Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц: Монголчууд бид хиймэл стрессээ дарах ёстой

Монголын бурхан
шашинтны төв
Гандантэгчэнлин хийдийн
тэргүүн хамба лам
Д.Чойжамцтай ярилцлаа.
Монголын бурхны шашны
түүхэнд чухал байр суурь
эзэлж ирсэн Батцагаан
Цогчэн дуганыг энэ
сарын 6-нд нээж, үүнтэй
холбоотой “Самвад III”
олон улсын хурал, “Хүрээ
цам-Даншиг наадам”арга
хэмжээ болох юм.


– Монголын бурхан
шашинд зүтгэгсэд,
сүсэгтэн олон тун удахгүй
“Батцагаан Цогчэн дуган”-ы
өндөр үүдийг нээх гэж
байна. Бурхны шашинд
монголчуудын хувьд
томоохон байр суурь
эзэлдэг “Батцагаан Цогчэн
дуган”-ы үүх, түүхийн талаар
ярилцлагаа эхэлье?

– Анхдугаар богд
Жавзандамба хутагт Өндөр
гэгээн Занабазар олон хүрээ
хийд байгуулсны нэг нь
Улаанбаатар хотын үүсэл
болох хийдээ байгуулж
Монголын олон хийдүүдийн төв
болох Цогчэн хурлаа нээсэн
юм. Цогчэн дуганд Батцагаан
гэдэг нэр хайрлажээ. Энэ бол
300-400 жилийн өмнөх үйл
явдал шүү дээ. Тэр цагаас
хойш Батцагаан дуганд маш олон лам нар цуглаж ном
хурдаг төв газар болсон.
Ном эрдэмд суралцаж буй
олон лам хурвагийг сүү сааль,
идээ ундаагаар хангах зэргээр
зах зээлийн харьцаа үүсч
дээ. Тиймээс номын газар
учир хот суурин газраасаа
холдож, бууриа сэлгэн 20
гаруй удаа нүүж, эцэст нь
дөрвөн уулынд дунд ирж
төвлөрчээ. Батцагаан дуган,
Богдын ордон тэргүүтэй олон
хүрээ хийдүүд Зүүн хүрээнд
байрлаж байсан боловч бас л
зах зээл, үймээн шуугиантай
байдлаас холдох шаардлага
гарч, Гандан хийдийг арай
аглагдуу газар босгоё гэж
Гандангийн дэнж дээр
байгуулжээ. Тэгээд гадны
хүн ордоггүй, номонд садаа
болдоггүй, дөрвөн талд нь
Арван тавны цагдаа зогсож
хамгаалдаг аглаг газар
болгосон юм. Монголын
бурхан шашны их үүсэл нь
Энэтхэгийн Наландарын
хийд юм. Энэ хийд бол 500
бандидатай эрдмийн уурхай
болсон асар том хийд байсан.
Ер нь дэлхийн хамгийн анхны
сургууль ч гэж зарим эрдэмтэд
дүгнэдэг. Тэнд дорно дахины
арван ухаанд суралцдаг. Уран
зохиол, яруу найраг, гүн ухаан,
эмнэлэг, зурхай, цам бүжиг гэх
мэт багтдаг. Бурхны шашныг
түгээн дэлгэрүүлэх үйлсэд
асар их хувь нэмэр оруулсан, дэлхийн хэмжээний том, том
мэргэдүүд тэндээс төрөн
гарсан. Нагаржунай, Асанга,
Дэвнага, ертөнцийн зургаан
чимэг, хоёр дээд гэхчлэн
хамгийн алдартай мэргэд
зохиол бүтээлээ туурвисан
байдаг. Энэ уламжлал умард
зүгт Төвдийн оронд дэлгэрч
Сэра, Гандан, Брайвүн гэдэг
зургаан том хийд үүсэн бий
болжээ. Буддын гүн ухааны
нарийн нандин номыг
үзэж, тэндээс гавж, гэвш,
лхаарамба, дооромба дамжаа
барьж, зэрэг хамгаалдаг
сургуулиуд төлөвшин бий
болсон түүхтэй.
Их Монгол оронд бурхны
шашны сүүлийн дэлгэрэлтийн
үед Алтан хаан, Автай сайн
хаан, Өндөр гэгээн Занабазар,
нэйж тойн Цүлтэмзанба, Заяа
бандида Намхайжамц, Заяа
бандид Дамбадаржаа нарын
номын ихэс дээдсүүдийн үйлс
буянд Монгол даяар шашин
номын наран зүг бүрнээ
мандан дэлгэрч, үргэлжлэн
өрнөсөн юм. Монголын төв
нутагт Эзэн Чингис хааны
алтан ургийн аврал дээд богд
Өндөр гэгээн Занабазар хутагт
бээр 1654 оны хөх морин
жил Хэнтий нурууны өвөрт
номын их хүрээ Ривугэжай
гандан шадүвлингийн
эхлэлийг тавьж, дуган сүмийн
барилга байгууламж, бурхан шүтээнийг бүтээн байгуулж
дуусган равнай өргөн, хурал
номыг эхлүүлсэн байдаг.
Энэ үед их хурлын Цогчэн
дуган боссон агаад Риву
гэжай гандан шадүвлин буюу
Сарьдагийн хийд тэргүүтэй
хийдүүд бидний Их хүрээ
болон одоогийн Цогчэн их
хүрээний үүсэл болж байсан
түүхтэй. Сүүлчийн дэлгэрэлт
буюу Монголд гурав дахь
удаагийн дэлгэрэлтийн үед
Төвдөөс шарын шашин дэлгэрч
хамгийн сайн сургалттай
Чойрын дацангууд бий
болсон. 20 гаруй жил Бурхан
багшийн Ганжуур, Данжуур
болон Чойрын гүн ухааны
номуудыг логик хэлэлцээний
журмаар үзэж судалдаг
байсан нь монголчуудын
оюун сэтгэлгээнд их
өөрчлөлт авчирсан юм.
Умраас умардад Монголд
дэлгэрэхдээ Их хүрээний
Дашчоймпэл, Гунгаачойлин,
Идгаачойнзинлингурван
дацан барьж, цанидийн гурван
дацан, хүрээ их бага арав
гаруй дацан, хүрээ 30 аймаг
цугаар нийлэн хурах Цогчэн
дуган байгуулсан байна. Үүний
үр дүнд хорьдугаар зууны
эхэн үе гэхэд хамгийн дээд
зэргийн ном эрдэм үзсэн гавж
гэвш агранба тэргүүтэй номын
мэргэд төрөн гарч зохиол
бүтээлээ туурвиж байсан.
Төвдөд олон зууны турш шашин маш өндөр хэмжээнд
хөгжсөн байсан хэдий ч бид
түүнээс ч дутахааргүй номын
оргилд хүрч чадсан байсан
даа.

-1937 оны их
хэлмэгдүүлэлт хүртэл
үнэхээр тийм байсан гэдэг
шүү…

-Гандан хүрээ нь 20 дугаар
зууны эхэн үед ирэхэд цогт
Наландарын хиргүй гүйцэд
номын дамжлага ёсыг өвлөн
хадгалсан Цогчэн болон арав
гаруй дацан, гучин аймагтай,
удирдлагын бүтэц зохион
байгуулалт цэгцэрсэн, сургалт
боловсрол нь жигдэрсэн
Монголдоо төдийгүй гадаад
улс гүрэнд нэр алдар нь
түгсэн бурхны шашин
соёлын том төв, гол хүрээ
болж чадсан юм. Гандан
хүрээний Батцагаан Цогчэн
дуган Богдын шар ордны
баруун хойно олон мянган
лам хурах багтаамжтай 108
баганат нэгэн байжээ. Гандан
хүрээний хамгийн нандин
шүтээн Өндөр гэгээний
өөрийн мутраар бүтээсэн
Очирдарь байсан бөгөөд одоо
ч Гандан хийдийн гол нандин
шүтээнээр залагдаж байна.
Гандан хүрээнээс номлох,
мэтгэлцэх, туурвихын эрдэмд
мэргэшсэн олон мянган
эрдэмтэн мэргэд төрөн гарч
шашин номоо тэтгэн барьж, түгээн дэлгэрүүлж байваа.
Тэгээд 1937 оноос хэцүү хүнд
бэрх үе эхэлсэн дээ.
Монгол оронд коммунист
дэглэм тогтон бурхны
шашин эвдрэн доройтож,
сэтгэл энэлгэсэн, зүрх
шимшрүүлэм түүхийг туулсан.
Оройн дээд тавдугаар богд
Жавзандамба тэргүүтэй
богдууд Гандантэгчэнлингээ
байлгахын таалал болгоолтын
хүчээр Гандантэгчэнлингийн
одоогийн хэдэн дуган, сүмүүд
их хэлмэгдүүлэлийн аюулаас
үлдсэн гэдэг нь эргэлзээгүй.
Энэ үед бусад маш олон хийд
өртөж нураагдаж устгагдаж,
хамгийн сүүлд Цогчэн
хаагдсанаар, Ганданд бурхан
шүтээнээ авчирч хурж байсан
байдаг. Зүүн хүрээнд байсан
Батцагаан дуганы Гэсгүй
Гомбодо (Д.Гомбодорж) гэдэг
хүн гол шүтээнээ Ганданд
авчирч, эндээ хурж байгаад
дууссан юм гэдэг. Тэгж л
Монгол Улс 1937-1944 он
хүртэл шашин сүм хийдгүй явж
ирсэн. Харин 1944 онд АНУ-
ын дэд ерөнхийлөгч Монголд
зочлох болж, түүнд шашин
сүмээ устгачихаагүй гэдгээ
харуулахын тулд төр засгаас
ганц хийд нээхээр болж. Тэр
үед гавж, гэвш зэрэг сайн
номтой, юм мэддэг өвгөчүүд
байсан. Тэд Чойжинламын
сүм болоод бусад хийдүүдээ
алинд нь гаргах вэ гэж ярилцаж байгаад хамгийн
сүүлд хурал номоо хурж
байсан бэлгэ дэмбэрэлтэй
Гандан хийдийнхээ үлдсэн
дуганд нээе гэж шийдэцгээсэн
байдаг. Ингэж 1944 онд
Гандан хийдийг дахин
сэргээсэн түүхтэй. Түүнээс
хойш Гандангийн алтан
дээвэртэй дуганыг Цогчэн
дуган гэж нэрлээд Өндөр
гэгээний уламжлалыг авч
Гандантэгчэнлин хийддээ
Цогчэнгоо хурж эхэлжээ.
Түүгээр ч зогсохгүй өвгөчүүд
маань зурхай, эмнэлэг,
жүд, чойр, философийн
дацангуудын бүх уншлагыг
Гандандаа уншиж эхэлсэн
байдаг. Хаягдчих вий гэсэн
чухал номуудаа сэргээж
Гандан дээр хурж, дөрвөн
улирлын дамжаа буюу Чойрын
номыг үздэг болгосон. Тэгж л
бурхны шашны уламжлалаа
ямар нэгэн хэмжээгээр авч
үлдэх нь Гандан хийдийн
үүрэг болсон юм.


-Сүсэгтэн олны тэр бүр
мэддэггүй үүх түүх, их
үүргийг Гандан хийд маань
хүлээжээ дээ?


-1969 он үед Азийн
буддистуудын энх тайвны
бага хурлыг номч мэргэн
гавж хамба ламтан Гомбожав
санаачлан Монголд
төвлөрүүлж, ерөнхийлөгч нь
болсон. Монголын эрдэмтэн
Жүгдэр доктор тэргүүтэн энэ холбооны ерөнхий нарийн
бичгийн даргаар ажиллаж
олон улсын байгууллага
болох эхлэл нь тавигдсан
юм даа. Дараа жил нь буюу
1970 онд олон орны лам
нар манайд ирэхэд тэдний
дунд залуу зандан, хэл устай
мундаг лам нар ирдэг байлаа.
Манайх болохоор дандаа
хөгшин лам нартай байсан.
Тиймээс залуу лам нарыг
бэлтгэх нь зүйтэй юм байна
гээд тэр жилээ Шашны дээд
сургуулийг нээсэн. Анх 20
хүн элсүүлсний нэг нь би дээ.
Түүнээс хойш жилд, дөрвөн
жилдээ нэг удаа арав хорин
хүн элсүүлдэг байсан. Зөвхөн
Гандан хийдийн боловсон
хүчнийг бэлтгэх чиглэлд
ажиллаж эхэлсэн байдаг.
1990 он хүртэл ийм байдлаар
л явж ирсэн. Түүнээс хойш
шашин чөлөөтэй болж, шашин
шүтэх эрх, эрх чөлөөгөө олж
авсан. Коммунист намын
үеийнх шиг ард иргэдээ хоёр
хувааж, нэг хэсгийг нь баян
тарган угсаатан, язгууртан,
лам гэж шашин шүтсэнийх нь
төлөө ялгаварлан гадуурхдаг
байдал үгүй болсон. 1992 оны
шинэ Үндсэн хуулиараа хүний
эрх, эрх чөлөө, шашин шүтэх
эрх, эрх чөлөөг тунхаглан
зарласнаар шашинд ямар
нэгэн ялгаварлан гадуурхал
үгүй болж шашин номоо
сэргээх ажилдаа орцгоосон
доо. Үнэхээр асар их
бэрхшээлтэй үеийг даван
туулж дээ, бид. 1937 онд
сүм хийдийг хааж эрдэмтэй,
номтой байсан хүмүүсийг
өндөр зэрэг дэвтэйгээс нь
эхлээд 20 гаруй мянган ламыг
егүүтгэсэн. Үлдсэн гавж,
гэвш тэргүүтэй залуу лам
нарыг шоронд арван жилээр
хорьсон. Тэд маань 1990 он
хүртэл амьд байж чадаагүй,
цагийн эрхээр таалал төгссөн.
Эрдэмтэй лам нар тун цөөхөн
үлдсэн дээ. Бурхны ном гүн
гүнзгий сайхан ном юм даа
гэж би итгэл лугаа төгөлдөр
байдаг. Яагаад гэвэл тэр
70 жилийн турш толгойд
нь орчихсон коммунизмын
сурталчилгааг даван гарч
эрх чөлөөгөө олсны дараа
лам байсан өвгөд маань
160 гаруй хийдийг сэргээн
байгуулсан нь сэтгэлд нь
шашин гүн шингэсний илрэл
юм даа. Ингэж 1990 оноос
эрэмбэ дэс дараатайгаар
хөгжүүлж эхэлсэн. Гандан хийдийн өвгөчүүд шашныхаа
уламжлалыг амьтайгаа
дүйцүүлж авч үлдсэнээр,
шинэ цагт Гандангийн лам
нар Жүд дацан, Дашчоймпэл
дацан, Гунгаачойлин дацан,
Жинрайсиг дацан, Дүйнхор
дацан зэрэг том уламжлалт
бүхий л дацангуудаа сэргээж
чадсан юм. Шинээр оюутан
залуусыг элсүүлж авсан.
Ингээд ч заах багш нар маш
ховор болчихсон байлаа.
Гэхдээ Гандан хийддээ
суурилуулж, шашны их
сургууль, Цогчэн сургууль
мөн уламжлалт сургуулиудаа
гаргаж чадсанаар шашнаа
д ахин сэргээх явцыг
түргэтгэсэн гэж үзэж болно.
Энэ үед бидэнд Далай
багш маань их тус болсон
доо. Далай ламын Энэтхэг
улсад гарсан 100 гаруй
мянган төвд дүрвэгсдийн
байгуулсан сургуулиас өөр
бидний уламжлалт сургалтыг
заах сургууль байгаагүй. Бид
хүүхдээ эрэмбэ дараатайгаар
Энэтхэгт суралцуулж эхэлсэн.
2019 он хүрэхэд 700 гаруй
хүүхэд Энэтхэгт сурчээ. Зарим
түрүүч нь гэвш, лхаарамбын
дамжаабарьж цолоо
хамгаалаад ирж байна.

-Шашны дээд сургууль
ч Монголд өргөжиж, элсэн
суралцагчид нэмэгдэж байв
уу?

-Үлдсэн бид зүгээр суугаад
байсангүй. Эндээ Шашны
их сургуулиа дөрвөн жил
болгож, маш хурдавчилсан
сургалтыг хийгээд Монгол
орон даяар сэргэж байгаа
200 гаруй сүм хийддээ лам
боловсон хүчин бэлдсэн.
Түүгээр ч зогсохгүй Цогчэн
анги нээгээд уншлагатай лам
нарыг төгсгөдөг болсон. Ийм
журмаар бид эрэмбэ дэс
дараатайгаар хөгжлийнхөө
шатыг тавьж яваа юм. Одоо
юу дутаж байна вэ гэхээр
бидэнд өнөө Цогчэн маань
жижигдэж эхэлсэн.
Учир нь их хэл мэгдүүлэлтээс
Ганданд
зөвхөн Богд нарын шарилын
сүм л үлдсэн юм. Гэтэл өнөөг
хүртэл өнөө л шарилын
сүмүүддээ хурсаар байгаа.
Тиймээс дуган сүмдээ
багталцахгүй болсон. Ийм
учраас бид Батцагаан дуганаа
дахин сэргээхээр 2007 оноос
бариулж эхэлсэн. Энд хэдэн зүйлийн учир
шалтгааныг дурдах ёстой.
Нэгдүгээрт, бусад коммунист
байсан 10 гаруй орон
ардчилалд шилжихдээ сүм
хийдээ нураасан, лам нараа
егүүтгэснийхээ уучлалтыг
гуйж, дуган сүмийг нь буцаан
олгох, дуган сүм байгуулж
босгож өгөх, хөрөнгийг нь
буцааж өгсөн. Гэтэл манай
Монгол огт хөдлөөгүй. Тиймээс
бид Батцагаан дуганыг сэргээн
босгох хүсэлтээ төр засагтаа
тавьсан. Хоёрдугаарт,
уламжлалыг сэргээе. Гуравт,
сүсэгтэн олондоо чөлөөтэй
сайхан тайван үйлчилье.
Дөрөвдүгээрт, гадаад
дотоодын төрийн тэргүүнээс
эхлээд ердийн жуулчид хүртэл
ирдэг энэ газраа улсынхаа
нэрийг бодож сайхан болгоё
гэсэн зорилт тавьсан юм.
Ингээд Өндөр гэгээнийхээ
нэрийг түүхийн ёсоор сэргээж
байгаа учраас Батцагаан
гэдэг нэрээ дугандаа өгсөн.
Түүгээр ч зогсохгүй бид
Энэтхэг Будгаяа гэж Бурхан
багш анхлан номоо номлосон
газарт Монгол сүм барьсан.
Түүндээ ч Батцагаан гэдэг
нэрийг хайрласан. Энэтхэгийн
Наландарын хийдийн эх үүсэл
Төвдөөр дамжиж Монголд
ирэхдээ Батцагаан гэдэг
Цогчэн дуганаар бэлгэдсэн
агуулгатай. Шинэ дуган бол
1080 лам багтах хэмжээний
том сайхан дуган. Доод
давхартаа лекц, дугуйлан,
бясалгал явуулж, хурал ном
уншиж боломжтой. Сүсэгтэн
олон дүйцэн өдөр ирэхдээ
тав тухтай байж чадна. X Богд
тодрох юм бол энэ дугандаа
залраад, хувилгаад хутагтууд
ирээд хурал номоо хурж,
хамба нар лам хуврагууд ирж
хурдаг сайхан дуганыг барьж
байгуулж нээлтийн ёслолын
үйл ажиллагаа есдүгээр сарын
6-ны өдрөөс эхлэн гурав хоног
үргэлжилнэ.
АНУ болон Европын
орнууд шашиндаа асар их
анхаарал тавьдаг. Яагаад
гэвэл бурхны шашныг шүтдэг
хүмүүс бол тухайн орны
иргэд байдаг. Иргэд нь зөв
боловсон хүмүүжиж, шашин
шүтлэгээ цэвэр ариунаар
уламжилж явах нь Монгол
Улсын эрх ашигт зохицдог.
Үндэсний аюулгүй байдалд
ч нөлөөтэй байдаг. Бүх улс
орон шашиндаа анхаарал
тавьдаг нь улс орны аюулгүй
байдал, тусгаар тогтнолд асар
их тустай зүйл дээ. Сүсэгтэн
олон ч сүм хийдээсээ ёс зүй
авч, өөрийнхөө сэтгэл зүйг
боловсруулж дутагдсан сүсэг
бишрэлээ гүйцэлдүүлэн соён
гэгээрэлд хүрч байвал Монгол
Улсад асар их ашигтай юм.
Буддын шашин бол яалт ч
үгүй Монгол оронд хүн амын
60, 70 хувь нь бурхны шашин
шүтдэг, биширдэг, хүндэтгэдэг
улс байгаа.


-Батцагаан Цогчэн дуган
гэж тэр чигтээ Монголын
бурхан шашны гол түүх
байжээ. Тэгвэл энэ цаг
үед Монгол Улс Үндсэн
хуулийнхаа өөрчлөлтийг
хэлэлцэж байна. Анхны
Үндсэн хуулийг батлахад
гар бие оролцож явсан
хүний хувь таны байр
суурийг сонсмоор байна?

– Бид шашнаа үе
шаттайгаар хөгжүүлэх гэж
оролдож байгаа. Өнгөрсөн
70 жилд шашингүйн үзлийг
хэтэрхий зааж сургасан. Тийм
учраас ардчилсан нийгэм
байгуулж эхэллээ гээд л
дуулангуутаа ардчилагч
болдоггүй юм байна. Асар
их хугацаа зарж байж, асар
их туршлага хуримтлуулж
байж, асар их явцын дунд энэ
нийгмийн сайн сайхныг харж
байж, хүний оюун тархинд
ардчилал, эрх, эрх чөлөө
бусад харьцаанууд бий
болдог юм байна. 1921 онд
социалист нийгэмд шилжсэн
мөртлөө 70 жил явахад
нөгөө феодлын үеийн шашин
шүтлэг хэвээр байсан нь
зөндөө харагддаг. Хэдийгээр
коммунизм кино ший, сонин
хэвлэл бүгдийг ашиглаад
сурталчилгаа явуулсан ч
өмнөх нийгмээ хүсдэг хүмүүс
байсан нь гарцаагүй. 1990
онд ардчилал ялж, 29 жил өнгөрсөн ч “Коммунизм
сайхан нийгэм байсан даа”
гэдэг бодол нэлээд хүмүүсийн
сэтгэлд байгаа. Энэ бол тийм
ч амар өөрчлөгдөх зүйл биш.
Ерөнхийгөөрөө манай нийгэм
эдийн засаг, улс төрөө дэндүү
их анхаараад, хүмүүсийнхээ
толгойг өөрчлөөгүй, тэдэнтэй
ажиллаагүй. Ийм нийгэм
учраас хүмүүс маань
ардчилсан нийгэмд амьдарч
байгаа ч коммунист үзэл нь
хэвээрээ байж болох талтай.
Тийм болохоор аливаа нэг
зүйлд коммунистаар ханддаг.
Жишээ нь, зах зээлийн
нийгэмд хэн ажил хийж, хэн
зүтгэл гаргаж, хэн зөв, сайн
бодлого явуулж бизнес хийж
чадсан нь өргөжөөд бусдыгаа
ажилтай болгоод явах ёстой.
Гэтэл монголчуудын дунд
инээдмийн нэг ийм яриа
байна. Монгол хүнээс “Чиний
хамгийн дургүй юм чинь юу
вэ” гэхэд “Баян хүн”. “Хамгийн
дуртай юм чинь юу вэ” гэхээр
“Баяжих” гэдэг. Тэгэхээр
энэ бол өнөө сэтгэлгээний
өөрчлөлт монголчуудын дунд
гараагүй яваа гэсэн үг. Би
ажиллаад, хөдөлмөрлөвөл
сайхан амьдарна. Баян хүн
гэдэг чинь өөрөө ажилласаг
хөдөлмөрч овсгоо самбаатай
хүнийг хэлдэг. Үүнд андуурга
гарах шалтгаан байгаа юм.
Буруу аргаар баяжсан
хүмүүс түрүүлж харагдаад зөв
ажилтай улс нь харагдахгүй
болчихоод байгаа юм уу даа.
Сэтгэлгээний ялган салгах
мэдрэмж муутай болжээ,
зарим хүмүүс.

– Үндсэн хуулийн
өөрчлөлтад шашин шүтэх
эрх, эрх чөлөөг хэрхэн үзэж
байна вэ?

-Үндсэн хуулийн хувьд
шашин номын талаар ярих нь
арай болоогүй байх аа. Ер нь
бусад улс оронд бол шашнаа
ихээхэн хүндэтгэдэг байдал
харагддаг. Энэтхэг улс гэхэд
төрийн томчууд нь манайд
айлчлахдаа хамгийн түрүүнд
Гандан хийдээр орчихоод
төрийнхөө айлчлалыг
эхэлдэг. Оросын Батлан
хамгаалахын сайд буддын
шашинтай мөртлөө манайд
ирэхдээ уугуул гол шашнаа
хүндэтгээд Оросынхоо сүмд
очоод төрийнхөө айлчлалыг
хийх жишээтэй. Одоо Путин
гуай ирнэ гэж байгаа. Бас л
хамгийн түрүүнд өөрийнхөө
үнэн алдартны шашны
хийдээр орчихоод айлчлах
гэнэ лээ. Энэ бол манайхан
шашнаасаа нэлээд хол
байгаа учир арай л болоогүй
байгаа гэж бодогддог юм.
Яагаад гэвэл шашнаа үнэлэн,
цэгнэж дүгнэж, түүгээрээ ард
түмнээ соён гэгээрүүлэх гэдэг бодлоосоо илүү одоо
бол “Шашнаас л хол явах
юмсан” гэдэг коммунист үзэл
нь хэвээрээ байгаа. Тийм
учраас манай олон хуульд
шашинтай холбоотой зүйл
заалт нь хоцрогдчихсон.
Одоо үйлчилж чадахаа ч
байчихсан. Тэгсэн хэрнээ
түүндээ хүрье гэдэг нэг ч улс
төрийн бодлоготон байхгүй.
Ийм л хэмжээнд байгаа. Үе
шаттайгаар боловсроод ирсэн
үед гарцаагүй шашныхаа
хуулиндаа хандана. Гэхдээ
хожигдож л явах нь дээ.

-Монголчууд маань
стресс голдуу нийгэмд
амьдраад байна уу даа.
Хаана л явна, хаашаа л
харна уур бухимдалтай
байдал ажиглагдах боллоо.
Яагаад бид ингээд байна вэ.
Яаж тайвшралыг олох вэ?

-Энэ бол голдуу хиймэл
стрессүүд байна. Улс
орноо хөгжихгүй байна, бид
хоцорчихлоо гэдэг өөрийгөө
зовоосон том стресс. Улс орон
маань хөгжилгүй болчихлоо,
хэдэн олигархиуд идээд
дууслаа. Улаанбаатар хотоо
харчих, утаанд дарагдаад
дууслаа гээд л түүндээ асар
их том стрессс авдаг болж.
Нөгөө талаас нь хараад үзье л
дээ. 1990 оны Улаанбаатарыг
дээрээс нь зураг авалт хийгээд
өнөөдөртэй харьцуулах юм
бол бид хөгжөөгүй биш л дээ.
Саяхны бодитой тоо гэхэд
бүхэл бүтэн коммунизмын
жилд 38-хан мянган хүнийг
орон байраар хангаж орон
сууцтай болгосон бол 180
мянган орон сууцыг ардчиллын
29-хөн жилийн дотор барьжээ
гэж нэг улстөрч ярьж байна
билээ. Шилэн байшин, оффис,
зочид буудал, зам талбай,
харгуй ямар гоё болсон бэ.
Ингээд хоёр талаас нь дүгнээд
харах ёстой. Ингэхээр арай
уужраад, “Гүй ээ бид ч будилж
яваа ч гэсэн бас ч гэж” гэдэг
бодол төрнө дөө. Аймгийн
төв дээр очиход ч жигтэйхэн
аятайхан болчихсон байна
лээ. гоё Хөдөөний айлууд
ачааны машинтай, суудлын
машинтай. Бас хоёр гурван
мотоцикл гаднаа тавьчихсан
байх шиг. Үүнийгээ хараад
бид улс орон маань 29 жилийн
дотор хөгжиж л байна даа.
Жаахан замбараанд оруулах
ажил хэрэгтэй юм байна
даа гэж бодохоор нөгөө их
бухимдаж байгаа, гадаад явах
юмсан, энд ингэж зүдэрч яваад
яахав гэдэг сэтгэлгээ уужирна
даа, уужирна. Тэгэхээр хиймэл
стрессээ дарвал нэлээн их
стресс хорогдоно доо. Бид
энэ хиймэл стрессээ дарах
ёстой.

-Ахуйн стресс ч бас их
байх шиг?


-Ахуйн нөхцөл нь хэтэрхий
америк, солонгос кино болон
гадаад улсын хүмүүсийг
дуурайж байгаагаас болж
стресс бий болж, нэгэндээ
хэтэрхий хүчнээс нь
хэтэрсэн шаардлага тавьж
эхэлснээр хуучин нийгэмд
байсан хэвшлүүд эвдэрч гэр
бүл дотор хөдөлгөөн гарч
хоорондоо эвцэхгүй, бие
биенээ ойлгохгүй болоод
эхэлж байгаа юм. Ийм байдал
маш их байна. Хиймэл стресс,
дээр нь маягийн стресс ч
байна. Хоёрдугаарт, эрх
чөлөө гэдгээ буруу ойлгосноос
үүдсэн стресс байдаг. Би
эрх чөлөөтэй гээд л хотын
замаар ганцаараа дураар
явах гэж оролдоод дүрэм
баримталж байгаа жолооч
урд нь тээглэчихээд болж
өгөхгүй, хажуу талаас өөр
нэг зүйлд яарсан хүн жаахан
дарчихаар уур нь хүрээд л,
өнөө “п”-гээ урсгаад гарч
ирээд зодолдож нүдэлдээд
эхэлдэг болж. Эрх чөлөө гэдэг
нэг хүний эрх чөлөө бусдын
эрх чөлөөгөөр хязгаарлагдана
гэдэг. Үүнийгээ ойлгохгүй
байна. Орон сууцанд хэдэн
арван хүнтэй хамт амьдарч
байгаагаа мэдэхгүй, доод айл
нь тайван сайхан унтах гэж
байтал дээр нь пижигнээд,
хөгжмийнхөө дууг хамгийн
дээд цэгт нь тавьж бүжиглээд
л, шал нь доошоо цөмрөх
гэж байгаа юм шиг болоод
л. Ёстой орк гэдэг чинь тэр
биз дээ. Сармагчин шиг бие
биенээ дууриасан, хөрөнгөтөн
орон ингэж амьдардаг байх
гэж төсөөлсөн төсөөллөөрөө
яваа хиймэл стрессүүд юм.
Харин хүн амын бага хэсэг
нь үнэхээрийн хиймэл биш
стресс байж болох байх.


– Нийгэмд болж
бүтэхгүй байгаа зүйлийг
засч залруулах гээд хүч
хүрдэггүй. Тухайлбал,
өндөр албатай хүмүүс нь
муу хэрэгт холбогддог ч
хариуцлага хүлээдэггүй
байдлыг олон түмэн эцэст
нь “Үйлийн үрээ эдэлнэ
дээ” гэж цөхөрсөн байдал
ажиглагдах болж. Хувь
хүний хувьд ч тэр. Үйлийн
үр гэж чухам юу юм бэ.
Үнэхээр үйлийн үр ирдэг
үү?


-Үйлийн үрийг ойлгоё
гэвэл маш олон юмнаас
харж болно. Бид хуучин үед
зэрэгцэн амьдарч байхдаа
нутаг нугаараа, хошуугаараа
бусармаг юм хийсэн хүн бүр
амьдралын эцэст шороо үмхэж
байгааг хараад “Болохгүй
юм байна шүү, заавал нэг
үйлийн үр нь ирдэг юм байна”
гэдэг ойлголтыг авдаг байж.

Одоо бол хот орон газар
бие биенээ танихгүй, нүүрэн
дээр болж байгаа үйлийн
үр нь мэдэгдэхээ байсан.
Тийм учраас уужраад үйлийн
үр байхгүй юм шиг ойлгоод
байгаа юм. Үнэхээрийн
үйлийн үр байна шүү дээ.
Ялангуяа сүүлийн үеийн
солонгос кино бол үйлийн
үрийг маш сайн харуулж
байгаа. Эхлээд гаардаг,
дэвэрдэг, бүх л бусармаг
бүх юмыг хийгээд хамгийн
сүүлд нь хог дээр хаягддаг,
уучлалт хүсдэг, гэмшиж
дуусч байгаа байдал. Гэтэл
бид алж хядсаар байгаад
жаргаад дуусдаг америк киног
бодит байдал шиг ойлгоод
байна уу даа. Үйлийн үр
гэдэг өөрийнхөө хийсэн
зүйлийг өөрөө амсана гэсэн
үг шүү дээ. Сайн сайхан зүйл
хийвэл сайн үрийг амсана.
Ажиглах юм бол засаг төрд
ажиллаж байгаа хүмүүст ч
гэсэн харагдана даа. Хэчнээн
сайхан явж байсан ч шоронд
орж байгаа нь ч байна, янз
бүрийн хэрэг зөрчилд орж
байна, жигтэйхэн баян тансаг
болчихоод уулын амаар
давхиад л наргиж жаргаад
байсан нөхөд гудамжинд
гараад архичин болчихсон
байгааг хар. Үйл хөдлөлийн
үр дүнд, бодлогогүй үйл,
буруу үйлийн үр дүнд заавал
зовлон амсдаг гэдэг нүүрэн
дээр ил байгаа зүйл. Түүгээр
ч зогсохгүй үр хүүхдэд нь
нөлөөлдөг. Гэхдээ өнөө үед
бүх зүйлийг хууль номын дагуу
шударга журмаар шийдэж
байгаа гэдэгт бас итгэхэд бэрх
байгаа юм.

-Энэ цагийг цөвүүн
цагийн төгсгөл гэж үзэх
хүмүүс бий. Бурхны шашинд
үүнийг хэрхэн үздэг юм
бэ?


-Цөвдөлт гэж байдаг.
Нэгдүгээр цөвдөлт буюу
цагийн цөвдөлт. Хавар нь
хавар шиг биш. Өвөл нь
бороо орж, зун нь цас орж
мэдэх. Ертөнц дөрвөн улирал
ээлжлээд л байдаг байсан бол
тэр нь өөрчлөгдөхийг хэлдэг.
Бас насны цөвдөлт явагддаг.
Хүн 60, 70 хүрээд өнгөрөөд
өгдөг байсан бол өчигдөр
төрж гэнэ, маргааш нь үхэж
гэнээ гэдэг. Ямар ч магадлал
байхгүйгээр насаа насалж
чадахгүй байгаа хэлбэр.
Амьтны цөвдөлт гэж байдаг.
Амьтны ертөнц байгалиас
тогтож авсан хэвшлүүд нь
эвдэрч эхэлдэг. Жишээ нь,
зүгээр хотондоо бэлчиж
явсан хонь эзнээ мөргөөд
алчих жишээтэй. Иймэрхүү
маягтай амьтны хэвшил
амьдрал нь өөрчлөгдөөд шал
хачин болоод ирнэ. Түүний дээр сэтгэлд нь нэг ч зөв
юм бодогддоггүй. Дандаа
буруу юм ярьж, буруу үйл
хөдлөл хийж байдаг. Энэ
бол сэтгэлийн цөвдөлт. Сайн
зүгийн буянтай үйл орж
ирдэггүй, харддаг хорддог.
Хамгийн сүүлчийнх нь үзлийн
цөвдөлт. Ертөнцийг үзэх үзэл
нь шал өөр болдог. Шал өөр
өнцгөөс харна гээд бодит
байдлаас өөр үзэл бодолтой,
бодит байдлыг дагахгүй,
бодит оршин тогтнолыг
хүлээн зөвшөөрөхгүйгээр үзэл
бодол нь буруудаад ирэхээр
бие, хэл, сэтгэл гурвын үйл
бүгд буруу явж, ертөнц дээр
байхгүй муухай зүйл бий
болоод эхэлдэг. Ийм таван
цөвдөлтийг бид шинжлэх
ёстой юм. Цөвдөж байна уу
үгүйг ажиглах ёстой.

-Энэ цаг ер нь дуусах
уу?

-Болно оо. Нийгмийг харж
байхад нэлээд аятайхан болж
явна. Миний ажиглалтаар бол
энэ нийгэм маш сайхан сэргэж
байгаа. “Хэзээ ийм байлаа” гэж
бодогдохоор байшин барилга
зам талбай, хүмүүсийн
харьцаа өөрчлөгдөж байна.
Ялангуяа хүний хөгжил их
өөр болж. Сэтгэхүйн хөгжил
нь ямар байгааг мэдэхгүй юм.
Биеийн хөгжил маш сайн болж
байна. Бүх юм өөрчлөгдөж
хөгжил дэвшил рүү явж байна.
Одоо бид ганцхан хаячихсан
сэтгэл рүүгээ л явах, сэтгэлээ
засах, үзэл бодлоо засах
дутуу байна. Дээрх таван
цөвдөлтийн хамгийн аюултай
нь үзэл бодол цөвдөлт. Үзэл
бодол, философи буюу гүн
ухааныг цэгцэлж өгөхгүй
бол урагшаа явахгүй. Тэр
үзэл бодлыг зөв төлөвшүүлж
тогтоогоод ирэхээр үзэл
бодол нь онол болоод, онол
нь бие, хэл, сэтгэл гуравтаа
ирж амьдрал өөрчлөгдөөд
эхлэх учиртай юм.


-Хүн заавал буян хийх
ёстой юу?

-Хийх ёстой. Буян гэдэг
ерөөсөө бидний хуучин, шинэ
нийгмийн алинд ч үүссэн зүйл
биш. Ерөөсөө хүн хүнд байгаа
сайн сайхан зүйлийг буян
гэж ойлгох ёстой. Өөрийг нь
эрх чөлөөтэй, баталгаатай,
жаргалтай болгодог зүйлийг
буян гэдэг. Хүнд хөнөөлтэй,
өөрийн эрх чөлөөг алга
болгодог, өөрийг нь зовлонд
унагадаг зүйлийг нүгэл
гэдэг. Буян хураах зайлшгүй
шаардлагатай. Буяны эрхээр
жаргадаг гэдэг дээ. Алив сайн
буяныхаа үрээр Монголын ард
түмэн эв найрамдал зохицон,
өнөр буян сүндэрлэн, ачлал
хүндлэл дүүрэн, цог жавхаа
арвидан мандах болтугай.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *