Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Мелинда Гейтсийн “Хөөрөх мөч”

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг, мэдээлэл технологи, компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Майкрософт” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийг өнөөдөр танихгүй хүн ховор. Түүний бизнесийн ур ухаантай эн тэнцэхүйц өрсөлдөгч нь өөрийнх нь эхнэр Мелинда Гейтс гэвэл итгэх үү. Эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах сайн үйлсийн аяныг санаачлагч Мелинда өнгөрсөн амьдралынхаа туршид дэлхийгээр тойрон явахдаа таарсан олон гайхамшигт хүмүүсийн түүхийг багтаасан “Хөөрөх мөч” номоо хэдхэн сарын өмнө олон улсад танилцуулаад байгаа юм. Түүний эл бүтээлийг “Грандбук паблишинг” компани монгол хэлнээ орчуулан уншигчдад хүргэж байна.

Сансрын “Аполо” хөлгийн инженер аавтай Мелинда охин тус хөлгийн хөөрөх мөчийг гэр бүлээрээ тэсэн ядан хүлээдэг байж. Сансрын хөлгийг доороос түлхэж буй хүч, дээрээс дарж буй хүчийг дийлж, газраас тасарч нисэх тэр мөч Мелиндагийн сэтгэлд олон жилийн турш догдлол, ямар нэгэн зүйлийн тайлал мэт санагддаг байж. Тэрээр олон жилийн турш эмэгтэйчүүдтэй харьцахдаа тэдэнд хөөрөх мөч хамгаас чухал юм байна гэж ухаарчээ. Өнөөдөр дэлхий дээр сая, сая эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлэх, гэр бүлээ авч явах, ажил мэргэжилтэй болох, боловсрол хэрхэн эзэмшихээ мэдэхгүй, олон саад тээгний ард хүчин мөхөсдсөөр байдаг. Мелинда ч энэ замыг тойрсонгүй. Түүний төрөлх сургууль Урсулинд охидын сурах эрх хязгаарлагдмал. Урсулинаас бусад сургуульд компьютер хэрэглэдэг. Мелиндагийн математикийн багш хатагтай Бауэр “Бид охиддоо компьютер авч өгөх хэрэгтэй” хэмээн сургуулийн захиргаандаа мэдэгдэж, араас нь уйгагүй хөөцөлдсөөр хүслээ гүйцээжээ. Тэгж л Мелинда компьютер гэгчийг сургуулиа төгсөхийн өмнө эзэмшиж, ирээдүйн “Майкрософт”-д ерөнхий менежер хүртлээ дэвшиж, ирээдүйн нөхөртэйгөө танилцсан түүхтэй аж. Үнэндээ Бауэр хатагтайн тэр нэгэн үйлдэл олон Мелиндад хөөрөх мөчийг олгосон нь гарцаагүй.

“Хөөрөх мөч”-д гэр бүл төлөвлөлт, охидын боловсрол, цалингүй ажил, ажлын байран дахь эмэгтэйчүүдийн эрх гээд олон сэдвийг хөндсөний дотор “Дуу хоолоогүй охин буюу хүүхдийн гэрлэлт” гэх бүлэг ихэд анхаарал татав. Дэлхийн олон улс оронд бага насны охидод хүсээгүй жирэмслэлт, гэрлэлт хамгийн хүнд асуудал хэвээр байна. Ёс уламжлал дагасан харгислал ч олон сая охидын ирээдүйг баллаж байгааг Мелинда тодотгон, Энэтхэгт үзсэн нүд халтирам дүр зураг, түүнийг өөрчлөхийг оролдсон түүхээ өгүүлжээ. Бодит түүхийг бид бэлхэнээ мэдэх тул тийм нийгмээс ангижрах оролдлого номын зохиогчийнхоор юу байсныг энд тэмдэглэе.

Мелинда Гейтс “Өөрчлөлт гэдэг гаднаас бус дотроосоо эхлэх ёстой. Ингэхдээ тухайн нийгэмд уламжлал болон тогтсон хэн ч хөндөхөөс зүрхшээдэг тийм зүйлээс эхлэх нь үр дүнтэй” гэж байна.

Зөвхөн энэ тохиолдолд ч бус өөр олон саад бэрхшээл, асуудлыг өөрчлөхийн төлөөх хамгийн сайн арга хэлбэр нь хэн ч гар хүрэхээс, хөндөхөөс айдаг тэр зүйлийг барьж авах гэдгийг тэрээр онцолсон байв. Цаашлаад үр хүүхдээ тэжээхийн тулд секс ажилчин болохоос өөр сонголтгүй Лаос, Мьянмарын ядуу бүлгийн эмэгтэйчүүд, үүнээс үүдсэн ДОХ-ын олон мянган тохиолдлыг эмчлэх “Авахан” хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн түүхэн гавьяа ч түүнийх юм. Дэлхий дээр эмэгтэйчүүд, хүүхдүүдийн зөрчигдсөн эрхийг тэд өөрсдөө л хамгаалж чадна. Эрхээ хамгаалах хүч эмэгтэйчүүдэд хангалттай бий гэдгийг олон арван кейсээр энэ номондоо харуулжээ.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *