Categories
мэдээ цаг-үе

Ц.Гэпилмаа: М.Лувсанчойнпил сайд “Та нар вагонд суугаад л ажилчин шүү” гэж хэлснийг ер мартдаггүй

Зүүн гар талаас Ц.Гэпилмаа, найз Б.Сартаг

Нэхмэл, хивс, ээрмэлийн үйлдвэрийн анхдагчдын нэг Ц.Гэпилмаатай ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулна уу?

-Би 1941 онд Улаанбаатар хотод төрж Төв аймгийн Баянчандмань сумын бага сургуульд сурч байгаад Улаанбаатар хотын Гуравдугаар дунд сургуулийг дүүргэсэн. Улмаар нэхмэлийн чиглэлээр мэргэшиж, насаараа Нэхмэлийн үйлдвэрт ажилласан.

-Монголд хөнгөн үйлдвэр хэзээнээс байгуулагдаж эхэлсэн юм бол?

-Миний ажил амьдрал үндэсний аж үйлдвэртэй холбоотой. Дэлхийн аж үйлдвэрийн комбинат 1934 оны гуравдугаар сарын 26-нд ашиглалтад орж, арьс шир, ноосны чиглэлийн үйлдвэрүүдийн эхлэл тавигдсан байдаг. Тэр үед гадаадын 2000 худалдаачин Монголын хилээр давж орж ирсэн. Түүний 360 нь Улаанбаатар хотод худалдааны пүүс, хоршооллоор ажиллаж эхэлсэн. Тэдний сонирхдог зүйл нь манай хөдөө аж ахуй, мал аж ахуйн ноос, ноолуур, арьс ширийг авах асуудал байлаа. Тиймээс аймгуудад хэсэгчлэн худалдаачид ажилласан. Тэр үед Ардын хувьсгал ялаад удаагүй байсан үе. Төрөөс Монгол Улс өөрийнхөө баялагт эзэн болъё гэсэн бодлогыг баримталж эхэлсэн. Ардын бага хурлын дарга байсан Амар гол үүрэгт их оролцсон. Тэр үеийн ЗХУ-тай БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгч хойшоо очиж, Монгол Улс үндэсний үйлдвэртэй болъё гэдэг асуудал тавьж, шийдвэрлэсэн. Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэхээс эхлүүлэх нь зүйтэй. Яагаад гэвэл мал аж ахуйн үндсэн түүхий эд нь байна. Мал аж ахуйг эзэмшчихсэн монголчууд тэр талын мэдлэгтэй, түүхий эдээ боловсруулах тал дээр ч дөртэй гэж үзсэн. Үүнийг Зөвлөлтийн тал дэмжиж, 1930-аад оны эхээр Улаанбаатарт ирж, аж үйлдвэрийн комбинатыг байрлаж байгаа кадастрыг тогтоосон. Тэгээд 7000 куб.м газрыг аж үйлдвэрийн комбинат байгуулах зураг төслийг хийсэн байгаа юм. Үүний дагуу 1931 оноос аж үйлдвэрийн комбинатыг байгуулах ажил эхэлсэн.

-1930 он гэхээр техник хэрэгсэл гэж байсан уу. Тэр том үйлдвэрүүд яаж баригдсан юм бэ?

-Тэр үед техник, машин механизм гэж байсангүй. Бүх зүйл гараар олон түмний хүчээр боссон. Эхлээд цөөхөн хэдэн үйлдвэрийн шавыг тавьж, сүүлд нь байгуулж эхэлсэн байгаа юм. Хамгийн гол асуудал нь Нэгдүгээр цахилгаан станцыг эхлээд барьсан. Дараа нь Гутлын үйлдвэрийг барьсан. Гутлын үйлдвэр нь жилд 1000 хос гутал үйлдвэрлэдэг. Түүнтэй холбогдсон Болгарын заводыг барьж, 1000 ширхэг гутал үйлдвэрлэдэг байв. Мөн эсгий, цэмбэний үйлдвэрийг байгуулсан. Эсгийг жингээр тооцдог байсан юм. 450 кг буюу 1000 ширхэг эсгий, эсгий гутлыг тэнд хийж эхэлсэн. Эсгий гутлыг гараар тоноглох тоноглолын фабрикийг байгуулсан. 1933 онд Хатгалын ноос угаах үйлдвэр, дараа нь Баян-Өлгийн ноос угаах үйлдвэр ашиглалтад орсон. Энэ үед Улаанбаатарт ноос угаах үйлдвэр гэж байгаагүй. 1934 онд Аж үйлдвэрийн комбинат Монгол, Оросын 7000 хүн ажиллаж, байгуулсан. Энэ үед техник технологи хөгжөөгүй байсан учир ажилчид өдөр шөнөгүй хүчин зүтгэсээр босгосон.1950 оноос Монгол Улсыг үйлдвэржүүлэх төрийн бодлого гарсны үр дүнд Ширэмний үйлдвэрийг байгуулсан. Үүнээс өмнө манай улсад Хятадын байгуулсан алтны үйлдвэр л байлаа. Эдгээр хүнд үйлдвэр ажиллахын зэрэгцээ хөнгөн үйлдвэр байгуулах хэрэгцээ байгааг Монгол, Зөвлөлтийн судлаачид анзаарсан. Тийнхүү 1949-1958 оны хооронд үндэсний үйлдвэрлэл дээр тогтсон Социализмын материал техникийн хөнгөн үйлдвэрийн бааз үйл ажиллагаагаа явуулсан. Үүний дараагаар үйлдвэрээ сэргээх талаар санаачлан Зөвлөл Холбоот улс болон Европын орнуудтай холбогдож, ойрын хугацаанд эрчимтэй үйлдвэржих бодлого явуулах болсон. Тус бодлогын үр дүнд 1958-1960 оны хооронд хуучин үйлдвэрүүд хаяагаа тэлж, шинэ үйлдвэрүүд байгуулсан. Түүний нэг нь тухайн үеийн алт гэгддэг монгол хонины ноосны Нэхмэлийн үйлдвэр юм.

-Тухайн цаг үеийн улс төрийн бодлого тус үйлдвэрт хэрхэн нөлөөлж байсан бэ?

-Амар дарга 1934 оны гуравдугаар сарын 16-нд Аж үйлдвэрийн комбинат хүлээж авах арга хэмжээнд “Монгол Улс Манжийн дарлалаас гарсан хэдий ч Англи, Америк, Орос, Хятадын худалдаачид манай улсын эдийн засгийг бусниулж байна. Энэ явдлыг зогсоохоор Зөвлөлт нөхөд ямар ч үнэ өртөггүй уг комбинат байгуулж өгсөнд туйлын баяртай байна. МАА-н гаралтай ноос, арьс ширийг дотооддоо боловсруулж байгаа нь манай улсын хөгжлийн ирээдүйн дүр төрхийг харуулах учир илүү өргөтгөх хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Дээрх үг нь тухайн үеийн нам засгийн удирдагчдад маш том чиглэл өгсөн байгаа юм. Ингээд 1950 оноос эхлэн “Зөвлөлт, Хятад улстай эдийн засгийн харилцаа тогтоож эх орноо хөгжүүлэх нь зүйтэй” гэж Ю.Цэдэнбал гуай үзэж байсан. Тиймээс хуучин байсан яамыг шинэчилж, М.Лувсанчойнпил гэх шинэ сайдыг томилсон. Энэ хүн маш дайчин байсан учир аливаа зүйлийг хойш тавилгүй шууд хийж, өөрийн биеэр хүртэл үйлдвэр комбинатыг шалгадаг байлаа. М.Лувсанчойнпил гуайн хийсэн эхний ажил нь Мао Зэдун даргын нэг туслахыг урьж, ноосны чиглэлийн аж үйлдвэрийг хөгжүүлж, Хятад, Монгол хамтран ажиллах талаар санал бодлоо солилцон нааштай хариу сонссон. Үүний үр дүнд 1958 оны тавдугаар сард Хятадын ерөнхий сайд Жоу Энлай болон манай орны удирдагч Ю.Цэдэнбал нар уулзаж гэрээ хийхдээ Нэхмэлийн үйлдвэр байгуулах боломж ихээхэн байгааг онцолж байлаа. Энэ ярианаас “Ноос бол цагаан алт” гэж нэрийдэх болсон.

-Анхны нэхмэлийн үйлдвэр хэрхэн байгуулагдсан бэ?

-Улаанбаатар хотод баригдах барилгын зураг төсөл, газрын асуудал яригдаж, 19 барилга 680 нэхмэлийн шар барихаар болсон. Энэ үед тус барилгад суурилуулсан техник, технологийг ажиллуулж чадах боловсон хүчин огт байгаагүй. Тиймээс 1960 онд төр засгаас Хятад улсад боловсон хүчин илгээж, сургахаар Жоу Энлай даргатай хэлэлцэж тохиролцсон. Гутал, шил, алт, арьс шир, нэхмэл гэсэн чиглэлээр мэргэшихээр болсон хүмүүсээс 20 хүн Шанхай хот руу явсан. 1957 оны зургадугаар сард 18 дугаар дунд сургууль, зургадугаар дунд сургууль, 11 дүгээр дунд сургууль, гуравдугаар дунд сургуулиас сурлага, биеийн байдал зэргийг харгалзан хүүхдүүдийг сонгож явуулсан. Үүнд миний найз болох Балдангийн Сартаг болон Цэрэнхандын Гэпилмаа миний бие багтаж, Шанхайн Нэхмэлийн үйлдвэрт миний бие эд шалгагчаар, Сартаг маань ээрмэлчингээр томилогдож, нэг жил зургаан сарын хугацаанд нэхмэлийн бүх үе шатуудыг мастер болон ажилчнаар заалгасан. Ингэснээр Хятад улсаас миний бие чанар шалгагч, Сартаг ээрмэлчний мэргэжлийн үнэмлэх авсан. Буцаад 1959 оны сүүлчээр эх орондоо ирэхэд үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болсон байлаа. Анх вагонд суухад М.Лувсанчойнпил сайд “Та нар вагонд суугаад л ажилчин шүү” гэж хэлж байсныг ер мартдаггүй юм.

-Та хоёртой цуг явсан хүмүүс сурсан чиглэлээрээ ажилласан уу?

-Тийм ээ. Яг сурсан сурсан чиглэлээрээ Нэхмэлийн үйлдвэрийнхээ долоо, найман тасагт хуваагдан ажилласан. 800 гаран ажилчин авсан нь бүгд дунд сургуулийн хүүхдүүд байлаа. Бүгдийг нь сургахын тулд Хятадын 49 нэхмэлийн үйлдвэр тусалсан. Хүүхдүүд өдөр нь ажлаа, орой нь хичээлээ хийгээд, нэхмэлээ Сартаг бид нарт шалгуулдаг байсан. Хүүхдүүд биднийг хүндлээд “Багш аа” гэдэг. Одоо ч зарим нь хэвээрээ. Үндсэндээ үйлдвэр маань бүдүүн болон нарийн гэсэн хоёр төрлөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байсан. Бүдүүн гэдэгт нь цэргийн шинель, ор хөнжлийн даавуу, цув гэх мэт. Нарийн нь хувцас, албаны хослол зэрэг юм.

-Бүтээгдэхүүнээ зах зээлд ямар байдлаар нийлүүлсэн бэ?

-Жилд 33-34 сая метр нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Үүнийхээ 70 хувь буюу 26 сая метр нэхмэл бүтээгдэхүүнийг Хятад, Вьетнам, Орос, Франц зэрэг орнууд руу экспортолсон. Учир нь Хятад улсад болсон олон улсын үзэсгэлэн худалдаанд манай нэхмэлийг гадаадын зочид, төлөөлөгчид өндрөөр үнэлж, худалдан авсан. Ингэснээр манай улс руу санал тавьж дээрх орнууд руу экспортлох болсон. Үүний хажуугаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан. Манай бүтээгдэхүүний онцлог нь арваад өнгөөр гарах байлаа.

-Найз Сартаг болон өөрсдийнхөө талаар яриач?

-Сартаг маань Хан-уул дүүргийн 18 дугаар дунд сургуулийг дүүргэсэн. Бид хоёр 1959 оноос хойш 36 жил тасралтгүй үйлдвэрт ажилласан. Үйлдвэрийн тэнгэрээр учирсан хоёр доо. Анхнаасаа Хятад улсад очихдоо л нэг байранд, нэг үйлдвэрт хуваарилагдсан. Нэхмэл заалгаж байхдаа бид хоёул маш хурдан сурч, багш нар маань ч их сайн ханддаг байлаа. Тэр хэрээрээ жинхэнэ ажилчин болсон. Нэг сантиметрт 12 нэхмэлийн хатгаас байх ёстой. Үүнийг нь би шалгаж, Сартаг утсыг нь бэлдэж өгч байсан. Бидний хийснийг дахин шалгаж, засуулах эсэхээ шийддэг байлаа. Тиймээс би хяналтын үүргийг сайн гүйцэтгэснээр үнэлэгдэж, Сартаг мөн ажилчдыг сайн зохион байгуулдгаараа манлайлдаг байв. Монголд ирээд мөн хамтдаа Хөнгөн үйлдвэрийн техникумыг оройн ангиар сурч, технологичоор төгссөн. Гурван жилийн өмнө мөн л бид нэгэн зэрэг Алтангадас одонгоор шагнуулсан. Одоог хүртэл 60 жил үерхлээ. Хамгийн сонин нь бид хоёр Шанхай явснаас хойших зам мөр тэр чигээрээ нэг болсон. Алтан гадас одонд тодорхойлсон тушаал нь хүртэл нэг байдаг юм.

-Хамт хийж бүтээсэн ажлынхаа талаар дэлгэрүүлэн ярихгүй юу?

-Арав гаруй жил хамт ажилласны дараа 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор би Хятадаас бэлэглэсэн Нэхмэлийн үйлдвэр лүү явахаар болж, Сартаг Ээрмэлийн үйлдвэр рүү явсан юм. Энэ үед Сартаг, манай хоёрт улсаас байр бэлэглэж байлаа.Үүний дараагаар Улаанбаатар хотын 50 жилийн ойгоор Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Хивсний үйлдвэрийг манай улсад бэлэглэсэн. Үүнийг ашиглалтад оронгуут би Герман руу явж жил орчим бэлтгэгдсэн. Сартаг мөн төстэй ажлаар гадаад руу явж зургаан сар болоод буцаж ирсэн. Ирснийхээ дараа бид буцаад хамт Улаанбаатарын Хивсний үйлдвэрт жилд 650 мянган м.кв хивс үйлдвэрлэн 10 жил ажилласан. Дараа нь дахин хамт Эрдэнэтийн хивсний үйлдвэр лүү очиж, жилд нэг сая 500 мянган м.кв хивс үйлдвэрлэн 10 жил болсон. Буцаж Улаанбаатарт ирээд дөрөв, таван жил ажилласан. Ингээд нийт гучин хэдэн жил үйлдвэрт цуг ажилласан. Сартагийн тухайд Утасны нэрмэлийн үйлдвэрт ажиллан өндрөөр үнэлэгдэж, хотын депутат болсон түүхтэй. Одоо ч олон шавь нар нь утасны нэрмэлийн үйлдвэрт ажиллаж байгаа.

Ц.ЧИМЭДЦЭЕЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *