ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины ирэх өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор зарлалаа.
Амарч зугаалах дуртай ард түмэнд сайн хэрэг боллоо. Хувьдаа В.Путин гуайг олон дахин ирээсэй гэж бодож байна. Ирэх бүрт нь бид нийтээрээ амарч байх магадлалтай болсон учраас.
Урьд бол Сталин ирсэн ч ингэж баярлаж хөөрөхөөргүй байсан байх. Орой дээр маань Оросын онгоцууд нүжигнээд, төв талбай дээр ялалтын дуугаа Оросын чуулгынхан цуурайтуулаад, социализмын бүрэн төгс ялалтын төлөө гэдэг шиг өдрүүд үргэлжилж байна шүү.
В.Путин хундага тулган Монголын зүүн хязгаар Сүмбэр суман дахь 200 өрхөд зориулан 10 сая еврогоор шинэ сум байгуулж өгөв. Цаашид ямар тусламж үзүүлэх бол гэж горьдох үлдлээ. Халх голын байлдааны 80 жилийн ой урьд урьдынхаас ийнхүү сүрлэг өрнөж байна.
Бараг ЗХУ-ын үеийнхээс илүүтэйгээр Халхголын ойг тэмдэглэж буй энэ их хөөр баярынх нь шарталт дууссаны дараа хэдэн үг хэлхвэл дээр байсан байх. Гэхдээ төрийнх нь ордон дээгүүр өөр орны байлдааны онгоцууд шүргэх шахан нислэг үйлдэж байхад баярлалдан, гар утсаараа зураг авч, “Ямар гоё юм бэ” хэмээн хөөрөх монголчуудаа хараад уур хүрээд байх юм.
Би л тэнэгтээ ингэж байгаа байх даа. Хууль зөрчиж байна шүү дээ, наад оросууд чинь гэсэн үг аман дээр гарч ирээд болохгүй юм. Манай нутаг дээр өөрсдийн нутагт байгаа юм шиг дураараа байгаа нь сонин л санагдаад байх юм. Санал нийлэх хүн олдохгүй л байх даа.
Тэр бүү хэл “Энэ чинь үнэхээр буруу жишиг болж байна” гэж орилмоор. Удахгүй хятадууд чөлөөлөх дайны ойг ингэж тэмдэглэнэ хэмээн Монгол Улсад цэрэг зэвсэгтэй орж ирэх нь нээлттэй хэрэг үү. Си Жиньпиний ирэх өдрийг бүх нийтээрээ амрах тэмдэглэлт баярын өдөр болгох юм уу, өнөөдрийн Засгийн газар. Адилхан л манай хөршүүд, дайн байлдааны түүх нэг шүү дээ.
Гэтэл өнөөдөр сошиалд Халхын гол, чөлөөлөх дайн хоёроо ялгахгүй, Аюуш баатар чинь Халхголд үнэхээр баатарлагаар амь үрэгдсэн юм билээ гэж ярьдаг бичээч нар “Орос ах нартайгаа хамтран өвөг дээдэс минь хамгаалж үлдсэн газар шороо …” гэж ирээд худлаа цэцэрхэхийг нь харахаар инээд хүрээд байх юм. Ядаж Л.Аюуш нь 1945 оны чөлөөлөх дайны үеийн дүр гэдгийг гадарладаг болчихоод бурдаг баймаар.
Өнөөдрийн 76 гишүүн дотор Оросын хэвлэлээр бичигдэж буй “Дургүй колони”, “Филатовогийн атган дахь Монгол”… гэхчлэн сүүлийн үед эрчимжиж буй олон нийтлэлийг орос хэлээс нь ойлгоод уншдаг хүн байгаа болов уу. Уншдаг бол Засгийн газрын амралтын өдөр болгох шийдвэрийн эсрэг үг дуугарах л ёстой. Одоо нөхдүүд Халхголд очиж оросуудтай хундага тулгахаар цувцгааж байгаа биз.
Ийм цаг үед эрүүл саруул Монголын сэхээтнүүд эр зориг гаргаж Монголын нийгмийн оюун санааны хөтчөө хиймээр байна даа. Өнөөдөр Орост олон аймаар асуудал шил шилээ даран босож В.Путиныг нойргүй хонуулж байгаа. Сибирийн түймрээс дутахгүй гал түймэр Ростовт дэгдэж хуйхалж байна. Хойд хязгаар Северодвинскт цөмийн эх үүсвэр дэлбэрч сүйд боллоо.
Цацраг идэвх нь Европ руу биш, нутгийн гүн рүү чиглэсэн учраас Олон улсад төдийлөн анхаарахгүй байх шиг. Тэрнээс энэ бол дотоод дахь аймшиг. Красноярскид зэвсгийн том агуулах дэлбэрч сүйд болж байгааг манайхан дуулсан уу. Энэ бүх асуудал В.Путины ширээн дээр овоорчихсон, Орос даяар эсэргүүцлийн жагсаал цуглаанууд эрчимжчихсэн ийм л цаг үед ерөнхийлөгч нь Монголд ирж байх юм…
Ер нь бол Халхголын байлдааны 80 жилийн ойг тайван тэмдэглэе л дээ. Энэ байлдаанд оролцсон Орос-Япон-Монгол гурван улсын эрдэмтэн судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний хурлыг сайн хийе.
Орос, Монгол хоёр л орилоод байхаас хамгийн том оролцогч Японы талаас ер юм дуулдахгүй юм. Сонин санагдахгүй байна уу. Эндээс үүдээд хэлэхэд аль ч цаг үед улс төр, үзэл суртал ордоггүй ганц газар бол архив юм байна. Аль ч улсын архивт ер нь үнэн л үлдсэн байдаг. Архиваас гарсан тэмдэглэлүүдийг харж байхад, архив түшиглэсэн томоохон нийтлэлчдийн бичсэн туурвисныг харж байхад эцэстээ Орос-Япон хоёрын зөрчилдөөний талбар нь Монгол Улсын зүүн хил Халхгол байсныг тодорхойлсон байдаг.
Ердийн нэг түүх сонирхогчийн хувьд хэлэхэд 1969 оны Халхголын байлдааны 30 жилийн ойгоос өмнө Л .Дандар баатрын ярьж хэлж байсан, 30 жилийн ойн дараах жилүүдэд энэ алдартай хүний ярьж хэлж байсан нь газар, тэнгэр хоёр шиг зөрүүтэй болчихсон байдаг юм.
Бараг өмнөх ярианууд нь ямар ч үзэл сурталгүй үнэн түүх байх. Дээр нь Монголын радиогийн нэрт сэтгүүлч, яруу найрагч Зундуйн Дорж гуай сэрүүн тунгалаг ахуйдаа аминчлан хэлсэн “Чи радиогийн фондод миний хадгалуулсан Ардын хувьсгалын партизанууд, Халхголд байлдаж явсан баатруудын бичлэгийг бохироор нь нэг сонсох юм бол түүхийн мен ч олон үнэнийг мэднэ.
Бид дандаа л засварлаж, монтажлан, үзэл сурталтай хийж байсан юм. Тэрнээс цаад өвгөчүүл чинь ам нь халахаараа бас л түвэгтэй юмс ярина шүү дээ” гэж хэлж байсны дагуу ганц нэг партизан, Халхголын дайчдын засваргүй яриаг нь савааргүйхэн чагнаж байлаа.
Радиогийн архивын тэр бүх яриаг яг оргиналаар нь сонсвол соц нийгмийн үед сонсож байсан хувьсгал, дайн байлдааны түүх орвонгоороо өөрөөр ойлгогдох байх. Халхголын байлдааны тухайд Японы талд ахмад дайчдынх нь дурсамж тэмдэглэл архивт нь нэлээн байдаг. Энэ талаар түүхийн ухааны доктор Р.Болд ярьдаг.
Жишээ нь, Баянтүмэний бөмбөгдөлт хэрэг дээрээ яг юу болсон, Мана уулан дахь 22 дугаар морьт хорооны хориглолтыг япончууд алган дээрээ байгаа юм шиг харж байсан гэхчлэн тэнд байлдаж явсан япон цэрэг, офицеруудын сонин дурсамжууд архиваас нь гарч ирдэг.
Өнөөдөр улсын баатар цол нэхэн олгоё гээд байгаа нэр бүхий хүмүүс ч хэрэг дээрээ байлдааны талбар дээр юу ч хийж чадалгүй, штабынхаа байранд оросуудын их бууны гал, онгоцны бөмбөдөлтөд өртөн амь алдсан түүхийн үнэн бий. Япончууд яг үнэндээ Монголыг эзлэхээр олон тооны цэрэг хил дээр хуралдуулсан ч юм байхгүй, монголын хилээс даруй 200 км-ийн алс Хайлаарт квантуны армийн нэг дивизион л байсан… гээд архивын материал, үзэл суртал, улс төр ороогүй шарласан хуудаснаас их олон үнэнийг мэдэж болно.
Харин эсрэгээрээ энэ байлдаан эхлэх үед Монголын зүүн хязгаар оросын цэргээр дүүрсэн байсан газрын зургууд одоо олдсоор байгаа. Энэ мэтчилэн цухас дурдаж буй архивын материалуудыг гүнзгий судалбал Халхголын байлдааны ялалтын 80 жилийн ой бол улс орон даяар амарч баясан тэмдэглэх тийм чухал өдөр мөн үү, биш үү. Харин өнөөдрийн тухайд бол В.Путины Монголд айлчилж буй өдрийг ийнхүү бүх нийтийн баяр, амралтын өдөр болгож байгаа юм байна гэж ойлголоо. Ямар нарийн учир жанцантайг үнэндээ мэдэхгүй байна аа.
Халхголын байлдааны ойнуудад хамгийн их хүндэтгэлтэй хандаж ирсэн, цаашид хандсаар байх, Матадын 8 дугаар дивизийн дайчин өвгөний хойч, Халхголоос зүүж ирсэн байлдааны гавьяаны улаан тугийн одонг нь гэрийнхээ хойморт өнөөдөр ч хүндэтгэлтэйгээр залан байдаг хүн үүнийг бичлээ шүү.
Б.НЯМАА