Халхын голын түүхэн ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд энэ сарын 23-ны өдөр Дорнод аймагт дайчдын хөшөөнд мөнхийн гал асаах үйл ажиллагаа болж, Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах комиссоос эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө эрэлхэгээр тулалдаж Японы түрэмгийлэгчдийг бут цохисон дайны түүхэн ялалтад амь үрэгдсэн энгийн ард, эрэлхэг зоригт цэрэг эрс, ахмад дайчдаа эргэн санан дурсаж хүндэтгэл үзүүллээ.
Мөнхийн галыг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Командлалын ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа О.Эрдэнэбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал М.Я.Носулев нар асаалаа. Халхын голын дайны ялалтын баярын өдрүүдэд мөнхийн галын дэргэд Монголын хүндэт харуул байрлах юм.