Categories
мэдээ цаг-үе

Эрдэнэтийн 5 дугаар сургуулийн нэрийн хуудас болсон захирал Даваагийн Дондол

-ТЭРЭЭР ЕБС-ИЙН ЗАХИРЛААР 23 ЖИЛ ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ МОНГОЛЫН БАГШ НАРЫН ДУНД ӨӨРИЙН ДЭГ СУРГУУЛИЙГ БИЙ БОЛГОСОН ГАВЬЯАТАН ЮМ-

Хичээлийн шинэ жил эхэлж буй энэ цаг дор “Багш” булангийнхаа зочноор Монголын мянга мянган багш нарын төлөөлөл болсон эгэл даруухан буурал багшийг онцолж байна. Эл эрхэм бол Эрдэнэт хотын 5 дугаар сургууль, “Орхон цогцолбор” сургуулийг үүсгэн байгуулж 18 жил захирлаар нь ажилласан Даваагийн Дондол юм. Булган аймгийн арван жилийн сургууль, мөн Архангай аймгийн арван жилийн сургуульд тус тус суралцаж төгссөн тэрээр тухайн үеийн Багшийн дээд буюу одоогийн Монгол Улсын боловсролын их сургуулийг орос хэлний багш мэргэжлээр төгсчээ. Оросын шинжлэх ухаан дэлхийн шинжлэх ухааны цөм нь, гол хөрс суурь нь юм гэдэг. Ерөнхий боловсролын сургуульд Оросын сургалтын программ хамгийн чухал гэдгийг дэлхийн глобал орон болох Америк, Англи зэрэг орнууд өдгөө онцлох болсон.

Даваагийн Дондол багш орос хэлийг сурч дэлхийн шинжлэх ухааны суурь болсон Оросын шинжлэх ухаан, ялангуяа боловсролынх нь тогтолцоог Монголын хөрсөнд суулгах гэж олон жилийн хүч хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулсандаа бардам байдаг нэгэн. “Орос хэлний” хэмээн алдаршсан Монгол Улсын ардын багш С.Галсан, мөн хэл шинжлэлийн доктор орос хэлний нэрт эрдэмтэн Чогдовын Цэдэндамба нарын аваргуудаар хичээл заалгаж орос хэлийг эзэмшсэн тэрээр Улаантолгойн САА буюу одоогийн Орхон аймгийн Жаргалант сумын дунд сургуулиас ажил амьдралын гараагаа эхэлжээ. Үндсэндээ Жаргалантын сургуулийг үүсгэн байгуулж багшлаад удаа ч үгүй захирлынх нь албыг хашиж эхлэх нь тэр. Залуухан захирал Улаантолгойд гялалзаж явах үе буюу наян гурван оныг “Сурагчийн жил” болгон зарлав. Дондол захиралд сургуулийн дотуур байрыг айл гэрийн нөхцөлд ойртуулах бодол төрж түүнийгээ ажил хэрэг болгосон байна. Хүүхэд төрсөн гэртээ яаж амьдардаг уу, яг л тийм орчныг дотуур байранд бий болгон, төрсөн гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ хэмээн зүтгэжээ.

Энэхүү ажил нь үр дүнгээ өгч Улаантолгойн САА-н сургуулийн дотуур байр улсын хэмжээнд шалгарч, тэгээд зогсохгүй бусдад үлгэр жишээ болох үүд хаалга нээгдэв гэнэ. Жаргалантын сургуулийн аж ахуйг бэхжүүлж шинээр10 тонн ногооны зоорь бариулав. Дотуур байрыг аж ахуйн аргаар засварлан сурагчдын хэрэгцээт хүнсний ногоог тариалж хүүхдийн хоолны төсөвт зардлыг 60-70 хувиар хэмнэж байв. Сурагчдын хөдөлмөрийн бригадыг газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хавар намрын улиралд ажиллуулж байсан нь “Хөдөлмөр хүмүүжил олгодог” АС Макеронкогийн үзэл санааг хэрэгжүүлсэн явдал байв. “Дондол захирлын нэвтрүүлсэн туршлагаас бүгд суралцах хэрэгтэй” гэсэн уриа лоозон гарч, залуухан захирал тухайн үеийн Боловсролын яам, Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл, Шинжлэх ухаан дээд боловсролын хороо тэргүүт дөрвөн ч байгууллагын баярын бичиг, мөнгөн шагналыг хүртэв гэнэ. “Тэр үеийн 300 төгрөг ч бас мөнгө байсан шүү” гээд өвгөн багш инээд алдаж сууна. Хөдөөх суурингийн сургуулийн захирал улс даяар нэрээ мандуулаад ирэхээр төв газрынх нь дарга нар яаж зүгээр байлгах билээ. Эрдэнэт хотын сургалт заах кабинетэд мэргэжилтнээр дуудан, хоёр жилийн хугацаанд ажиллуулжээ. Ингээд наян долоон оны намартай золгосон байна.

Наян долоон оны есдүгээр сарын 1-ний хичээлийн шинэ жилийн баяр бол ахмад багш Даваагийн Дондолын амьдралынх нь хамгийн баярт мөчийн нэг яах аргагүй мөн. Нэгэн насны ухамсарт амьдралынхаа хорь гаруй жилийг зориулж, чухамхүү нэрийн хуудас болтлоо зүтгэн, эцгийн нэр шигээ овоглож алтан титмээ болгож ирсэн Эрдэнэт хотын 5 дугаар сургуулийн захирлаар сонгогдсон ийм л түүхтэй өдөр нь билээ. “Хотын нийт багш нарын бага хурлаас тавдугаар сургуулийг толгойлон удирдахаар сонгогдож байснаа би хэзээ ч мартдаггүй” гэж буурал багш минь нэгэнтээ хэлсэн чин зүрхнийх нь үг байсан. Мянга гаруй сурагчдын инээд хөөр цалгилж, эрдэм номын алтан хонх жингэнэх ахуйд шинэхэн сургуулийн түлхүүрийг Зөвлөлтийн барилгын газрын төлөөлөгч Дондол захиралд гардуулснаар тус сургуулийн хамт олны түүх эхэлжээ. 1176 хүүхдийн суудалтай хичээлийн 30 анги танхим, физик, хими, гадаад хэл, хөдөлмөр, биологи, дуу хөгжмийн 10 гаруй кабинет биеийн тамирын заал, номын сан, 260-290 хүний суудалтай хурлын ба хоолны газартай иж бүрэн сургууль тийнхүү Эрдэнэт хотод өнгө жавхаа нэмж цогцлон сүндэрлэх нь тэр ээ.

1987-1988 оны хичээлийн жилд 1-9 ангийн 41 бүлэгт 1600 гаруй сурагч, 70 багш, 26 үйлчилгээний ажиллагсадтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Дунд сургуулийн хичээлийн эрхлэгчээр Б.Батбаатар, бага ангийн хичээлийн эрхлэгчээр Г.Цогзолмаа, хүмүүжлийн эрхлэгчээр П.Нямдорж, пеонерийн ахлах удирдагчаар У.Олдохгүй нар удирдлагын бүрэлдэхүүнд орж ажилласныг тэмдэглэх нь зүйн хэрэг. Тавдугаар сургууль хожим нь Орхон аймгийн “Орхон” цогцолбор сургууль болон хүрээгээ улам тэлэхэд тус сургуулийн ерөнхий захирлаар Даваагийн Дондол багш мөн томилогдон ажилласан байдаг. Тэрээр 2002-2005 онд энэхүү хариуцлагатай албыг нэр төртэй хашаад сургуулиа “Улсын тэргүүний сургууль” болох болзлыг нь бүрэн дүүрэн хангачихаад сая нэг санаа амарч гавьяаныхаа амралтад суусан. Дондол захирлыг чөлөөндөө суугаад хоёр жилийн нүүр үзэхэд буюу 2007 онд “Орхон” цогцолбор сургууль “Улсын тэргүүний сургууль” болж мандсаан. Мөн “Шилдэг менежмэнттэй улсын ТОП-20 сургууль”-ийн нэгээр шалгарсан нь бий. Энэ бүх гавьяа тус сургуулийг арван найман жил тасралтгүй удирдсан эрхэм захирлын хүч хөдөлмөр, бахдам үйлстэй холбоотой нь мэдээж.

Дэлхий нийтийн, ялангуяа шинжлэх ухааны гол суурь болсон Оросын боловсролын тогтолцоонд ямар л шинэ арга нэвтэрнэ, тэр бүгдийг Дондол багш өөрийн сургуульд хэрэгжүүлж, багш нартаа мөрдлөг болгодог байв. Наяад оны эхээр Оросын боловсролын тогтолцоонд томоохон өөрчлөлтүүд гарч, тэрхүү шинэчлэл нь дэлхий дахинд шуугиан дэгдээж байсан үе. Горбачевын өөрчлөлттэй хамт дуулиан болж гарч ирсэн Шаталов, Лысенкова, Аманашвили нарын шилдэг багш, эрдэмтэн профессоруудын шинэ санаачилга бүхнийг Эрдэнэт хотын 5 дугаар сургуульд хэрэгжүүлсэн юм. Гүржийн Аманашвили гэж багш зургаан настай хүүхдийг тоглоомын аргаар сургах, Шаталов багш тулгуур дохио буюу гол ухагдахууныг хялбар аргаар хүүхдэд ойлгуулах, Лысенкова багш хичээлийн программаас түрүүлж хүүхдийг сургах зэрэг олон шинэлэг арга дэвшүүлснийг багш нартайгаа хамтарч мөрдлөг болгосон нь улсын хэмжээнд анхны байсан гэдэг. Оросын шинжлэх ухаан, боловсролын гол гол сэтгүүлүүдийг Монголд тогтмол захиалж уншдаг хүн нь мөн л 5 дугаар сургуулийн Дондол багш байв. Ингэж тэрбээр дэлхийн боловсролын тогтолцоог соргогоор мэдэрч, Монголын хөрсөнд суулган өөрийн гэх дэг сургуулийг бий болгосон. Эл эрхэм сурган сэтгэл зүйн 30 гаруй өгүүлэл, орчуулгын ном, гар авлага гаргасан нь үе үеийн багш, сурагчдын ширээний ном болж иржээ.

Монголын боловсролын салбарт сүүлийн жилүүдэд мэдлэгийн тестийн арга нэвтэрсэнтэй холбогдуулж Америкийн нэрт сэтгэл зүйч Спилбергер, Ханиным болон Оросын сэтгэл судлаач эрдэмтдийн бүтээлийг орчуулж “Сэтгэл зүйн тест” гэх гарын авлага номыг багш сурагчдын хүртээл болгож байсан. Мөн“Сургуулийн удирдлагыг боловсронгуй болгож байгаа туршлагаас”, “Суут хүмүүсийн гэр бүл дэх харилцааны тухай”, “Сурагчдын мэдлэгийг тестийн аргаар шалгаж байгаа туршлагаас”, “Хөгжингүй орнуудын туршлага ба сургуулийн зөвлөлийн үйл ажиллагааг төлөвшүүлэх асуудалд”, “Хүүхдийн орчин хөдөлмөрийн хүмүүжил” зэрэг олон өгүүллийг нь нэрлэж болно. Ерөөс Дондол багшийг гадны орнуудын боловсролын системийг Монголд нэвтрүүлэгч холбогч гүүр нь гээд хэлчихэд буруудахгүй. Гадаад болон өөрийн орны сургалт арга зүйн 20 гаруй тэргүүн туршлага дэвшилтэт арга барил шинэ санаа нэвтрүүлсэн.

“Педагогика” тэргүүт олон сэтгүүлээс “Израилийн сургуулийн давуу ба сул тал”, “Японы сургуулийн шинэчлэл”, “Хятадын боловсролын агуулгын шинэчлэлээс суралцъя” гэх асуудал дэвшүүлсэн, сайн мууг нь харьцуулсан олон өгүүлэл, ном товхимол гаргаж багш сурагчдад зүг чигийг нь зааж залж ирсэн юм.Хөгжингүй орнуудын сурагчдын мэдлэг шалгах сорилын аргыг хөрвүүлэн өөрийн сургуульд газар зүй, биологи, математик, орос хэлний хичээлүүдэд туршиж хэрэглэсэн нь амжилттай болж энэ нь улсын хэмжээнд анхных байсан нь лавтай. 5 дугаар сургуулийн хичээлийн сургалтын явцад 8-10 дугаар ангид мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хичээлийг хөтөлбөрт тусган сурагчдад чиг баримжаа олгож байв.Үүнд хөргөгч, зурагт засвар, үсчин гоо сайхан, уул уурхайн 20 гаруй мэргэжлийн сургалт явуулж мэргэжлийн үнэмлэх олгож байсан нь бас л нэгийг хэлнэ.

Дондол захирлын удирдсан сургууль нь 1993 онд явагдсан АБЯ-ны дэд сайд Дамдинсүрэнгийн удирдсан иж бүрэн шалгалтаар “Сайн”, 2002 онд явагдсан МХУА-ны дарга В.Алзахгүйн удирдсан шалгалтаар “Хангалттай сайн” гэх үнэлгээг авч байсныг зориуд тэмдэглэе. Ингэж л Эрдэнэт хотод төдийгүй улс даяар Дондол захирлын нэр алдар түгж байв. Ямар сайндаа л “Тавын Дондол захирлыг танихгүй хүн цөөхөн” гэсэн шүлэг хүртэл гарч байхав дээ. Төрсөн нутаг нь Булган аймгийн Хишиг-Өндөр сум. “Хөх тэнгэр байдаг байдаг гэхэд Хөшөөтийн голынх шиг нь байдаг гэж үү” хэмээн төрийн шагналт найрагч Зундуйн Дорж дуун алдсан. Тэгвэл яалт ч үгүй Хөшөөтийн гол, Тээгийн голын унаган хүү. Багадаа өнөө Зундуйн Доржтойгоо, Ообо буюу жараад оны яруу найргийн гол төлөөлөгч болох Намжимын Очирбат нартай Хөшөөт, Шархын хөндийд морь унан уралдаж явснаа буурал захирал дурсах дуртай. “Ооботойгоо хожмын өдөр хүртэл нөхөрлөсөн” гэж хэлнэ билээ.

“Америк, Орос, Японы мэргэжилтэн багш нартай арваад жил хамтран ажиллаж тэднийг удирдаж бас тэднээс суралцаж байсан нь миний амьдралын алтан үеүдийн нэг байжээ” гэж хэлдэг. Энх тайвны корпусын мэргэжилтэн Сюзен Беконон, Сара Ларош, Матт Стивенсон, Корш Ламарш, Жайкагийн багш Ф.Томоко, А.Казүёо, орос багш Борисовна, К.Е.Пашинская, Владимировна гээд олон хүнтэй ойр дотно ажиллаж ирсэн. Гучин хоёр жилийн тэртээ анх байгуулагдсан өдрөөс нь хойш өнөөг хүртэл сэтгэл зүрхээ салгаагүй яваа 5 дугаар сургуулиас нь Чинзориг, Болормаа, Батсайхан, Түмэнжаргал, Эрдэнэсамбуу нарын шинжлэх ухааны залуу эрдэмтэд, төрийн түшээ, нэртэй эмч инженерүүд олон арваараа төрөн гарсныг дурдаад барахгүй. Англи хэлний багш Ё.Эрдэнэчимэг улсын аварга болж, С.Мэнджаргал, Г.Цогзолмаа, И.Оюунтуяа, П.Оюунцэцэг, Б.Батбаатар нар улсын олимпиад уралдаан тэмцээнд тэргүүн байруудад шалгарч ирсэн байна. Москвагийн Пушкины институтэд удирдах ажилтны дээд курсэд мэргэжил дээшлүүлсэн тэрээр удирдах ажлыг олон жил нэр төртэй хашихын зэрэгцээ ирээдүй хойчийн шинэ залуу лидер удирдагчдыг төрүүлсэн байдаг. Тухайлбал, Дондол захирлын гарын шавь нар болох М.Төмөрбат, Ц.Цэцэгмаа, Болдсүх, Нарангэрэл нарын 14 багш өдгөө Эрдэнэт хотын ЕБС-ийн захирлын албыг нэр төртэй хашиж байна. Түүний шавь нараас холимог тулааны дэлхийн аварга Ж.Нарантунгалаг, жүдогийн дэлхийн аварга Х.Болдбаатар гээд олон гавьяат төржээ.

“Бидний ажил хөдөлмөр, тэр ч бүү хэл ар гэр амьдралыг минь хүртэл зааж сургаж тусалж дэмждэг хүн бол яах аргагүй Дондол багш маань юм” гэж олон багш нарынх нь дурсамж дурдатгалд дурайна. “Энэ сургуулийн өнгөтэй өөдтэй, амжилт бүтээл арвинтай яваа нь сургуулийг олон жил удирдсан буурал захирлын минь гавьяа” гэж олон хүн хэлж байв. 5 дугаар сургуулийнх нь 30 жилийн хүндэтгэлийн ойн үеэр түүнийг “Гавьяатгүй гавьяат” хэмээн зарлахад танхим дүүрэн цугласан олон бүр нэг сэтгэлийн угаас баяр бахдалтайгаар алгаа ташиж байсан. Тийм ээ, нэгэн сургуулийн түүхийг бүтээхдээ Монголын боловсролын нэгэн цагийн түүхийг хамт бичилцсэн гавьяатан бол Дондол багш билээ сэн. “Би ийм гавьяа байгуулсан хүн” гэж хэзээ ч олны өмнө өөрийгөө зарлаж байгаагүй ч мянга мянган шавь нарынхаа сэтгэлд гэгээн сайхнаар хайрлан хүндлэгдсэн, үе үеийн гарамгай багш нарыг алдрын зэрэгт хүргэсэн эгэл даруухан түүнийг хичээлийн шинэ жилийн баяраар зориуд онцолж буй минь ийм учиртай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *