Эмэгтэй хүн хүчирхэг байх тухай асуудал энэ нийгмийн хамгийн чухал асуудал болоод байна. Эмэгтэйчүүд яаж хүчирхэг болж, нийгэмд хөлөө хэрхэн олох тухай эрэлд хатсан олон сая эмэгтэй энэ дэлхий дээр бий. Тэднээс мөрөөдөлдөө хүрдэг нь ч олон. Хорь гаруйхан настай зөөгч бүсгүй өөрийн найз залуугаасаа 1000 ам.доллар зээлж өөрийн бизнесээ эхлүүлж, Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр байр суурь эзэлдэг нэгэн болж хувирсан өөрийн түүхийг ном болгосон “Бүсгүйн код” хэмээх ном монгол бүсгүйчүүдийн дунд эрэлттэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Хорьхон настай Барбара Коркоран өөрийн хүсэл зорилгодоо хөтлөгдөж олон эрсдэлийг даван туулсан гайхалтай түүхүүд нь олон сая эмэгтэйчүүдэд урам болсон нь гарцаагүй.
Амжилт олно гэдэг эмэгтэй хүний хувьд эрчүүдээс тал хувиар дутуу. Царай зүс өнгө тод биш бол бүр ч илүү “хохиролтой”. Барбара Коркоран яг л ийм амьдралыг туулсан. Түүний номонд буй онцлох эшлэлүүдийг хүргэе.
l“Миний текний урд нэг ч хүн ирэхгүй байхад том хөхтэй Глориягийн текний өмнөх суудлууд эрчүүдээр дүүрэн чигжээстэй байх юм. Би Глориятай өрсөлдөх ямар ч боломжгүй юм байна” гэж хэлэхэд ээж минь “Гомдоллохоо больж үз охин минь. Хэрвээ чи хэн нэгэнд үнэмлэхүй ялагдаж байгаа бол чиний арга барил бүхэлдээ буруу байна гэсэн үг. Юуны түрүүнд өөртөө ямар давуу тал байгааг сайтар эргэцүүл. Миний охинд эрчүүдийн нүдийг хужирлахаар том хөх байхгүй. Гэхдээ чамд эрчүүдийг татах эрх хонгор ааль, эвдрээгүй зан араншин, охинлог төрх байна. Үүнийгээ тодотгохын тулд үсэндээ гоёмсог зүүлт зүүгээд үзэж яагаад болохгүй гэж”.
l“Ширээ бүчин суусан бидний шүлсээ залгих дуунаар ээж бялуугаа 12 хэсэгт хуваав. Хүүхдүүд ээлж ээлжээрээ өөрсдийн зүсмийг сонгосны дараа хоёрхон зүсэм бялуу үлдсэн ба Эдди арай том руу нь сарвайлаа. Ээж түүнийг болиулаад “Эхлээд эгч Эллен чинь сонгох ёстой” гэж хэлмэгц Эллен өнөөх томыг хормын төдийд шүүрч авав. “Битгий санаа зов хүү минь. Бялууны жижиг хэрчим хамгийн амттай нь байдаг. Учир нь бялууны хамгийн жижиг хэсэг оногдсон хүн хамгийн их хийж бүтээх хүсэлтэй үлддэг юм шүү, хүү минь”.
l“Хангалттай, Барбара. Толгойгоо өндийлгө. Тэр тэмцээнд чиний түрүүлэх эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь оролцох нь чухал. Өрсөлдөөнийг мэдэр. Өөрийнхөө хүрээнээс гар. Өөрөөсөө илүү бүсгүйчүүд байдгийг мэдэж ав. Энэ л чухал. Харин утга учиргүй илүү зүйл ургуулан бодох нь хоолны дуршил бууруулж, эрүүл мэнд муутгахаас өөр ямар ч шидгүй.”
l“Эрчүүд эргэлздэг болов уу, гэж үү? Мэдээж тийм. Гэвч эрэгтэй хүн эргэлзээнийхээ эс ширхэг бүрийг нарийвчлан онгичиж, удаан шаналдаггүй”.
l“Би байгалиасаа л бизнесийн хүн биш”, “Би угаасаа л улс төрд дургүй” гэх мэт тархины түгжээнүүдээ мултлах хэрэгтэй. Өөрчлөгд эсвэл мөх”.
l“Үйл ажиллагаагаа түргэн эхлээд алдах ёстой бол алд. Хэрвээ бэлтгэлээ 100 хувь хангачихаад зорилгоо эхлүүлнэ гэвэл та хэзээ ч эхлэхгүй”.
Үүнээс илүү олон олон гайхалтай санаа, сэтгэл сэвхийгээд л өөд нь татах эшлэлүүд нь “Бүсгүйн код” номтой уншигч таныг уяхаас аргагүй.
Б.ЭНХЗАЯА