэрүүдээ ийн шилжүүлэх бодлого барьж байна. Өөрөөр хэлбэл, Монголын зах зээлтэй ойртож байна гэсэн үг. Энэ бүхнээс бид эерэг өөрчлөлтүүдийг хүлээж болохоор байгаа юм. ОХУ-ын хувьд ч гэсэн Хятадын зах зээл рүү шунаж байгаа ч бидэнд урд хөршийн зах зээлтэй хамгийн ойр хэмээх маш том давуу тал маань байсаар буй.
Энэ бүхнээс дүгнэвэл, олон улсад нүүрсний салбарт таагүй мэдээллүүд гарч байгаа ч бидэнд боломж бийг харуулж байна. Хамгийн гол нь энэхүү боломжийг алдалгүй хэрхэн ашиглах вэ гэдэгт асуудлын гол зангилаа оршино. Саяхан эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцаж байхад “Өмнө нь нэг удаа Тавантолгойд IPO хийнэ гэж УИХ-ын тогтоол гарсан. Тухайн үед амжиж хийж чадаагүй. 2011 онд уг төслийн IPO-г хийчихсэн байсан бол ойролцоогоор зургаан тэрбум ам.долларын үнэлгээнд хүрэх байлаа. Энэ бол тухайн үеийн хүмүүсийн ярьж байсан тоо. Ингээд бид 49 хувиа олон улсын хөрөнгийн зах зээл дээр эргэлтэд оруулсан бол гурав орчим тэрбум ам.долларын бэлэн мөнгө авах байсан. IPO гэдгийг хүмүүс зөвөөр ойлгох хэрэгтэй. Энэ бол хэзээ ч эргүүлж төлөхгүй мөнгө байхгүй юу. Бид гадаадаас зээл аваад байна шүү дээ. Үүнийг эргүүлээд хүүтэй нь төлнө. Хэрэв бид Тавантолгойд IPO хийгээд 49 хувийг нь зарчихсан бол гурван тэрбум доллар. Энэ бол эргүүлж төлөхгүй мөнгө. Монголын ард түмний мөнгө болох байсан. Тэгээгүйгээс болж бид Чингис бондыг гаргасан. 1 тэрбум 500 сая ам.доллар. Энэ мөнгөө одоо яаж төлнө өө гээд шоконд орсон сууж байна” гэсэн юм. Хатуу боловч үнэн үг.
Тэгвэл өнгөрсөн онд Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын бодлого гарч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн 30 хувьд IPO гаргахад 1-6 тэрбум ам.доллар босгох боломжтой тухай хэлсэн. Хэрэв бид нүүрсний ханш харьцангуй тогтвортой байгаа энэ үеийг ашиглаж Тавантолгойг урагшлуулахгүй бол IPO гаргах асуудал дахин 7-8 жилээр хойшилж магадгүй. Тиймээс салбарын сайдын зоригтой алхам бодит үйл хэрэг болоосой хэмээн учир мэдэх хүмүүс залбирсаар ирлээ. Мэдээж IPO гаргаж, стратегийн хөрөнгө оруулагч татахын тулд итгэл үнэмшил төрүүлэхүйц төлөвлөгөө хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн хувьцааг авах, хөрөнгө оруулалт хийх компанид “Уг уурхай 20-30 жилийн дараа Япон, Өмнөд Солонгос, Хятадыг кокс, кокс химийн бүтээгдэхүүнээр хангана. Угаах үйлдвэр байгуулж, улмаар кокс химийн үйлдвэр болгон өргөжүүлж, металлургийн салбарыг хослуулна” гэсэн тодорхой зорилтууд л таалагдана. Өөрөөр хэлбэл, IPO гаргахын тулд хөрөнгө оруулагчдад тулгарч болох бүх эрсдэлээ тоочиж, хариуг нь олсон байх ёстой. Ядаж л компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгуулийн циклээр байнга сольж ялсан нам нь өөрийн хүнээ тавьдаг, шахааны бизнес хийдэг, ах дүү нараа цуглуулдаг зэрэг муу нэрнүүдээсээ салчих хэрэгтэй юм. Ер нь компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага салбарын ирээдүйн хандлага, стартеги тактик, өрсөлдөөний нөхөл байдлаа мэддэг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн байх учиртай. Энэ мэтээр Тавантолгойг урагшлуулахын тулд биднээс хамаарах маш олон ажлыг цэгцтэй, хариуцлагатай хийх шаардлагатай байгаа юм.
Дэд бүтцийн тухайд мэдээж ойлгомжтой. Төмөр зам зайлшгүй шаардлагатай гэдгийг өнгөрсөн түүх хангалттай харуулсан. Мөн боловсруулах үйлдвэрийг ч цаг алдалгүй байгуулах шаардлага буй. Өнөөгийн байдлаар “Энержи ресурс” нүүрсээ угааж тээвэрлээд борлуулсан үнээсээ бүх зардлаа хасахад “Эрдэнэс тавантолгой”-н уурхайн аман дээрээс өгч байгаа үнэтэй бараг л дүйж очиж байгааг зарим хүн ярьдаг. Өөрөөр хэлбэл, тэд үүгээрээ угаах үйлдвэр байгуулахад яаравчлаад байх шаардлагагүй мэтээр тайлбарладаг. Тэгвэл Хятадууд байгаль орчны асуудлыг онцгойлон тавьж байгааг дахин анхааруулъя. Нэг л өдөр тэд зөвхөн угаасан нүүрс авмаар байна хэмээн гэдийх болно. Тэр үед уурхайн аман дээрээсээ түүхий нүүрсээ зараад сууж байж таарахгүй. Энэ үүднээс бодсон ч төмөр зам, угаах үйлдвэрийн асуудлыг эртнээс шийдвэрлэж, хэрэгжүүлэх шаардлагатай. Мэдээж хэтийн зорилго бол кокс химийн үйлдвэр байгуулах явдал биз ээ. Бид Япон, Өмнөд Солонгос, Хятадыг энэ төрлийн бүтээгдэхүүнээр хангах нөөц бололцоо бий. Кокс нь коксжих нүүрстэй харьцуулахад 3-4 дахин өндөр үнэтэй. Тээвэрлэлтийн хувьд жаахан төвөгтэй ч төмөр замаа шийдчихвэл ойрхон шүү дээ. Энэ мэтээр нүүрс тойрсон хөгжлийн зураглалыг дурдвал олон л зүйл бий. Эцэст нь нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх учиртай. Монголын нүүрсний салбарыг зоостой зүйрлэвэл нөгөө тал нь Хятадын зах зээл юм. Бид энэ улсаас яаж ч цэрвээд, Оросоор дамжин гурав дахь ч зах зээл рүү хүрнэ гэж “солиороод” зоосны нөгөө талд байгаа нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй. Ард түмэн Тавантолгойгоос орж ирэх өгөөжийг1072 хувьцааны ногдол ашгаар илүүтэй хүртэнэ. Үүний тулд компани ТУЗ, гүйцэтгэх удирдлагын түвшингээс эхэлж мэргэжлийн түвшинд улам бүр чадавхижиж, IPO гаргаж, стратегийн хөрөнгө оруулагч татаж, улмаар дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэлийн томоохон төслүүдээ хэрэгжүүлж, олон улсын зах зээлд тогтвортой хүчирхэг байр сууриа олох хэрэгтэй байна. Тэр цагт хувьцаа эзэмшигч хүн бүр баялгийнхаа үр шимийг хамгийн шударгаар хүртэх юм. Энэ нь үүднээс “Эрдэнэс Тавантолгой”-д иргэдийн хяналт, шахалт шаардлага ч хэрэгтэй билээ.
Г.БАТЗОРИГ