Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улиастай-Загастайн давааны 67 километр авто замын барилгын ажлын явцтай танилцлаа.
Сайдын тушаалаар 9 дүгээр сарын нэгэн гэхэд эхний 30 км замыг барьж дуусган Хатавчийн давааны замыг нээхээр төлөвлөсөн байсан боловч тодорхой шалтгааны улмаас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар болсон байна.
Өөрөөр хэлбэл эдгээр замыг нээх хүртэл одоогийн явж байгаа маршрут буюу Улиастайгаас Яруу, Хатавчийн даваагаар зорчихоор болжээ. Учир нь тус даваа нь мөнх цэвдэгтэй, хадархаг, намаг ихтэй огцом хавцалтай зам учраас хөдөлгөөнийг заавал хааж байж уулын тэсэлгээг хийх учраас зэргэлдээ нэмэлт зам гаргах боломжгүй аж. Өнөөдрийн байдлаар Загастайн давааны замын суурь, уулын ажлыг хийж байна. Ийнхүү энэ зам ашиглалтад орсноор Завхан аймгийн ард иргэдэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ тус аймгийг зорих дотоод, гадаадын аялагч, жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг болох давуу талтайг сайд онцолжээ.