Монголын Үндэсний Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гурван парламент дамжин яригдаж өдгөө дахин хэлэлцэгдэж байна. Өнөөдрийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 20 гаруй жил тогтворгүй явж ирсэн Засгийн газрын үйл ажиллагаанд онцгой анхаарч өөрчлөлт оруулах гэж байгаа гэж ойлгосон. Одоогийн нэмэлт, өөрчлөлтөд та ямар байр суурьтай байгаа талаар ярилцлагаа эхэлье?
-Манай Үндсэн хуулийн өөрчлөлтийн сэдэв нь нэг тийм дуусдаггүй яриа л даа. Одоо шийдэх цаг нь болсон. Би чанартай өөрчлөлт хийчихээсэй л гэж бодож байна. Ард түмэн төр шиг төртэй болохыг л хүсч байгаа. Харамсалтай нь монголчууд бид хоноцын засагтай, иргэд маань морь унасан толгойгүй хүн шиг л 27 жил давхилдлаа. Энэ хөл толгойгүй бужигнаанд эцэс тавих түүхэн боломж өнөөгийн парламентад байгаа. Цаашид ойрын арван жилд ийм тохироо бүрдэхгүй. Үндсэн хууль энэ хэвээр хадгалагдаад байхыг хүсдэг, хамгаалдаг дотоод төдийгүй гадаад хүчин зүйл их байна. Энэ байдлаар олон жил болбол бид эдийн засгийн тусгаар тогтнолоо бүрэн алдана.
Өнөөдөр зам, гүүр, цэвэрлэх байгууламж, томоохон барилгын цогцолбор гээд Монголын бүх том төслийн санхүүжилт Хятадын компаниуд л зориулагддаг боллоо. Засгийн газар тогтвортой бие даан ажиллах, нөхцөл бий болгох, сонгуулийн циклийн хугацааг таван жил болгож сунгах, УИХ төсвийг хэлэлцэхдээ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын төрөл, хэмжээг нэмэхгүй байх зэрэг заалтууд нь Монгол Төрийн чадамжийг сайжруулахад чиглэж байгаа гэж ойлгож болно. Ийм өөрчлөлтийг хийх амаргүй гэдэг нь сүүлийн арав гаруй жилийн үйл явцаас харахад ойлгогдоно. Жишээ нь, С.Баяр, Ц.Элбэгдорж хоёрын үндэсний эрх ашгийн төлөө Үндсэн хуулийн шинэчлэлийн төлөө эвсэж байна гэсэн сайхан уриа, ухуулгын ард бид Оюу толгойн гэрээнд маш том алдсан гэдгээ одоо ч ухаараагүй л байна.
-УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барьж, таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ дундаас иргэд болон намуудын төлөөллөөс гаргасан санал хоёрдугаар хэлэлцүүлэгт хэлэлцэгдэх боломж байна уу?
-Улс төрийн нам, судлаачид, иргэдээс хэлэлцүүлгийн үед гарч байгаа саналуудыг багцалж харвал ерөнхийдөө Д.Лүндээжанцан нарын УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан өөрчлөлтийн төсөл, Ерөнхийлөгчийн гаргасан саналуудын хүрээнд хамрагдаж, давтагдаж байгаа. Харин гаргаж байгаа саналуудаар байр сууриа нэгтгэсэн, томьёолол зүйлчлэлийн хувьд тодорхой найруулсан саналууд бага байгаа. Ингэснээрээ саналууд сарьнаж, амин чухал өөрчлөлтөд нийгмийн анхаарлыг төвлөрүүлэх замаар нэмэлт өөрчлөлтийг илүү үр дүнтэй болгох эсхүл үр дагавар нь сөргөөр илэрч мэдэх саналуудыг унагах ажил хэрэгч ажиллагаа үгүйлэгдэж байна. Жишээ нь, сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын гишүүнчлэлийн асуудал улс төрийн намуудын хувьд төдийгүй Монгол төр байгуулагдах улс төр, нийгмийн анхдагч сурвалжийг бүрдүүлж байдаг. Гэтэл бид сөрөг хүчний намууд гээд үүнийг зөвхөн сөрөөд суух нь туйлын хариуцлагагүй алхам юм. Энэ Үндсэн хуулийг өөрчлүүлэхгүйн тулд тусгайлан нэмэлтийн тухай хууль хүртэл баталж байсан нь ямар их тусгай хамгаалалттай, дархлаатай, олон давхар цоожтой хууль болохыг харуулж байгаа юм. Хэрвээ 1970-аад онд хэдэн нөхдүүд Үндсэн хуулиа ингэж өөрчилнө гээд бичиг цаас болоод гүйлдсэн бол удаан наранд явахгүй байсан болов уу гэж би хүмүүсээс асуудаг юм. Магадгүй өнөөдрийн эзэнгүй төрийг Ерөнхийлөгчийн засаглалтай болох замаар эзэнтэй болгох, олон давхар дээлтэй, хяналтгүй парламентаа хоёр танхимт парламентаар солих нь гарц, шийдэл мэт харагдаж байж болно.
Монгол Үндэсний Ардчилсан намын байр суурь ч дээрх асуудлыг дэмждэг. Учир нь өнөөдрийн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч араа, шүдгүй байна гэдэг. Уг нь араа шүднээс илүүтэй толгой, гар хоёр хэрэгтэй юм л даа. Одоо бол гаргүй байгаа. Гаргүй Ерөнхийлөгч хөлөөрөө л өшиглөхөөс аргагүй байдаг юм байна. Гүйцэтгэх эрх мэдэлгүй ерөнхийлөгч шүүх хяналтын эрх мэдлээр дамжуулж үл таалсанаа өшиглөдөг л ажил хийдэг болж таарч байгаа. Үе үеийн Ерөнхийлөгч нар шүүх, прокурор, АТГ-т хяналт тавих гэж улайрч байгааг харж байгаа. Үүнийг хонгилын түлхүүр булаалдах, араа шүдтэй болох зэргээр нэрлээд байгаа. Би бол сэлэм, ташуур хоёроо олж авах тэмцэл гэж үздэг. Уг нь Үндсэн хуулийн онолоороо Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдэлд хамаардаг. Манайд шүүх, хяналтын эрх мэдэлд илүүтэй нөлөөтэй болсон нь гүйцэтгэх эрх мэдэл олгоогүйтэй л холбоотой. Манай нам Парламентат төртэй, Ерөнхийлөгчийн засаглалын тухай 10 жил ярьсан. Үүнийг ойлгож хүлээж авч, нийгмээрээ нэгдсэн байр сууринд очиж Үндсэн хуулиа бүхэлд нь өөрчилнө гэдэг ганц манайхны ажил биш юм байна гэдгийг ойлгосон.
-Шүүхийг иргэдийн асуудлыг шийдвэрлэчихдэг хэрнээ том хэрэг маргааныг дорвитой шийдвэрлэж чадахгүй байгааг иргэд шүүмжилдэг. Шүүх улстөрчдөөс хараат бус байх атал энэ өөрчлөлтөөр нэг хүний эрх мэдэлд орох гэж байна гэх шүүмжлэл байна. Энэ тухайд?
-Уул уурхай, эрдэс баялгийн хяналтгүй ашиглалт, орлогын урсгал оффшор, далд эдийн засаг руу урсаж байгаагаас нийгэм бүхэлдээ хууль бус, шударга бусын хонгилд живлээ. Энэ их мөнгөний бүлэглэлүүдийн нөлөөлөл дор шүүх, прокурор, АТГ, бусад хууль хүчний байгууллагуудыг байгуулж байгаагаас эрх мэдэлтнүүдийн захиалгыг биелүүлэх, энэ арга барилаа ашиглан авлига авах байдлаар мөнгөний өмнө сөгдөж байгаа нь цаашид төрдөө итгэх, шүүхэд итгэх итгэлийг мохоож байгаа нь үнэн. Улсын иргэд төрдөө шүүхдээ итгэх итгэл алдрах нь улсын тусгаар тогтнолд аюул заналхийлэл учруулдаг зүй тогтолтой.
-Зарим хүмүүсийн зүгээс намын гишүүнчлэлийн тооны хязгаарыг Үндсэн хуульд тусгаснаар шинэ нам үүсгэн байгуулагдахад тээг болж байна гэх шүүмжлэлүүд байгаа. Мөн Үндсэн хуульд улс төрийн намын талаар тусгах нь хэр зүйтэй вэ?
-Ерөнхийлөгчийн зүгээс нам байгуулахад 50001 иргэний гишүүний бүртгэлтэй байх нөхцөл бүхий саналыг гаргасан. Намчирхал талцал, хуваагдлыг багасгах, Үндэсний нэгдлийг бий болгох чиглэлд гаргасан болов уу гэж таамаглаж байна. Гэвч ийм юм болохгүй. Харин ч эсрэгээрээ нийгмийн хатуу хуваагдлыг бий болгож аажимдаа бид Тайланд маягийн улаан алчууртан, шар алчууртан гэсэн хуваагдал руу орж, хэтдээ дайсагнасан хатуу бүтэц рүү орно гэж эмзэглэж байна. Намчирхлыг саармагжуулъя гэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд шалгуур хангасан иргэн нэр дэвших, орон нутгийн сонгуульд улс төрийн нам оролцдогийг болиулах, дараалан хоёр сонгуульд нэр дэвшигч нь сонгогдоогүй намыг татан буулгах гэх мэт олон арга байж болно. Жишээлбэл, төрийн албан хаагчид сонгуулийн компанид ажилд оролцох, төсвийн мөнгө хөрөнгө, унаа байр ашиглахыг хориглох заалтууд бүхий л цаг үеийн сонгуулийн хуулинд байсан. Харамсалтай нь нэг ч хүн хууль зөрчсөн хэргээр шийтгэгдэж байгаагүй. Хэрэв энэ хуулийн заалт мөрдөгддөг байсансан бол энэ их хавтгай намчирхал байхгүй байсан болов уу.
-Гишүүдийн зүгээс Ерөнхий сайдтай нийлээд дөрвөн гишүүн давхар дээлтэй байхаар төсөлд оруулж ирсэн бол Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхий сайд давхар дээлтэй байхаар оруулж иржээ. Давхар дээл зөвхөн Ерөнхий сайдад байх нь зөв үү?
-Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэж монгол ардын зүйр үг байдаг. Давхар дээл гэдэг чинь гоёдсон нэр. Өөрсдөдөө бус өнөө, хойчдоо амьдрах ажиллах чадвартай сайн хууль баталж чаддаг парламенттай, хуулиа бариад сайн гүйцэтгэдэг чадварлаг засагтай байх тухай л асуудал. Хурлын завсар зайгаар хийдэг сайдын ажлаар салбар хөгжих тухай сэдэв байхгүй. Сайдаа өгөхөөр сандалдаа суучихдаг УИХ гэж хэрхэвч байж таарахгүй. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн саналын дагуу зөвхөн Ерөнхий сайд Засгийн газрын гишүүн байж болохоор зөвшилцлийн ажлын хэсэг тохиролцсон гэж ойлгосон. Аль алиныг нь хараат бусаар шударгаар хянаж шүүдэг шүүх дутуугүй чухал.
-Ерөнхийлөгчийн зүгээс гишүүдийн тоог нэмэх сонгуулийг хоёр хэлбэрээр явуулах санал оруулсан. Манайд хэр зөв шийдэл вэ?
-Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. 20 хүн улсын хувь заяаг хууль гарган шийддэг байдлыг өөрчилж, илүү хариуцлагатай болгох, жил тутам сонгууль явагддагийг болиулж сонгуульт хугацааг таван жил болгох, УИХ-ын гишүүн улсын төлөө, нийтийн төлөө бодлого боддог, мөн сонгогч иргэнтэйгээ ойр байх хоёр шаардлага, иргэдийн сайхан амьдрах, гишүүнээ таньдаг байх хос хүслийг хангасан маш чухал саналуудыг гаргасан. Манай Монгол Үндэсний Ардчилсан нам цаг үргэлж сонгуулийн циклийг уртасгахын төлөө байсан.
Ялангуяа манай орны хүн амын тархай суурьшил, нийгмийн дэд бүтцийн өндөр шаардлага талаас онцгой чухал юм. Энэ бол Цогтгэрэл гэдэг нийгмийн зүтгэлтний хувьд төдийгүй, иргэний хувьд чухал заалт гэж үзэж байгаа. Бурханыг ч буг болгодог тогтолцоогоо тогтолцоог Үндсэн хуулиар өөрчлөх ёстой.