УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Нам бол ашгийн бус байгууллага. Хүмүүсийн сэтгэлийн хандив, төрийн дэмжлэгээр санхүүждэг. Одоо бодлогын болон салбарын намыг ялгах хэрэгтэй. Одоогийн 34 намд карманы, компанийн нам байгааг үгүйсгэхгүй гэлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд нам байгуулах босгыг 20 мянгаас дээш гишүүнтэй байхаар тусгасан байлаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Бид энэ асуудлыг дээшээ харж байгаад хийчихээгүй. Бодлогын үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулах заалт тусгаж өгсөн. Одоогийн байгаа улс төрийн намуудыг хязгаарласан зүйлгүй. Судалгааны үндсэн дээр харгалзаж заалт оруулсан. Нам бол сайн дурын уран сайхны байгууллага биш. Төрийн бодлогоороо өрсөлддөг улс төрийн байгууллага. Дээр нь орон нутгийг улстөржүүлэх гэсэн зүйлгүй. Орон нутагт үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт хийж болохгүй гэж үзсэн хэмээв.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Нам иргэдийн хүсэл зорилгыг биелүүлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг нэмж оруулжээ. Хөдөө орон нутагт, суманд хэдэн нам болоод иргэд хуваагдсан. Хоорондоо байнгын зөрчилдөөнтэй байдаг байдал руу оруулсан байгаа. Гэтэл бусад улс төрийн хүчнүүд хэд хуваагдах болоод байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Нам иргэдийн улстөрийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг саналыг дэмжиж байна. Өнөөдрийн нийгэмд улстөрийн намуудыг үнэлэх үнэлэмж, иргэдийн хандлага ямар болсныг, нийгмээ хэрхэн хагалан, хувааж байгааг, улстөрчид ёс суртахууны доройтолд хэрхэн орсныг харж байна. Тиймээс улстөрийн намуудын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, санхүүжилтийг олон нийтэд ил тод болгох зэрэг асуудлыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай. Ер нь намуудад тавих шаардлагыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагаар нь харахаас өөр аргагүй болсон.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.