Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Хөрөнгө оруулалтыг үргээсэн шийдвэрүүд гарах тусам нефтийн үнэ өсөх эрсдэлтэй

Нефтийн үнийн асуудлаар эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Нефтийн зах зээлийн гадаад нөхцөл байдал ямар байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Сүүлийн хоёр, гурван хоног нефтийн үнэ үл ялиг буурлаа. Шалтгаан нь нийлүүлэлт өндөр байна. Хүмүүс хөрөнгө оруулалт сайн хийж байна. Иран дахь нефтийн Ормузын хоолойнд нэг хэсэг түгжрэл гарсан. Тэр түр зуурын саатлаас болж нефтийн гадаад зах зээлийн үнэ жаахан өссөн байсан бол одоо буцаад хэвийн байдалдаа орж байна. Тэгэхээр урт хугацаандаа нефтийн үнэ өсөхгүй байх. Бас урт хугацаандаа огцом буурахгүй гэсэн таамаг голлож байна. Үнэ өсөх үндсэн шалтгаан бол эдийн засгийн эрэлт байдаг. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч хурдтай байх юм бол худалдан авах чадвар сайжирч,үйлдвэрлэлээ дагаад нефтийн үнэ өсдөг. Гэтэл Америк, Хятадын худалдааны дайнаас болж дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч саарчихлаа. Тийм учраас тэгж айхавтар өсөхгүй байх. Нийлүүлэлт бол хангалттай байна. Суурилагдсан хүчин чадал хангалттай байгаа. Венесуэл хамгийн их газрын тосны нөөцтэй орон. Одоо бол энэ улс дотоод үймээн самуунтай байна. Ирэх жил, эсвэл хоёр жилийн дараагаас байдал тогтворжих юм бол энэ их хэмжээний нефть зах зээл рүү нийлүүлэгдээд ирвэл үнэ бас л унана. Тиймээс нефтийн үнэ гадаад зах зээлд 60 орчим ам.доллартай байх болов уу гэж бодож байна. Хүмүүсийн ярьж байгаа шиг 30 ам.доллар руу унана гэсэн ойлголт бараг л байхгүй.

-АНУ, ОХУ-ын байдлыг та хэрхэн харж байна вэ. Хоёулаа нефтийн зах зээлд гол тоглогч орнуудын нэг. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эдийн засаг, худалдаатай холбоотой мэдэгдлүүд олон улсад нөлөөлж байна шүү дээ?

-Дональд Трамп бол бизнест ээлтэй бодлого явуулж байгаа. Байгаль орчны шаардлагуудыг эрс бууруулж байгаа. Энэ бол үйлдвэрлэлийн өртгийг бууруулж байгаа гэсэн үг. Тэрээр занар, шатдаг хийн салбарын бизнесийг нэлээд сайн дэмжиж байгаа нь харагдаж байгаа. Тийм учраас АНУ бол нефтийн нийлүүлэлтийг улам илүү өсгөж өгөх байх.

-ОХУ-ын хувьд?

-ОХУ-ын хувьд манайхтай адилхан экспортоос маш их хараат улс. Түүхийн нефть, байгалийн хий хоёрынхоо экспортоос маш их хараат. Дээр нь нүүрсээ нэмж байна. ОХУ-ын хувьд хориг арга хэмжээнд орчихсон байгаа. Тийм учраас экспортын ам.доллар болгоны араас хөөцөлдөх байх. Тэгэхээр хүчин чадал, тээвэрлэх боломжуудаа өсгөж байгаа. Том, том хоолойнуудыг барьж байна. Нефтийн хайгуулыг улам илүү идэвхжүүлж, нэлээд их хөрөнгө хаяж байна. Тийм болохоор нефтийнхээ нөөцийг өсгөх, үйлдвэрлэлийг сайжруулах, тээвэрлэх чадалтай болно гээд нэлээд өргөтгөл хийж байна гэж харж байна.

-Нефтийн гадаад зах зээл эерэг байгаа гэж ойлголоо. Тэгвэл манай улсад энэ нөхцөл байдал нөлөөлнө биз?

-Манайх бол мэдээж ОХУ-аас ихэнх бензин, дизелиэ авч байгаа.Олон улсын үнэ гайгүй байна. Олон улсад гарч байгаа өөрчлөлт нэг сараас хоёр сарын дараа манайд мэдрэгдээд байдаг. Гэхдээ энэ бол албан ёсны нарийвчилсан судалгаа биш. Эдийн засагчийн хувьд ажигласан нөхцөл байдал. Манайд байдаг хамгийн том бэрхшээл бол валютын ханш. Яагаад гэвэл манайх ОХУ-тай төгрөг, рублийн своп байхгүй. Бид ам.доллараар бензинээ худалдаж авдаг. Ам.долларын ханш өсчих юм бол компаниуд алдагдалд орох учраас үнийг өсгөөд байдаг. Үнэ өсөхөөр инфляци өснө. Ам.долларын ханш өсөхөөр манай төгрөгийн ханш улам сулардаг. Нэг ёсондоо чөтгөрийн тойрогт орчихдог гэсэн үг. Гэхдээ үүнээс гарах гарц байдаг. Валютын ханшны хэлбэлзлээс хамгаалсан бодлого чухал. Нөөцлөх бодлого мэдээж чухал. Гурваас зургаан сарын хугацаатай нөөц бүрдүүлсэн байхад нэг удаагийн шок үнийн өсөлтийг даваад гарах боломжтой. Манайд өнгөрсөн хоёр гурван жилийн хугацаанд юун дээр алдаад байсан бэ гэхээр нэг хэсэг нефтийн үнэ 26 ам.доллар болж буурсан. Нөгөө талдаа зэсийн үнэ 7200 байсан, нүүрсний үнэ80ам.доллар хүрч байсан. Тэр сайхан мөчлөгийн эерэг үед нь бензинээ нөөцлөөд авчихсан бол гайгүй байсан болов уу. Гэтэл нэг удаагийн өсөлт чинь өөрөө үнийн түвшинд маш далайцтай нөлөөлөөд дэлхийн зах зээлийн үнэ буцаад уначихаад байхад манайд валютын ханшийн нөлөөнөөс болж бензиний үнэ өндөр хэвээр үлдчихэж байгаа юм. Тэгэхээр энэ нөөцлөх бодлого дээр алдсанаас болж чөтгөрийн тойрогт орчихсон хэрэг. Бензиний үнэ өсчихнө, ингэхээр инфляци бий болно. Төгрөгийн ханш унана. Нефтийн ханш уначихаад байхад бензиний дотоод жижиглэнгийн үнэ өндөр үлдээд байгаа нь ийм учиртай. Хоёрт, либералчлал, нефтийн өрсөлдөөнийг өсгөх бодлого чухал. Ерөөсөө зах зээлийн жамаар үнийг буулгадаг хамгийн том найдвартай арга бол нийлүүлэлтийг өсгөх. Үнэ гэдэг өөрөө дохио. Тухайн бараа хэр ховор байна, эсвэл хэр элбэг байна гэдгийг харуулдаг дохио. Элбэг байх тусмаа үнэ буурдаг. Ховор байх тусмаа үнэ өснө.

-Бензиний үнэ ирэх саруудад тогтвортой байх уу?

-Би бол олон улсын нефтийн үнэ тогтвортой байна гэж харж байгаа. Дотоод дахь бензиний жижиглэнгийн үнийг хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл энэ нь ам.долларын ханшаас их хамаардаг. Ам.долларын ханш гадаадын шууд хөрөнгө оруулалтаас асар их хамааралтай. Уул уурхай чинь өөрөө манай гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувийг хангаж байгаа салбар. Ийм салбартаа нэлээд ийм түргэн, богино хугацааг харсан, хөрөнгө оруулагчдыг хөсөрдүүлсэн шийдвэр гараад байгаа нь хөрөнгө оруулалтыг үргээх нөлөөтэй. Хөрөнгө оруулалт буурахаар ам.долларын ханш өснө. Ингээд л бензиний өснө шүү дээ. Энэ бол том эрсдэл.

-Нефть импортлогч компаниуд үнийн өсөлтөд нөлөөлөх гээд байдаг талтай. Гадаад зах зээлийн үнэ буурсан үед дотоодын компаниуд үгсэх маягаар үнийг бууруулаагүй зөрчлийг мэргэжлийн байгууллагууд тогтоож байсан?

-Би бол тэднийг үгсэн хуйвалддаг гэж бодохгүй байна. Энэ зах зээл маань өөрөө тийм давамгай тоглогч цөөтэй. Олон тоглогч байдаг. Нэг их айхавтар үгсэн хуйвалдах боломж багатай гэж хардаг. Яах аргагүй зардал, ашиг дээр хоёр, гурван төрийн байгууллага хяналт хийж байдаг учраас үгсэн хуйвалдах замаар зах зээлд эзэлж байгаа хувь, нөлөөгөө муугаар ашиглаад үнийг өндөр тогтоох үзэгдэл гарахгүй болов уу бодож байна.

-Нийлүүлэлт их байх нь үнийг буулгадаг гэж байна. Дотоодын зах зээлд гадны компани оруулж ирвэл үнэ чөлөөлөгдөнө гэж үзэх хүмүүс бий. Тухайлбал, Роснофтийг оруулж ирье гэсэн санаачилга гардаг. Таныхаар энэ хэр зөв алхам бэ?

-Яахав, энэ нь өөрөө хоёр талтай. ОХУ-ын өөрийн дотоодын жижиглэнгийн үнэ гэж бий. Рублиэр илэрхийлэгддэг. Түүнийг ам.доллар руу шилжүүлээд, Монголын дотоодын жижиглэнгийн үнээр зарж байгаа бензинийг ам.доллар руу шилжүүлээд харахаар зөрүү нь маш бага болчихоод байгаа юм. Хуучин бол өндөр байсан, бараг хоёр дахин зөрүүтэй байсан. Одоо бол есөн цент байна уу даа. Энэ үед эдийн засгийн сонирхлоос болж “Газпром” Монголд орж ирлээ гээд байдал нэг их өөрчлөгдөхгүй. Яахав, хүртээмж, өрсөлдөөн сайжирна. Гэхдээ ОХУ-ын хувьд нэг бодлого харагдаад байдаг. Энэ улс Зүүн Европын орнууд, Европын орнууд руу хий нийлүүлдэг. Зарим үед эдийн засгийн бус шалтгаанаар улс төрийн ч юм уу геополитикийн шалтгаанаар нийлүүлэлтээ хумих үзэгдэл ажиглагдаж байсан. Энэ бол нууц биш. Тэр талаасаа үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадвар гэдэг талаасаа нэлээд давхар давхар бодох нь зөв байх. Тэртэй тэргүй энэ зах зээл маань хангалттай өрсөлдөөн ихтэй, олон хүмүүсийг ажлын байраар хангаж байгаа учраас орж ирвэл юу болох вэ. Боломж, эрсдэл хоёроо сайн харьцуулж харах хэрэгтэй. Би бол одоохондоо “Газпром”-ыг оруулж ирэх бодитой шалтгааныг олж харахгүй байна.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *