Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэрэндорж: Намайг нот сур гэж хэлдэг байлаа. Би сурахгүй, өөрийнхөөрөө задгай явна гэсээр өөрөөрөө л явсан

Төрийн хан хуурч Ц.Цэрэндоржтой ярилцлаа.


-Таныг багадаа хэл муутай хүүхэд байсан гэж сонссон?

-Би жаахан байхдаа хувингийн углаа хийдэг үзүүртэй мод амандаа зууж гүйж байгаад тагнайгаа сөхчихсөн юм. Тэр үед манайх нүүж байсан болохоор ээж анзаараагүй байх. Гэрээ нүүлгэх гээд ачаа ачиж байсан чинь нэг нүдээ нээгээд хартал манай гэр бариатай байх юм. Ухаан алдчихсан байсан юм билээ. Түүнээс болоод тагнай дээр дуугардаг “р” үсэг “л” гэж дуугараад байдаг болчихсон юм. Үүнийг яаж “р” дуугардаг болгох вэ гэхээр яг хэлний ховилоор хэлэхээр болох юм. Түүнээс яг бусад хүн шиг тод дуугарч чаддаггүй болсон.

-Бага, дунд сургуульд байхдаа хэр дүрсгүй хүүхэд байсан бэ?

-Би бага сургууль төгсөөд, Цогтцэций сумын дунд сургуульд нэг жил сурсан. Энэ үед миний өргөж авсан ээж хөдөө ганцаараа амьдардаг байлаа. Өргөж авсан аав минь намайг сургуульд орохоос өмнөхөн өөд болсон. Тэгээд ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан. Хөдөө мал маллана. Нэгдэл байгуулагдахад шүдлэн маллаж байхад минь нэгдлийн дарга Мандал гэдэг нөхөр ирж малыг маань усанд оруулаад, “За шүдлэн чинь сайхан таргалж байгаа юм байна. Сайн маллажээ” гэв. Би “Тийм ээ” л гэлээ. Тэгээд манайд очиж цай ууж суухад нь би хэллээ “Ээжийн хөл муудаад байдаг, миний амьдрал тиймэрхүү, хөдөлмөрийн хөлс муу. Намайг төвд суулгаж өгөхгүй юу” гэсэн. Тэгтэл “За хө бодно оо” гээд л явсан. Эхний нэг сар чимээгүй л байлаа. Харин нэг өглөө манай нэгдлийн “51” гээд машин нэг толгой дээгүүр гараад ирлээ. Тэгсэн манайд ирээд “Сум руу нүүх юм боллоо” гэв. Манай гэр тас хар унь энэ тэр нь. Хөдөөний айл чинь гал тулгатай учраас хамаг л юм хөө тортогтой хар болчихсон. Сумд очоод дарга нарын гэрийн баруун талд буух гэхээр нь би “Хүүе, хүүе та нар харсан биз дээ. Манай гэр тас хар байгаа биз” гээд буулгаагүй юм. Тэгээд зүүн тийшээ нэг толгойн энгэрт бууж сэтгэл амарсан. “Одоо ажил яах юм бол” гэтэл “дуудна аа” л гэсэн. Тэгсэн нэг өдөр нэгдлийн дарга дуудаад очтол, “За хө ус зөөнө өө чи, морин дэлээр. Нэг их том хангал морь бий. Түүнийг сургана аа. Тэгээд ус зөөнө” гэсэн. Тэгээд л нөгөө хангал морь нь ирлээ. Олон харчууд дөрвөн мөчийг нь чөдөрлөчихсөн аахилж уухилсан морийг тэргэнд оруулах гээд ноцолдоод л байна. Маргааш өглөө нь өрөөлтэй давхиулаад тэргэнд оруулсан юм. Тэрэг нь юу байхав дээ 69 машины хоёр дугуй хийгээд сайн модоор тоноглоод төмрөөр хүрээлчихсэн, 200-гийн поошиг (хувин)-г хажуу талыг нь цоолоод хэвтүүлээд хийсэн усны сав. Адуу чинь их ухаантай амьтан. Хориод хоногийн дараа өглөөдөө намайг хараад л янцгаагаад зогсож байдаг болсон юм. Тэгээд л хоёулаа хоёр жил орчим ус зөөсөн. Дараа нь цэрэг татлага боллоо. Тэгсэн Даланзадгад хотод очиж, бүх сумын залуус комисслуулна гэлээ. 1958 онд цэргийн алба таван жил байлаа. Миний муу ээж хөл нь тааруу явах болоход “За миний хүү машин барьдаг болоод ирээрэй. Тэгвэл унаатай зүгээр шүү” гэж захилаа. Би аймагт очоод комисслуулаад тэнцчихсэн. Учир нь тэр комисс нь тав хоногийн өмнө ирчихээд биднээр тоосго цохиулсан юм. Тэгэхэд нь би энэ тэндээс цугласан 40, 50-иад залуусаас хамгийн олныг цохисон. Долоо хоногт 700 гаруй тоосго цохисон нь байж. Тэгээд долоо хоносны дараа тараах боллоо. Ингэхэд арваад залуугийн нэрийг дуудсаны дунд миний нэр байсан юм. “За бусад нь яв” гээд л буцаасан даа. Би тэнд үлдчихлээ, яах гэж байгаагаа ч мэдэхгүй. Тэгж байгаад л биднийг барилгад өгч байсан юм даа. Барилгын тасагт ороод л ажил хийж байтал хад нурааж байсан нэг хүн миний мөрөн дээр юм унагаагаад далыг минь гэмтээчихсэн. Тэгээд мужаан хийх үү, оёдол хийх үү гэхээр нь оёдлын тасагт очсон. Тэнд очоод комбинзон, шарваар (өмд) зэрэг тэр үед дэлгэрч байсан юмнуудыг оёсон. Оёдолчин хийж байхад аймагт албан газруудын урлагийн үзлэг боллоо. Тэр үед би морин хуураараа жонон хар мориныхоо явдлыг дарчихдаг, бас хэдэн үг холбож байгаад магтаал хэлдэг болчихсон байсан.

-Та өргөмөл байсан гэлээ шүү дээ. Төрсөн аав, ээж тань ямар хүмүүс байсан юм бэ. Асууж сурч байв уу?

-Миний төрсөн аав Банзрагч гэж хүн байсан. Ээжийг минь Маамуу гэдэг байлаа. Тэд таван хүү, нэг охинтой. Би хамгийн бага нь байсан юм. Ээж минь жилийн зайтай миний дүүг төрүүлэх гээд эндчихсэн. Хүүхэд нь ч, ээж ч хоёулаа эндчихсэн гэнэ лээ. Аав минь таван хүү, нэг охинтойгоо үлдээд би ой гаруйтай жаахан байсан болохоор “Би энэ нялх амьтныг гишгэчих гээд байх юм. Дарж унагачих гээд байна. Нөгөөдүүл нь ч арай учир мэдэхээр том болчихсон. Та бүхэн энэ хүүхдийг авч хүн болго” гэж гуйгаад өгсөн юм гэнэ лээ. Авсан аав минь Буянгийн Дашням. Доогоогийн Цэен гэж ээж минь. Өргөсөн аав, ээж минь хүүхэд төрөөгүй. Тэгээд л аав, ээждээ ирсэн. Би сахилгагүй хүүхэд байсан шиг байгаа юм. Зодуулж ч үзнэ. Загнуулж ч явна. Хөөрхөн хөөрхөн юм болно. Зодуулах ч юу байхав багахан алгадуулна. “Чи яаснаа ухаар. Томоотой байхгүй юу” л гэнэ. Тэгээд л өргөсөн аав, ээжийн гар дээр өсч өндийсөн юм. Намайг долоон настай байхад аав минь бурхан болчихсон. Түүнээс хойш өргөж авсан ээжтэйгээ хоёул явсаар энэ зэрэгт хүрчээ. Аавыг бурхан болсны дараа би ээжээрээ овоглосон юм. Миний төрсөн ах, эгч нар бүгд бурхан болчихсон. Хамгийн сүүлд уржнан жил их ах минь үлдсэн байж байгаад дүү нар нь бурхны оронд очсон хойно явсан даа.

-Хэдэн наснаасаа эхэлж морин хуур тоглож сурсан юм бэ?

-Тэр үед бол 20 гаруйтай л байсан. Урлагийн үзлэг дуусахад манай үйлдвэр холбоо албан газруудаас нэгдүгээр байр эзэллээ. Тэгээд л аймгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга дуудуулжээ. Би “ямар хүн байдаг юм бол доо” гэж бодоод л захиргаагаа ч мэдэхгүй хүнээр заалгаж аваад очлоо. Тэгтэл Соёлын хэлтсийн дарга Бадамгарав гэсэн хүн байж байна. Ортол Баян-Уул суманд дөрөвдүгээр анги төгстөл хичээл заасан багш маань сууж байлаа. “Чамайг албан газруудын урлагийн үзлэг дээрээс харлаа, хуур хөөрхөн дарж байна, магтаал уншиж байна. Соёлын ордонд авна аа. Чи харин тэгээд битгий хамраа сөхчихөөрэй. Тэгэх юм бол буцаагаад буулгачихна шүү” гэж билээ. Тэгж урлагт орсон юм.

-Тухайн үед хуучин байсан ерөөл магтаалуудыг бүгдийг нь цээжилчихсэн байсан уу?

-Тухайн үед би хамгийн эхлээд Жавзадмаа гуайн зохиол “Нойрноос сэрсэн тал” гэдэг роман уншсан юм. Бичиг үсэгт тайлагдчихсан хүн чинь бас яах вэ уншаад цээжлээд байж болно. Дараагаар нь Чойжилын Чимидийн яруу найргийн ном уншаад “Үгүй ээ энэ чинь дандаа л ингэж бичээд л эхэнд нь А-аар дөрвөн мөр, Б-ээр дөрвөн мөр бичиж хоёр талаас нь ингэдэг юм байна шүү дээ” гэж бодсон. Би тэр үед мөр, толгой холбож шүлэг бичдэг гэж мэддэггүй байлаа. Харин үүнээс хойш шүлэг, магтаал өөрөө зохиож бичдэг болсон. Миний хамгийн анхны шүлэг “Хавар” гэдэг нэртэй. “Говийн мэдээ” сонинд гарч байсан юм.

-Хэзээ хот руу орж ирсэн юм бэ?

-Соёлынхоо ордонд 12-13 жил 35 нас хүртлээ ажилласан. Тэгээд гучин хэдтэй МУИС-д конкурсдэж азаа үзсэн юм. Түүн дээр бол жинхэнэ азаа үзсэн. Би чинь бас гайгүй толгой холбоод биччихдэг байсан болохоор Утга зохиолын ангид орох гээд л азаа үзсэн хэрэг. Шалгалт өгөх гээд дөрвөн хүнтэй нэг ангид орлоо. Босч явсан, нэгнийгээ харах гэсэн хүнийг шууд гаргана шүү л гэж байна. Би ч ямар сэдэв ирэх бол доо гээд гайхаж байлаа. Харин тэгтэл “Цаг төрийн үймээн”-ээр 180 үгтэй зохион бичлэг бич гэсэн. Би баярласан гэж жигтэйхэн. Алтай таван богдоос дорнын их уул хүртэл, Алтан говийн уудмаас хилийн хойд овоо хүртэл цаг төр үймээнтэй байлаа… гэж эхлээд л 180 үгэндээ тааруулж бичлээ. 40-50-иад хүн тус тусдаа бичгээр шалгалт өгцгөөж байсан. Үгийн баялаг, бичгийн чадвараар шалгаж, их сургууль, техникумд оруулна. Маргааш өглөө нь бороо шиврээд л шалгалтын хариу гарсан газар руу очтол нэг найз маань “Чамд баяр хүргэе. Ёстой чадлаа даа” гээд л бөөн баяр. Ойртоод харсан чинь Цэенгийн Цэрэндорж хамгийн эхэнд, дараагаар нь Гандинпилийн Охиноо гэж улаанаар бичээд бусад нь доошоо жагсаж дээ. Тэнцсэнийг ч хэлэх үү, ангиа сонгосныг ч хэлэх үү баярласан гэж жигтэйхэн. Гуяа алгадаад л ээждээ очоод хэлсэн “Үгүй хүү минь тэнцчихдэг юм аа” гээд л ээж минь их баярласан. “Үгүй энэ МУИС гэдэг чинь ганц том их сургууль биз дээ. Түүнд нь орчихож байгаа юм уу” л гэж байна “Тийм ээ” л гэсэн. Тэгээд л МУИС-д таван жил сурч төгссөн. Төгссөний дараа Зохиолчдын хороо, Өмнөговь аймаг хоёр булаацалдаад, Өмнөговь Соёлын хэлтсийн даргаар тавина гээд, энд болохоор Монголын зохиолчдын хороонд ардын уламжлалын тэнхим байгуулж, мөнгө олно гэнэ.

Нэгдүгээрт Зохиолчдын хороог мөнгөжүүлнэ, хоёрдугаарт аман зохиол, орчин үеийн утга зохиол хүүхэд багачуудад зориулан тоглоно, гуравдугаарт хошин шог тоглоно гэж байсан.

-Та маш сайн оюутан байсан байх нь ээ?

-Гайгүй шүү. Бор гэдэг хатуу багшийн удирдлага дор би их юм сурсан даа. Тэр багш л надад онц сайн тавьчихсан байгаа юм даа.

-Тэр үедээ бас хүндрэл бэрхшээл тулгарч л байсан байх даа?

-Намайг нот сур гэж хүмүүс хэлдэг байлаа. Би сурахгүй өөрийнхөөрөө задгай явна гэсээр өөрөөрөө л явсан. Чи нот сурахгүй хол явна аа гэж Соёлын ордныхон хэлдэг байлаа. Тэгээд сургуульд конкурс өгөх болоход нот мэдэхгүй байж яаж конкурс өгнө гэж яаж боддог байна аа гэж хэлдэг байсан юм.

-Тэгээд нот сурсан юмуу та?

-Үгүй. Би ерөөл магтаалаа уншина. Өөрийнхөөрөө л байсан. Түүнийг сураад би ямар хөгжмийн зохиолч болох гэж байгаа биш. Хэл ам нь байгаагаас хойш би уран зохиол оролдоно гэж явсаар ирсэн.

-Утга зохиолын анги авахдаа л цаашдаа морин хуур, ерөөл магтаалаа хийнэ гэсэн бодолтой байсан уу?

-Тийм л бодолтой сонгосон. Өөрөө шүлгээ зохиочихдог болно л гэж орсон. Хүнээс гуйж, мөнгө өгч аз худалдаж авах гэж байснаас өөрийгөө өөрөө худалдаж авлаа гэж бодоод л төдийгөөс өдий хүртэл зүтгэж байна даа. Сайхаан сайхан. Улаанбаатар хотод ирээд Зуун айлд айлын хашаанд найман толгойтой дөрвөн ханатай гэрт таван жил амьдарч байлаа. Тэнд байхдаа ханьтайгаа нийлсэн. Оюутан болж явдаг жилээ Өмнөговь аймагт арван жилийн есдүгээр ангийн охинтой танилцсан. Тэр үед хүүхэд багачууд эргүүлж тойруулсан тийм явдал гарвал шоронд явдаг байлаа шүү дээ. Тэгээд шоронд явж байгаа багш нар байлаа шүү дээ. Би есдүгээр ангийн Буянхүү гэдэг охинтой танилцсаны учир нь түүний аав Соёлын ордны нягтлан бодогч байсан л даа. Тэгсэн нэг өндөр зэгзийсэн охин аавтайгаа уулзчихаад л гараад явдаг байсан юм. Гэтэл нэг өдөр намайг “Манайд очиж цай уу. Би хоол хийж өгье” гээд аавтайгаа цуг дагуулж явсан юм. Ингээд л байдлыг мэдэлцсэн. Тэгээд Буянтайгаа хоёул боловсрол эзэмшиж төгсөнө гэж ярьсан юм. Түүнээс наана арван жилээ хүүхэдгүй төгсөх хэрэгтэй. Тэр минь бас МУИС-д сурч төгссөн.

-Эхнэр тань ямар мэргэжилтэй юм бэ?

-Эдийн засагч. Тэр үед бүх дээд сургуулиуд цуг шалгалт аваад тэнцсэн нь ордог байлаа шүү дээ. Тэгээд санхүү, эдийн засгийн чиглэлээр сурсан юм.

-Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу. Хүүхдүүд тань морин хуурыг их дээдэлдэг, биширдэг байх?

-Бид хоёр хүүхэдтэй. Хүү, охинтой. Нэг ач, нэг зээтэй. Бид амьдралын төлөө зүтгэж явсаар л өдий хүрлээ. Миний хүү морин хуурч. Японд болсон олон улсын Гран Пригаас морин хуурын төрлөөр тэргүүлж байлаа. Бид хоёр гадаадын зочид төлөөлөгчид ирвэл хоёул зэрэгцэж суугаад тоглодог.

Үргэлжлэл бий…

Ц.ЧИМЭДЦЭЕЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *