МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудал авсан. Өнөөдөр тус намын өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Оюу толгойн гэрээг эргэн хянах, сонгуульд орсон амлалтаа биелүүлэх зэрэг цөөнгүй асуудал тулгарч байна. Ч.Ганхуяг нь МАН-ын бага хурлын гишүүн, С.Батболдын Засгийн газрын үед Сангийн дэд сайдаар ажиллаж байсан. Тэрээр өнөөгийн улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн талаар өөрийн байр сууриа илэрхийлж байна.
-Хувийн бизнес чинь амжилттай явж байна. харин улс орны эдийн засгийг хэрхэн харж байна?
-Монголын эдийн засаг хөршүүдээс хараат, их савлагаатай байдаг. Одоо яригдаж байгаа дэлхийн худалдааны дайнаас ч хараат. Ийм цаг үед маш нарийн ухаан гаргаж байж эдийн засгаа тогтвортой авч үлдэх хэрэгтэй болж байна.
-Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал хэр нөлөөтэй вэ?
-Сайн нөлөөтэй. Стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурна гэдэг маш том амжилт. Манай улс таван улстай стратегийн түншлэлийн гэрээтэй болсон. Түүн дээр ирэх есдүгээр сард батлагдах манай ноолууран бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлэх хууль батлагдаад бүр таатай нөхцөл бүрдэнэ.
-Есдүгээр сард батлагдах уу?
-Тэр хуулийг батлах магадлал 99 хувьтай гэж бодож байна. Учир нь эрх баригч хоёр намын аль алинаас гишүүд оролцож өргөн барьсан хууль. АНУ манайд ашиг сонирхолтой байгаа нь харагдаж байгаа юм.
-Манайд аНУ-ын ямар ашиг сонирхол байна?
-Эхний ээлжинд геополитик, геостратеги. Манай хоёр хөршийн хувьд АНУ-тай томоохон ашиг сонирхлын зөрчил байдаг. Өмнөд хөрштэй АНУ худалдааны дайн хийж байгаа бол хойд хөршид эдийн засгийн хориг тавьж, цөмийн зэвсгийн маргаантай. ОХУ бол хамгийн их цөмийн зэвсэгтэй улс. Хятад улс далайд ноёрхолоо тогтоох санаархалтай байгаа нь манайд сайнаар нөлөөлж байгаа юм.
-Яагаад?
-Сая манайд айлчилсан Болтон бол АНУ-ын цэрэг, дайны зөвлөх. Манай үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарын хүсэл байсан АНУ-тай харилцаагаа өргөжүүлэх үйл ажиллагааны үр дүнд стратегийн түншлэл зарлагдсан. Хоёр хөршийн АНУ-тай зөрчилдөх асуудал ч АНУ-ын эрх ашгийг манайд бий болгож байгаа юм. Дэлхийн номер нэг супер гүрэн манайд зориулж хууль гаргана гэдэг нь үнэхээр манай улстай өндөр түвшинд харьцах сонирхолтой байна гэдгээ илэрхийлж байгаа хэрэг шүү дээ. Энэ том хүндэтгэл үзүүлнэ гэдэг чинь нэг талаасаа бидний 30 жилийн замналыг үнэлж байгаа юм. Нөгөө талаасаа бас буруу зам руу орчих вий, ардчиллаас ухрах вий гэсэн болгоомжлол байгаа байх.
-Манай улс буруу зам руу орох ямар нэгэн шинж тэмдэг олж харсан юм болов уу?
-Өнөөгийн нөхцөлд Үндсэн хуулийн шинэчлэл, хоёр хөршөөсөө хараат болох вий гэсэн болгоомжлол байж болно л доо.
-АНУ үүдээ нээлээ, бид тэр хаалгаар ороход бэлэн үү?
-АНУ биднийг алдах вий гэж болгоомжлохоос гадна бас өөрсдийн нөлөөнөөс гарах вий гэсэн болгоомжлол байгаа юм. Шүүхийн шинэчлэл бас асуудал. Транспреси интернэшнл бас сая америкуудад хэлж байна. Монголчуудад хэл гэх мэтээр ч шахсан.
-Яг юу гэж хэлсэн юм бол?
-Энэ байгууллага Трампад нээлттэй уриалга явуулсан. Түүндээ “Шүүгчдийн хараат байдалд халдахгүй байхыг монголчуудад хэлж өгөөч” гэсэн байгаа юм. Тийм байхад америкууд гэрээ байгуулж байна гэдэг чинь бидэнд итгэж байгаа хэрэг байхгүй юу. Харин америкууд тэнэг улс биш болохоор “Та нар буруу замаар будаа тээж болохгүй шүү” гэсэн дохио өгч байна гэж ойлгох хэрэгтэй. Харин бид энэ боломжийг ашиглахад бэлэн үү гэвэл харамсалтай нь бэлэн биш байгаа.
-Яг юу саад болж байна?
-Байгууллагуудад сайн засаглал байхгүй, төлөвшөөгүй, улс төрийн тогтвортой байдал алга. Намын санхүүжилт, авлига, томоохон дуулиантай асуудлыг шийдэхгүй байна. Түншлэлийн гэрээ байгуулахдаа үүнийгээ шийдээрэй гэдэг л дээ. Бас уул уурхайн бодлого тогтвортой, тэнцвэртэй байх ёстой. Наймаа, зах зээл, гэрээ гэдгээ зөв ойлгож явуулах хэрэгтэй байна.
-Оюу толгойг хэлж байна уу?
-Тийм. Нэгэнт гэрээ байгуулчихаад, популист улстөрчдийн явцуу эрх ашигт хөтлөгдөөд савлуулаад байж болохгүй. Манай хөрөнгө оруулалтыг хамгаалаарай. Битгий булааж аваарай гэх мэтийн зүйлсийг америкууд хүсч байгаа л даа. Стратегийн гэрээ байгуулчихаад хөрөнгө оруулалт хийхээр Оюу толгой шиг шатаагаад байхгүй биз гэх мэт олон асуудал байна л даа. Нэг хувьцааг нь 50 цент болтол унагах юм бол ямар хөрөнгө оруулалт орж ирэх вэ дээ.
-Оюу толгойд биржээс мэдэгдэл хүргүүлсэн, энэ ямар учиртай вэ?
-Нью-Йоркийн хөрөнгийн бирж бол дэлхийн хамгийн нэр төртэй, том бирж. Хэрэв хувьцаа нь нэг ам.доллараас доош ороод нэг сар болоход тухайн компанийг биржийн бүртгэлээс хасна.
-Оюу толгойн хувьцаа биржээс хасагдвал бидэнд ямар аюул нүүрлэх вэ?
-Оюу толгойд итгэж хувьцаа авсан иргэд, зээл олгосон банкууд, хөрөнгө оруулалтын сангууд бүгд хохирно. Тэд өөр л газар амьдарч байгаа болохоос бидэнтэй адил хүмүүс. Бидний дунд Рио Тинтогийн хувьцаа эзэмшигчид байгаа шүү дээ.
-Өмнө нь бас томоохон компаниуд хаяж гарсан биз дээ?
-Тийм. Үүнээс болж гадны улсууд дахин наашаа харах ч үгүй. “Монголчууд бол новшийн хүмүүс. Гэрээ хийж хуурч, оруулчихаад хөрөнгийг нь шатаадаг байхгүй юу” гэсэн ойлголт төрнө. Тэд гараад зогсохгүй бүх холбоотондоо “Харав уу, Монголд хөрөнгө оруулбал ингээд шатна шүү” гэж хэлнэ.
-Энэ тухай Ерөнхий сайдад хэлсэн үү?
-Хэлсэн.
-Юу гэж?
-“Бүгдээрээ жаахан ухаантай байя. Нэг үндэстэн шиг байх хэрэгтэй байна. Байхгүй байсан баялгийг ухаж гаргаад баялаг болгосон хүмүүсийг буруутгаж болохгүй” гэж хэлсэн.
-Болохгүй бол хойч үедээ үлдээх тухай санал байдаг шүү дээ.
-Балайрал байхгүй юу. Өнөөдөр бид мөнгө босгож байж хойч үе ирээдүйгээ эрүүл, боловсролтой болгож өсгөнө. Боловсролтой, эрүүл хүүхдүүд сайхан амьдардаг болохоос утаанд өссөн, боловсролгүй иргэд сайхан амьдарч чадах уу.
-Та намын бага хурал дээрээ мэдэгдэл гаргасан юм уу?
-Тийм. Таван толгойн хувьцаа яриад хоёр жил болж байсан. Би МАН-ын бага хурлын гишүүн. Намын гишүүдийн дунд хоёр том санхүүгийн нэгдэл, банк байгуулсан. Гадны томоохон хөрөнгө оруулалт татсан. Таван толгой анхдагч хувьцаа, 1072 ширхэг гэх гэх мэтийн зүйл ярихдаа яагаад намайг оруулахгүй байгаа юм гэж хэлсэн юм. Үнэндээ би нам дотроо хамгийн том санхүүч. Би ямар нэгэн албан тушаал гуйгаагүй.
-Оюу толгойг л шүүх ажиллагаа яваад байна.
-Буруутгаж болохгүй. Бизнес хийж үзээгүй, эсвэл хулгайгаар баяжсан улсууд л буруутгаж байгаа юм.
-Яагаад?
-Бизнес гэдэг чинь эрсдэлтэй байдаг. Маш тооцоололтой байдаг. Тэр бүхэнд алдаа гарч болно. Бизнесийн үйл ажиллагааны явцад өртөг нэмэгдэх явдал их гардаг. Харин энэ бүх буруутныг өөрсдөөсөө хайх хэрэгтэй.
-Юу гэсэн үг вэ?
-Залах засварлах юм байж болно. Тийм л юм бол тэр ТУЗ-д нь юу ч мэдэхгүй мануухайнууд яах гэж суулгасан юм бэ. Орчин цагийн наад захын мэдлэггүй өвгөдөд өндөр цалин өгөх гэж тэнд очуулдаг. Гэтэл тэнд санхүү, бизнесийн өндөр мэдлэгтэй байсан бол удирдлагын зардлаас эхлээд танах, хасах зүйл дээр дуугарах ёстой байхгүй юу.
-Танай намын хийж байгаа ажил биз дээ?
-Би дарга нартаа хэлдэг. Хүний өөрийн нам гэлтгүй. Хэдэн хөгшчүүлийг тэтгэвэрт гаргаач гэж Ерөнхий сайдад ч хэлдэг. Орчиндоо зохицож амьдарч чадахгүй байна шүү дээ.
-Танай намын хөтөлбөр биелж байгаа юу?
-Биелж байгаа.
-Үндсэн хуульд танай намынхны оруулах гэж байгаа өөрчлөлт зөв үү?
-Алдаа, оноотой олон зүйл байгаа. Гэхдээ зөв. Дахиад ийм боломж гарахгүй байх. Би Ерөнхий сайдад “Үндсэн хууль өөрчлөх, авлигатай тэмцэх асуудал дээр зоригтойхон цавчаад өгөөч” гэж хэлдэг.
Б.АЛТАНТУЯА