Categories
мэдээ цаг-үе

А.Энхжин: Монголбанк алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авдаг

Монголбанкны нөөц сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, нөөцийн хэмжээ дөрвөн тэрбум долларыг давжээ. Монголбанкны үзэж буйгаар манай эдийн засаг эрчимтэй өсч байна. Гэвч тус банкны алт худалдан авалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр тонноор буурчээ. Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс тодрууллаа.


-Эдийн засаг өсч байгааг ямар үзүүлэлтээр тооцож байна?

-Монгол Улсын хувьд эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч байгаа.2019 оны эхний хагаст эдийн засгийн өсөлт 7.3 хувьд хүрсэн. Экспорт арав, импорт долоон хувиар өслөө. Экспорт эхний долоон сарын байдлаар тэрбум гаруй долларын ашигтай гарсан. Дээр төлбөрийн тэнцэл 500 шахам сая долларын ашигтай байна. Манай орны хувьд бол эдийн засаг өсөлттэй байна. Гэхдээ нөгөө талдаа гадаад орчны эрсдэл өдөр ирэх тутам тодорхойгүй болж байна.

-Жишээлбэл…

-АНУ БНХАУ хоорондын худалдааны маргаан.

-Монголбанкны алт худалдан авалт яагаад хоёр тонноор буурав, хөдөө орон нутгаас авч эхэлсэн биз дээ?

-Монголбанкны хувьд алтны худалдан авалтаа нэмэгдүүлэхээр олон чиглэлээр ажиллаж байна л даа. Эдгээр ажлуудын нэг нь Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Дархан-Уул, Баянхонгор аймгуудад алт хүлээн авах цэг байгуулсан.

Өнөөдөр энэ хоёр аймгаас тонн гаруй алт худалдан авсан. Өмнө орон нутгаас алт худалдан авдаггүй байсан. Өнгөрсөн жилээс энэ хоёр аймгаас авч эхэлсэн. Энэ онд алт худалдан авалт буурсан шалтгаан нь нэгдүгээр улиралд Ашигт малтмалын хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаа юм.

-Тэр юу вэ?

-УИХ ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа алтны ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийг өмнө нь 2.5 хувь байсныг таван хувь болгочихсон. Энэ заалт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнээс болж тушаалт буурсан гэж үзэж байгаа. Гэхдээ бид энэ жил 20-иод тонн алт худалдан авах зорилготой ажиллаж байна.

-Зарим мэдээллийн хэрэгслээр алтны олборлолт буураагүй байхад Монголбанкны худалдан авалт буурсан нь алт гадагшаа гарч байгаатай холбоотой гэсэн таамаг дэвшүүлж байна.

-Хилээр хууль бусаар алт гаргах тохиолдол гардаг. Гэхдээ үүнтэй холбоотой Монголбанкны зүгээс ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй л дээ.

Энэ хууль хяналтын байгууллагуудын ажил. Гэхдээ бид хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж, ухуулан таниулах, алтны худалдан авалтыг хялбаршуулах, ил тод болгох ажлыг тасралтгүй хийж байгаа.

-Жишээлбэл?

-Иргэдэд Монголбанк хэзээ, ямар үнээр ямар процедураар алт худалдан авдаг тухай цахим хуудсаараа дамжуулан мэдээлдэг.

-Ямар үнээр худалдан авдаг вэ?

-Өнөөдөр Лондонгийн бирж дээр байгаа нэг унци алтны үнээр худалдан авна.

-Ямар ч шимтгэлгүй үнээр авах уу?

-Нэг унци алтнаас (33 грамм) нэг долларыг цэвэршүүлэлтийн зардал болгож суутгана. Бидний худалдан авч байгаа үнэ бол дэлхийн зах зээлийн үнэ.

-Энэ жил 20 тонн алт авч чадах болов уу?

-Алт тушаалтын оргил үе нь ес, аравдугаар сар байдаг.

-2021 оноос том төлбөрүүдийг хийж эхэлнэ. Гал алдвал манай улсын нөөцөд халдах болов уу?

-Засгийн газар өрийн стратегиа боловсруулаад явж байгаа байх. Хэрэв үнэхээрийн төлж чадахгүйд хүрвэл гадаад валютын нөөцийг ашиглана.Гэхдээ ийм байдал үүсгэхгүйн төлөө Монголбанк, Засгийн газар ажиллаж байгаа. Нааштай шийдэгдэх байх.

-Мэргэжилтний нүдээр харахад дахин өрийг өрөөр төлөхгүй байх боломж байна уу?

-Төсвийн орлого бол өндөр байгаа шүү дээ. Ашигаа хуримтлуулаад зөв менежмэнт хийвэл гадаад өрийг хөнгөвчлөх арга байгаа гэж харж байна.

-Төгрөгийн хуримтлалаар долларын өрийг бууруулах боломжтой юу?

-Сангийн яамны зүгээс боломтой байгаа үедээ гадаад хүү өндөртэй зээлээ төлөх бодлого яригдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Хамгийн гол нь макро эдийн засгийн тогтвортой бодлогоо үргэлжлүүлээд, төсвөө сахилгажуулаад, орлогоо хуримтлуулах замаар явах нь л зөв шийдэл байх.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *