УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаад эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсэг гишүүдийн асуултад хариулж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-МАН-ын мөрийн хөтөлбөрт Ард нийтээр асууж байж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж заасан. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараагаар Ард нийтээс санал асуулга явуулах асуудал УИХ-аар шийдэгдэнэ. Тийм учраас одоо яригдах боломжгүй байгаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан төсөлд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хориглоё” гэсэн заалт орсон. Ингэснээр 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийг засч байгаа. Мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хууль баталдаг байсныг өөрчилж 39 гишүүний саналаар хууль батлахаар өөрчлөлт оруулж байна. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах, УИХ-ыг хариуцлагатай болгох чиглэлээр өөрчлөлт тусгаж байна.
Улс төрийн намуудыг хариуцлагатай болгох чиглэлээр Ерөнхийлөгчөөс “50 мянган гишүүнтэйгээр улстөрийн нам байгуулж болох санал оруулсан”, АН “33 мянгаас дээш гишүүдтэй нам байгуулах санал оруулсан”. Ажлын хэсэг 20 мянганаас дээш гишүүнтэйгээр улс төрийн нам байгуулах саналыг оруулж ирж байна.
Байгалийн баялгийн өмч төрийнх байх уу, нийтийнх байх уу гэсэн асуудал маргаан дагуулсан. Ажлын хэсэг дээр “байгалийн баялаг төрийн, нийтийн өмч байх заалт дэмжигдсэн. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой усны нөөц газар төрийн өмч байна. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ. Иргэн баялгийн газрын баялгийн санг мэдэх эрхтэй гэж томъёолж оруулж ирж байгаа гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Байгалийн баялаг нийтийн өмч болсноор ямар үр дүнтэй вэ? Ерөнхий сайдад бүрэн эрх мэдэл олгогдож байгаа. Тэр хүн бүхнийг шийдэхээр байгаа.
ЕТГ-ын дарга З.Энхболд:
-Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэж байдаг. Одоогийн Үндсэн хуульд “Монгол Улсад газар, түүний хэвлий, түүний баялаг ард түмний мэдэлд байна” гэж заасан. Дараагаар нь ард түмний мэдэлд байдаг өмчийг төрийн өмч гэж томъёолоод явсан байгаа. Ард түмнээсээ сонгогддог, ард түмний төлөөлөл байдаг парламентад энэ заалт байж болно. Гэтэл ард түмнээсээ сонгогдчихоод хувийн юм шиг ажилладаг төртэй байж үзсэн. Үүнээс хойш төрийн өөрийн өмч шиг авч үзэж болохгүй, бас нийтийн өмч шиг үзэж болохгүй.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хийхдээ ард түмний хүсэн хүлээсэн заалтыг оруулж чадах уу гэдэг дээр ирж байна. Монгол Улсад сахилга хариуцлагатай төрийн албыг бий болгож чадах уу, баян хоосны ялгаанд яаж цэг тавих вэ гэж ард түмэн асууж байгаа. Монгол Улсад хүнлэг, ардчилсан, хүмүүнлэг нийгмийг байгуулж чадаагүй учир өнөөдөр өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа. Тиймээс хоёрдугаар хэлэлцүүлгийн дараагаар Ард нийтийн санал асуулга явуулах ёстой.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.