Categories
мэдээ цаг-үе

Б.Санжаа: Мэдээлэл технологи минут, секундээр хувьсаж байгаа


Баруун гар талаас Б.Санжаа

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Мэдээлэл харилцаа, менежмэнтийн сургуулийн ахлах багш Б.Санжаатай ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Болдын Санжаа. Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. Сумын Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, 2004-2008 онд МУИС-ийн Физик электроникийн их сургуульд суралцсан. 2008 оноос Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшилж эхэлсэн. Анх арга зүйч багшаар орж байсан юм. 2014 оноос ахлах багш гэсэн статустай ажиллаж байна. 2012-2014 онд Солонгос улсад магистрын зэрэг хамгаалсан. 2017-2018 оны хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Математик боловсруулалт, дизайнер загварчлалын чиглэлээр давхар магистрын зэрэг хамгаалсан. 2017 оноос эхлэн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо мэдээлэл технологийн сургуулийн элекроникийн тэнхимд докторант хийж байгаа.

-Яагаад багш болохоор шийдсэн юм бэ. Аав, ээжийн үлгэр дуурайл байв уу?

-Манай ээж Булган аймгийн Дашинчилэн сумын ерөнхий боловсролын сургуулийн физик, математикийн багш. Тэгээд л хувь заяагаар ч гэх юм уу 2008 оноос Хүмүүнлэгийн ухааны их сургуульд цагаар хичээл зааж байгаад 2012 онд үндсэн багш болсон. Багш болох нь миний багын мөрөөдөл. Ээж минь өдөр болгон самбарт гарч, миний өмнө хичээл заадаг байсан учраас ээжээсээ үлгэр жишээ авсан. Миний дүү Хөдөө аж ахуйн их сургуулийн Байгалийн ухааны тэнхимд бас багшилдаг.

-Мэдээлэл зүй, компьютер хангамжийн мэргэжлийг сонгосон нь техник технологи хурдацтай хөгжиж байгаатай холбоотой юу?

-Физик, элекроникийн чиглэлээр МУИС-ийн бакалаврын зэрэг хамгаалсан. Миний мэргэжил бол мэдээлэл зүй гэдгээс арай өөр ойлголт. Яагаад гэвэл физик элекроникийн салбар сүүлийн үед хөгжөөд микро схем, микро техник, инновиашн орчинд үндэс суурийг нь хийх микро чипийг хэрхэн боловсруулах уу гэдэг талаас нь эзэмшсэн. Яалт ч үгүй мэдээлэл зүйтэй ижилхэн компьютертэй холбогддог. Компьютерийн хард, софтфортуалыг мэддэг, судалдаг хүн л гэсэн үг л дээ. Дараа нь Солонгост очихдоо электрон холбооны чиглэлээр суралцсан. Вайрлэс нетворк, вайрлэс холбоосууд, 3G, 4G-ийн талаар судалгаа хийж зэрэг хамгаалаад ирсэн. Энэ мэргэжлийг гүнзгийрүүлээд тухайн микро чипэнд явж байгаа боловсруулалт ямар төрлийн боловсруулалт лок үйлдлүүд болдог юм, түүнийг хэрхэн боловсруулж яаж хурдыг нэмэх үү, өөр нэмэлт интерпрейсүүдийг хэрхэн холбож болох уу гэх мэтчилэн зүйлсийг дэлгэрэнгүй судлахын тулд математик боловсруулалтын чиглэлээр зэрэг хамгаалсан. Үүн дээр үндэслээд 2012 оноос хойш гадаадын эрдэм шинжилгээний өгүүлэлд, журнал гэж ярьдаг бидний хувьд маш чухал. Түүнд тогтмол өгүүлэл хийж ирсэн. Өнгөрсөн жил нэгийг хийгээд ирсэн жишээтэй. Тэрэн дээр микро чип дотор боловсруулалтыг хэрхэн математик загварчилна гэсэн үг. Тэр нь би өөрөө загвар гаргаж ирээд математик моделио боловсруулаад тэр боловсруулсан моделио чипэндээ суурилуулаад үр дүнтэй хэмжилт хийх тэр л процессийг судалж байна гэсэн үг. Тэгэхээр физик, математиктай яалтчгүй холбогддог. Гэхдээ 100 хувь мэдээлэл зүй биш. Мэдээлэл зүй гэдэг нь мэдээлэл технологийн салбарт компьютерийн программ хангамж, мэдээллийн систем, техник хангамж, орчуулагч багш зэрэг мэргэжлүүдийг зангидсан ерөнхий цогц нь юм. Миний мэргэжил бол салбар руугаа чиглээд орчихсон компьютер сайнс гэдэг чиглэл рүүгээ л дээ.

-2008 оноос хойш багшилахад арван жилийн өмнөх үеийн хүүхдийн компьютерийн тухай мэдлэг 2018 оныхтой харьцуулахад хэр зэрэг дээшилсэн байна вэ?

-Ерөнхийдөө инновиашн гэдэг шүү дээ. Шинэ арга технологи. 2008 оноос эхлээд мэдээлэл технологийн салбарт маш хурдацтай өсөлтүүд гарч ирсэн. Гол нь тэр шинээр гарч ирж буй технологиуд бусад технологиосоо хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилготой. Жишээ нь, би дэлгүүрт ороод талх худалдан авахдаа өмнө нь би мөнгө өгдөг байсан бол одоо карт хэрэглэх болсон. Магадгүй одоо вайрлес орчинд мөнгийг автоматаар шилжүүлэх боломжийг хайж байна гэж уржигдархан мэдээгээр ярьж байсан. Энэ бүх зүйлүүд үсрэнгүй хөгжил гэдэг зүйлийг харуулаад байна. 2008 оноос бид ухаалаг утас гэдэг зүйлийг дөнгөж мэдэрч эхэлж байсан. 2006-2007 оны үед анх ухаалаг утас Монголд орж ирж байсан. 2010 оноос фэйсбүүк гэдэг зүйлийг монголчууд хэрэглэж эхэлж байлаа. гэтэл өнөөдөр фэйсбүүк хэрэглээний ямар түвшинд очсон байна. Бүх салбар руу орчихсон. Хүүхдүүдийн мэдлэгийн хувьд яривал минийхээр эсрэг байр суурьтай байдаг. Бидний үед аливаа технологийг олохын тулд илүү хөдөлмөрлөдөг байсан. Яагаад гэвэл бидэнд вайрлес орчинд карт гэдэг зүйлийг уншуулах боломж байгаагүй. Бид түрүүвчээ гаргаж ирээд мөнгөө тоолоод өгнө. Тэгэхээр бид мөнгөний хуваарилалт гэдэг зүйлийг мэддэг байлаа. Карт гэдэг зүйл гарч ирснээр мөнгө тоолох шаардлагагүй. Автоматаар уншуулаад боллоо. Түүгээр юу хэлэх гээд байна гэхээр бид тэр мөнгийг тоолсноор мөнгийг яаж багцлах уу гэдгийг илүү судалдаг. Орчин үед түүнийг тоохоо больсон. Түүнийг энгийн зүйл “Би карт уншуулна” гээд хаячихдаг. Тэнд хэдэн бутархай мөнгийг яаж тоолж, багцлахыг ойлгодоггүй. Түүнтэй ижлээр одоогийн хүүхдүүдийн байр суурь арай эсрэг юмуу гэж би хардаг. Яагаад гэвэл тухайн үед хүүхдүүд орж ирэхдээ энэ мэргэжлээр би боловсорч, ирээдүйн хоолоо олох, эзэнт гүрнээ байгуулна гэж зорьж, зүтгэж орж ирдэг байсан бол орчин үед би эзэнт гүрнээ байгуулна гэсэн хүсэл мөрөөдөл байдаг. Би үгүйсгэхгүй. Хамгийн гол нь тэр хүсэл мөрөөдлийнхөө зууны 40 хувь нь бэлэн зүйл авдаг болсон. Тийм л учраас тухайн хүүхдийг хөгжүүлэх төлөв түвшинд яримаар санагддаг. Сайн хүүхдүүд бий л дээ. Сайны хажуугаар саар бас бий.

-Солонгостой харьцуулахад Монголын программ хангамжийн түвшин хэр санагддаг вэ. Таны хувьд?

-Миний хувьд өөрийнхөө түвшинд харахад хийх чадвараараа хоцорно гэсэн асуудал бол байхгүй. Ялангуяа Солонгост монголчууд очоод сурахад маш өндрөөр үнэлэгддэг. Яагаад гэвэл юмыг маш хурдан тогтоодог. Цаашаа боловсруулалт, тооцооллуудыг маш сайн хийдэг. 2016 оноос хойш би хүүхдүүдэд төсөл орох болсон. Монгол хүүхдүүдийн хувьд залхуу гэдэг нь харагддаг. Түүнээс багахан хөдөлмөрлөвөл гадны хүүхдээс ялгарах зүйл юу ч байхгүй. Мэдээж технологи бол өөр. Технологи хоцрогдож байгаа. Хүн болгон л хэлдэг. Гэхдээ миний хувьд 2010 оноос эхэлж бид технологиос хоцроод байх асуудалгүй болсон. Солонгост нээлтээ хийсэн утсыг сарын дараа Монголдоо барих эрхтэй болдог. Одоо 3G, 4G, 5G сүлжээ бариад эхэлж байна. Монгол Улс 5G технологийг хүлээж авахад бэлэн болоод байгаа. Энэ өнцгөөс харвал бид технологиос нэг их айхавтар хоцроод байх нь юу л бол. Гэхдээ орж ирэхэд хугацаа зарцуулдаг. Бид google-ээс хүссэн зүйлээ хайх боломжтой. Ганц асуудал нь бидний хэлний мэдлэг. Хэл сурахдаа хойрго ханддаг.

-Монголчууд өөрсдөө ухаалаг утас хийх боломж нөхцөл хэр вэ?

-Мэдээж нөхцөлийг нь бүрдүүлээд бүтцийг нь гаргаад ирвэл бидэнд хийж чадахгүй гэх зүйл байхгүй. Бид чадна. Одоогоос арваад жилийн өмнө МУИС-ийн хэсэг багш нар хамтраад процессор хийж байсан. Тэгэхээр тэр бол боломжтой. Бид хийгээд гаргаад ирэхээр эдийн засгийн үзүүлэлт үнэ худалдаж авах үнийн хооронд зөрүү гардаг. Бид аль болох хямд үнээр зарахыг хичээнэ. Гэтэл бодит байдал дээр зардал худалдаж авах үнээс өндөр гардаг.

-Программ хангамж чиглэлээр сурах хүсэлтэй хүүхдүүд ямар хичээлдээ анхаарах ёстой вэ?

-Миний зүгээс зөвлөхөд сүүлийн үед пайтин (программчлалын хэл) гэдэг зүйл маш чухал болсон. Дэлхийн түвшинд пайтинг их ярьдаг болоод байгаа. Энэ нь гар утас, программ, вэб орчны хөгжүүлэлт, хиймэл оюун ухаан гээд бүх зүйл дээр орж ирдэг. Математик тооцооллын үндсэн дээр программ бичигддэг.

-Техник технологийн хөгжлийг дагаад хүн бүр компьютер хэрэглэдэг болсон. Анхан шатны хэрэглээний түвшинд суралцахын тулд ямар программуудыг эзэмшсэн байх шаардлагатай вэ?

-Манай сургууль мэдээллийн технологийн суурь хичээлүүдийг заадаг. Программ хангамж, техник хангамж, үйлдлийн систем зэрэг ойлголтуудыг энэ хичээл дээр судладаг. Үйлдлийн системийг хэрхэн суулгах вэ гэдгээс илүүтэйгээр үйлдлийн систем дээр өөрийн файлыг хэрхэн хүнд алдахгүйгээр хадгалах уу гэдэг талаас нь заадаг. Бүх компьютерүүд цахим орчинд холбогдсон байдаг нь хүссэн хүн нь халдлага хийх боломжтой гэсэн үг. Хэрэглээний программууд ажил дээр гараад илүү хэрэг болдог. Ворд, эксэл, повер пойнт гээд оффис программууд дээр ажиллаад сурчихад хэрэглээний түвшинд асуудалгүй болчихно.

-Технологийн хөгжил өдөр ирэх тусам маш хурдацтай өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ хурдтай яаж хөл нийлүүлэн алхах вэ?

-Мэдээлэл технологи минут, секундээр хувьсаж байгаа. Унтаад сэрэхэд өөр нэг техник технологи гараад ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс маш хөдөлмөрч байх хэрэгтэй. Энэ хурдыг гүйцэхийн тулд заавал шинэ төхөөрөмж худалдаж авах нь гол биш. Гол нь энэ төхөөрөмжүүдэд ямар сайжруулалт хийх үү гэдэг нь мэргэжлийн хүний хийх ажил.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *