Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Бусдаас хамааралтай эрсдэлээ багасгах гарц бол идэвхтэй гадаад бодлого

-БОАО ФОРУМ УЛААНБААТАРТ БОЛОХ ГЭЖ БАЙГАА НЬ МОНГОЛ-ХЯТАДЫН ХАРИЛЦАА БОЛОМЖИЙН ТҮВШИНД ХҮРСНИЙ ИЛРЭЛ-

Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.


-Хорь шахам жил бүс нутгийн бизнес, эдийн засаг, хамтын ажиллагааны том талбар байсаар ирсэн Боао форумын салбар хуралдаан маргааш Улаанбаатарт эхэлнэ. Боао форум Монголд болж байгаа нь урд хөрштэй өрнүүлж буй харилцаа дажгүй хэмжээнд хүрсний илрэл мөн үү?

-Монголд Боао форум болж байгаагийн хамгийн том шалтгаан нь таны асуусанчлан хоёр орны харилцаа л даа. Монгол, Хятадын харилцаа боломжийн байгаа гэсэн үг. Олон улсын харилцаа, гадаад бодлого, гадаад судлалаар суралцаж төгссөн, одоо энэ чиглэлээрээ ч тогтмол ажиллаж байдаг хүний хувьд хэлэхэд эдийн засгийн дипломат, иргэний дипломат гээд бүх л тал нь цогцолж байж улс хоорондын харилцаа тодорхойлогддог. Хэрвээ харилцаа сайн биш байсан бол Боао форум Монголд болохгүй л болов уу. Монгол Улс бол Хятад гэдэг том эдийн засгийн хувьд тодорхой ач холбогдолтой газар гэдгийн илрэл гэж харж байна. Мэдээж гэнэтхэн л Боао форумыг Улаанбаатарт хийе гэж шийдээгүй нь тодорхой. Олон сар, жилийн нэлээд идэвхтэй ажиллагааны үр дүн.

-Хятадтай төрийн өндөр түвшний айлчлал цөөнгүй хийгдсэн. Улс төрийн идэвхтэй харилцаа нөлөөлсөн байх…?

-Санал нэг байна. Төрийн айлчлал их чухал. Монгол-Хятадын төр, засгийн дээд өндөр түвшний харилцан айлчлалуудын давтамж тогтмолжсон. Энэ онд гэхэд л Монгол Улсын Ерөнхийлөгч урд хөршид төрийн айлчлал хийсэн, “Бүс ба Зам” олон улсын форумд уригдаж оролцсон. БНХАУ-ын Дэд дарга нь Үндэсний их баяр наадмын өмнө айлчлаад наадмын хүндэт зочноор оролцсон. Энэчлэн жишээ олныг татаж болно. Төр, засгийн шат шатны түвшинд айлчлал тасралтгүй явагдаж байна. Эрч нь саарахгүй болов уу гэж найдаж байна. Улс төрийн энэ идэвхтэй харилцаа эдийн засаг-бизнес-худалдааны салбараасаа илт түрүүлсэн. Харин энэ зөрүүг арилгах ёстой. Үүний тулд л энэ чуулга уулзалтыг бид зохион байгуулж байна. Ер нь эдийн засгийн дипломатын нэг чухал хэсэг нь Боаогийн форум.

-Форумд оролцогчдыг сонирхуулаач. Хятадын том компаниудын төлөөлөл ирнэ гэв үү?

-Хятадын салбар бүрийн том компаниуд олноороо ирнэ. Боаогийн форум зөвхөн Хятад гэсэн улсаар хязгаарлагддаггүй. Олон улсын том платформ. Энэ хуралд НҮБ ач холбогдол өгдөг. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана ирнэ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун оролцоно. Дахин тэмдэглэхэд дэлхийд гэж яригддаг том форум Монголд болж байгаа нь манай гадаад бодлого нааштай яваагийн л илрэл.

-Урд хөрш манай улсын эдийн засгийн хувьд яалт ч үгүй том нөлөөтэй орон. Улс төрийн харилцаанаас гадна эдийн засгийн харилцаа идэвхтэй байж жинхэнэ түншлэл болно гэж та түрүүн ярьсан. Энэ удаагийн форумыг эдийн засгийн харилцаандаа шат ахиж байгаагийн илрэл гэж харж болох уу?

-Улс төрийн харилцаан дээр бизнес, эдийн засгийн харилцаа нэмэгдэж байж жинхэнэ түншлэл болдог. Манай улс таван оронтой стратегийн түншлэлтэй гэж ярьдаг. Нэг талаас нь харвал тэгж тунхаглах нь чухал. Гадаад бодлогын идэвхтэй ажиллагааны үр дүн байх гэж хардаг. Нөгөө талаас үлдсэн орон зайг нь буюу эдийн засгийн харилцааг орхигдуулж болохгүй. Бизнесээр хамтарч, худалдаа өрнөж байж жинхэнэ түншлэл болно. Үйлдвэрлэж олборлож буй бүхнийхээ 90 хувийг нэг тал руу нь зараад суухаар тэнцвэртэй харилцаа үүсэхгүй. Коннективити буюу улс хоорондын уялдаа холбооны гол нь энэ л дээ. Би зөвхөн танаас биш, та ч гэсэн тодорхой хэмжээнд надаас хамааралтай байж түншлэл үүснэ. Хятад, ОХУ, Америк зэрэг том улсуудын хувьд Монгол онцгой нөлөөтэй улс биш. Монголтой, Монголгүй дэлхийн эдийн засгийн харилцаа өрнөх нь тов тодорхой асуудал. Манай бүс нутаг маш том. Дэлхийн эдийн засгийн 25 хувь дангаараа манай бүсэд хамаардаг. Ийм том бүс нутагт өөртөө ашигтай яаж аж төрөх вэ гэдэг их чухал. Гэхдээ зөвхөн бидэнд ашигтай гэсэн өнцгөөс харж хандаж болохгүй. Идэвхтэй гадаад бодлогын хувьд том, жижиг улсын хооронд маш том зөрүү бий. Жижигдээ яаж ашигтай байлгахыг ухаалаг гадаад бодлогоор зохицуулдаг. Ерөнхийлөгч БНХАУ-д, АНУ-д айлчилж байна. Удахгүй ОХУ, Энэтхэгт мөн айлчлахаар төлөвлөж байгаа. Энэ чинь л идэвхтэй гадаад бодлогын илрэл. Америкийн айлчлалын дараа тэндээс цуврал айлчлалууд шил дарж байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд нь ирсэн. Төрийн нарийн бичгийн даргын эдийн засгийн асуудал хариуцсан орлогч нь бас ирээд буцлаа.

-Манай улсын эдийн засагт гадаад, дотоод эерэг тал, эрсдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Эерэг тал гэвэл дэлхийн зах зээл дээр манай улсын экспортын гол бүтээгдэхүүний үнэ харьцангуй сайн байна. Гэхдээ эрсдэл өндөр байгаа.

-Ямар эрсдэл?

-Гадаад талдаа эрсдэл байна. Хонконг өнөөдөр ямар байгаа билээ. Хонконгоос асар их мөнгөний урсгал хамаардаг учраас ямар нэг асуудал гарвал хэцүү байдал үүснэ. Ид өрнөж буй “Худалдааны дайн” байна. Хоёр тал өдөр бүр шинэ тоглолтууд хийж байгаа. Америк тарифаа нэмнэ гэнгүүт хятадууд маргааш нь валютын ханш сулруулах арга хэмжээ авах жишээний. Энэ үйл явц хаана хүрээд дуусах нь ойлгомжгүй байна. Дараа жил том сонгуультай. Ганц Монгол ч биш, Европын 14-15 улс, Азийн арваад оронд, мөн АНУ гэх мэт олон оронд сонгуулиуд болно. Хөрөнгө оруулалтын орчин гээд ярихаар гол бүтээгдэхүүний үнэ зах зээлд ямар байх вэ гэдэг асуулт онцгой нөлөөтэй. Энэ талаасаа эрсдэл анзаарагдаж байна. Шатахууны үнэ өслөө гэхэд бид яаж ч чадахгүй. Зэс, нүүрсний үнэ буувал хэцүүднэ. Өөрсдөөсөө хамаардаггүй энэ эрсдэлийг нөхөх ганц гарц бий. Тэр нь идэвхтэй гадаад бодлого. Нэг үгээр гадаад бодлогод талбарт хийх тоглолтууд.

-Та түрүүн Боао форумд Хятадын бизнес эрхлэгчид олноороо ирнэ гэлээ. Манай компаниудтай тусгай уулзалтууд хийх үү?

-Бизнесийн ганцаарчилсан буюу компани хоорондын уулзалтууд болно. Монголын компаниуд урд хөршийн хөрөнгө оруулагчидтай бизнесийн харилцаа холбоо тогтоох сонирхолтой байдаг. Миний хувьд онцлох нь энэ удаагийн форумын хамгийн чухал нь энэ л болно.

-Форумаар ямар сэдвүүдийг онцолж хөндөх бол?

-Олон улсын эдийн засагт чухал байр суурь эзэлж буй хэдэн сэдэв л бий. Тэр сэдвүүдийг хөндөнө. Жишээ нь, ногоон эдийн засгийг онцолно. Энэ чиглэлээр Монголд тодорхой туршлага бий. Хил дамнасан дэд бүтцийн төслүүд байна. Олон улсын хэмжээнд хэрэгжиж буй “Бүс ба зам” гэхэд л бусад төсөлтэй нь яаж уялдуулах вэ гэх мэт асуудлуудад анхаарна. Ер нь Монголд энэ мэт олон улсын хурал цуглаан давтамжтай болох тусмаа л сайн. Тэгж байж Монгол гэдэг улс дэлхий дахины өмнө өөрийн гэсэн байр суурьтай, дуу хоолойтой, анхаарлын төв байх болно.

-Азийн супер сүлжээ бас нэг том сэдэв нь болох байх…?

-Тэгнэ. Хэд хэдэн хүн илтгэл тавина. Азийн хөгжлийн банкнаас байр сууриа илэрхийлнэ. Азийн супер сүлжээ гэсэн томьёоллын хувьд чихэнд хоногшсон томьёолол. Энэ томьёолол гэхдээ орон болгонд хэрэглэгдээд байдаггүй. Жишээлбэл, ОХУ-д “эрчим хүчний гүүр” гэдэг томьёолол, ойлголт бий. Өмнөд хөршид “Global Energy Interconnection” буюу дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ гэсэн ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл, олон улс өөр өөрийн гэсэн нэр тодотгол ашигладаг. Тэр бүгдийг Монголын санаачилгын хүрээнд нэг тал руу нь нэгтгэх гээд явж байна. Ямартаа ч бид нэгдүгээрт бүс нутгийн цахилгаан эрчим хүчний худалдааг дэмжиж байгаа. Хоёрдугаарт, улс дамнасан цахилгаан эрчим хүчний сүлжээний хөрөнгө оруулалтыг дэмжих дэмжиж буй. Энэхүү Монголын томьёололыг бусад орнууд дэмжиж байгаа.

-Монголд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, бүс нутгийн орнууддаа экспортлох гэдэг утгаараа Азийн супер сүлжээ манай улсын хөгжлийг огт өөр, цоо шинэ өндөрлөгт аваачина. Өөрсдийгөө эрчим хүчээр хангаж чадахгүй байж бусдад эрчим хүч зарж чадах уу гэсэн эргэлзээ, шүүмжлэл сонсогддог. Нар, салхинаасаа эрчим хүч гаргалаа гэхэд зах зээл нь үнэхээр бэлэн үү?

-Хятадын дотоодын мэдээллээр бол 2018 онд эрчим хүчнийх нь хэрэглээ 6000 терраватт цаг давсан юм билээ. 2020 он 7000 терраватт цаг давна гэсэн тооцоо таамаг гарсан. Эрчим хүчний хэрэглээний өсөлт байгаа гэсэн үг. Олон улсын хэмжээнд Хятадыг 1900 гегаватт суурилагдсан хүчин чадалтай гэж ярьдаг. Хятадуудын өөрсдийнх нь тоог харахаар 1750 орчим гегаватт байдаг. Хятад улсын цахилгаан эрчим хүчний гол хэрэглээ нь зүүн эргээ дагаад бий. Зүүн эрэгт хүн амын суурьшил, агаарын бохирдол гэх мэт олон шалтгаанаар шинэ цахилгаан станц барих боломжгүй болсон гэж үздэг. Тийм учраас нутгийнхаа баруун зүгээс эрчим хүчээ татах бодлоготой яваа. Өөр нэг хувилбар нь эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хэсгийг Монголоос импортлох гэсэн гарц. Ингэвэл эдийн засгийн хувьд өгөөжтэй харагдаж байгаа. Манай улсад эрчим хүчний нөөц хангалттай бий. Хангалттай хэмжээний нөөцтэй учраас илүү хямд үйлдвэрлэх боломжтой. Бид ганцаараа хүслээ яриад яваа хэрэг биш гэдэг нь эндээс анзаарагдах байх. Зах зээл нь бэлээхэн байна. Эрчим хүчний төсөл гэдэг нэг талаараа их тодорхой. Найдвартай худалдан авагчтай, худалдан авагчтайгаа урт хугацааны гэрээ хийчихсэн байвал цахилгаан станц барих боломж бүрдэнэ.

-Хятадын эрчим хүчний хэрэглээний өсөлт хэдий хүртэл үргэлжлэх бол?

-Лав л 2030 он хүртэл тасралтгүй өснө гэсэн тооцоо, судалгаа бий.Ийм өндөр хэрэглээтэй улсын тухайд бидний нийлүүлэх цахилгааны хэмжээ өчүүхэн жижиг, нэг талаасаа. Гэхдээ бид нөгөө талаасаа энэхүү тасралтгүй, ёроолгүй мэт ийм өндөр хэрэглээ яг дэргэд маань байнга, мөнх оршиж байгаа боломжийг цаг алдалгүй тос ч авах тухай юм. Хэрэглээнийхээ багахан хувийг Монголоос худалдаж авах нь урд хөршид асуудал биш. Бүр тодруулж хэлбэл бүс нутгаа эрчим хүчээр хангах санаачилга зах зээлийн эрэлт талдаа ямар ч асуудал байхгүй. Харин яаж сүүлийн үеийн технологи ашиглаж, хөрөнгө оруулалтын зөв бүтцийг хэрхэн олж, олон улсын хөрөнгө оруулалтыг ямар арга замаар татах вэ гэдэг нь л манай зүгээс одоо хийж буй ажил.

-Хөрөнгө оруулалтын орчин муудлаа гэсэн дүгнэлт давтамжтай дуулдаж байна. Хөрөнгө оруулалтын орчны хувьд дэлхийд, Монголд ямар өөрчлөлтүүд ажиглагдаж байна вэ?

-Түрүүн хальт хэлсэн дээ, олон улсын хэмжээнд үл ойлгогдох байдал улам нэмэгдээд байна гэж. Япон, Өмнөд Солонгосын харилцаа гэхэд л сая нэг хэсэг хурцадлаа. Дайны үеийн асуудалтай холбоотой гомдол нь өнөөг хүртэл явсаар эдийн засгийн хэмжээнд тултал харилцаа нь муудсан. Хэдэн сарын өмнө энэ хоёр улсын харилцаа ийм хэмжээнд очно гэж хэн ч төсөөлөөгүй. Худалдаан дээр тодорхой хязгаарлалтууд тавиад эхэллээ. Энэтхэг, Пакистаны дунд дахиад л Кашмирийн асуудал хурцадлаа. Америк тал талд хориг арга хэмжээ авч байна. Тэр нь хаа хүрч дуусахыг таах аргагүй. Энэ процесс дунд бид сүйхээ гаргах алхам, оролдлого хийж байна.

-Америкт ноолуураа татваргүй гаргахаар ажиллаж байгааг хэлэв үү?

-Тийм ээ, Америкийн зах зээл рүү оёмол сүлжмэл бүтээгдэхүүнээ татваргүйгээр экспортолдог болох гэж чармайж байна. Гэхдээ мэдээж хялбар биш. Ийм хөнгөлөлт хүссэн улс олон бий. Тэгэхээр нэлээд өндөр хүчин чармайлт гаргаж байж, бид өөрсдөө хичээж хөдөлмөрлөж, сэтгэл гаргаж байж ажил болно гэсэн үг. Өнөөдөр эдийн засагт голлох нөлөөтэй салбар гэвэл уул уурхай л байна. Ажлын байр бий болгодог, үйлдвэрлэл явуулдаг өөр салбар босгож ирэх гэж идэвхтэй ажиллаж байна л даа. Ямартаа ч бизнесийн тодорхой салбарт боломж байна гэдгийг харууллаа. Эдийн засагт бол эерэг дохио. Өрсөлдөх чадварыг хэмжихийн тулд Монголын эдийн засгийг бүх талаас нь харж хэмждэг. Нэг хэсэг нь сайн, нөгөө зарим нь муу бол хурдан урагшлахгүй. Тэгэхээр эргээд бодлогын орчин хэр тогтвортой байх вэ гэдэг асуудал руу орохоос аргагүй. Ноолуурын салбар гэхэд цаашлуулж яривал мал аж ахуй, бэлчээртэй холбогдоно. Мал аж ахуй, бэлчээр дээр ямар бодлого барих вэ гэх мэт олон асуудал ургаж гарч ирнэ. Наад зах нь бэлчээрт зөв менежмэнт хийж байж нооолуурын салбар цаашид хөгжих байх.

-АНУ-тай ноолуур дээр үүсгэсэн яриа хөөрөө дэлхийд болж буй хурцадмал үйл явдлуудын манайд туссан ашигтай тал юм шиг харагддаг. Энэ мэтээр боломжийг алдахгүй ашиглаж идэвхтэй ажиллаж чадвал бидэнд хэр боломж байгаа бол?

-Боломж ямагт л байдаг. Дэлхий даяаар өрнөж буй үйл явцыг өөртөө ашигтайгаар эргүүлэх нь нэг талдаа бидний байнгын үүрэг мэт. Гэхдээ зарим үйл явц бол цаг зуурын үзэгдэл гэдгийг тооцохгүй бол болохгүй. Тэгэхээр тогтвортой бодлого, үйлдвэрлэл, бизнесээ зөв авч явахад дэмжлэг үзүүлсэн татварын орчин, монгол хүмүүний хөдөлмөрийн бүтээмж, бүтээл гэх мэт олон жил яригдсаар өнөөг хүрсэн асуудлууддаа онцгойлж анхаарах хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн хурд, шилжилт, цахимжилтыг дагалдаад монгол хүний чадвар чансаа, бүтээмж, скил нь байнга өөрчлөгдөж урагшилж байх ёстой. Үүн дээр хоцрох эрхгүй өрсөлдөөнд яваадаа бид дүгнэлт хиймээр байна.

-Монголын бизнесийн зөвлөл бизнес эрхлэгчэд хандсан ямар ажлууд хийсэн бэ, энэ жил хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна?

-Монголын бизнесийн зөвлөл 250 гаруй гишүүнтэй. Хамгийн түрүүнд гишүүддээ үнэ цэнийг бий болгоход нь хэрэгцээтэй, тус, дэм болохуйц үйлчилгээ үзүүлэх зорилготой. Мэдээлэл солилцох арга хэмжээг ойрхон давтамжтай зохион байгууллаа. Удирдах зөвлөлийн гишүүд маань өөрсдөө тодорхой салбаруудынхаа ажлын хэсгийг ахлаж манлайлал үзүүлээд явж байгаа. Дижитал шилжилтийн чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Монголын хөрөнгө оруулалтын орчин олон зүйлээс хамаардаг. Байнга өөрчлөгдөж хувьсч яваа бизнесийн амьдрал, орчинд Монголын компаниуд дасан зохицож чадаж байна уу гэсэн асуулт их чухал. Тиймээс дэлхийг хамарсан дижитал шилжилтээс хоцорч болохгүй.

-Дижитал шилжилтээ…?

-Дижитал шилжилтийг энгийнээр хэлбэл бизнес хийх шинэ арга барил. Өмнө нь бид IT гэж ойлгосоор ирсэн. Харин одоо бол энэ ойлголт IT-гаасаа хальчихсан. Бизнесээ хийхдээ ямар арга барилаар явуулах вэ гэдэг түвшиндээ очиж байна л даа. Тэр утгаар нь энэ чиглэлээр манай гишүүн компаниуд нэлээд ажиллалаа. Бүс нутгийн уялдаа холбооны чиглэлээр олон улсын хурал чуулган зохион байгуулсан. Ерөнхийлөгчийн ивээл дор Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээ сэдвээр олон улсын хурал хийсэн. Эдийн засгийн гол сэдэв болох уул уурхайн салбарын ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байна. Сарын дараа болох “Дисковер Монголиа”-г Уул уурхайн яамтай хамтран зохион байгуулна.

-Боао форумын зохион байгуулалтад бас оролцоотой байна уу?

-Тэгж байгаа. Боао форумыг Монголын бизнесийн зөвлөлөөс гадна Гадаад харилцааны яам, Боао форум, Хятадын бизнесийн томоохон ассоциаци хамтран зохион байгуулж байна. Бизнесийн зөвлөлийн хувьд манай гишүүн компаниуд нэгдэж мэдээлэл авах чухал юм байна гэдгийг ойлгосон. Мөн байр сууриудаа тодорхой сэдвүүд дээр нэгтгээд явах нь зөв юм байна. МҮХАҮТ-тай ойр ажиллаж байгаа. Бизнесийн ассоциациуд хоорондоо өрсөлддөг биш, биенээ дэмжиж нөхөх байр сууринаас ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *