Categories
мэдээ нийгэм

УНТЭ-ийн захирлаар Т.Мөнхсайханыг томилжээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан, гэмтлийн мэс засалч Т.Мөнхсайханыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлаар томилсон байна. Т.Мөнхсайхан нь гэмтлийн эмнэлгийн захирлаар хоёр жил гаруй хугацаанд ажиллахдаа эмнэлгийн зохион байгуулалт, тусламж үйлчилгээний чанар, нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан хэмээн салбарынхан үнэлдэг аж. Тэрбээр 2006 оноос хойш ГССҮТ-д ажилласан бөгөөд хиймэл үений мэс засал, үений дурангийн мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмч юм. ГССҮТ-ийн ерөнхий захирлаар тус эмнэлгийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч захирлаар ажиллаж байсан, мэс заслын эмч Э.Галбадрахыг томилсон байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар ажлын хариуцлага алдсан гэж үзэж харьяаны хоёр эмнэлгийн удирдлагыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг чөлөөлж, уг албан тушаалд Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан Балдандугарыг томилжээ. Мөн Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгаланг чөлөөлж, тус амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан Дүүрэнгэрэлийг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *