Categories
мэдээ цаг-үе

Н.Энхбаяр: Манай зэсийн ирээдүй тогтвортой, нүүрсний ирээдүй эрсдэлтэй байна

Түрүүч нь №148(6249) дугаарт

Н.Энхбаяр эдийн засагч мэргэжилтэй, 2007-2011, 2016-2019 онд Монгол Улсын таван Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, УИХ дахь МАН-ын бүлгийн эдийн засгийн зөвлөхөөр, Дэлхийн банкинд ажиллаж байсан ажлын туршлагатай. Тэрээр өнгөрсөн долоо хоногт ажлаа өгчээ. Түүнтэй ярилцлаа.


-Оюу толгойн гэрээг хянах тухай хүчтэй яригдаж байна?

-Нэгэнт УИХ ажлын хэсэг гаргаад шийдвэр гарах гэж байгаа болохоор ямар шийдвэр гарахыг харах хэрэгтэй.

-Хувийн бодлоо хэлж болох уу?

-Болно л доо. Миний бодлоор гэрээ хийсэн цаг үе, өнөөгийнхтэй харьцуулах аргагүй байсан. Тэрийг л сайн тооцож, бодох хэрэгтэй байгаа юм. Өнөөгийн шүүмжлэлд өртөж байгаа гол асуудал бол тухайн үедээ нөөцийн төлбөр бага тавьсан гэж байгаа юм. Өнөөдөр бид нөөцийн төлбөрөө авч байгаа, ногдол ашиг аваагүй байна. Тухайн үедээ хувь эзэмших асуудалд илүү анхаарал хандуулаад, нөөцийн төлбөртөө бага анхаарсан. Уг нь хувь эзэмшлээ багасгаад, нөөцийн төлбөрөө ахиу авах шийдвэр гаргасан бол өнөөгийн маргаантай асуудал гарахгүй байсан байх гэж боддог.

-Бас нэг шүүмжлэл нь мөнгөө гадны банкаар эргэлдүүлж, гадны банкаар төлбөр тооцоо хийлээ гэдэг?

-Энэ их төвөгтэй асуудал шүү дээ. Олон улсын, үндэстэн дамнасан компани гэдэг утгаараа бидэнд хамтран ажиллах туршлага байхгүй. Бид үндсэндээ Эрдэнэт гэдэг том компанитай л харьцаж байсан. Гэтэл Рио тинто компани олон оронд хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлж байна.

-Гадаадын банкаар үйлчлүүлэх үндэслэл мөн үү?

-Мөн л дөө. Яагаад гэвэл төсөл хэрэгжүүлэх бүх орныхоо компаниудтай харьцах шаардлагатай. Төсөл хэрэгжиж байгаа бүх орны банкуудын шаардлагыг бид хангаж чадах уу гэдэг асуудал гарна. Манай банкууд Австралийн банкуудын үйлчилгээний шаардлагыг хангах уу, тус компанийн том хэмжээний гүйлгээг хийх валютын нөөц банкуудад бий юү гэх мэт асуудлууд байдаг юм байна. Том компанийн том гүйлгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр зэрэглэлийн компаниуд гүйцэтгэдэг.

-Дэлхийн “А” зэрэглэлийн банкуудаар л гүйлгээ хийнэ гэсэн үг үү?

-Тийм. Үндэстэн дамнасан компаниуд эрсдэлийг маш өндрөөр тооцдог дэлхийд эдийн засгийн ямар ч хямрал болж байсан, ямар ч хэмжээний төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвартай банкийг сонгодог. Гэтэл өнөөдөр манай зарим банк саарал жагсаалтад орох тухай яригдаж байна. Уул уурхайн том компаниудын нэг удаагийн гүйлгээ нь хэдэн сая доллараар яригдана.

-Эрдсийн үнийн мөчлөг арав орчим жил гэдэг. 2009 онд унаад 2011 онд боссон. Одоо унах мөчлөг ойртож байна уу?

-Эрдсийг металлын ба металлын бус гэж хоёр бүлэгт хуваадаг. Бүлгүүдийн үнэ өөр. Металлын бүлгийн үнэ харьцангуй тогтвортой байдаг. Огцом өсөлт, бууралт бага. Бидний хамгийн болгоомжлох ёстой зүйл бол металлын бус эрдсийн үнэ. Нүүрс, нефть гэх мэт эрчим хүчний эрдсүүд. Манай зэс асуудал багатай, нүүрс эрсдэл ихтэй гэсэн үг. 36 сая тонн нүүрсний 2.5 тэрбум долларын орлого эрсдэл ихтэй байна. Өөрөөр хэлбэл манай зэсийн ирээдүй тогтвортой, нүүрсний ирээдүй эрсдэлтэй байна.

БНХАУ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГЭЭ БАГАСГАЖ БАЙГАА

-Зөвхөн манай нүүрс л эрсдэлтэйд тооцогдож байна уу?

-Манай нүүрс ганц зах зээлээс хамааралтай байгаа нь бидний хамгийн том эрсдэл. Хятадын эдийн засгийн өсөлт буурахад л эхний эрсдэл үүснэ. Олон улсын байгууллагуудын судалгаагаар дэлхийн нүүрсэнд ч гурван эрсдэл бий. Хятадын эдийн засгийн бууралт, технологийн дэвшил, Хятад улс сүүлийн жилүүдэд 30 мянган км хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам барьчихлаа. Шинжаанаас Анхуй муж хүртэл 3000 км цахилгаан дамжуулах шугам татсан. Манайх 110 квт-ын шугамтай. Гэтэл Хятадын сая барьсан 1100 квт буюу манайхаас арав дахин илүү хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугам байна.

-Энэ шугам манай нүүрсэд ямар хохирол учруулах вэ?

-30 гаруй сая тонн нүүрс тээвэрлэх шаардлагагүй болно. Бас нүүрсэд эрсдэл учруулах хүчин зүйл бол Хятад улс Парисын хэлэлцээрт нэгдсэн үүргээ биелүүлж нүүрсний хэрэглээгээ бууруулж эхэлсэн. Сая Осакад түүнийгээ бататгасан мэдэгдэл хийсэн.

-Нүүрсний хоёр дахь зах зээл нээх тухай олон жил ярьсан, хэрэгжих болов уу?

-Хамгийн ойрын зах зээл бол өмнөд Солонгос, Япон. Азид энэ хоёр улс гангийн үйлдвэрлэлээрээ Хятад улсын дараа орно. Дэд бүтцийн хувьд ч усан тээвэр нь хямд тусна. Гэхдээ аль ч түүхий эдийн экспортод хилийн дамжин өнгөрөх дэд бүтэц, тээвэрлэлтийн асуудал гол бэрхшээл болчихсон.

-Төмөр зам тавьсан тохиолдолд хятадууд биднийг зүүн өмнөд Ази руу чөлөөтэй худалдаа хийлгэх үү?

-Түүхий эдийн худалдаа хийх асуудал зөвхөн Хятадаас хамаарахгүй. Дэлхийн түүхий эдийн зах зээлд гарах гэж байгаа учраас олон улсын худалдааны асуудал болж бүр нарийсна. Өнөөгийн байдлаар Хятад, Монголын хоёр компани л хоорондоо сар ч юм уу, жилийн хугацаагаар нүүрс наймаалцаад байгаа юм.

ГЭРЭЭГЭЭ ЗӨВ ХИЙЖ ЧАДААГҮЙ УЧРААС ХЯТАДУУД НҮҮРСЭНД ХОРИГ ТАВЬДАГ

-Зүүн өмнөд Ази руу гарахад ямар асуудал байна?

-Япон, өмнөд Солонгос олон зуун жил гангийн үйлдвэрлэл эрхэлсэн, их хэмжээгээр, тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг улсууд. Тэд хамгийн багадаа 3-6 сарын гэрээ хийнэ. Гэхдээ тасралтгүй их хэмжээгээр гэсэн шаардлага тавина. Нийлүүлэлт тасрах, хэмжээ алдагдсан тохиолдолд шууд гэрээг цуцална. Сая, сая тонн нүүрсний тухай яригдана. Хятадаар дамжин өнгөрөх асуудал Засгийн газруудын түвшинд яригдаж, баталгаажна.

-Одоо өмнөдөд нийлүүлж байгаа манай нүүрсийг хятадууд яагаад дуртай үедээ зогсоогоод байна?

-Үндсэндээ Ганьсу мужид ихэнхийг нийлүүлж байгаа юм. Төлбөр асуудалгүй шийдэгдэж байгаа ч зүүн өмнөд Азийн бусад орнуудтай харьцуулахад гэрээний шаардлага сул. Үнэн хэрэгтээ хоёр мужийн хоёр компанийн л түвшинд явагдаж байгаа наймаа л даа. Япон Солонгостой гэрээ хийсэн тохиолдолд нүүрс авахаа зогсооно гэдэг асуудал хэзээ ч үүсэхгүй. Гэрээг худалдан авагч, худалдагч, дамжуулан өнгөрөөгч талууд баталгаажуулна. Гэхдээ боомт руу гарна гэдэг тийм амархан асуудал биш. Бид ойрхон Ганьсу мужид 30 сая тонн нүүрсээ зарж чадаж байна. Япон, өмнөд Солонгос руу гаргах тохиолдолд дэлхийн хэмжээнд өрсөлдөнө. Нүүрсний акулууд болох Орос, Австралитай өрсөлдөнө. Зөвхөн нүүрсний чанараар бус тээвэрлэлт, нийлүүлэлт гээд олон талаар дэлхийн жишигт хүрсэн худалдаа хийж байж нүүрсээ борлуулна гэдгийг мартаж болохгүй. Одоо бидний гаргаж байгаа 30 сая тонн нүүрс тэр зах зээлд жулдана. Тиймээс эхнээсээ бага багаар гаргаж туршлагажих хэрэгтэй байх.

ӨМНӨДИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИГДАНА

-Тавдугаар цахилгаан станц баригдах асуудал юу болж байгаа бол?

-ТЭХЯ Оюу толгойтой цахилгаан станц барих тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Одоо ТЭЗҮ-ээ хийж байна. Тэгэхээр баригдана гэсэн үг. Эхний ээлжинд говийн бүсийг цахилгаанаар хангах зорилготой. Өмнө нь яригдсан Шивээ овоо хэт өндөр хүчин чадлын экспортын чиглэлийн цахилгаан станц одоогоор зогссон. Багануурт яригдсан цахилгаан станцын ажил явж байгаа.

-Гангийн үйлдвэрийн талаар ямар бодлого баримталж байна?

-Манай импортын хамгийн том хэрэглээ бол төмөрлөгийн салбар. Нефтин бүтээгдэхүүний дараа ордог том хэрэглээ. Валютын зарлага, тээвэрлэлтээрээ ч өндөр үзүүлэлттэй. “Бэрэн” компанийн барьж байгаа төмрийн үйлдвэр ойрын хугацаанд ашиглалтад орох байх. Цаашдаа энэ салбар улам өргөжих нь манай эдийн засагт нааштай нөлөө үзүүлнэ.

-Малчид, тариаланчид хийдгээ хийсэн. Дэлхий дээр 1.2 тэрбум хүн өлөн зэлмүүн байгаа гэсэн мэдээ бий. Хэзээ ХАА-н түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортолж эхлэх бол?

-ХАА-н салбараас дэлхийн зах зээлд гаргах боломжтой түүхий эд маш их байна. Харамсалтай нь үйлдвэрийн аргаар, дэлхийн жишигт нийцсэн боловсруулалт хийж чадахгүй байгаа юм. Ноолуурыг эс тооцвол жаахан мах, арьс шир, ноос л гаргаж байгаа. Эмээлтэд боловсруулах парк баригдаж байна. Цахилгааны асуудлыг шийдсэн. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэх гэж байгаа. Ер нь суурь дэд бүтцийг байгуулахад 100 орчим сая долларын асуудал гарна.

-Гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй юү?

-Өнөөдөр гадныхан ашиг олох гэж л орж ирнэ. Гэхдээ шулах гэж биш, харилцан ашигтай ажиллаж байж ашиг олдог зарчмыг тэд мэддэг. Гадныхны харилцан ашиг олох салбар нь өнөөдөртөө уул уурхай байгаа юм. ХАА-н салбараас тэд дорвитой ашиг олохгүй учраас хөрөнгө оруулахгүй байх шиг байна. Тиймээс ХАА-д төрөөс хөрөнгө оруулах зайлшгүй шаардлага үүссэн. Гадны хөрөнгө оруулагчид ХАА-н хөрөнгө оруулалт хийхгүй байгаа шалтгаан бас хууль тогтоомж тодорхой бус, тогтворгүй, зах зээлийн багтаамж бага байна гэдэг. Гадныхан манай дотоод зах зээлийг биш гадаад зах зээлийг сонирхон хөрөнгө оруулна. Гэтэл манай дотоодын ХАА-н тогтолцоо экспорт хийх шаардлага хангахгүй байгаа юм.

-Жишээлбэл…

-Махны экспорт хийхэд манай уламжлалт мал нядалгаа стандарт хангадаггүй. Орос руу жаахан мах гаргаж байгаа. 2015 он шиг санагдаж байна. Оросын мэргэжлийн байгууллагууд манай махны үйлдвэрүүдтэй танилцаад дүгнэлт бичсэн байдаг. Тэр дүгнэлтээр бол манай ХАА-н түүхий эд бэлтгэлийн анхан шатанд маш их доголдол байгаа нь харагдсан. Наад зах нь үйлдвэрүүд малчдаас мах авахдаа эрүүл ахуйн шаардлагыг хангасан гарал үүслийн гэрчилгээ авч, эрүүл мах гэдгээ нотолж чадахгүй байгаа юм. Хаанаас, хэний, ямар гарал угшилтай мал гэдэг нь мэдэгдэхгүй. Эндээс эхлээд үйлдвэрүүдийн стандарт гадныханд гологдоод эхэлж байгаа юм. Бид Орос руу махаа гулуузаар гаргаж байгаа. Гэтэл Латин Америкийн орнууд хүзүү, гуя гэх мэтээр ангилаад Орос руу хөлдөөгөөд гаргадаг. Бас удаан хугацаагаар хадгалдаг технологи дутагдаж байна. Одоохондоо бид зөвхөн хил орчмын бүсэд л борлуулж байгаа. Бид ядаж л Эрхүү, Красноярскийн худалдан авах чадвартай бүсэд хүрэх хэрэгтэй. Цаашаа том хотуудын зах зээлийг бол Латин Америкийн орнууд эзэлчихсэн. Манай боломжит зах бол Эрхүү, Кемерова муж шүү дээ. Энэ бүсийн худалдан авагчдадаа л хүрэх хэрэгтэй.

-Орос оюутнууд “монгол мах их хатуу юм” гэж ярьж байхыг сонссон.

-Бүс нутгаасаа хамаарч байж магадгүй. Үхэр сүрэг зонхилдог Архангай, Хөвсгөл аймгийн мах олон улсын шаардлагыг хангадаг.

-Манайхан махны экспортын хэр их нөөцтэй вэ?

-Бага шүү дээ. 66 сая толгой малын 50 сая нь хонь, ямаа. Харин гадныхан үхрийн мах илүү сонирхдог л доо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *