Categories
мэдээ цаг-үе

Волейболчин хөвгүүдтэй, онц сурлагатан охидтой манай ангийнхан

2013 оны хавар. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Ерөнхий боловсролын сургуулийн Эрдмийн баярын өдөр. Тэр өдөр нар ээсэн, сэвэлзүүр салхитай үлгэрийн мэт өдөр байж билээ. Эрдмийн баяр эхлэх дөхсөн ч энэ жилийн 11-ийнхэн буюу төгсөх ангийнхан жагсаалд алга. Багш нар доод үеийн сурагчид гээд л бүгд гайхсан харцтай. Төд удалгүй сургуулийн зогсоолд бага оврын автобус ирж зогсон, хаалга нь зөөлхнөөр нээгдэв. 10 жилийн турш сурлага, урлаг, спортоороо манлайлсныг батлах медалиа зүүсэн сурагчид бууж ирлээ. Зарим нь энгэрийн туузан дээрээ зай завсаргүй медаль зүүжээ. Энэ бол 2013 оны Сэлэнгэ аймгийн Орхон сумын төгсөх ангийнхан буюу манай ангийнхан юм. Манай ангийг есөн хүү, долоон охин төгссөн. Орхон сумын сургуулийг төгссөн хүүхдүүд бүгд волейболчид байдаг. Анги дааж төгсгөсөн багш минь Б.Ганхуяг. Волейболын спортын мастер төдийгүй сургуулийн волейболын шигшээ багийн дасгалжуулагч. Түүнчлэн Орос хэлний багш. Чанга гараар ангийнхан болоод шигшээ багийн тамирчдаа хүмүүжүүлдэг байсан болоод ч тэр үү, тамхи татаж, буруу замаар орсон хүүхэд шавь нар дунд нь үгүй. Хааяа түргэн ууртай ч шавь нараа гэх их хайраар биднийг хүмүүжүүлж билээ. Биднийг 11 дүгээр ангид ороход сургуулийн волейболын нэгдүгээр шигшээ багийн бүрэлдэхүүн манай ангиас бүрдэж байсан юм. Ангид волейболын багт тоглодоггүй хөвгүүн гэж үгүй. Ангийн маань хөвгүүн Г.Энхжин аравдугаар ангиасаа хойш сургуулийн шигшээ багийн ахлагчийн туузыг зүүсэн. Толгой сийрэг, шийдвэр гаргах чадвартай гээд багийн ахлагч байх бүхий л шинж нь бүрдсэн тоглогч. Царайлаг болохоор охидын дунд ч алдартай байсныг нь нуугаад яахав. Харин багийн шилдэг тоглогч, онооны машин бол Д.Отгонбаяр. Хурдтай, хүчтэй, зоригтой тэрбээр Сэлэнгэ аймгийн шигшээ багтаа ч шилдэгт нь тооцогдож байв. IQ-гийн олимпиадад бас хүчийг үзнэ ээ. Дээр нь сургуулийн атаманыг ч хийнэ. Холбон тоглогчоор ангийн хүү дөлгөөхөн Б.Баянжаргал тоглоно. Манай нутгийнхан түүнийг “сунадаг соёо” гэдгээр нь сайн мэднэ дээ. Түүнчлэн манай ангийн дарга Д.Сүх-Эрдэнэ сургуулийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд тоглоно. Өндөр нуруу, чийрэг биетэйн дээр маш хичээнгүй. Нэг ёсондоо багийн тулгуур багана байлаа. Бага ангиас эхлүүлээд ариун цэврийн даргын албыг найман жил гүйцэтгэсэн. Ес төгсөх жил ангийн дарга болж, тушаал дэвшиж билээ. Ангийнхан дунд физикээр толгой цохидог Б.Бат-Оргил маань хамгаалагч хийнэ. Хаалтны хажуугаар зоосон бөмбөгийг босгоод ирдэг найдвартай ар тал байж билээ. М.Төрболд маань сумандаа “нисдэг Төрөө” гэх хочтой. Доороо пүрштэй юм шиг л үсэрдэг байлаа шүү дээ. Ангийн реппер буюу урлагийн үзлэгээр ангийнхнаа чирдэг байсан ганц хүүхэд нь Д.Амарбаясгалан. Хип хоп дууг мундаг үглэнэ. Сургуулийн дотуур байранд байдаг учраас тэндээ бас атаман хийнэ. Гэхдээ хал балгүй. Математикийн аваргаа мартаж болохгүй. М.Бямбасүрэн маань тун чиг хэвлүүхэн яриатай, гаднаас нь харахад онц сурлагатан гэж хэлэхээргүй хөдөлгөөнтэй хүү байсансан. Өдгөө нисгэгч болох гээд л таваргаж яваа байх даа. Миний хувьд волейболын багийн хоёр номерын довтлогчоор тоглодог байлаа. Сайн муу тоглох нь гол биш. Ангийнхантайгаа мөр зэрэгцэн волейболын талбайд тоглоно гэдэг хамгийн сайхан дурсамж байдаг юм билээ. Ангиараа улсын чанартай Волейболын аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгөн медаль хүртсэн гэдгээрээ бид бахархдаг. Аймагтаа ч аваргын түвшинд үргэлж яригдана. Арга ч үгүй биз. Дунд ангид орсон жилдээ сургуулийнхаа аваргаас хүрэл медаль хүртэж 11 дүгээр ангийн ах нараа мулталж явлаа. Долдугаар ангиасаа эхлээд дөрвөн жил дараалж сургуулийн аварга болсон гэхээр ямар хоншоортой хөвгүүд байсныг илтгэх байх. Ийм л мастер багштай, спортлог ангийнхан байж билээ.

Сурлагаараа ч дутахгүй сайн байлаа, манай ангийнхан. Ангийн маань охин Б.Батхишиг бүх хичээлдээ жигд сайн. Сургуулийнхаа онц сурлагатнууд дунд номер нэг нь байлаа. Бас сурагчдын зөвлөлийн дарга хийнэ. Жил бүр сургуулийн шилдэг сурагчид нэр дэвшинэ. Даруухан дөлгөөн зантай ч цагаа тулахаар асар дайчин болчихно. Аймаг, бүсийн чанартай олимпиадыг дуусгасан даа. Харин Б.Батчимэг маань олон талын авьяастай. Сурвал сурсан шиг сурчихдаг. Тэгээд ч болоогүй волейболчин. Онц сурдаг, спортлог болохоор сургуульд нэлээд өндөр байр суурьтай. Үндэсний бүжгийг ч уяраана. Б.Тунгалаг маань харин сургуулийнхаа хамгийн үзэсгэлэнтэй охин нь байлаа. Сургуулийн хөвгүүд хандраастай. Харин бид хамгаалагчийг нь хийнэ. Шалгалт бүр дээр л “А” үнэлгээг авна. Хичээхгүй ч хичээлдээ сайн хүүхдүүд байдаг даа. Яг л тийм охин байсан. Хааяа ангийн хөвгүүд маань өдөж, шоглож байгаад уйлуулчихна. Тэгээд эгчид нь мөн ч их загнуулдаг байж билээ. Түүний хамгийн сайн найз нь Б.Намуунзул. Тэр хими, биологийн өвчтөн байж билээ. Тийм ч учраас хичээлийн хэнээтэн байсан. Бас хамгийн хошин мэдрэмжтэй нь. Хоч өгөхдөө мастер. Шүлэг бичих авьяастай байсан юм. Б.Намуунзул мөрөөдөлдөө үнэнч байсны хүчинд өдгөө Анагаах ухааны их сургуулийг төгсч, чадварлаг эмч болсон билээ. Ангийн охид дундаас өөрийн гэсэн бодолтой, хамгийн ухаалаг нь О.Баттамир байсан. Шулуун шударга зантай. Мөрөөдөлдөө үнэнч. Мэдээж хичээлдээ сайн. Ярьж, хэлж байгаа, биеэ авч яваа үйлдэл бүрээс нь бид үлгэр дуйраал авдаг байж билээ. Хүрэхэд л хугараад уначихаар эмзэгхэн охид байдаг даа. Тэр бол манай ангийн Ж.Буянжаргал юм. Гэхдээ тэр эмзэгхэн чанарын цаана хамгийн тэвчээртэй, дайчин чанар нь нуугддаг байсан юм. Ангийн сурлагатай охидын буянд л манай хэдэн эрчүүд арван жилээ төгссөн гэхэд хилсдэхгүй дээ.

УРЛАГИЙН ҮЗЛЭГИЙН АВАРГА БОЛСОН БИШ АХ НАРТАА ТООСОО ГӨВҮҮЛЭВ

2009 оны өвөл Орхоны сургуулийн урлагийн үзлэг боллоо. Энэ сургуулийн үзлэгээс л сумын шинэ жилд тоглогдох урлагийн үзүүлбэрүүдийг соёлын төвийн эрхлэгч сонгож авдаг. Бид наймдугаар ангийн сурагчид байсан учраас сумын шинэ жилийн концертод орж чадна гэдэгтээ тийм ч их итгэлтэй байсангүй. Гэхдээ тэр жил манайхан нэлээд өвөрмөц сэтгэж урлагийн үзлэгт орсон юм. Хамтлаг дуун дээрээ нөгөө л нэг зохиолын дуу биш тухайн үед од болж байсан “Outlaw” хамтлагийн дууг дуулахаар болов. Хөдөөний хүүхдүүд бид хип хоп дууг тайзан дээрээс дуулна гэдэг шинэлэг санаа байлаа. Б.Тунгалаг, Д.Амарбаясгалан бид гурав энэ даалгаврыг авсан юм. Намрын ажлаар ангиараа явах үедээ Г.Төрболдыг гайхалтай уртын дууч юм байна гэдгийг манайхан мэдэж авсан. Гоцлол дууны төрлийг тэрээр авч гарах болов. Гоцлол бүжгийг Г.Энхжин, язгуур урлагийг Б.Бат-Оргил, Г.Энхжин бид хэд ятга, ёочин тоглож аргалахаар боллоо. Бид нэлээд бэлдсэний эцэст тэр жил аваргаар нь тодорсон юм. Манай ангийнхны бэлдсэн бүх урлагийн номер сумын шинэ жилийн тоглолтод орохоор болж, баяр хөөртэйгөөр тарсан даа. Урлагийн үзлэгээсээ тарж явах замдаа ангийн хөвгүүд бид шаралхсан дээд ангийн ах нараараа тоосоо гөвүүлж, маргааш нь хөх эрээн нүүртэй сургуульдаа ирж билээ. Тэр цагаас урлагаараа ч сургуульдаа шилдэг нь болсон доо, манай ангийнхан.

Манай сургуулийн сурагчдыг намрын ажилгүйгээр төсөөлшгүй. Есдүгээр сарын 1-нд хичээл орохоос эхлээд арваннэгдүгээр сар хүртэл таван мянган төгрөгийн цалинтай төмс хураалтын ажилд оролцоно. Төмс хураагаад бүтэн өдөр халуун наранд ажиллана гэдэг бэрх даваа. Дээр нь бидний цалин ангийн фондын мөнгөнд орно. Намрын ажил дуусахад сая гаруй төгрөг фондод цуглачихдаг байлаа. Энэ намрын ажлын үед л бидний хамгийн гүн дурсамжууд өсвөр настай минь үлджээ. Намрын ажлаа тараад ачааны машины тэвшин дээр ачигдаад харьж явахдаа ядрахыг мэдэхгүй л хөгжилддөг байж билээ. Дуу дуулж, гитар тоглон шөнийн харанхуйд сэвэлзээ салхинд нүүрээ илбүүлэн бодолд автан суух юутай сайхан байдаг гээч. Ангийнхныхаа талаар бодоход энэ мэт олон сайхан дурсамж сэргэдэг юм. Манай ангийнхны хувьд ажил амьдралын гараа нь дөнгөж эхэлж байна. Улс нийгмийнхээ бүхий л салбарт өөр өөрсдийнхөө зам зураг, эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай яваа болохоор хожим нь манай ангиас ард түмэн, нийгэмд танигдсан ямар мундаг том хүмүүс төрөн гарахыг таашгүй. Одоо бол эцэж цуцахыг мэдэхгүй хөдөлмөрлөж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд өөр өөрийн хувь нэмрийг оруулцгаагаад л явж байна даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *