Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн үнэмлэх хуурамчаар үйлдэж, хоёр жил ашигласан этгээдийг дөрвөн сая төгрөгөөр торгожээ

Цагдаагийн алба хаагчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг хуурамчаар үйлдэж, залилан хийдэг байсан этгээдэд шүүхээс дөрвөн сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Тодруулбал, мөрдөн байцаалтын явцад иргэн Б.Анхбаяр нь хуурамч бичиг баримт, энгэрийн тэмдэг хийн, хоёр жилийн хугацаанд ашигласан нь тогтоогджээ.

Тэрбээр цагдаагийн нэр барьж 2018 оны аравдугаар сараас эхлэн оройн цагаар ажиллаад, автобусны зогсоол дээр байгаа машинуудын жолооч нарын үнэмлэхийг хурааж, буцааж өгөхдөө 10-20 мянган төгрөг авдаг байжээ. Мөн үнэмлэхээ үзүүлэн төлбөртэй зогсоолд машинаа үнэгүй байршуулах зэргээр бусадтай дээрэнгүй харьцдаг байсан нь гэрчийн мэдүүлгүүдээр тодорхой болсон байна.

Иргэн Б.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 23.2.1 (хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах) зүйл ангиар шалгаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдаагийн албан хаагчийн А серийн албаны үнэмлэх, энгэрийн тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *