Эрхүү-Улаанбаатарын чиглэлд зорчигчийн урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор 2019 оны есдүгээр сарыг дуустал нэмэлт галт тэрэгнүүдийг явуулж байна. Энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд тасалгаат вагон тав, люкс зэрэглэлийн вагон нэг гэсэн зургаан вагоноос бүрдсэн галт тэрэг Эрхүү-Улаанбаатарын чиглэлд зорчиж байсан бол зуны улиралд 11 вагон болгон нэмэгдүүлжээ. Гэвч есдүгээр сарын сүүл хүртэлх галт тэрэгний тасалбар зарагдаж дууссан тул ийнхүү нэмж вагон явуулах шийдвэр гаргасан байна. 2019 он гарснаас хойш 17 мянган тасалбар зарагдсанаас 11 мянган тасалбар нь таваас наймдугаар сард борлуулагджээ. Мөн жуулчин, оюутан, сурагчдын зорчих тоо нэмэгдсээр байгаа аж.