АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Францын төрийн тэргүүн Э.Макрон нар өнгөрсөн мягмар гаригт утсаар холбогджээ. Францын ерөнхийлөгч түүнд ирэх онд болох “Их долоо” бүлгийн уулзалтад ОХУ-ыг урих саналыг тавьсан байна.
Америкийн тэргүүн ч саналыг хүлээн авсан талаар СNN-ий сэтгүүлч Кайли Атвуд твиттертээ жиргэжээ. Тэрбээр АНУ-ын Засаг захиргааны эх сурвалжийн мэдээллээс ийн эш татсан юм байна. К.Атвуд “Д.Трамп уг асуудлыг энэ амралтын өдрүүдэд Францын Биаррице хотноо болох “Их долоо”-гийн уулзалтын үеэр хөндөх юм. АНУ-ын ерөнхийлөгчийн үзэж буйгаар ийм алхам хийснээр “Их найм”-ын дээд хэмжээний уулзалтыг сэргээхийг үгүйсгээгүй гэв. Крымийн хойгийн асуудлаас үүдэн 2014 онд “Их долоо”-гийн гишүүн орнууд ОХУ-ыг чуулга уулзалтдаа уриагүй гэлээ. Учир нь ОХУ бүрэлдэхүүндээ Крымийн хойгийг багтаах болсон нь олон асуудлыг дагуулсан юм. АНУ тэргүүтэй барууны орнууд Оросын эсрэг хориг тавьж, “Их найм”-ын гишүүн байсан тус улсыг гишүүнчлэлээсээ хасан “Их долоо” форматаар хурлаа явуулж иржээ.