Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан батлагдсан удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулан ажиллах талаар цахим хурал хийж МХЕГ–ын дэд дарга Г.Сугарбат, ЭМБСХГ-ындарга С.Сүнчин нар дараах үүрэг чиглэлийг өглөө.
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүүхдийн хөгжил, хамгаалал”-ын чиглэлээр гаргасан 60 дугаар зарлигийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан асуудлын хүрээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах:
2. “Хүүхдийн эрх, аюулгүй байдал” сарын аяныг энэ оны 09 дүгээр сард зохион байгуулж, боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид боловсролын байгууллагуудад хамтарсан хяналт шалгалт хийж эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллах:
3. Өмнө хийгдсэн шалгалтаар их эрсдэлтэй шалгагдсан байгууллага, шинээр ашиглалтад орж байгаа барилга, өргөтгөл болон урсгал засвар хийгдсэн объектуудыг хяналт шалгалтад хамруулах:
Мөн иргэдээс удаа дараалан өргөдөл, гомдол ирүүлдэг, нийтийг хамарсан хордлого, халдвар гаргаж байсан сургууль, цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийхийг үүрэг чиглэл болголоо. Цахим хуралд аймаг, нийслэлийн Боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын улсын байцаагчид оролцлоо.